Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 3662

 

 

 

 

 

            2020        10          22

                                 101/ШШ2020/03662

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, хариуцагч “Х” ХХК-нд уулын инженерийн албан тушаалд сарын 1,800,000.00 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 8 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн Б сумын нутагт орших тус компанийн уурхайд очиж, ажиллаж эхэлсэн.

 

Намайг ажиллаж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн маркшейдерийн ажил үүргийг хавсран гүйцэтгэх, үндсэн цалингийн хэмжээг 2,500,000.00 төгрөгөөр тооцож авч байхаар компанийн гүйцэтгэх захирал Г.Н-тай тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт бичилт хийлгэсэн. Гэвч Компанийн удирдлагын зан харьцаа, ажил үүргээ хэрэгжүүлэхээр миний гаргасан санал, санаачилгыг дэмждэггүй, шаардлагатай багаж, материал хэрэгсэл, нөхцөл боломжоор хангадаггүй, цалин хөлсөө цаг хугацаанд нь олгохгүй байх зэргийн улмаас миний бие 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажлаа уурхайн дарга Б.Э-т хүлээлгэн өгөөд чөлөөлөгдсөн.

 

Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн тул ажилласан хугацааны цалингаа авч, тооцоогоо хийж дуусгахаар компанийн удирдлагад хандсан боловч захирлууд цалинг маань олгоогүй өнөөдрийг хүрсэн ба сүүлийн cap шахам хугацаанд намайг залгахад утсаа ч авахаа больж, уулзахаар очиход оффисдоо ирэхээ больж, улмаар оффисоо нүүлгэсэн байсан.

 

Тус компани ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг улирлын чанартайгаар явуулдаг, урьд жилүүдэд уурхайд ажиллаж байсан ажилтнуудын цалин хөлсийг олгохгүйгээр үндэслэлгүйгээр саатуулсан, надтай хамт ажиллаж байсан зарим ажилтны цалин хөлс, олгох ёстой олговрыг өгөөгүй.

 

Иймээс хариуцагч “Х” ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 6,404,253.00 төгрөг, 7 хоногийн амралт болон илүү цагийн хөлс 529,205.00 төгөргийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 125,885.00 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Ш.Х-ын манай компанид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь тус компанид 2018 оны 8 дугаар сард ажилд орсон бөгөөд туршилтын cap байсан тул бид нар харилцан тохиролцож, хуримтлал болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 2018 оны 9 дүгээр сарын цалинг олгохдоо компани сул зогсолт зарласан байсан учраас цалин хөлсийг 60 хувиар тооцож олгосон.

 

Гэтэл нэхэмжлэгч Ш.Х нь 10 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явсан. Хөдөлмөийн тухай хууль болон гэрээнд зааснаар хэрэв ажлаас чөлөөлөгдөх бол 1 сарын өмнө удирдлагад мэдэгдэх ёстой гэж байтал үүнийг зөрчиж компанийн олох ёстой орлогыг алдагдуулсан.

 

Иймээс нэхэмжлэгчийг ажил хаяж явсан тул захирлын тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч нь ажлаа хаяж явснаас үүдэлтэй бид олох ёстой орлогоо алдсан.

 

Манай компанид нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь гэрчээр ирсэн В.Н-ийн цагийн бүртгэлээс тодорхой харагдана. Гэрч этгээд тус компангийн ажилчдын цагийг бүртгэдэг бөгөөд миний бие 9 дүгээр сард ажлаа хүлээж авсан. Нэхэмжлэгч Ш.Х-ын хувьд 10 дугаар сард 10 хоног, 8 дугаар сард 4 хоног ажилласан. 8 дугаар сард ажилласан 4 хоногийн цалинг тооцож өгсөн.

 

Тус компанийн дотоод журамд инженер техникийн ажилтан сар бүрийн  10-ны өдөр цалингаа авахдаа тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа бичгээр өгснийг нь үндэслэн цалинг тооцож өгдөг. Миний бие нэхэмжлэгч Ш.Х гэж хүнийг өмнө нь таньдаг байсан бөгөөд тэрээр ажлаа бүрэн хийж гүйцэтгэх чадваргүй.

 

Учир нь, тэр 2015 онд энэ компанид ажиллаж байгаад улирлын амралт дуусч ажилдаа ир гэж хэлэхэд өөр ажилд орсон гэх үндэслэлээр орхиод явсан. 2009 онд мэргэжлийн хяналтаас шалгалт ирэхэд нэхэмжлэгчийн бичиг баримт дутуу гэх үндэслэлээр компанийн үйл ажиллагааг зогсоож байсан.

 

Нэхэмжлэгч нь илүү цагаар ажиллаж байсан гэж тайлбарлах боловч хэдэн цагаар хэрхэн илүү цаг ажиллаж байсан талаар гэрчийн ажлын цагийн бүртгэлээр дэлгэрэнгүй харагдана. Тухайн бүртгэлд үндэслэн ажилчдын цалинг бодож өгдөг байсан. Нэхэмжлэгчийн цалинг өгөхгүй байсан шалтгаан бол тайлангаа өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүйн улмаас компанид хохирол учирсан тул 9 дүгээр сарын цалинг өгөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад   

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Х-аас хариуцагч “Х” ХХК-нд холбогдуулан 6,933,458.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “Х” ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.Х-ыг тус компанид уулын инженерийн ажил албан тушаалд томилсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “миний бие тус компанид 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн уулын инженерээр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байсан” гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заажээ.

 

            Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх ба зохигчид ийнхүү тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргахгүй байх тул нэхэмжлэгч Ш.Х болон хариуцагч “Х” ХХК нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

            Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл дадлагажигчаар ажиллаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үндсэн ажилтнаар ажиллахаар тохиролцсон гэсэн.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар” гэж, мөн 232.1-д “Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно” гэж, түүнчлэн 232.2-д “Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус заажээ.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл дадлагажигчаар, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд үндсэн ажилтнаар тус тус ажиллаж байсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот захирамжаар хариуцагч “Х” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус компанид захирамжид нэр заасан нотлох баримтууд байхгүй гэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгч, өөрийн ажил үүрэг, багаж хэрэгслийг уулын ахлах мастер Б.Э гэж хүнд хүлээлгэн өгсөн тухай нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь баримтыг иш татсан.

 

            Гэвч зохигчид нэхэмжлэгч Ш.Х-ыг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар түүний санаачилгаар тэдгээрийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсний талаар маргаж байна.

 

            Шүүх хуралдаанаар нотлох хэлэлцүүлсэн баримт, мөн гэрч В.Н-ийн мэдүүлэг болон түүний өгсөн ажилтны цагийн бүртгэлээр нэхэмжлэгч нь сарын 1,800,000.00 төгрөгийн цалин хөлс авдаг байсан бөгөөд тийнхүү нэхэмжлэгчид цалин хөлс олгохдоо цагийн бүтээмжийг удирдлага болгож, хийж гүйцэтгэсэн ажлын тайланг үндэслэдэг байжээ.

 

            Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж, мөн 49.6-д “Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно” гэж тус тус заасныг үндэслэх боломжтой юм.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Ш.Х нь сард 5 хоног амарч, өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амардаг байсан ажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна” гэж, мөн 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж, түүнчлэн 70.3-д “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, ажилтны долоо хоногт ажиллах цаг нь нийт 40 цаг, үүнээс ажлын 1 өдөр 8 хүртэл цаг ажиллах ба дараалсан 2 өдөр ажиллах тохиолдолд эдгээр ажлын өдрийн амралт нь 12 цаг болон түүнээс дээш хугацаатай байх учиртай.

 

Хариуцагч “Х” ХХК нь гадаад худалдаа, уул, уурхай /ашигт малтмал/-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас хамаарч ажилтан ердийн ажлын өдөр 8 цагаас илүү ажиллахын зэрэгцээ нийтээр амрах баяр ёслолын өдөр болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажиллах шаардлага гардаг байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цагаар хязгаарлагддагүй, бямба, ням гарагт амардаггүй зэрэг нь хариуцагчийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаанаас шууд хамааралтай бөгөөд хариуцагч нь үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3-т “хөдөлмөрийн норм, норматив”-ыг батлаагүйгээс улбаалан нэхэмжлэгчийн ажлын цагийг тухай бүр нэгтгэн бодох боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно” гэж, мөн 73.2-т “Энэ хуулийн 73.1-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй” гэж, 73 дугаар зүйлийн 73.3.-т “Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч В.Н-ийн мэдүүлэг,  ажилтны цагийн бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч Ш.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг ажилласан ба 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ердийн журмаар ажиллах тохиолдолд ажлын 20 өдөр буюу 160 цаг ажиллаж, 10 хоног амрах ёстойгоос 300 цаг ажиллаж, 140 цаг буюу 5.8 өдөр илүү ажилласан, мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 188 цаг ажилласан бөгөөд ердийн журмаар ажиллах тохиолдолд ажлын 13 өдөр буюу 104 цаг ажиллаж, 4 өдөр амрах ёстой байснаас нэхэмжлэгч нь 84 цаг буюу 3.5 өдөр, нийт 244 цаг буюу 9.3 өдөр илүү ажилласан боловч түүнийг нөхөн амраагаагүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын 2 дугаар зүйлд зааснаар ажил, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тодорхой хугацаанд буюу оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг уртасган тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2 зааснаас хэтрүүлэн ажилласан ажлын цагийг оргил ачааллын бус үед ажилтныг нөхөн амраах замаар зохицуулахад ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэн гэж зааснаас гадна 11 дүгээр зүйлд ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг олгоно гэж заажээ.

 

Мөн тус журмын 5 дугаар зүйлд “Оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг 12-оос илүүгүй цагаар тогтооно” гэж, мөн 6 дугаар зүйлд “Оргил ачааллын үед жинхэнэ ажилласан цагийг тооцохдоо тухайн хугацаанд жинхэнэ ажилласан өдрийн тоог ажлын өдрийн уртасган тогтоосон цагаар үржүүлж тодорхойлно” гэж, 7 дугаар зүйлд “Оргил ачааллын үед ажлын цагийг хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан цагийн нийт дүнгээс тухайн хугацааны ердийн ажлын үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна” гэж тус тус заасан байна.

 

Ингээд нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 42 өдөр буюу 488 цаг болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсийг тооцвол:

 

  • 1,800,000:21.5=83,721 /нэг өдрийн цалин хөлс/, 83,721:12= 6,977 /нэг цагийн цалин хөлс/, 6,977x488=3,404,776 төгрөг /үндсэн цалин хөлс/

 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж зааснаар долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэдэл цалин хөлс 83,721x1.5=125,581x9.3=1,167,903 төгрөг /долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлс/,

 

Гэвч нэхэмжлэгч нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ажилласны цалин хөлсөнд 529,205.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр хугацаанд нийтээр амрах баярын өдөр байгаагүй ба нэхэмжлэгчийн авах 3,933,981.00 /3,404,776+529,205/ төгрөгөөс зохигчдын маргаагүй буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 234,200.00 төгрөг болон бараа материалын үнэ 87,000.00 төгрөгийг тус тус хасвал нийт 3,612,781.00 төгрөг болж байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 3,612,781.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,380,677.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Х” ХХК-иас 3,612,781.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,380,677.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,754.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР