Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00363

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03299 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч Х БХХК, Б.Б нарт холбогдуулан гаргасан Х БХХК болон Ч.Пнарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ-201742967572 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 182 035 255.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагч Х БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ч.Пнь Сухайт хайрхан ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн захирал хариуцагч Б.Бы гуйлтаар компанийнхаа бизнест хөрөнгө оруулах зорилгоор Б.Бы өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 хороо, 3 хороолол, 37 дугаар байрны 92 тоот, 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн худалдан, худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Улсын Бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042890 дугаар бүхий 0005575183 тоот гэрчилгээг гаргуулан авч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөө Хан-уул дүүргийн Хаан Банкны Жаргалант тооцооны төвтэй нийт 180 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй 139 900 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаар уг өдөр Ч.Пунцагийн Хаан банкны 5016408494 тоот дансанд 139 900 000 төгрөг ороход 2 минутын дараа Сухайт хайрхан ХХК-ийн 5429224746 тоот дансруу уг зээлийн мөнгийг шилжүүлсэн. Уг зээлийг авснаас хойш 2018 оны 8 дугаар сар хүртэл талийгаач Ч.Пнь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтийг хийж байсан боловч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт зуурдаар нас барсан. Түүнээс хойш талийгаач Ч.Пунцагийн Х Бдахь дансанд орсон удаа дараагийн мөнгийг 2018 оны 10, 11 саруудад Х БХХК татсан. Маргаан бүхий байранд хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ амьдарч, эзэмшиж байгаа юм. Миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1381 тоот Прокурорын тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан. Дээрх тогтоолуудад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй. Хариуцагч Б.Б нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ одоо барьцаанд тавьсан байрандаа амьдарч байгаа, хууль бусаар зээл авснаа хүлээн зөвшөөрч улмаар зээлийн төлбөрөө барагдуулж дуусгана гэж тайлбар өгсөн. Миний бие аль нэг банкнаас зээл авах гэхээр зээлийн үлдэгдэлтэй гэсэн мэдээлэл гарч саад учруулж байна. Талийгаач Ч.Пунцагийн Б.Бтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг эрүүгийн журмаар шалгаад, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул, түүнийг үндэслэж байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр байна. Иймд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар зээл төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгч Н.Агийн эрх ашиг сэргээгдэх юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч Ч.Пунцаг, Н.А нар нь Хаан банкны Жаргалант тооцооны төвтэй 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201742967572 тоот зээлийн БГҮ/201742967572 тоот барьцааны гэрээ байгуулан 139 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зориулалттай зээл авч уг зээлийн барьцаанд Ч.Пунцагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205042890 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол Дилаз хутагт Камсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111,06 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хуулийн хүрээнд байгуулагдсан. Тус гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зээлдэгч нарт 139 900 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээний дагуу 139 900 000 төгрөгийг гэрээгээр зээлдэгч Ч.Пунцаг, Н.А нарт шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Н.Пунцагийн 5016408494 тоог дансны хуулга зэргээр нотлогдож байгаа болно гэв.

Хариуцагч Х БХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201742967572 тоот Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 12 596 290.50 төгрөг, хүүгийн төлбөрт 39 568 993.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32 176.22 төгрөг, нийт 52 197 460.39 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй. Зээлдэгч нар нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 884 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үнсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 182 035 255.83 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205042890 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж, 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 мкв гурван өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус зээлийн үндсэн зээлдэгч Ч.Пнь нас барсан бөгөөд Н.А нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд орон сууцыг өвлөгч юм. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Агаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201742967572 тотг зээлийн гэрээний үүргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Баас хамтран ажиллах санал тавьж, Сухайт хайрхан ХХК-д гүйцэтгэх захирлаар томилж, улмаар өөрийн өмчлөлийн орон сууцыг Ч.Пунцагт дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Ингээд уг байрыг Ч.Пхудалдан авсан мэтээр Х БХХК-аас зээл авсан. Уг зээлийн гэрээнд нэхэмжлэгч Н.А нь нөхөр Ч.Пунцагийн хамт гарын үсэг зурсан хэдий ч уг гэрээтэй холбоотой мөнгөний асуудлыг огт мэдэхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн нөхөр нас барснаар асуудал үүсч, зээлийн төлөлтийг Б.Б төлөхөө больсон. Талийгаачийн банкны хуулгаас үзэхэд Б.Бы эхнэр О.Дэчинтөгс гэдэг хүн уг зээлийн төлбөрийг төлж байсан байдаг. Энэ нь эрүүгийн журмаар тогтоогдсон. Мөн эрүүгийн хэрэгт худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн, хуурч мэхэлж хийсэн гэдгийг тогтоосон тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, уг мөнгийг шилжүүлж авсан Б.Баас гаргуулах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн Ч.Пунцагтай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 м.кв гурван өрөө орон сууцыг худалдсан. Ч.Пнь Х БХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг орон сууцны үнийг төлсөн. Нэхэмжлэгч тайлбартаа Сухайт хайрхан ХХК-ийн 5429224746 тоот дансруу зээлийн мөнгө авсан дүнгээрээ мөнгө шилжүүлсэн гэх боловч тухайн данс нь миний хувийн данс байсан. Миний зүгээс хууран мэхэлсэн зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч Х БХХК, Б.Б нарт холбогдуулан Х БХХК болон Ч.Пунцаг, Н.А нарын хороонд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ-201742967572 тоот орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х БХХК болон Ч.Пунцаг, Н.А нарын хороонд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ-201742967572 тоот орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус цуцалж, нэхэмжлэгч Н.Агаас зээлийн гэрээний үүрэгт 182 035 255.83 төгрөгийг гаргуулан Х БХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ү Ү-2205042890 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 мкв, гурван өрөө Ч.Пунцагийн өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Х БХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1 138 326 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Н.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 068 126 төгрөгийг гаргуулж Х БХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хариуцагч Б.Б нь Х БХХК, Ч.Пнарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ201742967572 тоот зээлийн болон барьцааны гэрээнд ямар ч хамааралгүй гэж дүгнэжээ. Хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ч.Пунцагийн нэр дээр гаргуулсан болж Б.Б нь Х БХХК-аас 139 900 000 төгрөгийн зээлийг авсан. Бодит байдал дээр маргаан бүхий орон сууцанд Б.Б өөрөө эзэмшиж захиран зарцуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ногтлогдоно. Нэхэмжлэгч Н.А нь Б.Бд залилуулсан хэмээн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг эрх бүхий хуулийн байгууллага шалгах явцад Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хууль бусаар худалдах, худалдан авах гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч, Х БХХК-аас авсан зээлийг өөрөө болон Сухайт хайрхан ХХК-д ашигласан, барьцаалсан орон сууцандаа өөрөө амьдарч байгаа, уг зээлийг өөрөө төлж дуусгана гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, Б.Бы Ч.Пунцагтай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хоёр нь хоорондоо шууд хамааралтай болох нь тогтоогдож байна. Хариуцагч Б.Б нь Ч.Пунцагаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЗГ 201742967572 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл авсан өдрөөс хойш хэд хэлэн зээлийг Ч.Пунцагаар барьцаанд тавиулж, Б.Б нь бизнесдээ зарцуулсан. Түүнийг нас барсанаас хойш дээрх авсан мөнгөө буцаан дансанд нь хийхэд Х БХХК-аас автомашины зээлэнд татан авсан. Энэ нь Ч.Пунцагийн дансны хуулга, нэхэмжлэгч Н.А, гэрч Ц.Чинбат нарын мэдүүлгээр нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Х БХХК, Б.Б нарт холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-201742967572 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х БХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 127 303 709.50 төгрөг, зээлийн хүү 53 891 831.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 714.95 төгрөг, нийт 182 035 255.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Х БХХК болон Ч.Пунцаг, Н.А нарын хооронд 2017 оны 3 сарын 10-ны өдрийн №ЗГ/201742967572 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 139 900 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн БГҮ/201742967572 тоот барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205042890 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамжны 37 дугаар байрны 92 тоот хаягт байршилтай 111.06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4-12 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний нөхөр Ч.Пнь Б.Бы гуйлтаар Сухайт хайрхан ХХК-ийн бизнест хөрөнгө оруулж, ашиг олно гэж итгэж Х БХХК-аас зээл авахын тулд Б.Бтай дүр үзүүлж хуурамчаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Х БХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжин орсон даруйд Сухайт хайрхан ХХК-ийн данс руу шилжүүлсэн бөгөөд зээлээс нэг ч төгрөг ашиглаагүй. Дээрх худалдсан гэх орон сууцанд Б.Б өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж тайлбарлаж байна.

Ч.Пболон Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа болон бизнесийн тохиролцоо нь тэдгээрийн Х БХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Учир нь Б.Б нь дүр үзүүлж, худалдах худалдан авах гэрээ хийсэн нь тогтоогдоогүй бөгөөд тус зээлийн гэрээний дагуу Х БХХК-аас Ч.Пунцагийн данс руу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 139 900 000 төгрөг шилжүүлсэн болон тэрээр зээлийн төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан Ч.Пунцагийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 14 дүгээр тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргаагүй ба тухайн гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Хариуцагч Х БХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ дээрх зээлийн гэрээнээс авсан мөнгийг ашиглаагүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр Х БХХК-аас Ч.Пунцагийн данс руу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 139 900 000 төгрөг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 3.4.2-д зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй тул түүний тайлбар үндэслэлгүй.

Ч.Пунцаг, Н.А нар нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд үндсэн зээлийн төлбөр 12 596 290.50 төгрөг, зээлийн үндсэн хүү 39 568 993.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32 176.22 төгрөг, нийт 52 197 460.39 төгрөгийг төлсөн болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол, талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй. /хэргийн 71-72 дугаар тал/

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 61/460 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдсэнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ./хэргийн 24 дүгэр тал/ Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

Зээлдэгч Ч.Пнь 2018 оны 8 дугаар 14-ны өдөр нас барсан болох нь №0000217778 дугаар нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ гэснээр зээлдэгч Ч.Пнь нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг хамтран зээлдэгч Н.Ад шилжсэн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Н.Агаас үндсэн зээлийн үлдэгдэл 127 303 709.50 төгрөг, зээлийн хүү 53 891 831.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 714.95 төгрөг, нийт 182 035 255.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х БХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус хороолол Энгельс гудамж, 2 байр, 6 тоотод байршилтай 105,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХТӨР