Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0064

 

 

 

 

 

 

 

Г.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Цагаатгагдсан этгээд                                 Г.Г

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     Р.Б

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Г-н Г,

   Г.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Б.Д-г “архины мөнгө өгөөгүй” гэсэн шалтгаанаар нүүрэнд нь цохиж, хавирга тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б овогт Г-н Гд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана. Мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.” зэргийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/301 дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар энэ гэмт хэргийн шинж хангагдана.

Гэтэл шүүх хохирогч Б.Д-н “... Манай гэрт Г гэх зүс таних эрэгтэй ороод ирчихсэн, надаас архины мөнгө өг гээд нэхээд байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед манай гэрт Г бид хоёр л байсан, өөр хүн гэрт байгаагүй. Г надтай маргалдаж байхдаа миний нүүр рүү гараараа цохиж, газар унагаасан. Тухайн үед миний толгой эргэж манарсан. Тэгтэл Г намайг газар хэвтэж байхад миний хавирга руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед би согтуу байсан учраас хэдэн удаа Гд өшиглүүлсэн гэдгээ санахгүй байна. Намайг хэсэг зодож байгаад Г өөрөө зодохоо больчихсон. Гд зодуулчхаад гарч явах гэхэд чамайг гаргаж явуулахгүй гээд хориод байсан. Тэгэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө Гд би ус аваад ирье гэж хэлээд гэрээсээ гарч Уурхайчин баг, Үйлчилгээний төв рүү алхаад нэг эмэгтэйтэй таарч утсаар нь цагдаа руу залгаж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч З.Б-н: “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө би ажлын байрандаа байж байхад 07 цагийн орчимд Үйлчилгээний төвийн ахуйн үйлчилгээний хэсгийн хаалгыг нэг эмэгтэй хүн тогшоод туслаарай, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч, би үхлээ гээд хашхираад байсан. Би хаалга онгойлгоход нүүр, хувцас нь цус болчихсон, нимгэн өмд, цамцтай, даарчихсан байдалтай байсан. Би тэр эмэгтэйг дотогш оруулж, нүүрийг нь угаалгаад, буцалсан бүлээн ус өгөөд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр эмэгтэй өөрийгөө Д гэдэг, цээж хэсгээр их өвдөж байна, хурдан эмнэлэг дуудаад өгөөч гэж байсан. Удалгүй гаднаас цагдаа орж ирээд зодуулсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад Гд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.С-н: “...цагдаагийн ахлах ахлагч Х.Г бид хоёр ойролцоогоор 5 минутын дараа Үйлчилгээний төвийн ахуйн хэрэглээний тасаг руу явж ороход дээшээ өгсгөдөг шатан дээр үс нь арзайсан байдалтай, толгой болон нүүр хэсэг нь цус болж, нүүр нь шалбарсан эмэгтэй хүн сууж байсан. Ямар хувцастай явсан гэдгийг нь санахгүй байна...2023 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө үүссэн байх, зарим хэсгийн шалбархай, цус нь хатчихсан байсан. Бас өмсөж явсан хувцас нь цус болсон байсан санагдаж байна. Мөн юу болсон талаар тодруулахад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ байхад Г намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Х.Г-н: “...дуудлагын дагуу 5 орчим минутын дараа Үйлчилгээний төв дээр очиход Үйлчилгээний төвийн баруун талд “Hi mart” дэлгүүрийн ойролцоо         багийн       тоотод амьдардаг архины хамааралтай, ганцаараа амьдардаг. Д гэх эмэгтэйн нүүр олон толгойн хэсэгт хавдаж, цус болж шалбарсан байдалтай, ямар өнгийн гэдгийг нь санахгүй байна, дан цамцтай, нимгэн хувцастай байсан. Д гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ байхад өмнө нь хамт сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Г гэдэг эрэгтэй намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-с танай гэрт одоо Г байгаа юу, хамт очъё гэж хэлтэл одоо манай гэрт Г байхгүй гэж хариулсан.” гэсэн мэдүүлэг,

мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаартай “1. Б.Д-н биед зүүн 6- р хавирганы суганы дунд шугамаар далд ташуу хугарал, арьсан доор хий хуралдалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээнд олон тооны зулгарал, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт зэрэг өөр хоорондоо харилцан хамааралтай, шууд болон дамжмал эх сурвалжаас бий болсон нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй  байна.

Шүүгдэгч Г.Г-н сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоолгохдоо мөрдөгч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэж хүргүүлсэн бөгөөд түүний дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг ирүүлэхдээ мөрдөгчийн тогтоолыг ирүүлээгүй байна. Тус дүгнэлтээр “Г.Г нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай, өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусгах чадвартай, хэрэг хариуцах чадвартай, Г.Г нь Р07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна” гэсэн дүгнэлт гарсан.

Хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэхдээ хоорондоо зөрүүгүй буюу гэрч нарын мэдүүлгээс зөрүүгүйгээр Г.Г-г архины мөнгө нэхэж зодсон талаар мэдүүлснийг шүүх үнэлээгүй, тухайн хэрэг болсон цаг хугацаа, орон зайд буюу         аймгийн          сум,          багийн       тоотод хохирогч Б.Д, Г.Г нараас өөр хүн байгаагүй, мөн дамжмал эх сурвалж болох гэрчүүд хэргийн талаар мэдүүлсэн байдаг.

Иймд Г.Г-г хохирогч Б.Д-н нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагаж хөлөөрөө хавирган тус газарт өшиглөж хохирогчийн эрүүл мэндэд “хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээнд олон тооны зулгарал, зөөлөн эдэд цус хуралт бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй байвал” гэсэн үндэслэлд хамаарч, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/301 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Г.Г тайлбартаа: Намайг яллах гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал: Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг зайлшгүй тусгасан байх шаардлагатай.

Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө манай гэрт Г гэх зүс таних эрэгтэй ороод ирчихсэн надаас архины мөнгө өг гэж нэхээд байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Манай гэрт Г бид хоёроос өөр хүн манай гэрт байгаагүй. Г надтай маргалдаж байхдаа миний нүүр лүү гараараа цохиж намайг газар унагаасан ... Намайг газар хэвтэж байхад Г миний хавирга руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед би согтуу байсан болохоор хэдэн удаа Гд өшиглүүлсэн гэдгээ санахгүй байна ... Намайг гаргаж явуулахгүй хориод байхаар нь өглөө Гд би ус аваад ирье гэж хэлээд гэрээсээ гарч Уурхайчин багийн Үйлчилгээний төв рүү очиж нэг эмэгтэйн утсаар цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

гэрч З.Б-н ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө намайг ажлын байрандаа байж байхад 07 цагийн орчим хаалгыг нэг эмэгтэй хүн тогшоод ...туслаарай, надад эмнэлэг дуудаад өгөөч, би үхлээ гээд хашгираад байсан. Би хаалга онгойлгоход нүүр хувцас нь цус болчихсон нимгэн өмд цамцтай даарчихсан байдалтай байсан. Би дотогшоо оруулж нүүрийг нь угаалгаж, буцалсан бүлээн ус өгөөд цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр эмэгтэй өөрийгөө Д гэдэг ... гэж байсан. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуухад ... Гд зодуулсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

гэрч Б.С, Х.Г нарын ... Дуудлагын дагуу очиход Уурхайчин багийн 3-12-99 тоотод амьдардаг архины хамааралтай Дагиймаа гэдэг эмэгтэй толгой болон нүүр хэсэг нь хавдаж цус болж шалбарсан байдалтай олон тооны шархтай, цус болсон дан цамц, хувцастай байсан. Юу болсон талаар тодруулахад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ хамт архи ууж байсан Гд зодуулсан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 17-19 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаартай ... Б.Д-н биед зүүн 6-р хавирганы суганы дунд шугамаар далд ташуу хугарал, арьсан доор хий хуралдалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээнд олон тооны зулгарал, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... 4. Хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

Шүүх химийн шинжилгээний хохирогч Б.Д-н биенээс авсан цусанд 1,25 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

хохирогч Б.Д-н ... мөрдөгчийн утас руу ... Г гуайтай дахин уулзаж чадахгүй ... гэсэн утгатай зурвасыг өөрийн дугаараас явуулсныг баталгаажуулсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг өөр хоорондоо харилцан хамааралтай, шууд болон дамжмал эх сурвалжаас бий болсон нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаарх үндэслэлийг цагаатгах тогтоолд заагаагүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 329 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан байх боловч тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх шүүгдэгч, хохирогч нарын сэтгэцийн байдлыг тогтоосон дүгнэлт болон шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааны явц дахь зөрчлүүд, хохирогчийн Б.Д-н мэдүүлгийн хуулбар зэргийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж дүгнэн түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж байгаа ач холбогдол зэргийг хангалттай дүгнээгүй дээрх цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагад нийцээгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчилд хамаарах бөгөөд энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокуророос давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаатай холбоотой баримтууд болон хохирогч Б.Д-н мэдүүлгийг эх хувиар нь гаргаж ирүүлсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй тул тус баримтуудыг хүлээн аваагүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Гд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

            ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА