Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00432

 

21 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00432

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02867 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т Б ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандшир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Т Б ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Бичил тооцооны төвийн теллер, Сонгинохайрхан тооцооны төвийн теллер, Өргөө тооцооны төвийн теллер, Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерээр ажилласан. Энэ хугацаанд харилцагчдад банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, кассын үйл ажиллагаа үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалтад хяналт тавин шуурхай удирдлагаар хангах, харилцагчийн үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Гэтэл Т Б ХХК-ийн УБХСУХ-ийн мэргэжилтэн Д.Амгалан, Чингэлтэй дүүрэг салбарын Тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүрэг салбарын Ерөнхий нягтлан бодогч Г.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерийн ажлыг хүлээж авсан. Т Б ХХК ажлаас халах тушаалыг нөхөж гаргахдаа Хөдөлмөрийн тухай ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, эсхүл мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг дээр дурдсан тушаалд нэрлэн заахгүйгээр ажлаас халсан. Ажилтан Б.Н нь сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасныг Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/898 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал ноцтой зөрчсөн байна. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг баримталж ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.5, 5.28.7, 5.28.35, 5.28.45, 5.28.47, 5.28.48, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.35, 7.4.45, 7.4.47, 7.4.48-т заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа ажлаас халсан тушаалдаа мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тухай огт дурдаагүй. Иймд Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/898 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандшир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банкны харилцааны менежер Б.Нг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Түүний гаргасан зөрчил нь теллерүүдийн кассын илүүдэл нийт 13 010 төгрөг, кассын дутагдал нийт 3 180 төгрөгийг тухай бүрд нь холбогдох дансанд бүртгээгүй кассын илүүдлийг хувьдаа авдаг ноцтой зөрчлийг гаргасан. Тооцооны төвийн захирал, ахлах теллерийн зүгээс теллерийн касст гэнэтийн болон тогтмол тооллогыг хийдэг байгаа. Харилцааны менежер Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед харилцагч нь ирээгүй байхад данснаас нь гүйлгээг хийж гарын үсгийг дуурайлган зурсан. Мөнгөн завьяа тооцооны төвийн ажилтнууд харилцагчийг ирээгүй байхад дансны эзэмшигч бус гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйлгээ хийж, үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил илэрсэн. Шалгалт хамрагдах хугацаанд Мөнгөн завьяа тооцооны төвийн касс, бэлэн мөнгө, батлагдсан мөнгөний нийт дүнг баримталж ажилласан боловч 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд ATM баталсан лимитийг 4 удаа 46 000 000 төгрөгөөр хэтрүүлсэн. Т Б ХХК-ийн нэгжийн кассын үйлдлийг удирдах, хяналт тавих журмыг зөрчсөн ба 424 359 төгрөгийн зарлага тооцогдсон байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нг Т Б ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 181 810 /найман сая нэг зуун наян нэгэн мянган төгрөг найман зуун арван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Т Б ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 145 858 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандшир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зарим хэсэгт нь огт дүгнэлт өгөөгүй. Т Б ХХК нь Б.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/898 дугаар тушаалыг гаргасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заалтад анхаарал хандуулж, дүгнэлт өгөөгүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Мөн хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг банкны ахлах теллерийн ажил албан тушаалыг хамруулан ойлгоно. Б.Н нь кассын үйл ажиллагаанд тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн бэлэн мөнгө хариуцсан теллерүүдэд тавих шат дараалсан хяналт сул байгаагаас кассын бүрэн бүтэн байдал алдагдсан нь дотоод хяналт шалгалтын тайлан зөрчил гаргасан ажилтнуудаас авсан тайлбар зэргээр тогтоогдсон. Түүнчлэн Б.Нгийн гаргасан ноцтой зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд тодорхой нэрлэн заагдсан байхад шүүх Б.Нгийн гаргасан ноцтой зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрэээний 7 дугаар зүйлийн 7.4.35-д ахлах теллер Теллерийн системийн багц журмын 3.6-д заасан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй бол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заажээ. Теллерийн системийн багц журмын 3.6.1-т теллерийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих. 3.6.3-т "Нэгдсэн касс дахь мөнгөн тэмдэгт, үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих", 3.6.4-т Өдрийн гүйлгээний явцад бэлэн мөнгөний үлдэгдлийн мэдээгээр орж, түүний касст байгаа бэлэн мөнгөний нөөцийг байнга хянах, теллерийн касст сард 1-ээс доошгүй удаа гэнэтийн шалгалт хийх, 3.6.22-т Өдрийн гүйлгээний эцэст теллерийн бэлэн ба бэлэн бус гүйлгээний жагсаалтыг үндсэн баримттай тулгаж шалгах, баталгаажуулах өдрийн баримт багцлан үдэж хянуулах" гэж заасан ба тус зөрчлүүдийг гаргасан нь нэхэмжлэгч Б.Н болон түүний удирдлага доор ажиллаж байсан теллерүүдийн бичгээр өгсөн мэдүүлгүүд, Т Б ХХК-ийн дотоод хяналт шалгалтын тайлангаар тогтоогдож байгаа. Мөн Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад 171 000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь гэрч Г.Мандахын мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх гэрч Ж.Ууганцэцэг, Г.Мандах нарын мэдүүлэг тайлбарыг ач холбогдолтой эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчид ашигтай байдлаар хандсан гэж үзэхээр байна. Гэрч А.Мандах нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт Би тухайн үед хяналтын камер шүүсэн бөгөөд Мөнгөн завьяа тооцооны төвд Ж.Ууганцэцэг ирээгүй байхад данснаас нь бэлэн бус гүйлгээ хийсэн байдаг, түүнийгээ Б.Н нь хүлээн зөвшөөрсөн юм гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т Б ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зөрчил нь шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/898 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Т Бны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 2.28.3, 5.28.5, 5.28.7, 5.28.35, 5.28.45, 5.28.47, 5.28.48, хөдөлмөрийн гэрээний 7.4.3, 7.4.5, 7.4.3, 7.4.5, 7.4.35, 7.4.45, 7.4.47, 7.4.48-т заасныг үндэслэл болгон, теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.6.1, 3.6.4, 3.6.18, 3.6.19, 3.6.22, 3.6.25, 4 дүгээр зүйлийн 4.17, ажлын байрны тодорхойлолтын нягтлан бодох бүртгэл тооцоо хэсгийн 2, 3, 4, 5, 9, 11-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн Б.Нг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-123/

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг заах бөгөөд ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр хуульчилсан байтал хариуцагч нь ахлах теллерийн ажлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд тушаалыг гардуулж өгөөгүй тул ажил хүлээлгэн өгсөн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэн, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар гэрээний талууд тохиролцжээ. Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад түүний гаргасан зөрчил нь тогтоогдсон байхаас гадна уг зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн гэрээний 7.4.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, хөдөлмөрийн гэрээний 7.4.5, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.5-т Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан, хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, банкны тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан, 5.28.7-т Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 7.4.35, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.35-т Ажилтан Т Бны ажилтны ёс зүйн дүрэм, зээлийн үйл ажиллагааны журам, теллерийн системийн багц журмыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 7.4.5, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.45-т Харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр, амаар, утсаар, и-мэйл, мессежээр ирсэн хүсэлтийг үндэслэж орлого, зарлагын гүйлгээ хийх, дансанд холболт хийх, хөдөлмөрийн гэрээний 7.4.47, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.47-т Нэгжийн захирал болон ахлах теллер нь өдрийн гүйлгээг хянаж, баталгаажуулаагүйгээс зөрчил гарсан, хөдөлмөрийн гэрээний 7.4.48 буюу хөдөлмөрийн дотоод журмын 5.28.48-т Орлого, зарлагын гүйлгээг нуун дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бүрдүүлсэн, мөн зорилгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ. /хх-32-44/

Ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх зөрчилд хамаарахгүй буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал баримтаар тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, теллерийн багц журамд заасан үүргээ зөрчсөн гэх байдлыг эргэлзээгүй тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 178-193 дахь талд авагдсан Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтэд, тухайн шалгалт явуулах үед анхаарах нөхцөл байдлыг дурдсан. Теллерийн багц журмын 3.6-д заасан ахлах теллерийн системд хүлээх үүргийн хүрээнд хяналт тавих, багцлах, үдэх, түүнийг хянуулах, гэнэтийн шалгалт хийх зэргээр 3.6.1, 3.6.4, 3.6.18, 3.6.19, 3.6.22 гэсэн дүрмийн хүрээнд эдгээр заалтыг харьцуулан үзэхэд тушаалд дурдагдсан нөхцөл байдал болон энэ журамд заасан зөрчлүүдийг гаргасан нь эргэлзээгүй баримтаар тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Н нь хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэхдээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцагч Ж.Ууганцэцэгийг ирээгүй байхад гүйлгээ хийсэн гэх байдал баримтаар нотлогдоогүй. Тухайлбал, гэрч Ж.Ууганцэцэг ...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Т Бинд очиж 171 000 төгрөгийн гүйлгээг хийсэн, баримтад гарын үсэг зурсан" гэх мэдүүлэг нь гэрч Г.Мандах "...камер шүүсэн бөгөөд Ж.Ууганцэцэг ирээгүй байхад бэлэн бус гүйлгээ хийсэн гэх мэдүүлэгээр няцаагдаж байна. Ж.Ууганцэцэг гэх хүний өмнөөс дансны гүйлгээг байхгүй үед нь буюу гарын үсэг зуруулахгүйгээр хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул уг мэдүүлгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймээс уг ажилтныг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгочийн санаачилагаар цуцлахад тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байхыг шаардана.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан 2 заалтыг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэл болгодог, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ бус зөвхөн тодорхой төрлийн ажил, албан тушаал эрхэлдэг ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар дуусгавар болгох онцлогтой.

Б.Н кассын үйл ажиллагаанд тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн бэлэн мөнгө хариуцсан теллерүүдэд тавих шат дараалсан хяналт сул байгаагаас кассын бүрэн бүтэн байдал алдагдсан гэсэн гомдолд дурдсан үндэслэлүүд нь Хөдлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлд хамаарахгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаарч байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлэр анхан шатны шүүх Б.Нг Т Б ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 181 810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Т Б ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/02867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 145 858 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БАЙГАЛМАА