Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00195

 

 

Б.Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02837 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ү-ийн хариуцагч Г.Э, С.А, С.А нарт холбогдуулан гаргасан С.А-г талийгаач А.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.А-г А.С-ийн өвлөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 43 дугаар гудамж 66-ийн 5-ын Б тоот газар болон хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж 5 болон 15 тоот хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууц болон гарааш, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гэрэл төвийн зүүн талд байрлах 4273 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 262 тоот газар болон байшин, Лексус-570 маркийн 7171 УНӨ улсын дугаартай автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгүүдээс хууль ёсны өвлөгчид ногдох 1 202 582 040 төгрөгийг хариуцагч Г.Э, С.А, С.А нараас гаргуулах, мөн С.А-г өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн нэгж талбарын 18644327853828 дугаар бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн С.А-г Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК-иудаас тус бүр ногдох хэсэг болох 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Сайнбаяр, Г.Б,

Хариуцагч: Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 11 дүгээр сард талийгаачтай танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин С.А төрсөн. Талийгаач нь Солонгос улсын хууль зүйн яамны сайдаас охиноо өөрийн нэрээр овоглох хүсэлт гаргаж өөрийн нэрээр овоглосон байдаг. Миний хань 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан гэдийг талийгаачийн дүү А.Баттөр надад хэлсэн. Миний охин 1 нас 4 сартай байхдаа аавыгаа алдсан. Талийгаачийн төрсөн ганц охин нь хууль ёсны өвлөгч байсаар байхад одоог хүртэл эрхээ эдэлж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн эхний шаардлага нь С.А-г талийгаач А.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгүүдээс хууль ёсны өвлөгчид ногдох 1 202 582 040 төгрөгийг хариуцагч Г.Э, С.А, С.А нараас гаргуулах, мөн С.А-г өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн нэгж талбарын 18644327853828 дугаар бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн С.А-г Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК-иудаас тус бүр ногдох хэсэг болох 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардлагыг тус тус гаргасан. Талийгаачийн төрсөн охин С.А мөн гэдэгт маргаан байхгүй. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар С.А нь хууль ёсны өвлөгч болно. Харин нэхэмжпэгч Б.Ү-ийн хувьд өөрийгөө хууль ёсны өвлөгч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Г.Э, С.А, С.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн 325 дугаартай нотариатч Б.Батсүрэнд хандан талийгаач А.С-ийн хөрөнгө болох дээр дурдсан хөрөнгүүдийг өвлөөд авчихсан байгаа. Нэгэнт өвлөгдчихсөн байгаа хөрөнгийг Иргэний хуульд зааснаар мөнгөөр гаргуулж болно. Иймд Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийн үнийг тогтоолгож түүнээс оногдох хэсэг 1 202 582 040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн гэрчилгээний 18644327853828 дугаар бүхий газрын газар ззэмших эрхийг өвлөж авахаар дурдсан байгаа. Мөн талийгаач А.С анх Сэбоцэ ХХК-ийг үүсгэн байгуулж 100 хувийн хувьцаа эзэмшигч нь байх тул 4 хууль ёсны өвлөгч өвлөж байгаа тохиолдол 25 хувийн хувьцаа ногдоно гэж үзэж байна. Ижил хүч ХХК, Цагаан тэмээт говь ХХК-ийн хувьцааг талийгаач эзэмшдэг учир хууль ёсны өвлөгч С.А д ногдох хувьцааг ногдуулж өгнө үү, өвлөгдсөн хөрөнгүүдзэс оногдох хэсгийг мөнгөөр, харин өвлөгдөөгүй байгаа хөрөнгүүдийн тухайд хувьцаа болон эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.С тэй танилцан 30 жил хамт амьдарсан юм. Миний хань 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ хүү С.А, охин С.А, эхнэр Г.Э бид нарынхаа дэргэд нас барсан. Б.Ү нь А.С-ийн хүүхдийг төрүүлсэн өмч хөрөнгөнөөс нь авна гэх болсон. А.С нь хамгийн сүүлд эхнэр Г.Э, хүү С.А, охин С.А нарын хамт амьдарч байсан гэдгийг хорооны Засаг даргын тодорхойлолт болон 2016 оны хүн амын, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монгол улсын хүн амын статикийн тооллого, манай хүүхдүүд, хоёр талын ах дүү болон гэр бүлийн найзууд, ажлын хамт олон бүгд гэрчилж байхад Б.Ү нь миний талийгаач нөхөртэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэж худлаа ярьж, намайг гүтгэж доромжилж байгаад би маш их гомдолтой байдаг. Тэрээр элдэв худал үнэн баримт цуглуулж талийгаачтай хамтын амьдралтай байснаа тогтоолгосон нь үндэслэлгүй. Б.Ү-ийн хүүхэд С.А нь миний нөхөр А.С-ээр овоглосон байдаг. Яагаад хэрхэн ямар арга замаар ийм үйл ажиллагаа явагдсаныг би мэдэхгүй. Гэхдээ миний нөхөр А.С-ээр хүүхдийн төрсний гэрчилгээ гарч ирсэн тул бид А.С-д ногдох эд хөрөнгөөс энэ хүүхдийн хууль ёсны дагуу өвлөх эрхтэй маргахгүй гэж шийдээд байтал Б.Ү нь энэ хүүхдээр далимдуулж, их хөрөнгө мөнгө салгаж авах гэсэн шударга бус үйлдэл гэж би бодож байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2.3, 126.2.4, 126.2.5, 126.4 дэх хэсэгт гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрхийн талаар зааснаар энэ нэхэмжлэлтэй холбогдон яригдах бүхий л эд хөрөнгө нь энэ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг зориуд тэмдэглэж байна. Ингээд нэгэнт асуудал шүүхэд ирсэн учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг дараах байдлаар өвлөвөл зохино гэж үзсэн. Доорх хөрөнгүүдийг нэхэмжпэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч үнэлгээчин томилоод үнэлүүлсэн байгаа. Үүнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот нийтийн амины орон сууцыг 456 647 400 төгрөгөөр үнэлсэн. Бид энэ орон сууцаас С.А д 28 540 462 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууцны доорх автомашины зогсоол №3, №26 тоот зогсоолуудыг 51 933 300 төгрөгөөр үнэлжээ. Бид энэ автомашины 2 зогсоолоос С.А д 3 245 831 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад-43 гудамж 665 б тоот хаягт байрших 389 м.кв газар болон байшинг 21 192 400 төгрөгөөр үнэлжээ. Бид үүнээс С.А д 1 324 525 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, 262 тоот 490 м.кв газар болон байшинг 8 039 000 төгрөгөөр үнэлжээ. Бид энэ газраас С.А д 502 437 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 15 тоот болон 5 тоот зоорийг 302 121 200 төгрөгөөр үнэлжээ. Бид энэ зоориноос С.А д 18 882 575 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Япон Улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёото Лексус-570 маркийн суудлын автомашиныг 75 000 000 төгрөгөөр үнэлжээ. Бид энэ автомашинаас С.А д 4 687 500 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Ингээд гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс Нийт 57 183 330 төгрөг нэхэмжлэгчид өвлөгдөхөд татгалзахгүй болно. Сэбоцэ ХХК-ийн эзэмшдэг газрыг нэхэмжлэлд 2 000 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ газар нь А.С-ийн хуваарьт өмч биш анхнаасаа Сэбоцэ ХХК-д бүртгэлтэй Гэрэл төвийн зүүн талд байрлах газар нь тухайн хуулийн этгээдийн нэр дээр болох нь тогтоогдсон тул хасаж тооцож байгаа. Сэбоцэ ХХК нь 1 268 011 980 ширхэг хувьцаатай. Энэ хувьцааг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваахад нэг гишүүнд 317 002 995 ширхэг хувьцаа ногдож байгаа. Үүнээс А.С-ийн хувьцааг 4 хүнд хуваахад 79 050 748 ширхэг хувьцаа өвлөгдөх нь байна. Энэ байдлаар хувьцааг өвлөн авахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч тал Шарга морьтын газарт өргөдөл өгсөн байгаа гэж байна. Газар эзэмших өргөдлийг эрх бүхий байгууллагад өгнө гэдэг нь эзэмших эрхийг нотлох зүйл биш. Тэр өргөдөл хүсэлтийг эрх бүхий байгууллага хүлээж аван хэлэлцэж иргэнд олгох боломжтой эсэх нь шийдвэрлэгдсэн шийдвэр гарах ёстой байдаг. Энэ нь өнөөдөр хавтас хэрэгт байхгүй байна. Хариуцагч нар нь энэ газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байгаа. Тийм учир тус газрыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэх боломжгүй юм. Ижил хүч ХХК болон Цагаан тэмээт говь ХХК гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Тийм учир тус компаниудыг гэр бүлийн гишүүдэд хуваахад нэг хүнд 25 хувь ногдож байгаа. А.С-ийн хувийг 4 өвлөгчид хуваахад нэг хүнд 6.25 хувийн хувьцаа ногдоно. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа компаниудын хувьд мөнгө ярихгүй гэсэн учир хувьцааг хувиар нь тооцож шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч С.А-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Бичгээр тайлбараа өгсөн. Түүнийгээ дэмжиж оролцож байна. Шүүх өмнөх хуралдаанд С.А нь өвлөгч учир түүнийг өвлөгчөөр тогтоох шаардлагагүй гэсэн байдаг. Түүнд гомдол гаргасан гэдгийг хэлж байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсэхтэй холбоотойгоор хэлэхэд дэс дарааллын алдаа гарч байна. Нэхэмжлэгч тал С.А-г хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоолгох тухай тайлбар гаргах ёстой. Түүнийг тогтоосны дараагаар энэ хүн шаардах эрхтэй эсэх талаар ярилцана. Иргэний хуульд зааснаар хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гээд байгаа бол одоогоор шаардах эрх нь үүсээгүй гэж үзэж байна. Шаардах эрх нь үүсээгүй байгаа учир нэхэмжпэлийн 6 шаардлага нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр нэхэмжлэгчид өвлөгдөх хөрөнгийг өвлүүлэхэд татгалзах зүйлгүй. Манай зүгээс нэхэмжлэгч С.А-г хууль ёсны өвлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжпэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч С.А шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Ухаан орсон цагаас минь эхлэн аав ээж хоёр минь ихэр дүү С.А бид хоёрын хамт инээмсэглэн, хөгжилдөн байх дурсамжууд маань бодолд тодхон. Манай гэр бүл, аав, ээж, ихэр бид дөрөв аз жаргалтай элэг бүтэн амьдран суусан билээ. Харин харамсалтайгаар 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сэтгэл зүссэн гэнэтийн хагацалтай учирсан юм. Гэтэл энэхүү зовлон дуусаагүй байхад нэмж, Б.Ү гэх эмэгтэй аавын минь нэрийг барьж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ өнөөдрийн байгаа манай гэр бүлийн эд хөрөнгө болон манай гэр бүлийн Сэбоцэ ХХК нь манай гэр бүлийн хөрөнгө гэдгийг маш сайн мэднэ. Энэ бүх хөрөнгийг миний ихэр бид хоёрын нүдэн дээр аав, ээж хоёр минь хамтран бий болгосон юм. Аав маань ихэр бид хоёрт Та хоёр энэ компанийг насанд хүрээд өвлөн авч үргэлжпүүлэн авч явна шүү гэж үргэлж хэлдэг байсан юм. Сүүлийн хэдэн жил миний ихэр бид хоёр компанийн ажилд багагүй хэмжээгээр тусалж имэйл бичих, гадаад түнш нартай холбогдох, бүтээгдэхүүний судалгаа хийх гэх мэт зүйлсийг хийж хувь нэмрээ оруулж байсан билээ. Би өөрийн гэр бүлийн хөрөнгийг хэн нэгэн нь шүүхээр булаан авна гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Аав, ээжийн минь хүч хөдөлмөрөөрөө босгосон энэ компанийг Б.Ү гэх эмэгтэй ганц дусал хөлс хүч, хөдөлмөр нэмэрлээгүй мөртлөө хэсэгчлэн авна гэж байгаа нь надад утга учиргүй шударга бус санагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн охин С.А-г талийгаач А.С-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, С.А, С.А нараас талийгаачийн өвлөгдөх хөрөнгөнөөс ногдох 57 183 330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ү /охин С.А /-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1 145 398 710 төгрөгийг болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гэрэл төвийн зүүн талд байрлах газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тоггоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1д зааснаар охин С.А-г Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт говь ХХК тус бүрийн 6,25 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 6,25 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ү өөрийгөө талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 443 866 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03544 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргасан зүйлгүй байхад нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад дурдсан 8-н хөрөнгө болон бусад хөрөнгийг шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэх дээр дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагч Г.Э, С.А, С.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн 325 дугаартай нотариатч Б.Батсүрэнд хандан талийгаач А.С-ийн дээрх нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг өвлөн авч өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Энэ тус хөрөнгө нэгэнт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдсөн бөгөөд хариуцагч нар өвлөх хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрч өвлөсөн болохыг нотолж байгаа болно. Иргэний хуулийн 523 дугаар зуйлийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу бол өвлөгдсөн хөрөнгө дээрх 8-н хөрөнгийг хуулийн дагуу өвлөгч тус бур тэгш хэмжээгээр өвлөхөөр байна. Хэрэв хариуцагч дээрх хөрөнгийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 129 дүгээр зуйлийн 129.1.4, 129.1-д заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагатай байсан болно. Гэтэл тийм шаардлага гаргаагүй, ажиллагаа хийгдээгүй учир шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэж өвлөх хөрөнгийг тодорхойлж хууль ёсын өвлөгч тус бүрт оногдох хэсгийг хүваарилан шийдвэрлэх ёстой байсан болно. Иймд 751 613 775 төгрөгийг хариуцагч Г.Э, С.А, С.Амаржаргал нараас гаргуулж, нэхэмжлэгчнд олгуулахаар анхан шатны шүүхинн шиндвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй Сэбоцэ ХХК-ийн дүрмийн 5.6 дугаар заалт нь хүчингүй болсон 2006 оны дүрмийн заалт юм. Харин хүчин төгөлдөр Сэбоцэ ХХК-ийн дүрэм нь 2016 оных бөгөөд тус дүрмэнд компанийн хувьцааг хэрхэн өвлүүлэх талаар тусгаагүй, хуулийн дагуу зохицуулагдахаар байгаа болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасны дагуу бол хууль ёсны өвлөгч тус бүр адил хэмжээгээр өвлөхөөр заасан. Тиймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаагүй шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд С.А-г А.С-ийн өвлөгдөх хөрөнгө Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт говь ХХК -ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ногдох хэсэг 25 хувийн хувьцаа болохыг тогтоож, Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт говь ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зуйлийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасны дагуу А.С-ийн төрсөн охин С.А нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд хэдий ч гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн хүүхдийн адил эрх эдлэх бөгөөд үрчилсэн хүүхэд болох С.А, С.Амаржаргал нарын адил эрх, эдэлж уүрэг хүлээх тул хөрөнгөөс адил хэмжээгээр хүртэх эрхтэй болно. Мөн талийгаач А.С тэй 2011 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, бидний дундаас охин С.А нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1013 дугаар магадлалаар тогтоосон. Тиймээс охин С.А-г гэр бүлийн гишүүн биш гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Г.Э, С.А, С.А нарт холбогдуулан С.А-г талийгаач А.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.А-г А.С-ийн өвлөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 43 дугаар гудамж 66-ийн 5-ын Б тоот газар болон хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж 5 болон 15 тоот хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууц болон гарааш, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гэрэл төвийн зүүн талд байрлах 4273 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 262 тоот газар болон байшин, Лексус-570 маркийн 7171 УНӨ улсын дугаартай автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгүүдээс хууль ёсны өвлөгчид ногдох 1 202 582 040 төгрөгийг хариуцагч Г.Э, С.А, С.А нараас гаргуулах, мөн С.А-г өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн нэгж талбарын 18644327853828 дугаар бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн С.А-г Сэбоцэ ХХК, Ижил хүч ХХК, Цагаан тэмээт ХХК-иудаас тус бүр ногдох хэсэг болох 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Г.Э, С.А, С.А нарт холбогдуулан өвлүүлэгч А.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид бөгөөд эдгээр этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч болно. Иймд Г.Э, С.А, С.А, С.А нарыг өвлүүлэгч А.С-ийн хууль ёсны өвлөгч гэж үзэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 197, 198, 199 дүгээр тал дах баримтаар А.С нь Г.Э тай 1990 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлж, улмаар 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн С.А, С.А нарыг үрчилж авсан бөгөөд А.С 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ болон хариуцагч Г.Э ын тайлбараар тогтоогджээ.

 

Иймд хариуцагч Г.Э, С.А, С.А нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагч А.С-ийн хууль ёсны өвлөгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Б.Ү нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин С.А-г төрүүлсөн бөгөөд эцэг А.С-ээр овоглосон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 10-12, 165 дугаар тал дах хүүхдийн төрсний гэрчилгээ болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу С.А-г А.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв үндэслэлтэй.

 

Талийгаач А.С 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр хуульд зохицуулсан байна. /хх-13, 200/

 

Ийнхүү өвлөгдөх эд хөрөнгөд өвлүүлэгчийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 43 дугаар гудамж 66-ийн 5-ын Б тоот газар болон хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж 5 болон 15 тоот хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууц болон гарааш, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 262 тоот газар болон байшин, Лексус-570 маркийн 7171 УНӨ улсын дугаартай автомашин, Сэбоцэ ХХК, Цагаан тэмээт говь ХХК-ийн хувьцаа хамаарч байна. Уг өвлөгдөх эд хөрөнгүүд нь хөрөнгийн үнэлгээгээр 1 202 582 040 төгрөг болсон бөгөөд хууль ёсны өв залгамжлагч Г.Э, С.А, С.А нараас өв залгамжлагч С.А нь ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Дээрх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх өвлүүлэгч болон гэр бүлийн бусад гишүүд болох хариуцагч нарт ногдох хэсгийг тогтоохоос гадна өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтаар А.С-д ногдох хувийг өвлөгч нарын хэн хэдий хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоох шаардлагатай болно. Нэхэмжлэгчийн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэхэд дүгнэлт өгсөн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрч хууль зөрчсөн, ...хэрэв гэр бүлийн гишүүн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзсэн бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах байсан гэтэл энэ шаардлагыг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өвлөх хөрөнгийг тодорхойлж хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг гаргуулах байсан тул 751 613 775 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн гэж заасан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох нь зөв юм.

 

Дээрх маргаан бүхий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тод үнэлгээ ХК нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 43 дугаар гудамж 66-ийн 5-ын Б тоот хаягт байрлах 389 м.кв газар болон хувийн сууцны үнэ 21 192 400 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны 3 тоот амины орон сууцны үнэ 456 647 400 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж 15, 5 тоот хүнсний зоорийн үнэ 302 121 200 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууц болон 26 тоот автомашины зогсоолын үнэ 51 933 300 төгрөг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 262 тоот газар болон байшингийн үнэ 8 039 000 төгрөг, Лексус-570 маркийн, 7171 УНӨ улсын дугаартай автомашины үнэ 75 000 000 төгрөг гэж зах зээлийн ханшаар тус тус үнэлжээ. /1 дүгээр хавтасны 206-229/

 

Энэхүү үнэлгээг анхан шатны шүүх үндэслэн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 43 дугаар гудамж 66-ийн 5-ын Б тоот хаягт байрлах 389 м.кв газар болон хувийн сууцны үнэ 21 192 400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 5 298 100 төгрөг,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны 3 тоот амины орон сууцны үнэ 456 647 400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 114 161 850 төгрөг,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж 15, 5 хүнсний зоориний үнэ 302 121 200 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 75 530 300 төгрөг,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 3 тоот орон сууц болон 3, 26 тоот автомашины зогсоолын үнэ 51 933 300 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 12 983 325 төгрөг,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 262 газар, байшингийн үнэ 8 039 000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 2 009 750 төгрөг,

Лексус-570 маркийн 7171 УНӨ улсын дугаартай автомашины үнэ 75 000 000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, нэг гишүүнд ногдох хэсэг нь 18 750 000 төгрөг, нийт 228 733 320 төгрөг болж байна.

 

Нас барагчийн өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлагч нар хэлэлцэн тохиролцож хуваарилж чадаагүйгээс тэдгээрийн хооронд маргаан гарсан тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр шүүх хуваарилан шийдвэрлэхээр хуульд заажээ.

 

Иймд өвлүүлэгч А.С-ийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох 228 733 320 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.А, С.А нарт адил тэнцүү хэмжээгээр хуваарилж өвлөгч С.А-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү д 57 183 330 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Өвлүүлэгчийн төрсөн охин С.А нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хэдий ч гэрлэлт бүртгүүлсэн гэрлэгчдийн хүүхдийн адил эрх эдэлж, өвлөгдөх хөрөнгөөс адил хэмжээгээр хүртэх эрхтэй байхад гэр бүлийн гишүүн биш гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж заасны дагуу гэр бүлийн гишүүнд өвлүүлэгч А.С , Г.Э нартай хамт амьдарч байсан үрчилж авсан хүүхдүүд болох С.А, С.А нар хамаарч байх тул уг гомдол үндэслэлгүй болно.

 

Сэбоцэ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.С , Цагаан тэмээт говь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.С , Ижил хүч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Э болох нь 2 дугаар хавтасны 3, 14-15, 4 дүгэээр хавтасны 146-147 дугаар тал дах баримт болон хариуцагч Г.Э ын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх Сэбоцэ ХХК, Цагаан тэмээт говь ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмших эрх нь өвлүүлэгч А.С-ийн хөрөнгө буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т заасны дагуу хамаарч байна.

Сэбоцэ ХХК-ийн 100 хувийн хувьцааг гэр бүлийн 4 гишүүнд хуваавал гэр бүлийн нэг гишүүнд 25 хувийн хувьцаа, Цагаан тэмээт говь ХХК-ийн 100 хувийн хувьцааг гэр бүлийн 4 гишүүнд хуваавал гэр бүлийн нэг гишүүнд 25 хувийн хувьцаа тус тус ногдож байна. Иймээс өвлүүлэгч А.С-ийн өвлөгдөх хөрөнгө болох Сэбоцэ ХХК-ийн 25 хувийн хувьцааг хууль ёсны өв залгамжлагч Г.Э, С.А, С.А, С.А нарт адил тэнцүү хэмжээгээр хуваарилвал нэг гишүүнд 6,25 хувийн хувьцаа, мөн Цагаан тэмээт говь ХХК-ийн 25 хувийн хувьцааг хууль ёсны өв залгамжлагч Г.Э, С.А, С.А, С.А нарт адил тэнцүү хэмжээгээр хуваарилвал нэг гишүүнд 6,25 хувийн хувьцааг хууль ёсны өв залгамжлагч С.А эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин Г.Э ын Ижил хүч ХХК-ийн хувьцаа эзэмших эрх нь өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй байхад шүүх тус компанийн хувьцааг өвлөгдөх эд хөрөнгөд хамааруулж шийдвэрлэсэн нь буруу боловч энэ талаар хариуцагч Г.Э давж заалдах гомдол гаргаагүй тул энэхүү шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иймээс дээрх компаниудын 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулж шийдвэрт өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч С.А-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү нь хариуцагч Г.Э, С.А, С.А нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Гэрэл төвийн зүүн талд байрлах 4273 м.кв талбай бүхий газар зэрэг хөрөнгийг өвлөгдөх хөрөнгө гэж үзэж ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр шаардсан боловч уг газар нь Сэбоцэ ХХК-ийн хуулийн этгээдийн хөрөнгө болох нь 3 дугаар хавтасны 56, 57, 69 дүгээр тал дах баримтаар тогтоогдсон тул өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч С.А-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү нь хариуцагч Г.Э, С.А, С.А нараас өвлөгдөх хөрөнгө гэж үзэж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар шаардсан боловч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээр өвлүүлэгч А.С нь уг газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүйгээс өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ