Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч Б.Булган,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт  Б.М-д холбогдох 1805003010091 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто машин засдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамж 530 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4-9 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, С овогт  Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Булган мэдүүлэхдээ:

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М-н өгсөн:

   “... бид 2 хамт гэртээ ортол эхнэр маань уурлаад машинаас симний үүрийг чинь олно, машины чинь цонхыг хагална гээд уурлаад байсан. Би тэр үед согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Гарах гэхээр нь би хаалгаа түгжчихсэн чинь палконоор гарна гээд палкон руу явахаар нь би араас нь үснээс нь татаад газарт унагаачихсан юм. Босч ирээд орон дуур суучихаад надтай хэрүүл хийгээд байхаар нь би зүүн гартаа охиноо тэвэрчихсэн байж байгаад баруун гараараа зүүн шанаа руу нь 1 удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

  Мөрдөн байцаалтад хохирогч Б.Булганы өгсөн:

  “... 2017 оны 12 дугаар сарын 08-нд ажлаа тараад ирэхгүй байхаар нь би утсаар ярьтал Залуус хорооллын доор машин янзалж байна, одоо хоолны юм аваад орлоо гэж хэлээд утсаа унтраагаад алга болчихсон. Шөнө 4 цагийн үед залгатал гадаа машиндаа унтчихсан байна гэхээр нь би гартал гадаа байхгүй байсан. Тэгэхээр нь би ахиад залгатал утас нь холбогдохгүй байж байгаад 5 шарын тэндээс арваад минутын дараа машинтайгаа ирсэн. Зогсоолд машинаа тавьчихаад машин дотроо нэг юм ухаад байхаар нь би юугаа хийгээд байгаан бол гээд очтол нокиа маркийн гар утас барьчихсан байж байсан. Удалгүй бид гэртээ ороод би хаашаа алга болчихдог юм, хүүхдүүд хоол ундгүй байхад гэж хэлээд энэ юун утас юм гэтэл юу ч дуугарахгүй утсаа гартаа атгачихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь утсыг нь авах гээд ноцолдтол намайг цохиод газарт унагаасан. Тэгээд нүүр рүү цохиод зодоод байхаар нь би палкон руугаа гарах гэтэл татаж оруулаад орон дээр унагаж байгаад миний нүүрний зүүн тал руу их олон удаа алгадсан. Энэ үед гэрийн хаалга түгжчихээд намайг гаргахгүй байсан. Би тусламж дуудаж их олон удаа хашгирсан. Намайг босоод иртэл куртикны малгайгаар боож унагаасан. ... Намайг 2017 оны 5 дугаар сард 4 сар гарантай байхад эрүүл байхдаа гэр бүлийн маргаанаас болж цохиж унагаагаад дээрээс олон удаа өшиглөж байсан. ... 2017 оны 7 дугаар сард намайг машин дотроо хүүгийнхээ дэргэд үсдэж доош нь дарж цохиж байсан. М ер нь их догшин зэрлэг авиртай хүн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 51 тоот: 

  1. Булганы биед зүүн чамархай, баруун өвдөгт цус хурал, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

     - Хохирогч Б.Булганы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 38/,

- Шүүгдэгч Б.М-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 39/,

 

Шүүгдэгч Б.М-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батжанцангийн өгсөн:

“... миний хүү хүмүүст их тусархуу эелдэг харьцаатай. Эхнэр хүүхэддээ их халамжтай л байдаг. ... дундаасаа 2 хүүхэдтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 27-30/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 23-24/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 22/зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр байрны 9 тоотод эхнэр Б.Булганыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн чамархай, баруун өвдөгт цус хурал, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.М-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Булганы мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 51 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Хохирогч Б.Булган нь бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Б.М нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт Б.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М-д торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ