Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0437

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар0221/МА2017/0437

Улаанбаатар хот

Б.Б, Ж.Д нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ч, хариуцагч “Б ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Б ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Ж.Д нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “У ц т с” ТӨХК, “Б ч” ХХК-иудад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нар 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаар Барилгьн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, “У ц т с” ТӨХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 дугаар техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах, Г.Б газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, түүний өмчлөх Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоотод байрлах нэгж талбарын 18647311787390 дугаар бүхий газрын баруун талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдлийн о\с ХТП-2670 дэд станц бариулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний “У ц т с” ХК-иас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, бусдын эрхийг зөрчиж олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөлөөр баригдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдлийн о\с ХТП-2670 дэд станциас “Т п” ХХК-д орон сууцны эрчим хүчний шугам татах техникийн нөхцөл олгосныг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах, Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, 53 дугаар сургуулийн баруун талд “Т п” ХХК-ийн Орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зургийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр:

“Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, “Барилгын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.15, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1, “Эрчим хүчний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1, 3.1.5, 3.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын Эрчим хүчний зураг төсөл, барилга угсралтын “Б ч” ХХК-ийн “Т П” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй Ажлын зураг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 06/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох, “Ур ц түгээх с” ТӨХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн №2745/2013 дугаар техникийн нөхцөлийг хүчингүй болгохыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч “Б ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг. Харин шүүхээс ажлын зургийг нотлох баримтаар үнэлэхдээ зөвхөн “Б ч” ХХК нь хууль зөрчиж зурсан мэтээр үнэлсэн нь үнэнд нийцэхгүй байна. Учир нь “Б ч” ХХК зургийг зохих журмын дагуу буюу Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм, “У ц т с” ТӨХК-ийн баталсан техникийн нөхцлийн дагуу зурсан.

ВСН13-033 шифртэй орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн зургийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “У ц т с” ТӨХК хянан зөвшөөрсөн байхад энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр зөвхөн “Б ч” ХХК зурсан гэдгийг тогтоожээ. Цахилгаан шугамын зургийг боловсруулсны дараа зургийг техникийн нөхцөл, хууль тогтоомжийн дагуу хийгдсэнийг баталгаажуулж зөвшөөрсний дараа зургийн дагуу ажил хийгдэх нөхцөл бүрддэг болохыг тогтоож чадаагүй.

Нөгөөтэйгүүр “У ц т с” ТӨХК-ийн Техникийн зөвлөлийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан “У ц т с” ТӨХК-ийн Техникийн шаардлагын тодорхойлолтын /Хүчний кабель суурилуулах/ 3.3-т “Кабель шугамыг суурилуулах угсралтын ажлын гэрээлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллага байна. “У ц т с” ТӨХК газар эзэмшигч болон газар доорх байгууламж, шугам сүлжээг эзэмшигчээс бичгэн зөвшөөрөл авсны дараа гэрээлэгчид ажил хийх эрхийг нь олгоно” гэж заасан. Газар эзэмшигчээс зөвшөөрлийг “У ц т с” ТӨХК авах үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

“У ц т с” ТӨХК-ийн Техникийн шаардлагын тодорхойлолтын /Хүчний кабель суурилуулах/ 4.1-т “Төлөөлөгч нь шуудуу ухахтай холбоотой ажлыг бүрэн хариуцна” гэж заасан. /хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол/ Кабель шугамын угсралтын ажил эхлэхээс өмнө газар эзэмшигч болон газар доорх байгууламж, шугам сүлжээг эзэмшигчээс бичгэн зөвшөөрөл авна. Зөвшөөрлийн бичигт газар доорх байгууламж, шугам сүлжээний байршил ба оршиж байгаа гүний хэмжээг заасан план зураг хавсаргасан байх ёстой.

Гэрээлэгч нь ажил эхлэхээс өмнө трасс ба замын байдалтай газар дээр нь биечлэн танилцах ба план зураг дээр тусгагдаагүй инженерийн байгууламж, шугам хоолой, байлдааны зэвсэг болон бусад зүйлс илэрвэл эзнийг нь тогтоож холбогдох байгууллагаас ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл автал газар шорооны ажлыг зогсооно.

Гэрээлэгч нь угсралтын ажлын явцад нийтийн эзэмшлийн зам, талбай, бусдын эзэмшлийн инженерийн байгууламжийн ажиллагаанд гэмтэл учруулсан бол энэ тухай холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, үүссэн хохирол, гэмтлийг засварлах зардлыг хариуцан нөхөн төлөх үүрэгтэй. Гэрээлэгч нь ажил хийх явцад хүмүүст аюул учруулахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авахаас гадна шаардлагатай анхааруулах тэмдэг ба дохионы гэрлүүдээр хангагдсан байна гэж заасан бөгөөд энэхүү ажиллагааг “Т п” ХХК гүйцэтгэсэн байх үүрэгтэй.

Гэтэл уг асуудлыг хэрэгжүүлсэн эсэхийг шүүхээс бүрэн тогтоогоогүй зөвхөн нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “Б ч” ХХК-ийг хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаагүй мөн нэхэмжлэлд дурьдаагүй байхад шүүгч дур мэдэн “Б ч” ХХК-ийг хариуцагчаар татсан тус компанийн эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулж байна.

Нэхэмжлэгч нар “Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн баруун талд “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 211/ШТ2017/0051 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10541 дүгээр захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэснийг хэргийн оролцогч нарт “Б ч” ХХК-ийг хариуцагчаар татах шийдвэр мэтээр тайлбарлаж 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 976 дугаар захирамжаар “Б ч” ХХК-ийг хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын тодорхойлолтод “Б ч” ХХК нь нийцэхгүй байгаа тул тус хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б гаргасан “…газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбогдуулж шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 976 дугаар захирамжаар уг зургийг боловсруулсан “Б ч” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хэргийг шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн зорилт, Захиргааны ерөнхий хуулийн агуулгатай зөрчилдсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “захиргааны байгууллага” гэдэгт “Б ч” ХХК хамаарахгүй, иймд захиргааны хэргийн шүүхийн хариуцагчаар татагдах ёсгүй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШТ2017/0051 дүгээр тогтоолоор дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “…анхан шатны шүүх төрийн байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон тухайн үйлдлийг захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй” гэснээс бус “…“Б ч” ХХК нь захиргааны байгууллагад хамаарахгүй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн статустай…” гэсэн шүүгчийн дүгнэлтийг огт буруутгаагүй байна.

Үндсэндээ “Б ч” ХХК-ийн боловсруулсан “Т п” ХХК-ийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажлын зургийг “УБЦТС” ТӨХК болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулснаар сая цахилгаан дамжуулах шугамын ажил гүйцэтгэгдэх нөхцөл бүрдсэн талаар давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоолд тодорхой дүгнэсэн байхад үүнийг анхаараагүй, мөн уг нэмэгдүүлсэн шаардлагыг захиргааны аль байгууллагад холбогдуулж гаргаж буйг нэхэмжлэгчээс тодруулалгүй нь буруу болжээ.

Иймд “…газар өмчлөх эрхийг зөрчиж хийсэн “Т П” ХХК-ийн орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлж татах, татагдсан хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар, шаардлагатай тохиолдолд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах ажиллагааг хийх нь зүйтэй.

2.Анх шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 6342 дугаар захирамжаар иргэн Б.Б, Ж.Д нарын гаргасан “…“УБЦТС” ТӨХК-иас олгосон 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах болон бусад шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэхүү шаардлагыг бичиглэлийн хувьд өөрчлөн “бусдын эрхийг зөрчиж хууль бус зөвшөөрлөөр баригдсан дэд станцаас “Т п” ХХК-д орон сууцны эрчим хүчний шугам татах техникийн нөхцөл олгосныг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэн гаргасныг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 9329 дүгээр захирамжаар “…өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгогдоогүйг дурдаад нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн…” гэсэн үндэслэлээр, улмаар нэхэмжлэгч Б.Б энэхүү шаардлагыг дахин 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч шүүгчийн мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10541 дүгээр захирамжаар “…нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчинтэй байгаа…” гэсэн үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзжээ.

Захиргааны хэрэг үүсгэсэн болон дээрх байдлаар татгалзаад байгаа шаардлагууд агуулгын хувьд ижил байхад нэхэмжлэгчээс нэгэнт үүсгэсэн шаардлагаа дахин яагаад нэмэгдүүлээд байгаа нь, тухайн тохиолдол бүрт гаргаж буй шаардлага нь захиргааны хэрэг үүсгэсэн шаардлагатай агуулгын хувьд ижил байгаа эсэхийг анхан шатны шүүхээс тодруулан шалгалгүйгээр дээрх байдлаар дахин дахин татгалзаад байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна үүнийг зөвтгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Үндсэндээ “УБЦТС” ТӨХК-иас “Т п” ХХК-д олгосон 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2745/2013 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн болон хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн аль аль нь хүчинтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон8

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу “Б ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН