2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 192/шш2025/01079

 

 

 

 

 

 

 

 

     2025            02            07                                                            192/ШШ2025/01079

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч А.Зүмбэрэл, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 58/6 тоотод байрлах, регистр *******,************** ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 56 тоотод оршин суух, регистр*******,******* овогт*******ын*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: 40,999,966 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэсар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг

Хариуцагч

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг

Шинжээч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч************** ХХК нь хариуцагчт холбогдуулан 40,999,966 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Байгал*******” ХХК нь******* брэндийг үндэслэн дэлхийн стандарт нийцсэн оюуны бүтээлээр олон улсын зах зээлд Монгол Улсаа таниулах суртчилах зорилгоор 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Монголын түүх соёл, уламжлал бэлгэдэл дээр суурилсан, ямар ч цаг үед оршихуйц дахин давтагдашгүй загвар хийцийг бүтээж хэрэглэгчид хүргэх зорилго тавин өөрсдийн багийг бүрдүүлж ажиллаж байна. Манай компани нэг бүтээлийг зах зээлд гаргахын тулд мэргэжлийн дизайнерын баг ажиллуулж тэдэнд өндөр цалин өгөхөөс гадна нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн байрны төлбөр, түүнтэй холбоотой оюуны өмчийн патент, сорьцын төлбөр гэх мэт маш өндөр зардал гаргадаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнүүдээ Оюуны өмчийн газар мэдүүлэг өгч Патентын эрх авсан. Гэтэл үнэт эдлэлийн Divine Jewelry брендын эзэн нь******* нэрийн патентын эрх бүхий Өлзийн коллекци*******, өлзий коллекц хээ, өлзий хээтэй хослол зэрэгт багтсан энгэрийн зүүлт, ээмэг бөгж зэргийг хуулбарлан Тайланд Улсад захиалгаар хийлгэж Зайсан хил худалдааны төвийн 4 давхар Мах малл төвийн 1 давхарт тус тус байрлах лангуугаар худалдаалсан. Уг хууль бус үйлдлийг оюуны өмчийн улсын байцаагчийн актаар Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 500.000 таван зуун мянган төгрөгийн шийтгэл оногдуулж манай патентын эрх бүхий барааг худалдан борлуулсан болохыг тогтоосон.

Манай компанийн 2018 онд борлуулсан борлуулалт 2019 онд илтэд буурсан. Үүний дагуу судлаад үзэхэд нь патентаар хамгаалагдсан ээмэг бөгж энгэрийн зүүг хуулбарлан зах зээлд хямд үнээр зарж байсан ба энэ талаар манай үйлчлүүлэгчид гомдол гаргасан.ээс болж манай борлуулалт дараах байдлаар буурсан. Үүнд:

1. Хатан ээмэг зах зээлд борлуулагдах үнэ 364,900 төгрөг бөгөөд 2018 онд 46 ширхэг зарагдсан бол 2019 онд 12 ширхэг зарагдаж өмнөх оныхоос 34 ширхгийн алдагдалд орсон. Үүнээс хатан ээмэг нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр сорьц, бүтээгдэхүүн үйлдвэрийн зардалд 10245 төгрөг болсон бөгөөд үүнийг 34 ширхгийн алдагдалд тооцон үржихэд 348,330 төгрөг болж байгаа бөгөөд бодит хохиролд 348,330 төгрөг, олох ёстой байсан орлогод 12,061,636 төгрөгийг шаардаж байна.

2. Өлзий бөгж зах зээлд борлуулагдах үнэ 168,500 төгрөг бөгөөд 2018 онд 200 ширхэг зарагдсан бол 2019 онд 145 ширхэг зарагдаж өмнөх оныхоос 55 ширхгийн алдагдалд орсон. Үүнээс өлзий бөгж нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр сорьц, бүтээгдэхүүн үйлдвэрийн зардалд 3,718 төгрөг болсон бөгөөд үүнийг 55 ширхгийн алдагдалд тооцон үржихэд 204,490 төгрөг болж байгаа бөгөөд бодит хохиролд 204,490 төгрөг, олох ёстой байсан орлогод 9,063,010 төгрөгийг шаардаж байна.

3. Өлзий хар манатай зүүлт зах зээлд борлуулагдах үнэ 128,889 төгрөг бөгөөд 2018 онд 9 ширхэг зарагдсан бол 2019 онд 0 ширхэг зарагдаж өмнөх оныхоос 9 ширхгийн алдагдалд орсон. Үүнээс өлзий хар манатай зүүлт нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр сорьц, бүтээгдэхүүн үйлдвэрийн зардалд 128,889 төгрөг болсон бөгөөд үүнийг 9 ширхгийн алдагдалд тооцон үржихэд 1,160,001 төгрөг болж байгаа бөгөөд бодит хохиролд 1,160,001 төгрөг, олох ёстой байсан орлогод 11,070,999 төгрөгийг шаардаж байна.

4. Өлзий энгэрийн зүү зах борлуулагдах үнэ 545,500 төгрөг бөгөөд 2018 онд 35 ширхэг зарагдсан бол 2019 онд 22 ширхэг зарагдаж өмнөх оныхоос 13 ширхгийн алдагдалд орсон. Үүнээс өдий энгэрийн зүү нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр сорьц, бүтээгдэхүүн үйлдвэрийн зардал 77,325 төгрөг болсон бөгөөд үүнийг 13 ширхгийн алдагдалд тооцон үржихэд 1,005,225 төгрөг болж байгаа бөгөөд бодит хохиролд 1,005,225 төгрөг, олох ёстой байсан орлогод 6,086,275 төгрөгийг шаардаж байна.

Иймд бодит хохиролд нийт 2,718,046 төгрөг, олох ёстой байсан орлого 38,281,920 төгрөг, нийт 40,999,966 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд “Байгал******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн намайг илтэд гүтгэж маргааны эд зүйлийг хуулбарлан Тайланд улсад захиалгаар хийлгэж, зарж борлуулж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гарган, тухайн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан боловч өнөөдрийг хүртэл давтан гаргасаар байна гэх зэрэг бодит байдлыг гуйвуулсан. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан арга хэмжээг дэвэргэж өнөөдрийг хүртэл зарж борлуулаад байгаа мэт дурдсан байгаа нь арга хэмжээ авхуулах шаардлага мэт ойлгогдож байна. Арга хэмжээ авахуулах утга, агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагад 40,999,996 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнд доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан үнэлгээг үндэслэн олох байсан орлого буурсантай холбогдох 40 сая гаруй төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно. Учир нь тэдний патент бүхий ээмэг бөгж энгэрийн зүүлт зэргийг борлуулаагүй. Тэдний патент бүхий дээрх бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй. Оюуны өмчийн газраас зөрчлийн арга хэмжээ авахдаа яг аль загварын хэдэн ширхэг бүтээгдэхүүн худалдсан, уг бүтээгдэхүүнүүд нь “Байгал*******” ХХК-ийн яг ямар загвар гэдгийг тодорхойлж чадаагүй. Тогтоож ч чадаагүй. Тухайн үед дөнгөж ковид гарсан байсан. Цагдаагаар явна гэхэд нь ч хөөцөлдөлгүй орхисон. Нэхэмжлэгч тал өөрсдийн орлого зардлаа тодорхойлж чадаагүй яг аль загвараас хэдэн ширхэг гэдгээ ч тодорхойлж нотлоогүй. Ер нь нэхэмжлэгчийн патентийн эрхийг хариуцагч зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, материалын зарлагын падан, “Байгал*******” ХХК-ийн борлуулалтын үзүүлэлт,ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу мэдэгдэх хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хуулбар, бүтээгдэхүүний загварын патент хуулбар, хариуцагчаас фото зураг,ийн гадаад паспортын зураг, Шүүхийн журмаар Бүтээгдэхүүний загварт патент олгох журам хуулбар, divine jewellery пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Төрийн банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичиг, Богд банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичиг, Улаанбаатар хотын банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/2837 тоот албан бичиг, Ариг банк ХК-д дахьийн нэр дээрх харилцах дансны хуулга, Голомт банк ХК дахьийн нэр дээрх харилцах дансны хуулга, Хас банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5в/3167 тоот албан бичиг, Хаан банк ХК дахьийн нэр дээрх харилцах дансны хуулга, Кредит Банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн м/0201-1208 тоот албан бичиг, Капитал банк дахь эрх хүлээн авагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1997 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК дахьийн нэр дээрх харилцах дансны хуулга, Зайсан хилл цогцолбортойийн байгуулсан түрээсийн гэрээ хуулбар, Эд хөрөнгө хөлслөх гэрээ хуулбар, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 900/1-1608 тоот албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичиг, Капитрон банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4521 тоот албан бичиг, Чингис хаан банк ХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн бх/7067 тоот албан бичиг, Оюуны өмчийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1902000613 дугаартэй зөрчлийн хэргийн материал хуулбар, Улсын бүртгэлийн*******,,9 дугаар бүхий бүтээгдэхүүний загварын хувийн хэргийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч “Байгаль*******” ХХК-ийн өлзий коллекц өлзий хээтэй хослол 30 0002772, өлзий коллекц 30 0002771, өлзий коллекц өлзий хээ, ногоолин чулуутай хослол 30-00022769 дугаартай бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан эрхийг хариуцагч зөрчсөнөөс эд хөрөнгө болон олох ёстой орлогоор хохирсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч “Байгаль*******” ХХК-ийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлийг бусдаас худалдан авсан бөгөөд түүнийг үйлдвэрлээгүй, худалдан борлуулаагүй. Нэхэмжлэгчийн патентийн эрхийг зөрчөөгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч нь улсын бүртгэлийн,*******,9 дугаар бүхий патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан болох нь Оюуны өмчийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453121 дугаартай шийтгэх хуудсаар тогтоогдож байна.

4.2. Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагчийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

4.3. Нэхэмжлэгч Байгал******* ХХК нь улсын бүртгэлийн,*******,9 дугаар бүхий бүтээгдэхүүний загварын патентыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.  

 

5. Патентийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д зааснаар патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалахыг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгч Байгаль******* ХХК-ийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвар бүхий гоёлын зүйлсийг худалдан борлуулсан гэм буруутай болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

8. Нэхэмжлэгч “Байгаль*******” ХХК нь хатан ээмэг 10,245 төгрөгийн үйлдвэрийн зардал, 364,900 төгрөгийн үнэтэй бөгөөд уг бүтээгдэхүүний борлуулалт 2019 онд өмнөх оноос 34 ширхэгээр буурсан тул 34 ширхэг бүтээгдэхүүний үйлдвэрийн зардал 348,330 төгрөг, олох ёстой орлого 12,061,636 төгрөг,

Өлзий бөгж 3718 төгрөгийн үйлдвэрийн зардал, 168,500 төгрөгийн үнэтэй бөгөөд уг бүтээгдэхүүний борлуулалт 2019 онд өмнөх оноос 55 ширхэгээр буурсан тул 55 ширхэг бүтээгдэхүүний үйлдвэрийн зардал 204,490 төгрөг, олох ёстой орлого 9,063,010 төгрөг,

Өлзий хар манатай зүүлт 128,889 төгрөгийн үйлдвэрийн зардал, 1,230,111 төгрөгийн үнэтэй бөгөөд уг бүтээгдэхүүний борлуулалт 2019 онд өмнөх оноос 9 ширхэгээр буурсан тул 9 ширхэг бүтээгдэхүүний үйлдвэрийн зардал 1,160,001 төгрөг, олох ёстой орлого 11,070,999 төгрөг,

Өлзий энгэрийн зүү 77,325 төгрөгийн үйлдвэрийн зардал, 545,500 төгрөгийн үнэтэй бөгөөд уг бүтээгдэхүүний борлуулалт 2019 онд өмнөх оноос 13 ширхэгээр буурсан тул 13 бүтээгдэхүүний үйлдвэрийн зардал 1,005,225 төгрөг, олох ёстой орлого 6,086,275 төгрөг, нийт бодит хохирол 2,718,046 төгрөг, олох ёстой орлого 38,281,920 төгрөг, нийт 40,999,966 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлиин үндэслэлээ тодорхойлсон.

 

9. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр хатан ээмэг 10,245 төгрөгөөр, өлзий бөгж 3,718 төгрөгөөр, өлзий хар манатай бөгж 128,889 төгрөгөөр, өлзий энгэрийн зүү 77,325 төгрөгөөр бүтээгдэхүүний загварыг гаргах, үйлдвэрлэхэд гарсан зардлын хэмжээг тус тус тогтоосон байна.

 

10. Хариуагч нь нэхэмжлэгч Байгаль******* ХХК-ийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвар бүхий гоёлын зүйлсийг худалдан борлуулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

 

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Байгаль*******” ХХК-ийн 2018 оны материалын зарлагын падан, борлуулалтын үзүүлэлт бүхий хүснэгтээр 2019 онд хатан ээмэгний борлуулалт 34 ширхэгээр, өлзий бөгжний борлуулалт 55 ширхэгээр, өлзий хар манатай зүүлтний борлуулалт 9 ширхэгээр, өлзий энгэрийн зүүний борлуулалт 13 ширхэгээр тус тус буурсан болохыг нотлохгүйгээс гадна нэхэмжлэгч Байгаль******* ХХК-ийн нэр бүхий 4 бүтээгдэхүүний 2019 оны борлуулалт 2018 оны борлуулалттай ижил хэмжээнд байх үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гаргасан баримтаас үзэхэд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, түүний хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

 

12. Иймд нэхэмжлэгчид 34 ширхэг хатан ээмэг, 55 ширхэг өлзий бөгж, 9 ширхэг өлзий хар манатай зүүлт, 13 ширхэг өлзий энгэрийн зүү худалдан борлуулж олох ёстой орлого 38,281,920 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

13. Түүнчлэн нэхэмжлэгч Байгаль******* ХХК нь дээрх бүтээгдэхүүнийг худалдан борлуулж олох ёстой орлогыг нийт өртөгөөр нэхэмжилж байгаа нөхцөлд уг бүтээгдэхүүний загварыг гаргах, үйлдвэрийн зардал зэрэг нь багтсан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчээс уг бүтээгдэхүүний загварыг гаргах, үйлдвэрийн зардлыг тусад нь нэмэгдүүлэн шаардаж буй үндэслэлийг тодорхойлж, түүнийг нотлох үүргээ биелүүлээгүй.

 

14. Нөгөө талаас хариуцагч нь нэхэмжлэгч “Байгаль*******” ХХК-ийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч тэдгээр бүтээгдэхүүнийг борлуулсан тоо хэмжээг баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хатан ээмэг 34 ширхэг, өлзий бөгж 55 ширхэг, өлзий хар манатай зүүлт 9 ширхэг, өлзий энгэрийн зүү 13 ширхэг зэргийг тус тус худалдан борлуулсан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй тул уг бүтээгдэхүүний загварыг гаргах, үйлдвэрийн зардал 2,718,046 төгрөгийн хохирол гаргуулах “Байгаль*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

15. Дээрх үндэслэлээр хариуцагчээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 40,999,966 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Байгаль******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

16. Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШТ2023/00248 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтээр “Байгаль*******” ХХК-ийн хатан ээмэг, өлзий бөгж, өлзий хар манатай зүүлт, өлзий энгэрийн зүүлт зэрэг бүтээгдэхүүний загварыг гаргах, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан зардлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж шийдвэрлэсэн. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр “өлзий хар манатай зүүлт”-ний загварыг гаргах, уг бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд гарсан зардлын хэмжээг тогтоогоогүй. Харин “өлзий хар манатай бөгж”-ний загварыг гаргах, уг бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд гарсан зардлын хэмжээг тогтоосон байх ба шинжээч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч “Байгаль*******” ХХК-ийн гаргаж өгсөн бүтээгдэхүүн болох өлзий хар манатай бөгжний шинжилгээг хийсэн” гэж тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болсон бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүнийг шинжилгээнд гаргаж өгсөн нь түүний нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгт хамааралтайгаас гадна талууд шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй тул шүүхээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

17. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагчээс эд хөрөнгө учирсан гэм хорын хохирол 40,999,966 төгрөг гаргуулах “Байгаль*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ

                                                                  

    ШҮҮГЧИД                                                       А.ЗҮМБЭРЭЛ

                                                                                                                               

Д.УРАНЗУЛ