Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00315

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03926 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Ш.Х-т холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А нь ах Б.А-ын хамт 2018 оны 9 дүгээр сард Ш.Х , Ш.Д нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон. Миний бие энэхүү бизнесээ эхлүүлэхийн тулд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээж Н.Ц гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 5 дугаар байрны 9а тоот, 96 тоот хоёр орон сууцыг Капитрон банкинд 70 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх зорилгоор 25 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш.Х ын Хаан банкны 5114278983 дансанд шилжүүлсэн. Ингээд автомашины сэлбэг оруулж ирэх бизнес амжилтгүй болж хөрөнгө оруулсан 20 000 000 төгрөгийг Ш.Х аас нэхэмжилсэн боловч Ш.Х өгөхгүй хохироож байна. Б.А , Ш.Х нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны үндсэн дээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ш.Х нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүний дансанд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч тал энэ бол хамтран ажиллах гэрээ байсан, Ш.Х нь Япон улсаас автомашин оруулж ирж, үүргээ биелүүлсэн гэсэн тайлбарыг хийж байна. Энэ харилцаанд хөрөнгө оруулагч нь Б.А байсан, Ш.Х ын данс руу мөнгө шилжүүлсэн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин Ш.Х нь 20 000 000 төгрөгт Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх үүрэг хүлээсэн, гэвч хөрөнгө оруулагч Б.А т 20 000 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх автомашины сэлбэгийг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн талаар ямар нэг нотлох баримт байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгнөөс Ш.Д ийн шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг хасаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ш.Х ын төрсөн дүү, автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг Ш.Д той нэхэмжлэгч Б.А болон түүний ах Б.Анхбаяр нар харилцан тохиролцож Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар 2018 оны 09 сард хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, өөрсдийн зүгээс 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Гэвч тохиролцсоны дагуу 50 000 000 төгрөгийг оруулаагүй бөгөөд өөрсдийн ээжийн байрыг барьцаанд тавьж зээл авснаас 30 000 000 төгрөгийг энэхүү хамтын бизнестээ оруулсан байдаг. Энэхүү 30 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Ш.Д ид өгч, үлдсэн 25 000 000 төгрөгөөр нь Япон улсаас 4 ширхэг делика автомашин авч ирүүлэхээр Ш.Д ийн ах Ш.Х-т шилжүүлсний дагуу хариуцагч Ш.Х нь тэдний даалгаврыг биелүүлж, захиалсан автомашинуудыг нь худалдан авч задлан оруулж ирэн тэдэнд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөрөөр тэдний хамтын ажилд оролцоогүй. Хөрөнгө оруулаагүй, олсон ашгаас нь хуваан авахаар тохирсон зүйлгүй. Харин ч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байна, мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 27-нд 1 170 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-нд 320 000 төгрөгийг тус тус зээлдүүлж тус болсон, тэднээс авах авлагатай юм. Мөнгө өгч, авч байсан, зээлэв гэсэн мөнгийг тооцоогүй нэхээд байгаа. Ш.Д , Б.А , Б.Анхбаяр нар нь оруулж ирсэн сэлбэгээ анхны тооцоолж байсан үнээрээ худалдан борлуулж чадаагүй зарим сэлбэгүүд нь доголдолтой байснаас ашиг олж чадаагүй гэсэн байдаг. Энэхүү ашиг олж чадаагүй нь сэлбэгийг оруулж ирсэн, тэдэнд хүлээлгэн өгсөн Ш.Х-т хамаагүй юм. Ш.Д түүний дүү гэдэг нь төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй. Тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Ш.Х биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Ш.Х нь хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, үүргээ биелүүлсэн. Гэрээн дээр автомашиныг оруулж ирээд хэнд хүлээлгэж өгөх талаар байгаагүй. Б.Анхбаяр нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гэрчээр асуусан тэмдэглэл дээр тодорхой ярьсан байдаг. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээ байгуулсан талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэсэн заалт байдаг. Хураамжийг яаж төлж болдог вэ гэхээр мөнгөөр эсхүл хөрөнгөөр түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж байдаг. Талууд нь хамтран ажиллах гэрээ байгуулаад Ш.Х ын хувьд үйлчилгээ үзүүлж Япон улсаас Делика маркийн автомашиныг оруулж, ирж үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамжийг төлсөн гэж ойлгож болно. Үүнээс үүсэх хариуцлагыг эн тэнцүү хэлбэрээр хариуцах талаар хуульчилсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр хариуцагч Ш.Х нь өөрт оногдсон үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Х аас 10 010 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Х аас нэхэмжлэлийн шаардлагаын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 175 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ш.Х нь түүний дүү Ш.Д , дүүгийн найз Б.А, түүний дүү нэхэмжпэгч Б.А нарын даалгасны дагуу тэднээс 25 000 000 төгрөгийг авч Япон улсаас Делика маркийн 4 автомашиныг оруулж ирэн хүлээлгэн өгснөөс өөрөөр тэдний хамтын ажиллагаанд оролцоогүй, хөрөнгө оруулаагүй, олсон ашгаас хуваан авахаар тохиролцсон зүйл байхгүй болох нь гэрч Ш.Д , Б.А, Н.Ц нарын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан атлаа энэхүү хамтын ажиллагааны нэг оролцогч этгээд гэж үзэн автомашины сэлбэг авахаар шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөс нэхэмжпэгч Б.А-ийн ээж Н.Ц гийн дансанд шилжүүлсэн 14 990 000 төгрөгийг хасаж, үлдсэн 10 010 000 төгрөгийг түүнээс гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус нийцэхгүй. Учир нь хамтран ажиллахаар тохиролцсон Б.А, Б.А , Ш.Д нар нь хариуцагч Ш.Х-т 25 000 000 төгрөг өгсний дагуу 4 ширхэг Делика автомашиныг Япон улсаас задлан оруулж ирэн хүлээлгэн өгснөөр тэдний өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон байхад хамтын ажиллагааны оролцогч бус этгээдээс автомашиныг худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн зарим хэсэг болох 10 010 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Хариуцагч Ш.Х нь автомашиныг Ш.Д ид хүлээлгэн өгсөн тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Харин энэ нь 4 ширхэг задалсан автомашиныг Ш.Х аас хүлээн авч, борлуулж байсан Ш.Д ид хамааралтай болохоос 25 000 000 төгрөгөөр 4 ширхэг автомашиныг оруулж ирэн хүлээлгэн өгч, үүргээ биелүүлсэн Ш.Д ид огт хамааралгүй юм. Хариуцагч Ш.Х нь 25 000 000 төгрөгийг хүлээн аваад 4 ширхэг автомашин оруулж ирэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг 25 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул уг хэргийн жинхэнэ хариуцагч бус этгээд болох Ш.Х аас 10 010 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах мөн нэхэмжпэгч Б.А , түүний ах Б.Анхбаяр нар нь ээж Н.Ц гийн орон сууцыг барьцаалан зээл авснаас 25 000 000 төгрөгийг Ш.Х-т өгч 4 ширхэг Делика автомашин захисан нь удааширч 2019 оны 5 дугаар сард орж ирэх хүртэл хугацаанд тэд банкны зээлийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирсныг хариуцагч Ш.Х мэдэж байсны дээр дүү Ш.Д нь туслаач гэж гуйсны дагуу түүнд тусалж түүний өмнөөс 14 990 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.А-ийн ээж Н.Ц гийн дансанд шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтад дурдсан гүйлгээний утгуудаар нотлогдоно. Хариуцагч Ш.Х ын энэхүү шилжүүлсэн 14 990 000 төгрөг нь автомашин худалдан авахаар шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцаан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш байхад түүний зөрүү болох 10 010 000 төгрөгийг түүнээс гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв хариуцагч Ш.Х дээрх хамтын ажиллагааны нэг оролцогч этгээд гэж үзэж байгаа бол хамтын ажиллагаанаас үүссэн ашиг, алдагдлыг Б.А , Б.А, Ш.Д нар тэнцүү хариуцах ёстой. Б.А , түүний эхнэр н.Тунгалагийн дансаар нийт 6 705 000 төгрөг болж байхад нэхэмжпэгчийн хүлээн авсан төлбөрт тооцоогүй атлаа нэхэмжлэгчийн ээж Н.Ц д шилжүүлсэн 14 990 000 төгрөгийг төлбөрөөс хасаад байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.Х-т холбогдуулан 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 25 000 000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгөөр Япон улсаас 4 ширхэг Делика маркийн автомашиныг задлан оруулж ирэхээр талууд тохиролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

Харин, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгчид хариуцагч нь сэлбэг болгон Япон улсаас оруулж ирсэн 4 ширхэг Делика маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтын талаар талууд маргажээ.

 

Хэргийн 91 дүгээр талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.Х-т 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

 

Талууд дээрх шилжүүлсэн мөнгөөр Япон улсаас Делика маркийн 4 ширхэг автомашиныг задалж сэлбэгээр оруулж ирж, худалдан борлуулахаар тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэнийг буруутгахгүй.

 

Хариуцагч Ш.Х нь нэхэмжлэгч Б.А-ийн шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөр Япон улсаас 4 ширхэг Делика маркийн автомашин оруулж ирээд хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч уг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч Ш.Х нь нэхэмжлэгч Б.А т Япон улсаас сэлбэгээр оруулж ирсэн 4 ширхэг Делика маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэх байдлаа нотлох зорилгоор гэрчээр Ш.Д ийг асуулгасан байна.

 

Гэрч Ш.Д нь ...Б.А тай хамтарч сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ явуулж байсан... ах Японоос сэлбэгийг оруулж ирж өгсөн... Б.А, Б.А нар 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан... сэлбэг агуулах буюу бидний засвар хийж байсан газар... мөн үлдэгдэл сэлбэг ах Ш.Х ын агуулахад байгаа... гэх агуулга бүхий мэдүүлэгийг шүүхэд өгчээ.

 

Дээрх гэрч Ш.Д ийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй баримт гэж үзэхгүй. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хариуцагч нь Япон улсаас сэлбэгээр оруулж ирсэн 4 ширхэг автомашиныг хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний оролцогч бус этгээдээс автомашиныг худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн зарим хэсэг 10 010 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хэргийн 19-21, 77-78 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар хариуцагч Ш.Х нь Б.А-ийн эх Н.Ц гийн данс руу 5 удаагийн гүйлгээний баримтаар нийт 14 990 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 14 990 000 төгрөгийг хасч тооцож 10 010 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүйгээс хариуцагч нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй юм. Нэгэнт гэрээ хэрэгжээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан хөрөнгөө буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Япон улсаас сэлбэгээр оруулж ирсэн 4 ширхэг Делика маркийн автомашиныг хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн автомашиныг хүлээлгэн өгсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, хариуцагч бус этгээдээс мөнгийг гаргуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гаргасныг хангахгүй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Б.А болон түүний эхнэр Тунгалагийн дансаар нийт 6705 000 төгрөг төлснийг хасаж тооцоогүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэргийн 104-120 дугаар талд мөнгө шилжүүлсэн тухай баримтууд авагдсан боловч уг мөнгийг Г.Дамдиндоржоос Б.А-ийн эхнэр н.Тунгалагт шилжүүлсэн нь хэргийн оролцогч бус этгээд шилжүүлсэн тул энэхүү төлбөрийг хариуцагч Ш.Х төлөх ёстой өр төлбөрөөс хасах боломжгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай байгааг зөвтгөж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах глмдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 175 110 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ