Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 364

 

       У.Ч-д холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Батгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч У.Ч-ий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1705015150302 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт У-н Ч-, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймагт оршин суух бүртгэлтэй,

            - Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан /РД:/,

            У.Ч- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 47 тоотод оршин суух Ж.Болормаагийн өвлийн байшинд нэвтэрч 42 инчийн телевизор, үнэртэй ус 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Ч-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Ч-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч У.Ч- нь давж заалдах гомдолдоо: “...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин болчимгүй алдаа гаргахгүй. Миний бие эх, 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Эх маань нурууны өвчний улмаас хэвтэрт байдаг. 2 дүү маань Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Би ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан. Хохирогч алдсан эд зүйлээ буцаан авсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

            Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...анхан шатны шүүх У.Ч-ий үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

У.Ч- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 47 тоотод оршин суух иргэн Ж.Болормаагийн өвлийн байшинд нэвтэрч “BSB” загварын 42 инчийн телевизор, “Calvin Klein”, “Versace” брендийн үнэртэй ус 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болох нь:

- хохирогч Ж.Болормаагийн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед гэртээ ирээд гаднаас түлхүүрдэж орж ирэхэд манай гэрийн эд зүйлс эмх цэгцгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм... тэр үед Зулаа “Болормаа эгчээ манай телевизор хааччихсан юм бэ” гэж хэлэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн газарт дуудлага өгсөн... уг алдагдсан телевизорыг 2016 онд 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдагдсан эд зүйлээ буцааан авсан...” /хх-ийн 10/,

- У.Ч-ий яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... ганцаараа явж байхад нэг хашаан дотор цоожтой байшин харагдахаар нь уг хашаа руу ороод байшингийн цонхоор нь нэвтэрч телевизор болон 2 ширхэг үнэртэй усыг аваад гарсан... Тэгээд 6 дугаар бичил хороолол руу явж байхад нэг цагдаа зогсоогоод ... намайг шалгасан. Ингээд хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн... хийсэн бүхэндээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй...” /хх-ийн 18, 26/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, алдагдсан эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 12/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч У.Ч-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хэмжээний дотор хүнд биш ял шийтгэл оногдуулжээ.

Шүүгдэгч У.Ч- нь урьд хүчиндэх, хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн бөгөөд шүүхээс түүнийг Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлэх зэрэг байдлаар суллаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ч-ий “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ч-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

                                                                                                     Н.БАТСАЙХАН