Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00469

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00469

 

 

С ПХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ПХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М И Б ХК-д холбогдох, гэм хорын хохиролд 1 575 309 041 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай сөрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батхүү, түүний өмгөөлөгч Г.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхлхагва, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ПХХК нь М И Б ХК-тай 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажлын байрыг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр тохиролцож 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Төлбөрийн нөхцөлийг бартерийн журмаар шийдсэн. М И Б ХК-ийн үйлдвэрийн 4 400 000 төгрөгийн өртөг бүхий 45 минутын танилцуулга баримтат кино, гутлын үйлдвэрийн танилцуулга 3 500 000 төгрөгийн өртөг бүхий 44 минутын танилцуулга баримтат кино, танилцуулга кинонуудыг DVD дээр буулган 900 ширхэгийг М И Б ХК-д хүлээлгэн өгсөн зардал 2 700 000 төгрөг, 2006-2011 он хүртэл 2 100 000 төгрөгийн компьютерийн засвар үйлчилгээг үзүүлсэн, 2 059 200 төгрөгийн өртгөөр интернэтэд мэйл сервер, вэб хостингийг байршуулсан, SASCH, PANCALDI брэндийн танилцуулгыг DVD-ны хамт 1 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн зардал, 2008 оноос эхлэн вэб, дизайн хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний төлбөр нь 800 000 төгрөг, М И Б ХК-д 150 орчим цагийн үйлчилгээг үзүүлсэн зардал 3 000 000 төгрөг болсон. М И Б ХК-ийн зар сурталчилгаатай холбоотой нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөг болж, үйлчилгээг хүлээн авсан. Тус компанийн үйлдвэрийн байрны 4 давхарт байрлах талбайг тохижуулан үйл ажиллагаа явуулсан. Түрээслүүлэгч манай үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй. Гэтэл 2011 оны 11 дүгээр сард дулааны шугамыг засалгүй, дулаанаар хангаагүй 2 өвлийг өнгөрөөсөн. Мөн М И Б ХК нь усны төлбөрөө төлөөгүйгээс усаа хаалгасан тул 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш манай үйлдвэр машин тоног төхөөрөмж, хэрэглээний ямар ч усгүй болж, зөөврийн ус, үнэтэй цэвэр ус хэрэглэж ажлаа явуулж байсан. Дулаанаар хангаагүйгээс манайд хуванцар бөглөө хийх технологи зөрчигдөж, чанаргүй бүтээгдэхүүн гарч, хохирол учирсан. 2011 оны 11 дүгээр сар болон 2012 оны 2 дугаар саруудад түрээслүүлэгчийн буруугаас ус алдсан болон ус хааснаас нийт 3 512 172 төгрөгийн, дулаанаар зохих ёсоор хангаагүйгээс хийгдсэн бөглөөнүүдээс буцаж ирсэн болон борлогдоогүйгээс 2 920 000 төгрөгийн, хөлдөлтөөс болж хугарсан бөглөө, зүсэгч хутганы үнэ болох 1 012 500 төгрөгийн, 2011 онд гэрээний дагуу борлогдох ёстой байсан бөглөөний үнэ 8 100 000 төгрөг, нийт 15 544 672 төгрөгийн хохирол учирсан. 2012 оны 6 дугаар сараас бидний хийсэн ажлыг үгүйсгэж, 19 795 000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжлэх болсон. Биднээс нэхэмжилж байгаа түрээсийн тооцоо нь ч зах зээлийн үнэ, тарифт үүнээс 2-51 дахин их байна. Бид харилцан зохицохыг хүссэн боловч зөвшөөрөөгүй 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай компанид 139 тоот албан бичгийг хүлээлгэн өгч, энэ өдрийнхөө 14 цагт үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон битүүмжилж ажилчдыг ажлын байрнаас гаргасан. Бид гүйцэтгэсэн ажлын хөлс 20 159 200 төгрөгийн төлбөрт 3 жил буюу 36 сарын хугацаанд бартерын гэрээний дагуу байрлах байсан боловч 22 сар байрлаад үйлдвэрийг хаалгасан тул үлдсэн 14 сарын зөрүү төлбөр болох 7 839 700 төгрөгийн хохирол учирсан. Гэрээг зөрчин байгууллагын өмчид дур зоргоороо халдан битүүмжилсний улмаас бөглөө хэвлэдэг машинд угсрагдсан байсан хэвнүүд устай урвалд орж зэвэрч ашиглагдахгүй болсон тул шинээр хийлгэх хэвний үнэ 25 000 000 төгрөгийн, хэв хийлгэхээр ирж очих зардлууд 5 682 000 төгрөг харилцагч компаниудад хийж өгсөн логоны хэвний үнэ болох 675 000 төгрөг, 2012 оны 7-11 дүгээр саруудад борлуулах байсан бөглөөний тооцоо буюу олох байсан ашиг 21 570 000 төгрөг дулаанаар хангаж байсан бол 2012 онд олох байсан ашиг 21 360 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сард үйлдвэр хааснаас ашиглагдахгүй болсон будаг, түүхий эдийн хохирол 10 215 000 төгрөг, 7-оос 12 сар хүртэлх хугацаанд ажилчдын авах байсан цалин 12 820 000 төгрөг, өөр байранд нүүхтэй холбоотой зардал болох 8 500 000 төгрөг буюу нийт 105 822 000 төгрөг болон М И Б ХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болон хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанид бодитой учирсан хохирол 15 544 672 төгрөг, түрээсийн зөрүү төлбөр болох 7 839 700 төгрөг нийт 129 206 372 төгрөгийн хохирол учирсан. С ПХХК-д хуванцар тагны шинэ үйлдвэр БНХАУ-ын Тайжу хотын Мин Фенг үйлдвэрээс худалдан авахад шаардлагатай 1 300 200 юань буюу 475 392 126 төгрөгийг М И Б ХК-аас гаргуулах, С ПХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байсан талбайг битүүмжилж, үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцөлгүй болсны улмаас учирсан гэм хор болох 1 099 916 915 төгрөг, нийт 1 575 309 041 төгрөгийг гаргуулна. 3 удаагийн ус алдалтаас үүссэн хохирол 4 682 565 төгрөг, түрээслүүлэгч нь гэрээний 4.1.1, 4.1.4-д тус тус заасан нөхцөлийг хангаагүйгээс С ПХХК-ийн үйлдвэрийн технологид сөрөг нөлөө үзүүлж, үйлдвэрийн гологдол гарсны улмаас үүссэн хохирол 3 088 333 төгрөг, түрээслүүлэгч нь гэрээнд заасан нөхцөлөөр хангаагүйгээс /хүйтэн нөхцөлийн улмаас/ болж хугарсан зүсэгч хутганы хохирол 1 755 393 төгрөг, Мон Жүүс ХХК-ийн тагны хэв томилолтын зардал 38 737 249 төгрөг, түрээслүүлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд С ПХХК-ийн олох байсан ашгийн хохирол 13 844 826 төгрөг, С ПХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, битүүмжилсний улмаас ашиглах боломжгүй болсон түүхий эд, тагны хэв, логоны хэв, будагч бодисын хохирол 50 341 515 төгрөг, С ПХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, битүүмжилсний улмаас ашиглах боломжгүй болсон бэлэн бүтээгдэхүүний хохирол 10 907 760 төгрөг, С ПХХК-ийн үйлдвэрийг үндэслэлгүйгээр хааж, ажиллах нөхцөлгүйгээр болгосны улмаас Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сул зогсолтын хугацаанд ажилчидын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөр 6 596 800 төгрөг, үйлдвэрийг хөрөнгө оруулалтад зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр Голомт банкаар дамжуулан авсан 100 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлж, зээлийн түүхийг эрсдэлд оруулахгүйн тулд бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй зээл авч байсны хүүгийн хохирол 87 409 666 төгрөг, олох байсан ашгийн хохирол 95 760 000 төгрөг, олох байсан ашгийн хохирол 782 492 811 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал, шинжээчийн зардал 4 300 000 төгрөг, нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М И Б ХК-ийн байранд С ПХХК нь 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж ирсэн. 2010 оны 8 дугаар сараас үйлдвэрлэл явуулж эхэлсэн боловч тухайн үед түрээсийн гэрээ нь манай санхүүд байхгүй. Цахилгааны төлбөр, түрээсийн мөнгө нэхэхээр тухайн үед гүйцэтгэх захирал байсан Н.Батдорж та нарт хамаагүй битгий олон юм яриад бай, би мэдэж байна гэдэг байсан. 2011 оны 10 дугаар сард дахин түрээсийн төлбөр нэхэж албан бичиг явуулахад манай компанид огт хийгдээгүй, хэний ч мэдэхгүй олон ажил хийсэн гэсэн нотлох ямар ч баримт байхгүй тооцоо гаргаж өгсөн. Энэ хугацаанд манай компанид 2011 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөг, 10 дугаар сард 1 546 500 төгрөг, 11 дүгээр сард 1 449 100 төгрөг, 2012 оны 01 дүгээр сард 1 140 000 төгрөг, 3 дугаар сард 471 900 төгрөг, 4 дүгээр сард 848 200 төгрөг, 5 дугаар сард 374 900 төгрөг, 6 дугаар сард 299 900 төгрөг, 7 дугаар сард 180 500 төгрөг, бүгд 7 311 000 төгрөг хэрэглэсэн цахилгааны төлбөрт тоолуурын заалтаар төлсөн 2012 оны 6 дугаар сард захирал Н.Батхүүтэй уулзаж байр ашигласан түрээсийн төлбөрөө даруй төлөх, хэрэв төлөхгүй бол манай байрыг султгаж өгөх талаар ярилцсан. С ПХХК-аас нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. С ПХХК-д 5 059 700 төгрөгийн хохирол учруулаагүй. Компанийн дотоод ажиллагаатай хамааралтай, гэрээний харилцаа тоног төхөөрөмжийн эвдрэл доголдол манайд хамааралгүй. Түрээсийн гэрээ байгуулаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. С ПХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон. Манай компанийн зүгээс С ПХХК-д 2011 оны 4 дүгээр сарын эхээр түрээсийн гэрээг дүгнэх талаар мэдэгдсэн. 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 сарын түрээсийн төлбөр НӨАТ-10 хувьтай 10 067 200 төгрөгийн түрээсийн төлбөр, цэвэр, бохир усны 1 887 600 төгрөг төлөхийг С ПХХК-д удаа дараа шаардаж бичгээр мэдэгдсэн. Компанийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 сарын түрээсийн төлбөр 11 616 000 төгрөг, цэвэр бохир усны 10 сарын төлбөр 1 452 000 төгрөг төлөхийг шаардсан. Гэтэл С ПХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. С ПХХК түрээсийн төлбөр, цэвэр бохир усны төлбөрт 25 022 800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлуулах, 2010 оны 8 дугаар сарын 01-нээс өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 28 сарын түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг гаргуулах, М И Б ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн С ПХХК-ийг албадан нүүлгэн гаргуулж, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг цуцлуулах, С ПХХК-аас түрээсийн төлбөр 21 683 200 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг нийт 25 022 800 төгрөгийг гаргуулах, М И Б ХК-ийн түрээсийн байрыг чөлөөлүүлэн С ПХХК-ийг албадан нүүлгэн гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М И Б ХК-д холбогдох гэм хорын хохиролд 1 575 309 041 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С ПХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 401 тоот М И Б ХК-ийн байрнаас нэхэмжлэгч С ПХХК-ийг албадан гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 25 022 800 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч М И Б ХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829 692 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжид 7 204 803 төгрөгийг нэхэмжлэгч С ПХХК-аас гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардал болох нийт 4 300 000 төгрөгийг нэхэмжлэгч С ПХХК-аас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д шинжээчийн зардалд 2 100 000 төгрөг, Лэндс ХХК-д шинжээчийн зардалд 2 200 000 төгрөгийг тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ПХХК-аас 54 444 төгрөг гаргуулж хариуцагч М И Б ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч М И Б ХК-аас урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх С ПХХК нь хуванцар таг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 1 300 200 юаниар худалдан авсан, тоног төхөөрөмжийн өртөг 475 392 126 төгрөг гэж тайлбарлаж байх боловч баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага тоног төхөөрөмжийн үнийг худалдан авсан үеийн юаниар тодорхойлж БНХАУ-аас худалдан авсан баримтууд, түүний орчуулга, тоног төхөөрөмжийг худалдан авсан гэрээ, түүний орчуулгыг нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд баримтууд дээрх үнийн дүн нийт 1 300 200 юань болох ба эдгээр баримтыг үнэлээгүй. 1 300 200 юанийн үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн Хятад хэл дээрх баримтыг албан ёсны орчуулга хийх эрх бүхий этгээдээр орчуулж тамга дарж хэрэгт хавсарган өгсөн. Өөрөөр хэлбэл, гадаад хэл дээрх баримтыг орчуулсан байдлаар хэрэгт өгсөн бөгөөд орчуулгын үнэн зөв эсэхийг нотариат баталгаажуулахгүй, албан ёсны орчуулгын тамга тэмдэгтэй баримтыг нотариатаар баталгаажуулж шүүхэд өгөх талаар хуулийн зохицуулалт байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Мөн С ПХХК-ийг үйлдвэрийн байранд нэвтрүүлэхгүй болсон үеэс түрээсийн зүйл М И Б ХК-ийн эзэмшилд шилжсэн хугацаанд буюу 2013 онд үйлдвэрт ус алдаж тоног төхөөрөмж зэвэрсэн. Олон жил цэвэрлээгүй зогсолт хийсний улмаас тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Үйлдвэрийг битүүмжилсний улмаас цаашид ашиглах боломжгүй болсон бэлэн бүтээгдэхүүний хохирлыг нэг бүрчлэн тоолж тодорхойлсон 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан үүнийг үнэлээгүй. Нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох хуванцар таг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үнэ 1 300 200 юань болох нь Мин фэнг Хуванцар савны хэвний машин үйлдвэрлэл болон С ПХХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, орчуулга, БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авсан баримт, түүний орчуулга, тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн гаалийн мэдүүлгээр нотлогдсон. М И Б ХК үйлдвэрийн байранд нэвтрүүлээгүй, тоног төхөөрөмжийг битүүмжилсний улмаас С ПХХК-д хохирол учирсан. Хэрэгт авагдсан Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ус алдсан шалтгааныг үйлдвэр мөнгөгүй гээд ус хаасан, түүнээс болж шугам хөлдсөн, мөн ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн гаргасан дүгнэлтэд ус алдсан шалтгааныг ажлын байр хэт хүйтэн байсны улмаас таазны хэсгээр дамжин өнгөрч байгаа хэрэглээний ус хөлдөж дамжуулах хоолойн отвод буюу булангийн холбогч хоолой задарч /хагарч хөлдсөн/ машин төхөөрөмжийн дээрээс ус алдсан байна гэжээ. М И Б ХК нь тухайн үйлдвэрийн барилгын өмчлөгч болохын хувьд УБДС ХК-тай гэрээ байгуулан хэрэглэгч болсон ба С ПХХК-ийн үйлдвэрийн хэсгийг битүүмжилснээс хойш тухайн үйлдвэрлэлийн барилгын шугам сүлжээний хэвийн байдлыг хангах нь М И Б ХК-ийн үүрэг болно. М И Б ХК нь С ПХХК-ийг тоног төхөөрөмжийг авах болон засварлах боломжоор хангаж үйлдвэрийн байр руу нэвтрүүлсэн бол уг тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл усанд норж зэвэрч ажиллах боломжгүй болох нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэрч С.Жавхлант ...төлбөрөө төлөөд тоног төхөөрөмжөө ав гэсэн гэж мэдүүлсэн. Мөн М И Б ХК-ийн тэмдэг бүхий битүүмжилсэн зураг, үзлэг хийсэн тэмдэглэл, тус компанийн 2012 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 139 тоот мэдэгдэл зэргээр нотлогдож байна. Шүүх М И Б ХК-ийг ...нэхэмжлэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна, гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн байшинд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж дүгнэж шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн үйлдэл байх боловч энэхүү үйлдэл нь түрээсийн төлбөрөө төлүүлэхээр саатуулан барих эрхийг хэрэгжүүлж буй үйлдэл учир хууль бус биш хэмээн дүгнэсэн. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасан саатуулан барих эрхийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн саатуулагдаж буй хөрөнгө нь хөлслүүлэгчид барьцаалагдсан байхыг шаардах ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар хуульд зааснаар үүсэх барьцааны эрхийн талаар зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл энэхүү хуулийн зохицуулалтыг ямар нэгэн барьцаагүй, түрээсийн гэрээний харилцаанд хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд саатуулан барих эрх хэрэгжих боломжгүй нөхцөлд М И Б ХК нь бусдын хөрөнгийг өмчлөгч этгээдэд нь шилжүүлэхгүй, нэвтрүүлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох түрээсийн төлбөр 25 022 800 төгрөгийг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй шийдвэрлэсэн атлаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд түрээслүүлэгч нь түрээсийн төлбөр нэхэмжилж эд хөрөнгийг саатуулах эрхгүй төдийгүй үйлдвэрийн байрнаас албадан нүүлгэх шаардлагыг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байхад тухайн үйлдвэрийн байранд байгаа хөрөнгийг саатуулан барих буюу С ПХХК-д шилжүүлэхгүй байх эрхтэй гэж байгаа нь М И Б ХК-ийн албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөрчилдөж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас гэм хорын хохирол нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ба үйлдвэрийг битүүмжилсэн үйлдлийн улмаас С ПХХК үйлдвэрийн байр руу нэвтэрч чадахгүй болсноос хойш үүссэн хохирлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Тоног төхөөрөмжийн үнэ 1 300 2000 юань буюу 475 392 126 төгрөг, 3 удаагийн ус алдалтаас үүссэн хохирол 4 682 565 төгрөг, С ПХХК-ийн үйлдвэрийг хааж битүүмж улмаас ашиглах боломжгүй болсон бэлэн бүтээгдэхүүний хохирол 50 341 515 төгрөг, мөн 10 907 760 төгрөг, нийт 61 249 275 төгрөг, С ПХХК-ийн үйлдвэрийг хаасны улмаас ажиллаагүй хугацаанд ажилчдад олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 6 596 800 төгрөг, нийт 547 920 766 төгрөгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч С ПХХК нь хариуцагч М И Б ХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол буюу тоног төхөөрөмжийн үнэ 1 300 200 юань буюу 475 392 126 төгрөг, гэм хорын хохиролд 1 099 916 915 төгрөг, нийт 1 575 309 041 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, түрээсийн төлбөр болон цэвэр бохир усны төлбөрт 25 022 800 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлж албадан нүүлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хав-1-4, 2хав-441-442, 5хав-25-28х/

 

Талуудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээгээр түрээслүүлэгч М И Б ХК нь 88 м.кв талбайг түрээслэгч С ПХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нь төлбөрийг бартераар хийх буюу түрээслүүлэгчийн вэб сайтыг хийж, @buligaar.mn өргөтгөл бүхий и-мэйл хаягуудаар хангах, түрээслүүлэгчийн компьютер техник хэрэгслүүд, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хариуцах, засвар үйлчилгээ хийх, шинээр сүлжээ тавих, программ хангамж суулгах зэрэг ажлуудыг хариуцан хийхээр тохиролцсон байна. /1хав-5-7-х/

 

Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон гэрээнд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 88 м.кв талбайг шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээгээр тохирсны дагуу түрээсийн төлбөрийг бартерийн журмаар хамтран ажиллах нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан. Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус түүний зарим хэсгийг түрээслэхээр харилцан тохиролцсон байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй.

 

Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг талуудад үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй. Харин түрээсийн байрыг битүүмжилсний улмаас түрээслэгч буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан талаар маргасан.

 

Түрээслүүлэгч М И Б ХК нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Компьютрийн сүлжээ ашиглах шаардлагагүй болсон үндэслэлээр гэрээ цуцлах санал хүргүүлснийг, түрээслэгч С ПХХК хүлээн авч, Гэрээг цуцалж, үлдсэн 2 жилд түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн хариуг хүргүүлжээ. /1хав-137-139-х/

 

Дээрх албан бичгүүдийн агуулгаас үзвэл талууд гэрээний 7.1-т зааснаар хугацаанаас өмнө гэрээ цуцлах саналыг харилцан зөвшилцсөн буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хугацааг тогтоосон нөхцөл байдал тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх С ПХХК-ийн хариуцагч М И Б ХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 1 300 200 юань буюу 475 392 126 төгрөг, гэм хорын хохиролд 1 099 916 915 төгрөг, нийт 1 575 309 041 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт Түрээслэгч ньтүрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгнө гэж заасан боловч нэхэмжлэгч С ПХХК нь түрээсийн байрыг чөлөөлж хариуцагч М И Б ХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч М И Б ХК нь гэрээ цуцалснаас хойш 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс байранд нэвтрүүлэхгүй талаар С ПХХК-д мэдэгдэж, битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. /1хав-146-х/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.4, 4.2.5-т зааснаар гэрээний хугацаанд түрээслэгч өөрийн эд хөрөнгийн болон сантехникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн. 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн баримт, ажилчдын хоолны талоны тооцооны хуудсыг нэгтгэсэн хүснэгт, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар түрээсийн байр нэхэмжлэгч С ПХХК-ийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд ус алдсан үйл баримт тогтоогдсон тул зөвхөн хариуцагчийн буруутай үйлдлээс болж ус алдаж эд хөрөнгөд хохирол учруулсан гэж буруутгах үндэслэлгүй. /1хав-5-7-х, 2 хав-394-х/

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/255 дугаар албан бичгээр М И Б ХК-ийн үйлдвэрийн барилгыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч дулаанаар хангасан нь тогтоогдсон тул энэ хугацаанд дулаанаар хангаагүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэжээ. Тиймээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-т хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч С ПХХК нь түрээсийн зүйлийг ашиглах явцад ус алдсан, улмаар дулааны шугамыг засварлах талаар хариуцагч М И Б ХК-д мэдэгдсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч С ПХХК нь түрээсийн зүйлийг өөрийн эзэмшил ашиглалтад байх хугацаанд ус алдсан талаар түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэгдээгүй, гэрээнд зааснаар өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоход түрээсийн байрыг чөлөөлж өгөөгүйгээс, хариуцагч М И Б ХК түрээсийн байрыг битүүмжилэн түрээслэгчийг эд хөрөнгөө буцаан авах боломжгүй болгосон, ус алдсны улмаас эд хөрөнгөд нь хохирол учруулсан зэрэг талуудын хэн алиных нь буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол үүссэн буюу хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хэн алиных нь хууль зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэнэ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн байранд ус алдсаны улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тохиргоо алдагдаж, хэвийн ажиллах боломжгүй болсон, үйлдвэрийг битүүмжилсний улмаас бөглөө, түүхий эд материал, лого зэрэг бүтээгдэхүүн ашиглах боломжгүй болсон гэж гомдлын үндэслэлдээ дурджээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч С ПХХК-ийн БНХАУ-ын Мин фэнг Хуванцар Савны хэв машин үйлдвэртэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, гаалийн мэдүүлгийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, тоног төхөөрөмж нийт 974 000 юанийн үнэтэй гэж үзэх боломжтой. Харин тоног төхөөрөмжийн өртөг 475 392 126 төгрөгийг баримтаар нотлоогүй талаар шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /2хав-474-477-х, 4хав-91-94-х, 6 хав-138-х/

 

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2013 оны 01 дүгээр сард даралттай ус алдах үед суурь машин норсон үүний улмаас задалж цэвэрлэх шаардлага үүссэн талаар дүгнэсэн байна. /2хав-320-330-х/

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтэд Бүрэн автомат бөглөө үйлдвэрлэх машин 8 төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд задаргаа хийгдсэн байдалтай, ажиллуулах боломжгүй болсон, ...С ПХХК-ийн хэлснээр ус алдсаны улмаас тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн задалж хатаасан гэж тодорхойлсон зэргээс үзэхэд төхөөрөмжийг хэт жижиглэн задалснаас болж үйлдвэрийн тохиргоо алдсан, угсрах боломжгүй болсон, чийг усанд байснаас зэврэлт үүсч техникийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон байдал тогтоогджээ. /6 хав-98-101х/

 

Мөн Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрийн байрыг битүүмжилснээс хойш байсан 875 200 ширхэг бөглөөг үйлдвэрлэх дундаж өртгийг тооцоход 10 907 759,73 төгрөг, түүхий эд материалын үнэ 25 015 911,70 төгрөг, логоны төмөр хэв 1 125 000 төгрөг, ашиглах боломжгүй болсон бөглөөний хэв 24 200 600 төгрөг, нийт 61 249 271,43 төгрөгийн хохирол учирсаныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /2хав-387-425-х/

 

Иймээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар бөглөө үйлдвэрлэх машин болон ашиглах боломжгүй болсон бөглөө, бөглөөний хэв, түүхий эд, логоны төмөр хэв зэрэг бүтээгдэхүүнд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2010 оны 11 дүгээр сараас 2012 оны 7 дугаар сар хүртэл ажиллуулсан тул нэхэмжлэгчийн шаардсанаар буюу бөглөөний машин тоног төхөөрөмжийг худалдан авсан үнээр тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч 15 хувийн элэгдэл хорогдол тооцохыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө зөвшөөрч байсныг харгалзан үзэж, тоног төхөөрөмжийн үнэ 974 000 юаниас 15 хувийн элэгдэл тооцож /146 100 юань/ хасаад 827 900 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 218 төгрөгөөр тооцоход 180 482 200 төгрөг болно. /1хав-1-4, 4хав-96-104-х/

 

Тоног төхөөрөмжийн үнэ 180 482 200 төгрөг, түүхий эд материалын үнэ 61 249 271 төгрөг, нийт 241 731 471 төгрөгийн хохирлыг хариуцагчаар бүрэн хариуцуулах боломжгүй тул гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар харгалзан үзэж, багасган хариуцагчаас 80 577 157 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ гэж бүрэлдхүүн үзлээ.

 

Лэнд ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ус алдсанаас нийт 4 682 564 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хэдий ч тухайн үед тус үйлдвэрийн байр нэхэмжлэгчийн эзэмшилд ашиглалтад байсан, гэрээнд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах үүрэг хүлээсэн тул уг хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь үйлдвэрийг битүүмжилсний улмаас ажиллаагүй, энэ хугацаанд ажилчдад олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 6 596 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хариуцагч М И Б ХК-аас гаргуулах үндэслэлгүй.

 

Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар талууд түрээсийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх журмаар төлөхөөр тохиролцсон байхад хариуцагч М И Б ХК нь түрээсийн төлбөрийг мөнгөөр тооцон нэхэмжилжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээ нотлоогүй. Мөн цэвэр бохир усны төлбөр 3 339 600 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул шүүх 25 022 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М И Б ХК-ийн байрнаас нэхэмжлэгч С ПХХК-ийг албадан гаргуулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг зөв үнэлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагчид түрээсийн төлбөр шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсаныг шүүх үндэслэл бүхий гэж үзсэн нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Алтмаа нь ирээгүй тул шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сиди бичлэг байгаа гэх үндэслэлээр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг түүний хүсэлтээр хойшлуулсан байх боловч хэрэгт сиди авагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг сиди нотолгооны ач холбогдолгүй тул хүсэлтээ дэмжээгүй байна. /4хав-16-19х/ Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ундрахын сиди хэрэгт авагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М И Б ХК-аас 80 577 157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ПХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 494 731 884 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М И Б ХК-аас 80 577 157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ПХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 494 731 884 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829 692 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 7 204 803 төгрөгийг нэхэмжлэгч С ПХХК-аас нэмж гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч М И Б ХК-аас 560 835 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ПХХК-д олгож, шинжээчийн зардал 4 300 000 төгрөгийг нэхэмжлэгч С ПХХК-аас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д 2 100 000 төгрөгийг, Лэндс ХХК-д 2 200 000 төгрөгийг тус тус олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2 897 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА