Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/00315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар  / овогт Г.А-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: хаягт байрлах, /регистрийн дугаар /, Г банк ХХК-нд холбогдох

 

Дутуу олгосон зээл болох 559,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн төлөөлөгч Г.Жавхлан, Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А- шүүхэд болон төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г банк ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 559,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан. Зээлийн гэрээний 2.1.6-т зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 559,000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон. Дээрх хууль бус үйлдлээр арилжааны банк үнэндээ гэрээгээр тохирсон хэмжээнээс нийт 559,000 төгрөгийг дутуу гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Зээлдэгч нь зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-т заасныг зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс хариуцагч Г банкнаас дутуу олгосон үнийн дүн болох 559,000 төгрөгийг, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 10,656,213 төгрөгийг буцаан гаргуулна гэв.

 

Хариуцагч Г банк ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Жавхлан, Б.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А- болон Г банк нар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар Зээлийн гэрээний 2.1.6, 2.7-т шимтгэлийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ, 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна. Өөрөөр хэлбэл банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байгаа нь зээлийн шимтгэл авахыг хориглосон ямар нэг утга агуулаагүй бөгөөд харин ч талууд зээлийн болзол, нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн байна. Зээлийн гэрээний 2.2-т Зээл нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө 2.3-т Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шилжүүлснээр, бэлнээр авах тохиолдолд Зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг график хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж зааснаас үзвэл зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн. Нэхэмжлэгч банкийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т зааснаар алдсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд банкны зүгээс энэхүү хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ алдсан зүйл огт биш юм. Иргэний хуулийн 223.2 болон 224.3.2-т заасан зохицуулалт нь Үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тодорхой үйлдэл хийх ёстой. Банк зээлдэгчийн өмнө зээлийн гэрээний 3.5.1 Банк зээл олгосон даруй зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. 3.5.3 Банк зээлдэгчид дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан банкны ерөнхий нөхцөлийг баримтлан зээлдэгчийн хүссэн банк санхүүгийн бусад үйлчилгээг соёлч боловсон чирэгдэлгүй үзүүлнэ гэсэн үндсэн үүргийг хүлээсэн. Банк энэхүү үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгож, зохих бүртгэлийг явуулж ирсэн. Мөн нэхэмжлэгчийн дурдсан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх буюу зээлдэгчийг зээлээ төлөх нөхцөл боломжийг олгож зээлдэгчийн данснаас зээл, зээлийн хүүний төлбөрийг суутган авах үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч Г банк ХХК-нд холбогдуулан дутуу олгосон зээл болох 559,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн хүүгийн төлбөрт 10,639,166.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,046.70 төгрөг нийт 10,656,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Зээлдүүлэгч Г банк ХХК нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан өөрийнх нь зөвшөөрөлгүй данснаас нь мөнгө суутган авах эрх олгогдоогүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Г банк ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээний 2.1.6. шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувиар төлнө тохиролцсон гэж маргаж байна.

 

Хариуцагч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээнээс үүдэлтэй Г банк ХХК, Г.А-тай хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-гийн Г банкны 1415111359 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 55,900,000 төгрөгийг /гүйлгээний утга ХО зээл/ гэж шилжүүлсэн, шимтгэлд 559,000 төгрөгийг суутган авсан болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 44,48 тал/

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ыг хавсралтаар баталж, хавсралтын 4.1.Харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл хэмжээг банк тогтооно гэж зохицуулжээ.

 

Хариуцагч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6.Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь 2.7.Энэ гэрээний 2.1.6-д заасан зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банканд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг нэг удаа авна гэж тохиролцсон байна.

 

Талууд Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний 2.1.6-т зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 559,000 төгрөгийг шимтгэл нэрээр суутган авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн Г банк ХХК-иас зээлийн үнийн дүнгийн 1 /нэг/ хувийг буюу 559,000 төгрөгийн зээлийн шимтгэл суутган авч, дутуу олгосон зээл болох 559,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал зээлийн хүү 10,639,166.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,046.70 төгрөг нийт 10,656,213 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын үндэслэлээ Г банкны зээлийн хорооны шийдвэр түүгээр гаргасан тооцоолол, судалгаа шинжилгээ нь анхнаасаа буруу байсны улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн өрөнд орж эхэлсэн. Анхнаасаа төлөх боломжгүй нөхцөл бүхий зээлийг олгож өөрийн зээлийн үйл ажиллагааны журмаа ноцтой зөрчсөн гэж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.А- нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Г банк ХХК-д хандаж Бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул 70,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл хүссэн өргөдөл гаргаж холбогдох баримтыг ирүүлсэн болох нь Зээлийн хувийн хэрэг, Зээлийн дэд хорооны шийдвэр, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 102-112/

 

Зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ байгуулж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033483 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол/14180/ Ногоон нуур гудамж 504 байр 84 тоот хаягт байршилтай, 39,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033484 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол/14180/ Ногоон нуур гудамж 504 байр 83 тоот хаягт байршилтай, 37,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Дээрх барьцааны гэрээнүүдэд барьцаалуулагчийг төлөөлөн Г.А-, П.Туул нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

 

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ИГ1415112089, ИГ1415112089-А дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Г банк нэр дээр бүртгэл хийгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа-гаар тогтоогдож байна. /хх-ийн 53-54 тал/

 

Зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ байгуулахдаа Зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. /хх-ийн 113-130 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байх тул Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авсныг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Г банк ХХК нь зээлдэгч Г.А-гийн дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас дутуу олгосон зээл болох 559,000 төгрөг, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 10,656,213 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г банк ХХК-иас дутуу олгосон зээл болох 559,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 10,656,213 төгрөгийг буцаан гаргуулах тухай Г.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,920 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ