Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00194

 

Ш.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Х-ын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан цалин, хуульд заасан олговорт 6 933 458.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-д уулын инженерийн албан тушаалд сарын 1 800 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 8 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших тус компанийн уурхайд очиж, ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн маркшейдерын ажил үүргийг хавсран гүйцэтгэх, үндсэн цалингийн хэмжээг 2 500 000 төгрөгөөр тооцож авч байхаар компанийн гүйцэтгэх захирал Г.Наранзултай тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт бичилт хийлгэсэн. Гэвч компанийн удирдлагын зан харьцаа, ажил үүргээ хэрэгжүүлэхээр миний гаргасан санал, санаачилгыг дэмждэггүй, шаардлагатай багаж, материал хэрэгсэл, нөхцөл боломжоор хангадаггүй, цалин хөлсөө цаг хугацаанд нь олгохгүй байх зэргийн улмаас миний бие 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажлаа уурхайн дарга Б.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгөөд чөлөөлөгдсөн. Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн тул ажилласан хугацааны цалингаа авч, тооцоогоо хийж дуусгахаар компанийн удирдлагад хандсан боловч захирлууд цалинг маань олгоогүй өнөөдрийг хүрсэн ба сүүлийн cap шахам хугацаанд намайг залгахад утсаа ч авахаа больж, уулзахаар очиход оффисдоо ирэхээ больж, улмаар оффисоо нүүлгэсэн байсан. Иймээс хариуцагч Х ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 6 404 253 төгрөг, 7 хоногийн амралт болон илүү цагийн хөлс 529 205 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 125 885 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь тус компанид 2018 оны 8 дугаар сард ажилд орсон бөгөөд туршилтын cap байсан тул бид нар харилцан тохиролцож, хуримтлал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 2018 оны 9 дүгээр сарын цалинг олгохдоо компани сул зогсолт зарласан байсан учраас цалин хөлсийг 60 хувиар тооцож олгосон. Гэтэл нэхэмжлэгч Ш.Х нь 10 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явсан. Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд зааснаар хэрэв ажлаас чөлөөлөгдөх бол 1 сарын өмнө удирдлагад мэдэгдэх ёстой гэж байтал үүнийг зөрчиж компанийн олох ёстой орлогыг алдагдуулсан. Иймээс нэхэмжлэгчийг ажил хаяж явсан тул захирлын тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл оногдуулсан. Манай компанид нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь гэрч В.Нямаагийн мэдүүлэг, цагийн бүртгэлээс тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь илүү цагаар ажиллаж байсан гэж тайлбарлах боловч хэдэн цагаар хэрхэн илүү цаг ажиллаж байсан талаар гэрчийн ажлын цагийн бүртгэлээр дэлгэрэнгүй харагдана. Тухайн бүртгэлд үндэслэн ажилчдын цалинг бодож өгдөг байсан. Нэхэмжлэгчийн цалинг өгөхгүй байсан шалтгаан бол тайлангаа өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүйн улмаас компанид хохирол учирсан тул 9 дүгээр сарын цалинг өгөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Х ХХК-иас 3 612 781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 380 677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72 754 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч В.Нямаагийн мэдүүлэг, ажилтны цагийн бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг ажилласан ба 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ердийн журмаар ажиллах тохиолдолд ажлын 20 өдөр буюу 160 цаг ажиллаж, 10 хоног амрах ёстойгоос 300 цаг ажиллаж, 140 цаг буюу 5.8 өдөр илүү ажиллсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 17-ны өдөр хүртэл хугацаанд 188 цаг ажилласан бөгөөд ердийн журмаар ажиллах тохиолдолд 13 өдөр буюу 104 цаг ажиллаж, 4 өдөр амрах ёстой байснаас нэхэмжлэгч нь 84 цаг буюу 3.5 өдөр нийт 244 цаг буюу 9.3 өдөр илүү ажилласан боловч түүнийг нөхөн амраагаагүй байна. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтууд болох Ш.Х-ын ажлын цагийн бүртгэл, хөдөлмөрийн гэрээг ямар баримтаар няцааж байгаа талаар огт дурдаагүй, ажилласан амарсан, цагийн бүртгэл байсаар байтал шууд хуанлийн хоногоор ажилласан цаг, амралтын цагийг тооцоолсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж иргэний хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Х нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилласан хугцааны цалин хөлс 6 933 458 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 102-105 дугаар тал дах баримтаар Ш.Х нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн уурхайн уулын инженерийн албан тушаалд сарын 1 800 000 төгрөгний цалин хөлстэй ажиллахаар тохирсон болох нь Х ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талуудын тайлбар болон дээрх баримтаар Ш.Х ыг Х ХХК нь уурхайн уулын инженерийн албан тушаалд 1 сарын хугацаагаар дадлагажигчаар томилж, сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллуулахаар тохиролцсон байдлаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар дуусгавар болсныг хэн аль нь үгүйсгэсэнгүй.

 

Талууд хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан хугацааны цалин хөлс болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг олгох эсэх талаар маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно гэж тус тус зохицуулагдсан.

 

Гэрч Т.Мөнхцэцэг ...Ш.Х намайг очиход ажиллаж байсан, 2018 оны 10 дугаар сараас хойш ажиллаагүй, нэг л өдөр явсан дахиж ажиллаагүй байх... гэж, гэрч В.Нямаа нь ...уурхайд ажилчдын цагийг бүртгэж байсан... Ш.Х 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан.. гэж тус тус шүүхэд мэдүүлжээ. /хх-116-117, 145-146 дугаар тал/

 

Хэргийн 132-133 дугаар талд Х ХХК-ийн 2018 оны 9, 10 дугаар сарын цагийн бүртгэл авагдсан байх бөгөөд уг бүртгэлээр нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 9 дүгээр сард 25 өдөр ажиллахдаа өдөр бүр 12 цаг ажиллаж 5 хоног амарсан, 2018 оны 10 дугаар сард 17 өдөр ажиллахдаа 15 өдөр нь 12 цаг, 2 өдөр нь 4 цаг ажилласан байна. Дээрх гэрч Т.Мөнхцэцэг, В.Нямаа нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт ирүүлсэн цагийн бүртгэлээр Ш.Х ыг Х ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 488 цаг ажилласан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2018 оны 9 дүгээр сард 25 өдөр дараалж өдөр бүр 12 цаг, 2018 оны 10 дугаар сард 17 өдөр дараалж өдөр бүр 12 цаг ажиллуулахдаа долоо хоногийн амралтын өдөр болох бямба, ням гаригт ажиллуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийлцүүлэн хөдөлмөрийн норматив мөрдөх журмыг баталж мөрдүүлнэ гэж заасан боловч хариуцагч байгууллага нь уг журмыг батлаагүйгээс ажлын цагийг нэгтгэн бодох боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Ажлын цагийг нэгтгэн бодох журам-ын 2 дугаар зүйлд заасны дагуу ажилтны ажилласан цагийг анхан шатны шүүх нэгтгэн бодсон нь үндэслэлтэй боловч амралтын өдрийн нэмэгдлийг давхардуулан гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Х-т 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт ажилласан 488 цагийн ажлын хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн атлаа 7 хоногийн амралтын 10 өдөр буюу 120 цагийн ажлын хөлсийг давхардуулан гаргасныг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Үүнд: Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 488 цаг ажилласанаас түүний 120 цаг нь долоо хоногийн амралтын 10 өдөр ажилласан байна. Иймд долоо хоногийн амралтын 10 өдөр ажилласан 120 цагийн ажлын хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж 1 255 815 төгрөг, ажлын өдөр ажилласан 368 цагийн ажлын хөлс 2 567 536 төгрөг нийт 3 823 351 төгрөг гаргуулахаас хариуцагчийн цалинд өгсөн 234 200 төгрөг, мөн 87 000 төгрөгний бараа материалыг хасч тооцож 3 502 151 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 431 307 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 3 612 781 гэснийг 3 502 151 гэж, 3 380 677 гэснийг 3 431 307 гэж,

2 дахь заалтын ....72 754... гэснийг ...70 984... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 72 760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ