Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/301

 

 2023        08           10                                       2023/ШЦТ/301

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Д,  

шүүгдэгч Г.Г, өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Г

Шүүгдэгч Г.Г нь;

2023 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **-**-** тоотод хохирогч Б.Д-г “архины мөнгө өгөөгүй” гэсэн шалтгаанаар нүүрэнд нь цохиж, хавирга тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г “...би тухайн өдөр тасраад унтсан байсан, гэтэл карманд байсан утас алга болсон байхаар нь Д-аас утсаа асуусан, өөр юм асуугаагүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.-гийн “...2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр...гэртээ архи ууж байхад квадрат Г ирсэн, ууж байсан архиндаа согтоод нэг сэрэхэд миний нүүрэн тус газарт нэг хүн хөлөөрөө өшиглөсөн, Г намайг зодсон шиг санагдаад байна. Гэрээс гарах гэхэд Г намайг гаргахгүй байсан тул “усанд явлаа” гэж худлаа хэлээд гэрээс гарч “Үйлчилгээний төв”-ийн манаачаас тусламж дуудсан байсан, эмнэлэг дээр яаж ирснийг бүдэг санаж байна. ...зодуулах үед Г-аас өөр хүн манайд байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

“...2023 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө цагийг нь санахгүй байна, манай гэрт Г гэх зүс таних эрэгтэй ороод ирчихсэн, надаас “архины мөнгө өг” гээд нэхээд байсан, үүнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн, тэр үед манай гэрт Г.Г бид хоёр л байсан...Г.Г надтай маргалдаж байхдаа миний нүүр рүү гараараа цохиж, газар унагаасан, тухайн үед миний толгой эргэж манарсан, ... намайг газар хэвтэж байхад Г.Г миний хавирга руу хөлөөрөө өшиглөөд байсан, тэр үед би согтуу байсан учраас хэдэн удаа Г.Гд өшиглүүлсэн гэдгээ санахгүй байна. ...Г.Гд зодуулчихаад гарч явах гэхэд “чамайг гаргаж явуулахгүй” гээд хориод байсан, тэгэхээр нь би 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө Г.Гд “би ус аваад ирье” гэж хэлээд гэрээсээ гарч Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-рүү алхаад нэг эмэгтэйтэй таарч утсаар нь цагдаа руу залгаж мэдэгдсэн. Миний зүүн талын хавирга мөн хамар хугарсан, хавирга хугарсан учраас хөдлөх болон амьсгалахад хүндүүрлэж өвдөөд байна. Намайг Г.Гд зодуулж байхад өөр хүн байгаагүй, Г.Г бид хоёр маш их согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

гэрч З.Б-ийн “...2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө би ажлын байрандаа байж байхад 07 цагийн орчимд “Үйлчилгээний төв”-ийн ахуйн үйлчилгээний хэсгийн хаалгыг нэг эмэгтэй хүн тогшоод “туслаарай, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч, би үхлээ” гээд хашхираад байсан. Би хаалга онгойлгоход нүүр, хувцас нь цус болчихсон, нимгэн өмд, цамцтай, даарчихсан байдалтай байсан, тэр эмэгтэйг дотогш оруулж, нүүрийг нь угаалгасан, буцалсан бүлээн ус өгөөд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр эмэгтэй өөрийгөө “Д гэдэг, цээж хэсгээр их өвдөж байна, хурдан эмнэлэг дуудаад өгөөч” гэж байсан, удалгүй гаднаас цагдаа орж ирээд зодуулсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Г.Гд зодуулсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

гэрч А.Э-ын “...2023 оны 1 дүгээр сарын сүүлээр гэртээ байхад багын найз Ч.Г.Г 99557170 утаснаас залгаж, “Д гэртээ хүнд зодуулчихсан, нүд, ам нь хавдчихсан байна” гэж хэлсэн, ...Д Ч.Г.Гд “намайг квадрат Г.Г” зодсон гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/,

гэрч Л.Б-ийн “...Г.Г.Г нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр /FO7.8/ оношоор тархины гэмтэл өвчин, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрөх үйлийн бусад органик эмгэг оношоор хэвтсэн, Г.Г-ын хэлснээр 2011 оноос эхэлж унадаг өвчтэй болсон гэдэг, 2022 оны 10 дугаар сараас хойш миний санаж байгаагаар 10 орчим хоногийн хугацаатай 4 удаа хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх буюу ойр, ойрхон ирж буй шалтгаан нь “гэртээ ганцаараа хоол ундгүй, түлээ модгүй, амьдрахад хэцүү байна” гэж хэлж байгаа, Г.Г.Г нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, Г.Г-ын энэ өвчин нь уналт таталтаас шалтгаалсан зан төрхийн болон төрөх үйлийн өвчин, Гантулгын өөрийнх нь ярьж байгаагаар “сард 3-4 удаа унадаг” гэсэн, би олон удаа эмчилгээ хийж байхдаа унаж байхыг нь хараагүй, уналт өгсний дараа хэдэн минутаас хэдэн цагийн хооронд буюу тодорхой хугацаанд унахаас өмнөх үеийн үйл явдлыг санахгүй байж болно, уналт өгч унаагүй тохиолдолд хийж буй үйлдлээ ухамсарлаж ойлгоно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

гэрч Ч.Г-ын “...Эрдэнэбаттай “Дг хүнд зодуулсан байна” гэж ярьсан эсэхээ мэдэхгүй байна, санахгүй байна. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, түүнтэй уулзахад гэртээ хүнд зодуулчихсан байсан, Дг хэнд зодуулсан гэдгийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

гэрч Х.Г-ийн “...2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчим 7035102 дугаарын утаснаас “Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-ийн ахуйн хэрэглээний тасаг дотор согтуу, хүнд зодуулсан эмэгтэй байна” гэсэн утгатай дуудлага ирсэн, дуудлагын дагуу 5 орчим минутын дараа “Үйлчилгээний төв” дээр очиход Уурхайчин баг **-**-** тоотод амьдардаг, архины хамааралтай, ганцаараа амьдардаг Д гэх эмэгтэйн нүүр болон толгойн хэсэгт хавдаж, цус болж шалбарсан байдалтай, ямар өнгийн гэдгийг нь санахгүй байна, дан цамцтай, нимгэн хувцастай байсан, юу болсон талаар тодруулахад “2023 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө намайг гэртээ байхад өмнө нь хамт сэтгэцийн эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байсан Г.Г гэдэг эрэгтэй намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дгаас “танай гэрт одоо Г.Г байгаа юу, хамт очьё” гэж хэлтэл “одоо манай гэрт Г.Г байхгүй” гэж хариулсан. Дд эмнэлгийн тусламж хэрэгтэй юм шиг байхаар нь 7035103 дугаарын утас руу дуудлага өгч, Дг “Үйлчилгээний төв”-ийн гаднаас өгч явуулсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч Б.С-ийн “...2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчим 7035102 дугаарын утаснаас “Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-ийн ахуйн хэрэглээний тасгийн дотор зодуулсан хүн байна” гэсэн утгатай дуудлага ирсэн, цагдаагийн ахлах ахлагч Х.Г бид хоёр ойролцоогоор 5 минутын дараа “Үйлчилгээний төв”-ийн ахуйн хэрэглээний тасаг руу явж ороход дээшээ өгсдөг шатан дээр үс нь арзайсан байдалтай, толгой болон нүүр хэсэг нь цус болж, нүүр нь шалбарсан эмэгтэй хүн сууж байсан. ...2023 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө үүссэн байх зарим хэсгийн шалбархай, цус нь хатчихсан байсан,  ... юу болсон талаар тодруулахад “2023 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө гэртээ байхад Г.Г намайг зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай;

“...1.Б.Дгийн биеэс авсан гэх цусанд 1.25 промилл процент этилийн спирт илэрсэн. 2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 142 дугаартай; “...1.Б.Дгийн биед зүүн 6-р хавирганы суганы дунд шугамаар далд ташуу хугарал, арьсан доор хий хуралдалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, зүүн чихний дэлбээнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Хавирганы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

иргэн З.Б-ийн “...Зодуулсан эмэгтэй хүн үйлчилгээний төвд орж ирсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Орхон аймаг Цагдаагийн газар, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/,

хохирогч Б.Дгийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон тухай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт,

Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Х-ийн хохирогч Б.Дгаас мэдүүлэг авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **-**-** тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

шүүгдэгч Г.Г-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн зохион байгуулагчийн “Ам бүлийн тодорхойлолт” /хавтаст хэргийн 76 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 62-66 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

Г.Г.-д холбогдох эрүүгийн 2025000000*** дугаартай хэргээс хуулбарлан энэ хэрэгт хавсаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 105-118 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч О.Б, Г.Г, А.Л нарын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн, шүүгдэгч Г.Г-ын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон тухай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг болно.

          Шүүгдэгч Г.Г-ын гэм буруугийн талаар;

          шүүгдэгч Г.Г-ыг 2023 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **-**-** тоотод хохирогч Б.Дг “архины мөнгө өгөөгүй” гэсэн шалтгаанаар нүүрэнд нь цохиж, хавирга тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Тус шүүх шүүгдэгч Г.Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхэд уг хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэхийг 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар нэг удаа хойшлуулж,

1.Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өөр байгууллагаар шүүгдэгч Г.Г-ын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоолгох,

2.Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжээч нараар хохирогч Б.Дгийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоолгох,

3.Яллагдагч Г.Г-ын эрхийг зөрчиж, өмгөөлөгчгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны бүх зөрчлийг арилгуулах,

4.Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг *-**-** тоотод /тухайлбал, “00” суултуур хагарч эвдэрсэн эсэх/ хэргийн газрын нөхөн үзлэг хийлгэх зэрэг ажиллагааг гүйцэтгүүлж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор Т.Төгөлдөрт даалгасан. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үед болж өнгөрсөн үйл явдал, ул мөр, хүмүүсийн үйлдэл зэргийг танин мэдэх, үнэлж дүгнэхэд эрх зүйгээс гадна тусгай мэдлэгийн салбаруудад тулгуурлах шаардлага гардаг. Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан үед шинжилгээ хийлгэж, мэргэжлийн туслалцаа авах нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримттай болох төдийгүй уг баримтыг дангаар, эсхүл бусад нотлох баримттай харьцуулан үзэх замаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, улмаар цаашдын чиглэлээ тодорхойлох боломж болдог.

          Шинжилгээ хийлгэх эрхийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгч эдэлдэг бөгөөд тэдний шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийг шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн аваад мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй шинжээчид тухайн ажлыг даалгана, харин шинжилгээ хийлгэх эрхийг эдэлж, эрүүгийн процесс ажиллагаа хэрэгжүүлж буй мөрдөгч нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулах учиртай.

           Гэтэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б нь;

          хохирогч Б.Дгийн сэтгэцийн эрүүл мэндийг тогтоолгох “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноогоор үйлдсэнээс гадна уг тогтоолоо талуудад танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчийн шинжээч томилсон тогтоолтой танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн,

          шинжээч С.Э, Б.Х нарт “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг танилцуулаад, эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гэсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч тэдний гаргасан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн “ДҮГНЭЛТ ГАРГАСАН” гэсэн хэсэгт гурван шинжээч гарын үсэг зурсан байх бөгөөд өөрөөр хэлбэл шинжээч С.Э өөрийн нэрийн өмнө нэг удаа, мөн тухайн дүгнэлтийг гаргахад оролцсон эсэх нь тодорхойгүй шинжээч Ж.Д-г төлөөлж нэг удаа нийт хоёр удаа гарын үсэг зурсан 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн,

          мөн шүүгдэгч Г.Г-ын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоолгохдоо “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдээгүй, дүгнэлт гаргуулахаар аль байгууллагыг томилсон нь тодорхойгүй, шинжээч нарт эрх үүрэг танилцуулаагүй, хууль сануулаагүй, өөрөөр хэлбэл томилогдоогүй шинжээч нараар дүгнэлт гаргуулсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана.” гэснийг тус тус зөрчсөнөөс шалтгаалан хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор зөв тусгаж мэдүүлэг өгөх, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн чадварт эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ заавал хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан заалт биелэгдээгүй болно.

          Хэдийгээр шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

          2.Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Х-ийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Д-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар хувийг хэрэгт хавсаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэснийг,

          мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэсэн заалт мөн л зөрчигдсөн.

Хэрэгт цуглуулсан дээрх баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүйгээс гадна хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”-ийг прокурор хянах үүргээ биелүүлээгүй байна.

          3.Хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хавтаст хэргийн 9-10 дахь талд авагдсан хохирогч Б.Дгийн “...ууж байсан архиндаа согтоод нэг сэрэхэд миний нүүрэн тус газарт нэг хүн хөлөөрөө өшиглөсөн, Г.Г намайг зодсон шиг санагдаад байна.” гэх,

          хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан гэрч Ч.Гантулгын “...Эрдэнэбаттай “Дг хүнд зодуулсан байна” гэж ярьсан эсэхээ мэдэхгүй байна, санахгүй байна. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, түүнтэй уулзахад гэртээ хүнд зодуулчихсан байсан, Дг хэнд зодуулсан гэдгийг мэдэхгүй.” гэх мэдүүлгүүд болон 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үед хохирогч Б.Дд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас тусгаарлаж байгаад түүнээс авсан мэдүүлгээр шүүгдэгч Г.Гантулгыг хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж буруутгахад учир дутагдалтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” хохирогчийн үүрэг хангагдахгүй байна.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

          Бусад асуудал;

Хохирогч Б.Д-гийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үед өгсөн “...нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

         4.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ