Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0359

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар0221/МА2017/0359

Улаанбаатар хот

М.А нарын нэр бүхий иргэдийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, С.В, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, П.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, түүний өмгөөлөгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор М.А, Н.Б, Г.Б, С.Д, Г.И, Ц.Н, О.Н, Х.Ч, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. М.А, Н.Б, Г.Б, С.Д, Г.И, Ц.Н, О.Н, Х.Ч, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А, Н.Б, Г.Б, С.Д, Г.И, Ц.Н, О.Н, Х.Ч, С.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.Б нь 14 дүгээр байрны орчимд газар доорх авто зогсоол барих тухай мэдээлэл бүхий нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загварын дагуу самбарыг нийтэд байршуулаагүй, “Баригдах барилгын заагдсан хязгаарт санал авах хуудас”-аар оршин суугчдаас санал авах ажиллагааг бүрэн дүүрэн хангалттай хийгээгүй...” гэжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3-т энэхүү асуудлыг зааж өгсөн байдаг бөгөөд 3 дугаар зүйлийн 3.2-т “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авсан байх” гэж заасан.

Өөрөөр хэлбэл төсөл санаачлагч этгээд нь өөрийн сонгосон талбай дээрээ төсөл хэрэгжүүлэх саналаа иргэдэд танилцуулах зорилгоор самбар байршуулж санал авах талаар тусгасан. Тухайн цаг мөчид манай байгууллага дээр тус маргаан бүхий 14 дүгээр байрны баруун талын газарт Н.У нь мөн самбар байршуулан санал авч байсан учир иргэн Д.Б самбар байршуулах шаардлагагүй гэж үзсэн. Самбар байршуулж буй гол зорилго мөн чанар бол тухайн газар дээр газар доорх авто зогсоол барьж байгуулах гэж байгаагаа иргэд оршин суугчдад танилцуулж дэмжиж эсхүл дэмжихгүй талаар саналыг нь авах зорилготой болохоос биш “Д.Б барилга барих эсхүл Н.У барилга барих гэж байна энэ хоёрын хэнийг нь дэмжиж байна” гэсэн санал асуулга биш юм. Ийм учраас Д.Б нь өөрийн самбараа байршуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Улмаар тус байрны нийт 288 өрх айлын 178 өрхөөс огт санал аваагүй байгаагаас үзвэл санал авах ажиллагаанд санал өгвөл зохих иргэд, оршин суугчдыг бүрэн дүүрэн хамруулаагүй нь ....зарчим хэрэгжээгүй гэж үзэхээр байна” гэжээ.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй бөгөөд, уг хувь саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-т “Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно” гэж заасны дагуу тухайн саналаа ирүүлээгүй өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.11-т “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэж заасанчлан эсэргүүцсэн санал 70 хувьд хүрээгүй.

Газар барилгажилтын зөвлөлийн хурал нь хууль дүрэм журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж нь үндэслэлтэй хуулийн дагуу гарсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 121 дүгээр зүйлийн 121.2-т “Нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэгдүгээрт хууль бус захиргааны акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг хуулиар шаардаж байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн агуулгаас харахад нэхэмжлэгч нарыг зөвхөн нэхэмжлэл гаргах эрхтэй тухай дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж заасныг үндэслэн заавал эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Б нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасныг үндэслэн “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү журамд заасны дагуу анх Д.Б нь хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлэн хурлаар орж, төсөл дэмжигдсэн ба журамд заасны дагуу харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмших эрх олгогдсон тухай шүүхэд мэдүүлж байсан. Хэдийгээр гуравдагч этгээдийн төлөөлөгч гомдол гаргаагүй боловч Д.Б гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өнгө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болж чадсангүй. Үүнд:

A.Нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт нэр бүхий байршилд олгосон газар эзэмших А/933 дугаар захирамж нь газрын тухай хууль зөрчөөгүй, уг газар нь бусдын эзэмшилд ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, газар эзэмших албан ёсны гэрээтэй, бүртгэлтэй хугацаатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ер нь хуулийн дагуу олгогджээ.

Б.А/933 дугаар захирамжаар олгогдсон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг 14 дүгээр байрны баруун талд газар доорхи авто зогсоолын зориулалтаар 1902 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж нь нийтийн ямар нэг эрх ашиг зөрчсөн, үүнээс ямар хохирол учирч болох талаар хавтаст хэрэгт нотолж тогтоосон нотлох баримт байхгүй байна.

B.Анхан шатны шүүх энэ хэрэгт эрх ашиг нь ноцтой зөрчигдөж барилгажилтын ажилд 100 гаруй сая төгрөгөө хувиасаа гаргаад одоог хүртэл хохирч буй Д.Б бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээдээр татан оролцуулах гуравдагч этгээдийн хүсэлтийг хангалгүй гэрчээр оролцуулсан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Г.Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дутуу бүрдүүлэн шийдвэр гаргасан нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолын заалтыг баримтлан шийдвэрээ гаргасан боловч энэ барилгажилттай холбоотой 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх үйл ажиллагаанд зохицуулагдаж байсан 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14, 84 дүгээр тогтоол хэрэгт авагдаагүй, мөн Д.Б дахин өгсөн, 817 сая төгрөгөөр төлөвлөсөн төсөл хэрэгт байхгүй байгаа нь шийдвэр хууль бус гарахад нөлөөлжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөх боломжгүй, мөн холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1.Маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.А иргэн Д.Б нарын хороонд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах” 2016/01 дүгээр байгуулагдаж, уг гэрээг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон, өөрөөр хэлбэл дээрх гэрээнд зааснаар иргэн Д.Б газар доорх авто зогсоолыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүрэг хүлээжээ.

Газар эзэмших эрхийг Д.Б бус харин Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч бодит байдалд дүүргийн Засаг даргын Тамгын газраас илүүтэй Д.Б эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

Хэдийгээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төслийг хэрэгжүүлэгч Д.Б гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 10219 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож, энэхүү захирамжид гомдол гаргалгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Учир нь уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “...маргааны үйл баримтын ...улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.  Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/933 дугаар захирамжаар Д.Б газар эзэмшүүлээгүй ч уг захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр үүссэн маргааны үйл баримтын хувьд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.

2.Хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэхийн тулд холбогдох нотлох баримтыг бүтэн цуглуулах, тухайлбал дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоолыг барих төсөвт өртгийг шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсон 1.087.538.780 төгрөгөөс багасгаж 817 сая төгрөгөөр дахин төсөвлөсөн гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан бөгөөд үүнийг шалгах тодруулах нь зүйтэй.

Харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоол, хавсралтын хамт 1 дүгээр хавтаст хэргийн 213-222 дугаар талд, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоол, хавсралтын хамт 2 дугаар хавтаст хэргийн 31-34 дэх талд тус тус авагдсан байх тул эдгээр тогтоолыг хэрэгт нотлох баримтаар авах ажиллагаа хийгээгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н давж заалдах гомдлын энэ талаарх шаардлага үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “...маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй...” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчдийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзсэн болох нь шийдвэрт тодорхой дүгнэгдээгүй, гэтэл нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсанаар баригдах гараж нь газрын доор, өндрийн хязгаар нь газрын хөрсний 0.00 төвшинтэй тэнцүү, дээрээ иж бүрэн тохижилт бүхий тоглоомын талбай, хайс хашлага, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн байх бөгөөд энэхүү байгууламж баригдсанаар нэхэмжлэгчдийн зөрчигдөж болзошгүй гэх эрх, ашиг сонирхлыг хэргийг дахин шийдвэрлэхдээ зөв тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН