Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00215

 

Т.Д -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д -ийн хариуцагч ЭМДҮЗАА-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ЭМДҮЗАА , Эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд томилогдсон. Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу АА-6-5 шатлалаас эхлэн цалинжсан. Ажиллах хугацаандаа эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, эрүүл мэндийн даатгалын үндсэн үзүүлэлтийн судалгааг гарган, ажлын албаны чиг үүрэгт заасан ажил үүргийг хариуцлагатай хийж, оны эцэст цалингийн 40 хувьтай тэнцэх шагнал урамшуулал авч байсан. 2020 оны 3 дугаар сард би санхүүгийн баримт, сургалтын 4 тайлан, томилолтын 1 тайланг архивлах явцдаа ажлын албаны ажилчдад сургалт зохион байгуулаагүй байж сургалт зохион байгуулсан Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад томилолтоор явсан гэж гэж хуурамчаар баримт бүрдүүлж, төрийн сангаас 10 000 000 төгрөг завшсан байж болзошгүй баримтууд гарч ирсний зургийг дарж, ажлын албаны дарга болон ажилчид, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд мэдэгдсэн. Гэтэл ЭМДҮЗАА ны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар, байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн, төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ажиллаж байсан гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан, миний хувьд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ямар нэг санал гаргаагүй, ажлын үр дүнгийн хувьд ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй тул гэрээний хугацааг дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд ЭМДҮЗАА ны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Д -г ЭМДҮЗАА ны даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ЭМДҮЗАА ны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтан албан тушаалд туршилтын 3 хүртэл сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн өдрөө 2 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Улмаар дээрх гэрээнд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг. Гэтэл Т.Д нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн мөн төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байсан зэрэг зөрчил гаргасан тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.7, 5.8, 5.9, 6.2.1, 6.2.7 дэх заалтууд, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж байгааг үндэслэж түүнийг эрхэлж буй албан тушаалаас нь тус газрын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Т.Д нь ажлын албаны судалгааны ажилтны албан тушаалд ажиллаж байх хугацаандаа шалгалтдаа тэнцээгүй, наад захын судалгаа, статистик тоон мэдээллийг шинжлэх чадваргүй, санхүү эдийн засгийн мэдлэггүй болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн Т.Д  нь 2020 оны 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын холбогдох бичиг баримтын зургийг дарж хуулбарлан ажилчдад болон холбогдох хүмүүст мэдээлсэн, үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх гэрээг байгуулахдаа хугацаатай байхаар тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулсан. Тушаалын хувьд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хожуу гарсан учир авлигатай тэмцэх газраас тухайн албан тушаалд томилогдож байгаа этгээд нь хувийн ашиг сонирхолтой эсэхийг шалгасан талаарх албан бичиг ирсэн хугацаатай холбоотой юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заалтыг баримтлан хариуцагч ЭМДҮЗАА-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Д -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулсан гэж үзсэн байна. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн дээрх үндэслэлийг дан ганц нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан байдалд дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын гэрээ байгуулсан хүсэл зориг, хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл, шаардлага зэрэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэг болон зөвлөмж нь хэргийг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хуульчид нь тухайн тогтоол, зөвлөмжийн хүрээнд хуулийг нэг мөр ойлгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж оролцдог. Анхан шатны шүүхийн зүгээс талуудын хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийгээгүй хэрнээ нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нөхцлөөр үнэлэлт дүгнэлт хийж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Учир нь хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогчийн хувьд өөрийн шаардлага нөхцөлийг бүрэн тавьж, өөрийн бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зуруулах байдлаар гэрээний харилцаа үүссэн байдаг. Талуудын хооронд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж анхан шатны шүүхээс үзэж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс хугацаатай гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, гэрээний нөхцөлтэй танилцаагүй, гэрээний 1 хувийг нэхэмжлэгч талд өгөөгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдсноос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 3 хүртэл сарын хугацаатай гэрээ байгуулан, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан гэж байгаа боловч нэхэмжлэгчтэй ямар учраас 3 хүртэлх сар, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байх бөгөөд ажилд томилох тушаалыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байдаг. Уг тушаалаас харахад гэрээг хугацаатай байгуулах талаар үндэслэл, тайлбар байхгүй харин ч Төрийн албаны тухай хуулийн 22, 25 дугаар зүйлийг үндэслэн ажилд томилж ажилтны үндсэн цалинг АА-6-5 шатлалаар тооцохоор зааж өгсөн байдаг. Иймд нэхэмжпэгчтэй хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл, шалтгаан тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч ЭМДҮЗАА-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно. гэж заасны дагуу тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ЕШ2020/03898 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар Т.Д -ийн нэхэмжлэлтэй, ЭМДҮЗАА-д холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Мөнгөнтуулыг томилсон тамга, тэмдэг дарагдаагүй шүүгчийн захирамж хэргийн 63 дугаар талд авагджээ.

 

Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Шүүх, соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байна. гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт Шүүх албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд албан хэрэг хөтлөх журамтай байна гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтад Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар нийцсэн байх бөгөөд уг зааврын 2.3.12-т баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж баталгаажуулна гэжээ.

 

Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ЕШ2020/03898 дугаар ерөнхий шүүгчийн захирамж нь дээрх хуулийг зөрчсөн байх тул уг шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасны дагуу анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41,1,5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ