Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00506

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00506

 

 

 

 

Г.А-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/00315 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон зээл 559 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 10 656 213 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г ХХК нь 2017.3.10-ны өдөр ЗГ1415тоот зээлийн гэрээ байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 559 000 төгрөгийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан. Зээлийн гэрээний 2.1.6-т зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 559 000 төгрөгийг шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон.

Зээлдэгч нь зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож гэрээний үүргээ зөрчсөн. Иймээс хариуцагч Г наас дутуу олгосон үнийн дүн болох 559 000 төгрөгийг, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 10 656 213 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд 2017.3.10-ны өдөр ЗГ1415 дугаартай зээлийн гэрээ байгуулж 55 900 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний 2.1.6, 2.7-т шимтгэлийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ, 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна.

Өөрөөр хэлбэл банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байгаа нь зээлийн шимтгэл авахыг хориглосон ямар нэг утга агуулаагүй бөгөөд харин ч талууд зээлийн болзол, нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн байна. Зээлийн гэрээний 2.2-т Зээл нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө 2.3-т Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шилжүүлснээр, бэлнээр авах тохиолдолд Зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг график хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж зааснаас үзвэл зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн. Нэхэмжлэгч банкийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т зааснаар алдсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд банкны зүгээс энэхүү хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ алдсан зүйл огт биш юм. Иргэний хуулийн 223.2 болон 224.3.2-т заасан зохицуулалт нь Үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тодорхой үйлдэл хийх ёстой. Банк зээлдэгчийн өмнө зээлийн гэрээний 3.5.1 Банк зээл олгосон даруй зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. 3.5.3 Банк зээлдэгчид дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан банкны ерөнхий нөхцөлийг баримтлан зээлдэгчийн хүссэн банк санхүүгийн бусад үйлчилгээг соёлч боловсон чирэгдэлгүй үзүүлнэ гэсэн үндсэн үүргийг хүлээсэн. Банк энэхүү үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгож, зохих бүртгэлийг явуулж ирсэн. Мөн нэхэмжлэгчийн дурдсан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх буюу зээлдэгчийг зээлээ төлөх нөхцөл боломжийг олгож зээлдэгчийн данснаас зээл, зээлийн хүүний төлбөрийг суутган авах үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г ХХК-иас дутуу олгосон зээл болох 559 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 10 656 213 төгрөгийг буцаан гаргуулах тухай Г.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 920 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:1.Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буцаан шаардсан асуудлын хүрээнд: Зээлдэгчийг К ХХК-д 46 400 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйг Г ХХК-ийн зүгээс мэдсэн болох нь зээлийн судалгаа, дүгнэлт, зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны хурлын тэмдэглэл зэрэг баримтаас харагддаг. Мөн зээлийн судалгаа, дүгнэлт гэх баримтыг ЗҮАЖ-ын дагуу харилцааны менежер боловсруулж, салбарын захирал хянадаг. Энэхүү баримтад хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох 55 900 000 төгрөгийн 46 400 000 төгрөгөөр К ХХК-ийн зээл хаахаар судалж, энэ талаар маш тодорхой тусгасан. К ХХК-ийн барьцаанд байгаа 2 ширхэг орон сууцыг Г барьцаалахаар танилцуулга судалгааг бэлтгэн холбогдох зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаас маш тодорхой харагддаг. Г ХХК-аас зээл авахын тулд барьцааг чөлөөлөх шаардлага үүссэн. Барьцаагүй нөхцөлд Г зээл олгохгүй байсан. Барьцааг чөлөөлөхийн тулд К ХХК-ийн зээлийг хаах зайлшгүй шаардлага үүссэн.

Ийм учир 55 900 000 төгрөгийн 46 400 000 нь К ХХК-ийн зээл рүү орсон гэж агуулгын хувьд үзэх бүрэн үндэслэл бий. Учир нь зээлдэгчид мөнгө байхгүй учир харилцааны менежер Э.Н зээл хаадаг хүмүүст ханд, тэгээд К зээлээ хаалгуулаад, барьдаа чөлөөлөөд дараа нь манай зээл гармагц тэр зээл хаасан хундээ буцаагаад өгчих гэж хэлсний дагуу Э.Б гэх хүнээс 45 500 000 төгрөгийн зээл авч К ХХК-ийн зээлийг хааж, барьцаагаа чөлөөлөн Г ХХК-ийн барьцаанд тавьж зээлээ аваад Э.Б мөнгийг 300 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 45 800 000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаас харагдаж байгаа. Э.Б нь 50 тоот дансаар нэхэмжпэгчид 45 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэ нөхцөлд зээлдүүлэгч талд бодит байдал дээр 55 900 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар бодитоор ашиглах боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй юм. 55 900 000 төгрөгийн 46 400 000 өөр зээлийг хаахыг хариуцагч мэдэж байсан. Хөрөнгө оруулалтын зээлээр өөр зээлийг хааж болохгүй талаар харилцааны менежер Э.Н гэрчээр мэдүүлсэн. 46 400 000 төгрөгөөр К зээлийг хаах гэж судалснаа үгүйсгээгүй. 55 900 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, олгохгүй гэдгээ урьдчилж мэдэж байсан. Энэ нөхцөлд 55 900 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг хангасан мэтээр үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь буруу гэж маргасан. Энэ нь маргааны гол зүйл юм. Үүнийг хэргийг шийдсэн шүүгч анхаарч үзээгүй байна. Энэ тохиолдолд хүү тооцон авах эрхээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т зааснаар алдсан.

Мөн процессын зөрчил гарсан. Э.Б гэх хүнийг гэрчээр асуулгаж, Г.А нь өөрөөс нь ямар зорилгоор зээл авч байсан талаар тодруулах зорилгоор түүний дансны дугаараар Х мэдээллийг гаргуулах хүсэлтийг тавьсан боловч шүүх хангаагүй. Нэхэмжлэгчид түүний дансны дугаар, овог, нэрээс өөр мэдээлэл байхгүй байсан учир шүүх хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан. 2020.3.7-ны өдөр зээлийн дэд хорооны шийдвэрээр дор дурдсан орон сууцуудыг барьцаалахаар шийдвэрлэж байхад К зээл хаагдаагүй байсан. Товчхондоо, К зээлийг хааж, барьцааг чөлөөлөх нь тодорхой байсныг илтгэж байгаа хэрэг юм. Өөр банк дах зээл нь хаагдаагүй байхад барьцааг нь барьцаалахаар зээлийн хороо нь шийдсэн.

2. Зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлын хувьд: Банк зээлдэгчид өгсөн мөнгөний хариу төлбөрт хүү авч байгаа. Хүүн дээр нэмж шимтгэл авах нь буруу. Энэ нь Иргэний хуулийн 202.1-т нийцэхгүй. Зээлийн хяналт, шинжилгээ нь зээлийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн үйл ажиллагаа учир энэхүү ажлын зардал зээлийн хүүнд багтсан байх учиртай.

Бодит байдал дээр зээлийн хяналт шинжилгээнд 559 000 төгрөгийн бодитой зардал гарсан зүйл байхгүй. Энэ талаар хариуцагч ийм хэмжээний зардал гарснаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Харилцагчийн данснаас 559 000 төгрөгийг дур мэдэн суутган авах эрх банкинд огт байхгүй. Гэрээнд шимтгэлийг хэзээ хэрхэн ямар данснаас яаж суутгахыг заагаагүй. Харилцагчийн харилцах данснаас өөрийнх нь зөвшөөрөлгүй дур мэдэн гүйлгээ хийж авдаг зүйл бол гэмт хэрэг. Монголбанк хууль бус журам гаргавал шүүх дагах албагүй. Шүүх хууль зарчмаа л барих ёстой. Банк өөрөө нөхцөлөө тогтоох асуудлыг шууд шимтгэлийг тогтоож авна гэж ойлгож болохгүй. Энэ зохицуулалт үнэ тогтооход хамаарахгүй. Хэрэв үүнийг тэгж ойлговол дараа нь хөлс гэж өөр зүйл давхардуулж авна, бичиг цаасны зардал гэж авна, бензин тосны мөнгө гэж авна. Энэ бүхэн чин хүүндээ шингэчихсэн байгаа.

3. Шүүгчийн хууль бус захирамжийн тухайд: Зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа тухайн заалтын хүчин төгөлдөр бус болсны үр дагавар болох 559 000 төгрөгийн хүрээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл зээлийн гэрээний нийт үнийн дүн болох 55 900 000 төгрөгөөс төлөх ёстой гээд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж нэхэмжлэлийг авахаас татгалзсан. Гэрээний нэг заалтыг хүчин төгөлдөр бус болгохын тулд тэр гэрээг заавал бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн хууль байхгүй. Иймээс шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь шимтгэл нэрээр суутган авсан, дутуу олгогдсон зээл 559 000 төгрөг, зээлийн хүүд 10 639 166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17 046 нийт 10 656 213 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээгээр 55 900 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлж авсан үйл баримт тогтоогджээ.

Гэрээний нөхцөлд талууд 55 900 000 төгрөгийг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай, жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай байхаар,зээл,хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /1-р хх 4-8/

Г ХХК нь нэхэмжлэгч Г.А-ийн Г ХХК-ийн 1415111359 тоот дансанд  2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 55 900 000 төгрөгийг /гүйлгээний утга ХО зээл/ гэж шилжүүлсэн, шимтгэлд 559 000 төгрөгийг суутган авсан болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон. / 1-р хх 44,48/

Түүнчлэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-д хандаж нэхэмжлэгч нь бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж байсан баримт хэрэгт авагджээ. / 1-р хх 102-112/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь эхний шаардлага түүний үндэслэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415 тоот зээлийн гэрээгээр 559 000 төгрөг дутуу олгосон, шимтгэл авах тухай тохиролцоо нь зээлдэгчид илтэд хохиролтой, хууль зөрчсөн нөхцөл, шимтгэл нэрээр данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн суутган авч 559 000 төгрөгөөр гэрээний үүргээ дутуу биелүүлсэн гэсэн бол хоёр дахь шаардлага, үндэслэлийг эргэн төлөгдөх боломжгүй буруу тооцоолол судалгаатай зээл олгосон, Г ХХК-ийн зээлийн хорооны шийдвэр,тооцоолол, судалгаа анхнаасаа буруу, төлөгдөх боломжгүй нөхцөл бүхий зээлийг олгож зээлийн үйл ажиллагааны журмаа ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруу гэж тодорхойлжээ. /1-р хх 75-77/ Мөн Г ХХК мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү тооцон авах эрхээ алдсан тул 10 656 213 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

Талуудын хэн нь гэрээний үүрэг зөрчсөн, хэн нь ямар буруутай, зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу хүлээвэл зохих нийт үүрэг хэд болохыг бүхэлд нь дүгнэн үзэхгүйгээр зөвхөн 10 656 213 төгрөгийг хэсэгчлэн авч дүгнэх боломжгүй юм. Гэрээний талуудын хэн нь ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, зохих ёсоор биелүүлсэн эсэхийг гэрээг бүхэлд нь дүгнэн үзэж байж тогтоох боломжтой үйл баримт юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага, үндэслэлийн хувьд тодруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс гэрээг хэсэгчлэн авч үзэж, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулахдаа зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авсныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Талууд зээлийн гэрээний хувьд бүхэлд нь мэтгэлцэж байж зээлийн тооцоолол, талуудын гэм буруугийн асуудал, 10 656 213 төгрөгийг буцаан гаргуулах эсэх тодорхой болох юм.

Түүнчлэн эхний 559 000 төгрөгийн зээл дутуу олгосныг буцаан гаргуулахаар шаардсан үндэслэл тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүхээс Г ХХК нь зээлдэгч Г.А-ийн дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж буруу дүгнэжээ.

Зохигчийн хоорондын гэрээний үүргийн биелэлт аль шатандаа явж байгаа талаар талууд зөрүүтэй тайлбарласан. Хариуцагч нь гэрээ цуцлагдсан гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Зээл 55 900 000 төгрөгийн 46 400 000 төгрөгөөр К ХХК-ийн зээлийг хаалгахаар судалгаа хийж зээлийг зохион байгуулж олгосон Г ХХК-ийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирсон талаар тайлбарлажээ. Өөрөөр хэлвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил, хууль зөрчин хохироосон ажиллагаа гэх зэргээр тайлбарлажээ.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон эсэхэд маргаж байгааг тодруулж тогтоох нь зүйтэй. Гэрээг бүхэлд нь дүгнэн үзэж хэн гэрээг яаж зөрчсөн, хэн хугацаа хэтрүүлсэн, зээлдэгчийн эцсийн төлбөл зохих дүн хэд болохыг тогтоохгүйгээр хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Энэ талаар талууд мэтгэлцээгүй байна.

 

Маргааны үйл баримтыг тогтоогдоогүй. Түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна, шимтгэл авч байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаад, нийт гэрээний үнийн дүнд бүхэлд нь улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр захирамждаа заасан нь зөрчилтэй болсон байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцээх, хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/00315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД