Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01178

 

“Амно” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1487 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Амно” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 19 055 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Номингийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, өмгөөлөгч Ч.Ням, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Амно” ХХК-ийн төлөөлөгч Г.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагчийн захиалсан тоо хэмжээгээр эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд манайх нийт 12 454 451 төгрөгийн бараа нийлүүлж, 2 тал харилцан тооцоо нийлсэн боловч хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр хийгээгүй. Манай компани банкнаас их хэмжээний зээл авч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд маш их мөнгө төлж, хүнд нөхцөлд орсон байгаагаа хариуцагч талд хэлсэн боловч ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа болно. Иймд бид шүүхэд хандах болсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлтээр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон ба энэ гэрээнд талуудыг төлөөлж, Г.Сарнай, Ц.Тайвансайхан нар гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 90 хоногийн хугацаанд алданги тооцсон байгаа. Мөн хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс манай компани шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, хөлсөнд нь 996 360 төгрөг төлж хохирсон тул мөн энэ мөнгийг гаргуулна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 11 954 451 төгрөг, алданги 5 604 488 төгрөг, өмгөөллийн хөлс 996 360 төгрөг, нийт 18 555 299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгчтэй 2012 оноос хойш худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байна. Жилийн хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15/01/03 тоот гэрээг байгуулж, нийт 12 454 451 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан. Энэ дүнгээс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлж, одоо 11 954 451 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Манай компанийн дэлгүүрүүд засварт орсны улмаас төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн бөгөөд бид үлдэгдэл төлбөр болох 11 954 451 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги төлөх үндэслэлгүй. Учир нь алданги шаардаж байгаа гэрээний нэмэлт нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу үндсэн гэрээ байгуулагдахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн огноотой байгаа нь энэ гэрээний нэмэлт гэж үзэх боломжгүй, тэгээд ч талууд нэмэлт гэрээ байгуулах талаар гэрээгээр тохиролцоогүй. Мөн үндсэн гэрээг 2 компанийн захирлууд баталж, гарын үсэг зурж, тамга дарсан байхад нэмэлт гэрээн дээр манай компаниас эрх олгоогүй Ц.Тайвансайхан гарын үсэг зурсан, тамга дарагдаагүй байна. Иймд энэ гэрээг манай компанитай байгуулсан гэж үзэхгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Мөн өмгөөлагчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь тэдний эрх бөгөөд заавал авна гэсэн зохицуулалтгүй тул гарсан зардлыг манайх хариуцах ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “Мөнх Замбала корпораци” ХХК-аас 12 950 811 төгрөгийг гаргуулж “Амно” ХХК-д олгож, “Амно” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 604 488 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагаас 222 163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1487 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 дугаар шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгт тус тус “компораци” гэснийг “корпораци” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас 11 954 451 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Амно” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 600 848 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 222 163 ...” гэснийг “... 206 211...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Номин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх: Манай компаний нэхэмжлэлийн шаардлага болох 18 555 299 төгрөгнөөс хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн Х.М.Албаны дарга Ц.Тайвансайхан нь тус компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхтэйг нотлох баримтгүй, нэмэлт гэрээ нь үндсэн гэрээ байгуулагдхаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн байгаа зэргийг үндэслэн нэмэлт гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй гээд: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч уг гэрээг үндэслэн алданги шаардах эрхгүй гэж дүгнэн 5 604 488 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлт” гэрээний 4.7-д Энэхүү нэмэлт гэрээг “Борлуулагч тал нь төлбөрийг харилцан тооцоо нийлсэн үеэс хойш нийлүүлэгч талын нэхэмжлэлийн дагуу 3-5 хоногийн хугацаанд төлбөрийг шилжүүлнэ.” 4.8-д “Борлуулагч тал нь үндэслэлгүйгээр төлбөр хийхгүй удах, сар дамнуулахыг хатуу хориглоно. Энэ тохиолдолд борлогдсон барааны шилжүүлээгүй үнийн дүнгийн 0.5% -иар алдангийг өдөр бүр тооцож нэхэмжлэнэ” гэсэн нэмэлт гэрээний заалтууд нь өмнөх худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрт алданги тооцох бие даасан хэлцэл юм. Мөн “Мөнх замбала корпораци” ХХК-ийн Х.М.Албаны дарга Ц.Тайвансайхан нь 2014, 2015 оны худалдааны хамтран ажиллах гэрнүүдэд хариуцагч компанийг төлөөлж гэрээ байгуулж гарын үсэг зурж байсан гарын үсгийг шүүх үнэлж үзсэн мөртлөө нэмэлт гэрээний төлөөллийн гарын үсгийг үнэлэхгүй байгаа нь шүүх нэг талыг барьж нотлох баримтыг зөв үнэлж үзсэнгүй гэж үзэж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1487 тоот магадлалын хувьд: Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 604 488 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэсэн боловч үүнд ямарч хуулийн үндэслэл шаардлага тусгаагүй ба хавтаст хэрэгт авагдсан шинээр хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ, түүний тооцоо нийлсэн акт, 2015 оны 01-р сарын 23-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах нэмэлт гэрээний 4.7, 4.8 дахь заалтуудтай танилцаж хянаж шийдвэрлэхгүйгээр магадлал гаргаснаас гадна анхан шатны шүүхээс хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 996 360 төгрөг төлж хохирсон гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас 996 360 төгрөг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашгийг хохироосон магадлал гаргасанд гомдолтой байна. Манай байгууллага өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулахдаа хөлс төлж хохирч байгаа шалтгаан нь “Мөнх замбала корпораци” ХХК нь худалдааны хамтран ажиллах гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэж биелүүлээгүй, зугтааж сураггүй алга болж, төлбөр төлөхөөс элдэв муу аргаар зайлсхийсэн хууль бус үйлдэл удаа дараа гаргасантай шууд холбоотой болно. Хариуцагч иймэрхүү гэрээгээ зөрчсөн үйлдлүүд гаргаагүй бол бид өмгөөлөгч хөлсөлж хариуцагчийн хойноос хөөцөлдөж нэмэлт зардал гаргах шаардлагагүй байсан. Иймд гэрээний үүргээ зөрчсөн тал нэмэлт зардал гаргасан талын гарсан хохирлыг төлж барагдуулах хуулийн шаардлагыг давж заалдах шатны шүүх үнэлж, дүгнэж шийдвэрлээгүй, нэхэмжлэгч талын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 тоот шийдвэрийн өдрийн алданги 5 604 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн магадлалын 1-р заалтын өмгөөлөгчийн 996 360 төгрөг хариуцагчаас гаргуулахыг хассан хэсэг, нийт 6 600 848 төгрөг хасч хэрэгсэхгүй болгосон хэсэгт хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангажээ.

Талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг сонгон хэрэглэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасантай нийцсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 11 954 451 төгрөг, алдангид 5 604 488 төгрөг, өмгөөлөлийн хөлс 996 360 төгрөг бүгд 18 555 299 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас хоёр шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги гаргуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ нь цаг хугацааны хувьд үндсэн гэрээнээсээ өмнө байгуулагдсан, уг гэрээг байгуулсан эсэх талаар талууд маргасан зэрэг хэргийн нөхцөл байдалд хуульд нийцүүлэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохиролд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэж 996 360 төгрөг нэхэмжилж байгаа нь хариуцагчаас гарсан зардалд тооцогдож Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу шаардах эрхийг үүсгэх боловч энэхүү шаардлагыг “Өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд бичигдсэн байгаа үйлчилгээний хөлсөнд нийт 996 360 төгрөг, урьдчилгаа төлбөрт 300 000 гэсэн бичилтээс өөр баримтаар нотлоогүй байна. Иймд энэ үндэслэлээр, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 996 360 төгрөгийг нэмж хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцжээ.

Дээр дурдсанаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулага бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Номингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1487 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 120 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР