Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01407

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр                           Дугаар 183/ШШ2021/01407                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ХХ дугаар хороо, Х дугаар хороолол, ХХ байр, ХХ тоотод оршин суух, 19ХХонд төрсөн, 32 настай, эмэгтэй, А овогт Т-ийн Д/рд:РЮХХХХХХХ/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын газрын байрны 2 давхар, 201 тоотод байрлах, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О /ШТЭҮД-ХХХХ/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э /ШТЭҮД-ХХХХ/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба, Эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд томилогдсон. Анх төрийн албаны зөвлөлөөс манай байгууллагын албан тушаалын ангилал, тогтоогоогүй байгаа учир төрийн албаны шалгалт авах шаардлагагүй гэсний дагуу тухайн байгууллагаас зарласан шалгалтад хамрагдан шалгуур үзүүлэлтэд тэнцэж дээрх албан тушаалд томилогдон, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу АА-6-5 шатлалаас эхлэн цалинжсан. Ажиллах хугацаандаа эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, эрүүл мэндийн даатгалын үндсэн үзүүлэлтийн судалгааг гарган, ажлын албаны чиг үүрэгт заасан ажил үүргийг хариуцлагатай хийж, оны эцэст цалингийн 40 хувьтай тэнцэх шагнал урамшуулал авч байсан. 2020 оны 3 дугаар сард би санхүүгийн баримт, сургалтын 4 тайлан, томилолтын 1 тайланг архивлах явцдаа ажлын албаны ажилчдад сургалт зохион байгуулаагүй байж сургалт зохион байгуулсан, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад томилолтоор явсан гэж гэж хуурамчаар баримт бүрдүүлж, төрийн сангаас 10 000 000 төгрөг завшсан байж болзошгүй баримтууд гарч ирсний зургийг дарж, ажлын албаны дарга болон ажилчид, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд мэдэгдсэн. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар, байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн, төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ажиллаж байсан гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөллөө. Анх ажилд ороход туршилтын 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан ажилласан бөгөөд туршилтын хугацааны гэрээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан нэмэлт өөрчлөлт оруулахдаа ажлын албаны ажилчид жилийн хугацаагаар гэрээгээ байгуулан ажлын үр дүнгээ дүгнүүлэн гэрээгээ сунгадаг гэж тайлбарлаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж” заасан, миний хувьд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар ямар нэг санал гаргаагүй, ажлын үр дүнгийн хувьд ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй тул гэрээний хугацааг дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэсний зөвлөлүүдийн ажлын албаны ажилтны ангилал, зэрэглэлийг төрийн захиргааны албан тушаалын “ТЗ” ангилал зэрэглэлд хамруулах эсэх, цалин хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгох, эсхүл төрийн захиргааны албан хаагчтай дүйцүүлэн олгох эсэх тухай асуудлыг холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэх" гэсэн асуудлууд өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй, ажлын албаны албан тушаалын ангилал зэрэглэл тодорхойгүй, ажлын албаны сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт зарлахгүйгээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулсан. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд хүн томилогдох хүртэл гэсэн үндэслэлийг нэхэмжлэгчтэй тохиролцоод гэрээ байгуулсан бол нэхэмжлэгчийн албан тушаал дээр сонгон шалгаруулалт явахад нэхэмжлэгч өрсөлдөх, тус албан тушаалд өөр хүн сонгогдвол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох атал үндэслэл, шалтгаангүйгээр 1 жил, 3 сарын хугацаа тогтоогоод хугацааг дууссан гэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Нэхэмжлэгч Т.Д-г Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтан албан тушаалд туршилтын 3 хүртэл сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан мөн өдрөө 2 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Улмаар дээрх гэрээнд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг. Гэтэл Т.Д нь байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчих мөн төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байсан зэрэг зөрчил гаргасан тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.9, 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.7 дэх заалтууд, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж байгааг үндэслэж түүнийг эрхэлж буй Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтан албан тушаалаас нь тус газрын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Т.Д нь ажлын албаны судалгааны ажилтны албан тушаалд ажиллаж байх хугацаандаа наад захын судалгаа, статистик тоон мэдээллийг шинжлэх чадваргүй, санхүү эдийн засгийн мэдлэггүй, ажлын цагаар ихэвчлэн интернэтээр бичлэг хийж дуу сонсон өнгөрөөдөг болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Ажилтнуудыг ажлын албаны даргын хувьд төрийн албаны шалгалтад бэлдэх боломжоор бүрэн хангаж, ажлын ачаалал өгөхгүйгээр зохион байгуулж ажилласан хэдий боловч Т.Д нь шалгалтдаа тэнцээгүй. Иймд, Эрүүл мэндийн яамны дотоод аудитаар төрийн албаны шалгалт өгөөгүй ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх тухай зөвлөмж ирүүлсэн, мөн албан хаагчдыг Ажлын албаны дарга томилж чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэн Т.Д-гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д заасны дуусгавар болгосон. Мөн Т.Д нь 2020 оны 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын холбогдох бичиг баримтын зургийг дарж хуулбарлан ажилчдад болон холбогдох хүмүүст мэдээлсэн, үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх гэрээг байгуулахдаа хугацаатай байхаар тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулсан. Тушаалын хувьд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хожуу гарсан учир авлигатай тэмцэх газраас тухайн албан тушаалд томилогдож байгаа этгээд нь хувийн ашиг сонирхолтой эсэхийг шалгасан талаарх албан бичиг ирсэн хугацаатай холбоотой юм. Т.Д-д төрийн албан хаагчийн шалгалт өгөх хугацаа өгсөн, тэрээр хоёр удаа өгөөд тэнцээгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь тус ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалд гомдлоо 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Д болон хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны хооронд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т.Д-г тус албаны эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтны албан тушаалд 3 сарын хугацаатай ажиллуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Улмаар талууд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Т.Д-г 1 жилийн хугацаагаар буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулахаар дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн 2.5 дахь заалт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрмийн 2.3 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 5.7, 5.8, 5.9, 6.2.1, 6.2.7 дахь заалтууд, Эрүүд мэндийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтын дүнг тус тус үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй. Байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах ёстой атал хугацаатай гэрээ байгуулж гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн” гэж маргасан, 

хариуцагч “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, хугацааг сунгах үндэслэлгүй тул дуусгавар болгосон” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаарах бөгөөд талууд дээрх гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрийн харилцаа хэзээ дуусгавар болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гол нөхцөл болгон харилцан тохиролцсон тул талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

 

Иймд хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хугацаа болсноор дуусгавар болох учиртай, дээрх үндэслэлээр гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ