Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 0066

 

 

 

 

 

 

Н.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Л.О/цахим/

Шүүгдэгч                                                       Н.Л, Б.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Д.О /цахимаар/,

Б.Б

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон прокурор Л.О-н эсэргүүцлээр Н.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Н-н Л,

 

О овогт Б-н С,

 

Х овогт М-н Н,

 

Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр      аймгийн     сумын төвд амь хохирогч М.Н-тай “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар өшиглөж алсан, мөн Б.С нь тухайн үед М.Нтай “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

М.Н нь “М.Нгийн амь нас хохирсон” эрүүгийн .......... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас: Н.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Нын үйлдлийг 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Х овогт Н-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг, шүүгдэгч О овгийн Б-н Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Х овгийн М-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н Лг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б-н Сид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лгийн цагдан хоригдсон 158 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд төлөх  зардалгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, тэдний иргэний  бичиг баримт шүүхэд хураагдаж  ирээгүй, шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.С нь 156 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Н, Б.С нар нь бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн улаан өнгийн хос пүүз, хар өнгийн хос бакалан гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т зааснаар шүүгдэгч Н.Лгээс 3,513,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д олгож, М.Н-н нэхэмжлэлийн шаардлагаас 10,680,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Лд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдолдоо:

 

“...Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.Д та нар том биетэйгээр нь Лг өшиглөсөн гэж хэлээрэй гээд өөрөө мэдүүлэг зохиож бичээд М.Наар гарын үсэг зуруулсан. Мөн Б.Д нь бусад оролцогч нараар тус бүр 450.000 төгрөг авч хэргээс салгаж өгнө гэж авсан нь тогтоогдсон. Мөн гэрч нарыг Хөвсгөл аймгийн Түнэл сум руу 2 удаа модонд авч явсан талаар ярьдаг. Ингэж явах үедээ гэрч нартаа юу ярьсан, юу тохирсон гэдгийг хардах үндэслэл байна. Шүүх шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалтай танилцан дүгнэлт гаргасан гэж шинжээч эмч нар хэлдэг.

Энэ нь хавтаст хэргийн материалаар Лг унагах буруутгах зорилгоор үйлдсэн материалыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Эхлээд Б.Сид эгц урдаасаа өшиглүүлсний дараа тонгойгоод сууж байхдаа комд орсон байх эсэх мөн тухайн үед гарсан цусны хэм хэмжээ, нөлөөлөн үр дагаврыг тодорхойлж үзээгүй байна. Мөн бидний өмсөж байсан хөр өнгийн бакалан гутал, улаан өнгийн пүүзэн гутлын харьцаа өшиглөлтийн үйлчлэл хүч, гэмтэл учруулах нөхцөл байдлыг гаргаагүй байна. Иймд дээрх хэд хэдэн зөрчлийг анхан шатны шүүх үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасанд нь гомдолтой. Иймд дээрх зөрчлүүдийг арилгуулах, үнэн зөв шийдүүлэхийн тулд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“...     аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт болон 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 384 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ц-с авсан мэдүүлэг нь утга агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээ бүхий нөхцөл бүрдээд байна.

 Тодруулбал: 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтэд “..Нгийн биед зүүн чамархай, дух, дагзны дэлбэн бага тархинд аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины 3, 4-р ховдолд цус харвалт, тархины дунд артерийн урагдал, тасралт, нугасны эдэд цус харвалт, дагзны хуйх, залгиур булчинд цус хуралт, баруун хөмсөгний дотор өнцөг, эрүү, нуруу, баруун шилбэнд зулгарал бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл шинжээч эмч Г.Ц-н мэдүүлэг болон 2020 оны дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлийг нэг удаагийн буюу эгц урдаас өшиглөх үед үүсэх боломжгүй хэмээн мэдүүлсэн нь дээрх 2 дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байдаг.

Шинжээч эмч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ц эмч бол тухайн хэргийн хувьд анхны задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эмч ... харин манайх хэргийн материалтай танилцаад дүгнэлт гаргасан”,

шинжээч эмч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Ц эмч бол анхны задлан шинжилгээ хийсэн эмч, бид хэргийг уншиж байхад энэ гэмтлийг аваад шууд ухаан алддаг, суух, ярих боломжгүй гэсэн мэдүүлэг тус тус өгсөн байдаг. Шинжээч эмч Ч.Э, Б.А нарын мэдүүлгээс үзэхэд “нас барсан шалтгаан, эмнэл зүйн шинж тэмдгийг тогтоохдоо хавтаст хэрэг авагдсан шүүгдэгч М.Н, Б.С, н.Батмөнх нарын гэрч болон яллагдагчаар өгсөн “...Л эгц урдаас нь хохирогчийг өшиглөхөд хохирогч дахиж босож ирээгүй..” гэсэн мэдүүлгийг үндэслэн цохилтын хүч чиглэлийг тодорхойлсон гэж өмгөөлөгчийн асуултад хариулсан байдаг.

Энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч Б.Д гэгч этгээд нь дээрх нэр бүхий оролцогч нараас шан харамж авсан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн этгээд юм. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан энэ этгээд нь “... та нар том биетэйгээр нь Лг л гэж хэлээрэй” гэж өөрөө мэдүүлэг зохиож бичээд М.Наар мэдүүлэгт гарын үсэг зуруулсан, Л өшиглөсөн гэж худал мэдүүлсэн тухайгаа М.Н урьд өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлдэг.

Мөрдөгч Б.Д нь бусад оролцогч нараас тус бүр мөнгө төгрөг авч байхдаа “энэ хэргээс салгаж” өгнө гэж залилан мэхэлж хууль ёсыг ноцтой зөрчин цуглуулсан нотлох баримтууд нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” мөн зүйлийн 1 “... шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина ...” гэж заасан зарчим хэм хэмжээг ноцтой зөрчиж гэмт хэрэг үйлдэх замаар хууль бус нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Хэргийн оролцогч нараас мөнгө авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шүүхээс эрүүгийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бүх нотлох баримтуудын ямар нь үнэн зөв аль нь худал эсэхийг дүгнэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.

Иймээс Лгийн өшиглөсөн гэх үйл баримт нь мөрдөгчийн хууль бусаар бусад оролцогчдод нөлөөлж цуглуулсан хууль бус нотлох баримтын хүрээнд үгүйсгэгдэж байхад түүнийг үндэслэн .дахин шинжилгээ хийх үед хэргийн материалтай танилцаж бүрэлдэхүүнтэй шинжилгээ гаргасан шинжээч нарын дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Шинжилгээ хийхэд баримтлах зарчим” мөн зүйлийн 5.1.5 “шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” хууль зүйн үндэслэл нь үгүйсгэгдэж бодит эргэлзээг бий болгож байна. Мөн шинжээч эмч Ц-н гаргасан дүгнэх хэсэгт “тархи нугасанд учирсан гэмтэл нь хэд хэдэн үйлдлийн улмаас учирсан гэх агуулга байсаар байтал шинжээч эмч нар агуулгаар нь буруу тайлбарлаж хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг үндэслэсэн гэсэн байр суурьтай байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нөхцөл байдал юм.

Мөн тухайн үед шүүгдэгч Сийн өмсөж байсан хар өнгийн бакалан гутал миний үйлчлүүлэгч Н.Лгийн өмсөж байсан улаан өнгийн пүүзэн гутлын харьцаа өшиглөлтийн үйлчлэх хүч, гэмтэл учруулах боломж нөхцөлд шинжээч эмч нар шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргаагүй. Амь хохирогч Сид өшиглүүлсний дараа тонгойгоод сууж байсан гэх мэдүүлгүүдээс үзэхэд энэ хугацаанд комын байдалд орж болох эсэхэд шинжээч нар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

Энэ нь шинжээч Ц-н дүгнэлт болон мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтийн хууль зүйн үндэслэл нь бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байхад түүнийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож “шүүгдэгч Н.Л нь амь хохирогч М.Нгийн толгойн тус газар өшиглөж баруун зүүн чамархай, дух дагзны дэлбэн аалзан хальсны доорх цус харвалт зэрэг гэмтэл учруулж хүнийг алсан үйлдэлд тооцно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс шинжлэн судалсан нотлох баримтууд болон яллах болон цагаатгах талын байр суурь, санал дүгнэлтийг хуульд заасны дагуу шүүх шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэй. Анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоол хууль зүйн шаардлагыг хангаагүй нь шүүхийн тогтоол хууль ёсны байх хэм хэмжээнд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон нотлох баримтуудыг судлан шинжилж, тодорхой санал байр суурийг илэрхийлж оролцсон боловч миний саналыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй нь яллах талыг баримталж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүрийг тодорхойлох хэсэгт заана” гэсэн хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Гурав. Яллагдагч М.Н, Б.Б нар нь хавтаст хэргийн материалд гэрчээр тус бүр гурван удаагийн тайлбар, мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайн мэдүүлгүүдээр Б.С нь босож ирээд бакалаараа амь хохирогч Нгийн нүүр хэсэг рүү эгц урдаас нь өшиглөсөн талаар аль аль нь тодорхой мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед тухайн хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч Б.Д нь мэдүүлэг авахдаа хууль тайлбарлан өгөөгүй, өөрөө асууж өөрөө тухайн байцаалтыг зохиогоод бичиж гарын үсэг зуруулсан нь үнэн.

Мөн яллагдагч Н.Лг барихгүй бол та нар эвгүйтнэ, том биетэй тул түүн рүү чиглүүлж байж та нар хөнгөн мултарна гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж байснаас гадна мөрдөгч Б.Д нь гэрч М.Н, Б.Б нарыг яллагдагч Б.Стой хамт 2 удаа модонд дагуулж явсан үйл баримтын талаар мэдүүлдэг. Мөн тухайн асуудлаас хөнгөн гаргаж өгөхөөр амлаж гэрч нарын мэдүүлгийг өөрчлүүлэн торгуулийн мөнгө хэмээн 450.000 төгрөгийг тус бүр бэлнээр авсан үйл баримт хангалттай авагдсан. Энэ үйлдэлдээ Б.Д нь шүүхээс ял шийтгүүлсэн баримт ч мөн хэрэгт авагдсан.

Гэтэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгийн мөрдөгч нь уг хэргийг шалгаж мөрдөж байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Д-с гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гаргасан болно. Шүүх тогтоол танилцуулах үедээ өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй гэж танилцуулсан боловч тогтоолд энэ тухай тусгаагүй түүнчлэн тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Д-н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэсэн заалтыг зөрчиж хэрэгт хувийн сонирхолтой, өөрийнх нь мөрдөн шалгаж байсан хүний эсрэг, тухайн хэрэгтээ ял шийтгүүлсэн этгээдийн өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Хэдийгээр нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч энгийн логик түвшинд ч мөн мэргэжлийн хуульчийн ёс зүйн хувьд ч гэсэн Монгол Улсын шүүх гэмт хэрэг үйлдэх замаар хэрэгт хувийн сонирхол бүхий болсон гэм буруутай этгээдийн өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчиж байна.

Дөрөв. Миний үйлчлүүлэгч Н.Лгээс тухайн хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулан мэдүүлэг авах ёстой байсан боловч хуулийг нэг мөр хэрэглээгүйгээс гадна өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг тайлбарлан өгөлгүй нийтэд илэрхий болсон хэвшмэл бланкин дээр тулган шаардан гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндсэн суурь эрхийг эдлүүлэлгүйгээр, ноцтой зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг. Мөн тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.С, гэрчийн мэдүүлэг өгсөн С.Б нар нь бидний үйлчлүүлэгч Н.Лтэй төрөл садан /гэр бүлийн хамааралтай/ байтал хуульд заасан эрхийг тайлбарлан өгөхгүй байх эрхийг сануулалгүйгээр тулган шаардан мэдүүлэг авсан нь хавтаст хэргийн материалд тусгагдсан болно ... гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

“... Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Сид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно..” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх нь шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохдоо Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “... үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” , 5 дугаар зүйлийн 5.1-т “... эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно ...” гэх заалтыг давхардуулан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Сийг ... урьд ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж зааснаар ял эдэлж байсан ялтны ялыг өршөөн хэлтрүүлж байгаатай нэгэн адил үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтыг хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “..талууд, оролцогч”-ийн нэрийг тусгахдаа улсын яллагчийн Л.О-н овгийн эхний үсгийг Б.О гэж буруу бичсэн, дээрх хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Г.Б яллах дүгнэлт үйлдсэн байхад “хяналтын прокуророос” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... хэргийг хянан хэлэлцэв гэх зэрэг алдаа гаргасан байгааг зөвтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Хөвсгөл аймгийн прокурорын газраас” гэж, “улсын яллагч Б.О” гэснийг Л.О гэж, тодорхойлох хэсгийн “Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, ...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 хамрагдаж байх тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэх хэсгээс “...4 дүгээр зүйлийн 4.1, ...” гэх хэсгийг хасаж, тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...4 дүгээр зүйлийн 4.1, ...” гэх хэсгийг хассан өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Л тайлбартаа: ... Би амь хохирогчийн толгойнд хүрээгүй байхад толгойн тус газар өшиглөсөн гэж байгаад гомдолтой байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол, прокурор Л.О-н эсэргүүцэл зэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ        аймгийн         сумын төвд иргэн М.Нтай “хүндэлж харьцсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний эрүүн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний дараа шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Нгийн толгойн тус газарт өшиглөж амь насыг нь хохироосон,

шүүгдэгч М.Н нь дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Сийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Лгийн үйлдлийг хүнийг алсан, шүүгдэгч М.Нын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б нар нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь “тархи нугасны хүнд гэмтэл” бөгөөд уг гэмтэл нь сүүлийн өшиглөлт буюу Н.Лгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

 

гэрч С.А-н “... тэр үед талийгаач М.Н Н.Л 2 маргалдаад байх шиг болсон. Тэгснээ пид пад гээд явчихсан чинь талийгаачийг Н.Л өшиглөөд унагаачихсан Н ухаан алдчихсан байна эмч хурдан дуудаач гээд С хашгирч байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 41/,

 

түүний дахин өгсөн “...би тэнд байсан...тэгээд гэнэт пид пад хийх чимээ гараад хүмүүс эмч дуудаарай гэж хашгирахад нэг ухаан орсон юм. Тэгээд тэнд байсан хүмүүс Лг талийгаачийг өшиглөсөн гэж ярьцгааж байсан. Тэгээд талийгаачийг ухаан алдчихлаа гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 74/,

 

гэрч С.Б-н “... архи аваад хувааж уугаад сууж байсан чинь талийгаач Н ганцаараа хүрч ирээд архинаас ууж байснаа Лг “чи хүнтэй мэндлэхээ байсан байна, намаас чи сонгогдож багийн дарга болоо биз дээ” гээд үг хэлээр өдөөд эхэлсэн. Тэгснээ талийгаач Н нь Лд хандаж “та нар шиг банди нарыг бол ална ш дээ” гэсэн чинь Л нь “танд бол алуулна гэж юу байхав” гэхээр нь би Лг “ахын дүү хүнтэй битгий хэрүүл хий” гэсэн чинь С босож ирээд бакалаар талийгаачийн эрүү хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь талийгаачийн уруулаас цус гоожоод ирсэн.

... Тэгсэн талийгаач Н “чи одоо яаж байгаа юм, өө за за ингэдэг болсон юм уу” гэж хэлээд сууж байсан чинь Л босож ирээд пүүзэн гутлаараа нүүр лүү нь өшиглөсөн чинь талийгаач Н нь хойшоогоо тас гэдэргээ савж унаад хурхираад унасан ... энэ хэргийг Э-с бусад нь мэдэж байгаа ... “ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 64, 86/,

 

Б.Б-н гэрчээр өгсөн “... урьд нь би хэрэг болох үед Нтай хамт архи авахаар дэлгүүр явсан гэж худлаа хэлсэн юм ... Н нь Лд хандаж “та нар шиг банди нарыг бол ах нь ална ш дээ” гээд Лгийн хүзүүн дээр алгадах шиг болсон. Тэгсэн чинь С босож ирээд бакалаар талийгаачийн урдаас өшиглөсөн.

Тэгсэн талийгаачийн уруулаас цус гараад “өө за за ингэдэг болчихсон юм байна” гэж хэлсэн чинь талийгаач Нг Л босож ирээд шууд толгой руу нь хүчтэй өшиглөөд Н хойшоо тас гэдэргээ савж унаад хурхираад унасан ... Л Б, Н бид гурвыг мэдүүлэг өгөхдөө та гурав байгаагүй энэ хэргийн талаар мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би тэгж мэдүүлэг өгсөн ...талийгаач Нг нас барсан гэдгийг мэдээд Л би хүн алчихлаа гээд хашаа нүдээд байхаар нь Н тайвшруулсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 66-67/,

 

түүний дахин өгсөн “... С гэнэт босож ирээд бакалан гутлаар М.Нгийн нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь уруулнаас нь цус гараад “өө та нар ингэдэг болсон юм уу” гэж талийгаач хэлсэн чинь Л босож ирээд пүүзэн гутлаараа нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь М.Н шууд хойшоо газарт унаад хурхираад сонин чимээ гаргасан. Тэгээд бид нар өргөөд сэгсрээд түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 62, 2 дугаар хх 35/ болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын  384, 462 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотлогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 96 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Ц-н “... дээрх 2 хүний өшиглөлтийн яг алиных нь өшиглөлтийн улмаас амь хохирогчийн биед учирсан гэмтлийг болон үхэлд хүргэснийг ялгах боломжгүй ... ” гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаартай “ ... нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ... сүүлийн үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой ...”  гэсэн дүгнэлт /2 дугаар хх 42/ зэрэг нь зөрүүтэй, хэнийх нь үйлдэл амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн нь эргэлзээтэй байсан тул

“ ... шүүгдэгч нарын хэний үйлдлийн улмаас амь хохирогчийн тархинд хүнд хохирол учирсныг тогтоох шаардлагатай ... ” гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай магадлалаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 462 дугаартай дүгнэлтээр

“... нүүрэнд сүүлд нь өшиглөхөд талийгаач ухаангүй болон улмаар нас барсан нь цогцос шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд болох ... тархины дунд артерийн урагдал тасралт, нугасны эдэд цус харвалт нь хөдөлгөөн хийгээд байх боломжгүй, шууд үхэлд хүргэх гэмтэл ...” гэснээс үзвэл дээрх бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 384 дугаартай дүгнэлт үндэслэлтэй болох нь тогтоогджээ.

Дээрх бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул энэ хэрэгт нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шинжээч Ц.Г “... тархины гэмтэл нь нэн даруй ухаангүй болж улмаар амь нас шууд хохирох тул дүгнэлтэд тусгагдсан сүүлийн үйлдэл буюу толгойд хүч үйлчилж гэмтлийг авсан гэж дүгнэж байна ... ” гэж, шинжээч Ч.Э анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... дурьдсан гэмтлүүд үүссэнээс хойш ямар ч үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, учирсан даруйд ухаан алдана ... ” гэж амь хохирогчийн үхлийн шалтгааны талаар тус тус тодорхой мэдүүлжээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.Д нь албан тушаалын байдлаа ашиглаж, С.А, Э.Э, М.Н, Б.Б нарыг “торгуулийн мөнгө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тус бүр 450.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдэж Х     аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн       дугаартай шийтгэх тогтоолоор 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Тухайлбал: Гэрч С.А “... би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн өгсөн мэдүүлгийг уншиж танилцаад гарын үсэг зурсан ... 450.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Мөнгө авахдаа Э та хоёрыг торгож байгаа гэж хэлээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан ... ” гэж /4 дүгээр хх 152/,

 

гэрч Э.Э “... Д-н хувьд миний мэдүүлэгт нөлөөлсөн, надад үг зааж өгсөн, намайг айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэнд байсан хүмүүс ярихдаа эхлээд С өшиглөөд, дараа Л өшиглөсөн гэж ярьж байсан...” гэж /4 дүгээр хх 152/, шүүгдэгч Б.Б “... надаас мөнгө авахдаа торгуулийн мөнгө гэж авсан ... надад нөлөөлсөн зүйл байхгүй... ” гэж /4 дүгээр хх 223/ тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнээс гадна М.Н, Б.С нарын мэдүүлгүүд /1 дүгээр хх 69, 72, 80, 2 дугаар хх 29, 32/ нь дээр дурьдсан яллах талын нотлох баримтууд болон Н.Лгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... би босож ирээд нүүр лүү нь өшиглөхөд эгц дээшээ харж савж унасан гээд байрлалыг үзүүлэв ...” гэсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 22-24/-тэй агуулгын хувьд зөрүүгүй, бие биенээ баталж нотолсон шинжтэй нотлох баримтууд байгааг дурьдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Н.Лтэй төрөл садангийн холбоотой гэх С.Б, Б.С нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан /1 дүгээр хх 63, 71/ байх тул Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан дээрх эрхийг зөрчиж, тулган шаардаж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л, М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу түүний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү... ” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалттай давхар баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Мөн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Л.Отгончимэгийн эцгийн нэрийн эхний үсгийг “Б.Отгончимэг” гэж, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын албан тушаалыг тус тус буруу бичсэн байгааг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн “Улсын яллагч Б.О” гэснийг “Улсын яллагч Л.О” гэж,

“...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос...” гэснийг “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос...” гэж,

шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “Улсын яллагч Б.О” гэснийг “Улсын яллагч Л.О” гэж тус тус өөрчилж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...4 дүгээр зүйлийн 4.1...” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж  үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР                                     ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

                                                                                    С.УРАНЧИМЭГ