Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00449

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00449

 

 

 

Я.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2020/02719 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Б- миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/119 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд миний бие уг захирамжийн дагуу 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн болохыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олж мэдлээ. Уг захирамжийг гаргахад надад огт мэдэгдээгүй бөгөөд өмнө нь ажиллаж байсан эрхлэгч Ө.Алдармааг ажилд эгүүлэн томилсон тул намайг ажлаас чөлөөлсөн тухай дурджээ. Өмнөх эрхлэгч Ө.Алдармаа нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, уг эрүүгийн хэрэг нь шүүхэд шилжин шалгагдаж байгаа бөгөөд өмнө нь шүүгчийн захирамжаар Ө.Алдармааг албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон хүн юм. Зүй нь Ө.Алдармааг уг цэцэрлэгийн багш, эцэг, эхчүүдээс хууль бусаар хандив авсан эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Намайг албан тушаалаас чөлөөлсөн гэх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар 10-ны өдрийн Б/86 дугаар захирамжийг өнөөдрийг хүртэл надад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс ажил хүлээлцүүлэх комисcoop томилогдон ирсэн хүмүүсээс гуйж утсаар зураг дарсан байдлаар үзүүлсэн. Иймд Нэхэмжлэгч Ч.Б- намайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх тухай Б/86 дугаар захирамжаар Я.Б-г ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Я.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтууд нь маргаан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоосон, ажлаас буруу халсан шилжүүлсэн үеийн олговрыг тооцох зохицуулалтууд бөгөөд нэхэмжлэлийг дээрх хуулийг хэрэглэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч НЗД-д холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч байгууллга эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/119 тоот тушаалаар нэхэмжлэгч Я.Б-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад Нийслэлийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/86 тоот албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 5, 36 /

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шүүхийн шийдвэрээр Ө.Алдармааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00827 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээснээр уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. / хх-ийн 56-69 /

 

Хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Я.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

 

Тодруулбал, тухайн ажлын байранд үндсэн орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсон иргэнийг томилсон учраас нэхэмжлэгч Я.Б-г ажлаас чөлөөлөх үндэслэл байсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан.

 

Гэвч Я.Б- нь өөр ажилд томилуулахтай холбоотой буюу хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой гомдол гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна. Харин ажил олгогчийн бусад хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2020/02719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ