Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр         Дугаар 181/ШШ2016/00248           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Амно” ХХК /РД:2086123/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Хүүхдийн Урлан бүтээх төвийн ард өөрийн байранд байрлах, “Мөнх Замбала компораци” ХХК /РД:5070562/-д холбогдох,

 

19,055,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн төлөөлөгч У.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь хариуцагчтай 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагчийн захиалсан тоо хэмжээгээр эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон.

Гэрээний дагуу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд манайх нийт 12,454,451.88 төгрөгийн бараа нийлүүлж, 2 тал харилцан тооцоо нийлсэн боловч хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр хийгээгүй.

Манай компани банкнаас их хэмжээний зээл авч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд маш их мөнгө төлж, хүнд нөхцөлд орсон байгаагаа хариуцагч талд хэлсэн боловч ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа болно.

Иймд бид шүүхэд хандах болсон. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлтээр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохирсон ба энэ гэрээнд талуудыг төлөөлж, Г.Сарнай, Ц.Тайвансайхан нар гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 26-аас 2016 оны 2 дугаар сарын 29-нийг хүртэлх 90 хоногийн хугацаанд алданги тооцсон байгаа.

Мөн хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс манай компани шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэр өмгөөлөгчтэйгөө оролцож, хөлсөнд нь 996,360 төгрөг төлж хохирсон тул мөн энэ мөнгийг гаргуулна.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 11,954,451.88 төгрөг, алданги 5,604,488 төгрөг, өмгөөллийн хөлс 996,360 төгрөг, нийт 18,555,299.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь нэхэмжлэгчтэй 2012 оноос хойш худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байна. Жилийн хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 15/01/03 тоот гэрээг байгуулж, нийт 12,454,451.88 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан. Энэ дүнгээс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг төлж, одоо 11,954,451.88 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн.

Манай компанийн дэлгүүрүүд засварт орсоны улмаас төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн бөгөөд бид үлдэгдэл болох 11,954,451.88 төгрөгөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа.

Харин алданги төлөх үндэслэлгүй. Учир нь алданги шаардаж байгаа гэрээний нэмэлт нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу үндсэн гэрээ байгуулагдахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн огноотой байгаа нь энэ гэрээний нэмэлт гэж үзэх боломжгүй, тэгээд ч талууд нэмэлт гэрээ байгуулах талаар гэрээгээр тохиролцоогүй. Мөн үндсэн гэрээг 2 компанийн захирлууд баталж, гарын үсэг зурж, тамга дарсан байхад нэмэлт гэрээн дээр манай компаниас эрх олгоогүй Ц.Тайвансайхан гарын үсэг зурсан, тамга дарагдаагүй байна. Иймд энэ гэрээг манай компанитай байгуулсан гэж үзэхгүй тул алданги төлөх үндэслэлгүй.

Мөн өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь тэдний эрх бөгөөд заавал авна гэсэн зохицуулалтгүй тул гарсан зардлыг манайх хариуцах ёсгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Амно” ХХК нь хариуцагч “Мөнх Замбала компораци” ХХК-д холбогдуулан 19,055,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, 18,555,299.88 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 11,954,451.88 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, алданги болон өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15/01/03 тоот худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр “Амно” ХХК нь стандартын шаардлага хангасан “Мөнх Замбала компораци” ХХК-ийн захиалсан тоо хэмжээний бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нийлүүлэх, “Мөнх Замбала компораци” ХХК нь сард 1 удаа тооцоо нийлсэний үндсэн дээр үнийг төлж байхаар тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээнд 2 компанийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны хооронд нийт 12,454,451.88 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны төлөгдөөгүй үлдсэн үнэ болох 11,954,451.88 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлтийн 4.8-д заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 5,604,488 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, үндсэн гэрээнд хамаарахгүй гэж тайлбарлаж, хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлт гэх гэрээг “Амно” ХХК-аас менежер Г.Сарнай, “Мөнх Замбала компораци” ХХК-аас ХМА-ны дарга Ц.Тайвансайхан нар байгуулж, гарын үсэг зурсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Тайвансайхан нь хариуцагч “Мөнх Замбала компораци” ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхтэйг нотлосон баримтгүй, хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тайлбараар түүнд эрх олгоогүй гэж тайлбарласан, энэ нэмэлт гэрээ нь үндсэн гэрээ байгуулагдахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн байгаа зэрэг нь уг гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр гэрээний нэмэлт гэж үзэх үндэслэлгүйн дээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч буй худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгч нь энэ гэрээг үндэслэн алданги шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагчаас алдангид 5,604,488 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны хөлсөнд 996,360 төгрөг төлж хохирсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагчаас 996,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иймд “Мөнх Замбала компораци” ХХК-аас 12,950,811.88 төгрөгийг гаргуулж “Амно” ХХК-д олгож, “Амно” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,604,488 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “Мөнх Замбала компораци” ХХК-аас 12,950,811.88 төгрөгийг гаргуулж “Амно” ХХК-д олгож, “Амно” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,604,488 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  253,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагаас 222,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА