Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0817/З |
Дугаар | 111 |
Огноо | 2019-04-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 111
“У э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0084 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Ө.Энарыг оролцуулж.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0084 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 5 хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т заасныг тус тус баримтлан “У э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, мөн зүйлийн 123.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол” гэж заасныг тус тус үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0084 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь “газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох замаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан” гэж дүгнэж, Газрын хэвлийн тухай хуулийг хэрэглэж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж болно, хуулийн зохицуулалтад нийцнэ гэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн, аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсан байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох үндэслэлд “газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэсэн үндэслэл дурдагдаагүй болно.
6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 5 дугаар зүйлүүдэд “газрын хэвлий” гэсэн ойлголт орсон зохицуулалт байдаг тул “газрын хэвлий” гэх ойлголтын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахаар уг хуулийн хууль тогтоомжид “Газрын хэвлийн тухай” хууль багтсан. Хууль тогтоомжид багтсан хуулиар тухайлан зохицуулсан асуудлыг нөхөн зохицуулна гэж үзвэл, Монгол Улсад хууль тогтоомжоор тухайлан харилцааг зохицуулах шаардлагагүй болно. Иймд, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоно гэдэг ч, “огт өөр үндэслэл, огт өөр хуулиар тусгай зөвшөөрлийг цуцалж болно, цуцалсан байна” гэж дүгнэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх зарчим”-ыг баримтлах шаардлагагүй гэж дүгнэсэнтэй адил байна.
8. Мөн шүүх хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн агуулгыг буруу тайлбарлаж, дүгнэсэн. Уг дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, А/609 дүгээр захирамжаар 62 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан, 33 аж ахуйн нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд уг захирамжаар 95 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргаагүй болно.
8.1. Гэтэл шүүх “А/609 дүгээр захирамжаар 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, захирамжийн 1 дэх заалтаар нэр бүхий 62 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар, 2 дахь заалтаар нэр бүхий 33 аж ахуйн нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар, 3 дахь заалтаар "Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон, энэ захирамжийн хавсралтуудад заасан 95 аж ахуйн нэгжийн талаар ..." гэж тусгай зөвшөөрлийг цуцалсан, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар ялгасан нь тодорхой харагдана. Мөн А/609 дүгээр захирамжид "Тусгай зөвшөөрөл цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" гэж зааснаараа 2 асуудал шийдвэрлэсэн нь мөн л ойлгомжтой байна.
9. Мөн магадлалын Хянавал хэсэгт "... хуульд газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгох эрхтэй хариуцагч нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан тул дээрх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон захиргааны акт гэж үзэж, захиргааны актын агуулгыг буруу ойлгосон нь илэрхий байна.
10. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сар хүртэл төлсөн. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гараагүй байхад, шүүх захиргааны байгууллагыг шийдвэр гаргасан гэж өмнөөс нь дүгнэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллага нь асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломжийг хэлсээр байтал, өөрийн дураар огт хамааралгүй хууль хэрэглэж, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байхад, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
11. Газрын хэвлийн тухай хуулиар газрын хэвлий ашиглах зориулалтуудыг зохицуулна, Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжоор ашигт малтмал олборлох зориулалтаар газрын хэвлий ашиглах харилцааг зохицуулна гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан зохицуулалт нь ашигт малтмал олборлох зориулалтаар газрын хэвлий ашиглагчид хамааралгүй, Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдаж буй бусад зориулалтаар газрын хэвлий ашиглагчид хамааралтай. Тодруулбал, ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын хэвлий ашиглаж байгаа, уг эзэмшигчийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байхад, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасныг үндэслэн аймгийн Засаг дарга “газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох” замаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалбал, Монгол Улс хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт, тусгайлсан харилцаа зэрэг ойлголтгүй болно. Нийслэлийн Засаг дарга яг л ийм агуулгаар, хуульд байхгүй үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
12. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Үүнд:
14. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол дүгнэлт нь “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 4 дүгээр сард явуулсан хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар нэхэмжлэгч “У э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй, учир нь, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй байна ...” гэсэн байна.
15. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс үзвэл, маргаан бүхий актыг гарах үед нэхэмжлэгч “У э” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа ашиглаагүй байсан” гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. Учир нь, хэрэгт цугларсан фото зургууд, шүүхийн үзлэг, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар дээр тодорхой үйл ажиллагаа, тухайлбал, өрмийн ажил хийсэн, хөрөнгө оруулсан мэт харагдаж байна. Гагцхүү эдгээр нь цаг хугацааны хувьд маргаан бүхий акт гарахаас өмнө үү, эсхүл түүнээс хойш хийгдсэн үү гэдгийг шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж нэг мөр, эргэлзээгүйгээр дүгнэх нь зүйтэй.
16. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэлгүйгээр буюу үгүйсгэх үндэслэлийг хангалттай заалгүйгээр, зөвхөн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий акт хууль ёсны гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасанд нийцээгүй байна.
17. Түүнээс гадна, маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Газрын хэвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д үндэслэсэн байх бөгөөд уг актын 1 дэх заалтаар нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан, харин 2 дахь заалтаар нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагын, түүний дотор нэхэмжлэгчийн “газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” нь ямар зорилготой, яагаад ийнхүү ялгаатайгаар зохицуулсан, энэ нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэсэнтэй хэрхэн нийцэж байгаа талаар хариуцагчаас дахин тодруулж дүгнэх шаардлагатай.
18. Мөн нэхэмжлэгчийн тухайд газрын хэвлийг ашиглах зориулалт нь “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “маргаж буй газарт төмөр хашаа барьж, гэр контейнер байрлуулан, хэсэг газар цементэлснийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй” ч, “ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй бол газар ашиглах эрх нь дуусгавар болох, түүнийг дагаад тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь цуцлагдах болно” гэж үзэх нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл буюу “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл”-тэй хэрхэн уялдах талаар дахин дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0084 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ