Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00509

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00509

 

Э.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00461 дугаар шийдвэртэй

Э.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Уд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр Л.Уд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Л.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Л.Уаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Эгээс 2019 оноос хойш мөнгө зээлсэн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгөн хөрөнгийг бэлнээр тоолж авсан. Харин мөнгөнөөс нийт 2 400 000 төгрөгийг 5 хоногийн хүүд тооцож төлсөн. Уг 2 400 000 төгрөгийг төлөхдөө бэлнээр төлсөн. Иймд 21 600 000 төгрөгөөс миний төлсөн 2 400 000 төгрөгийг хасч, үлдэх 19 200 000 төгрөгийг төлнө гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Уаас 21 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Э.Эгийн нэхэмжлэлтэй Л.Уд холбогдох иргэний хэрэгт Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00461 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний зүгээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлсэн нь бөгөөд дээрх 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь надад бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд бодит байдлыг шударгаар хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс бэлнээр 480 000 төгрөгөөр 5 хоногийн хугацаанд нийт 2 400 000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүхэд худал мэдүүлэг өгч шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй байна. Мөн би Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархадны 87 тоот Эх дэлхий зах-д архи, пиво, ундааны бөөний лангуу ажиллуулж хуваариа хөдөлмөр эрхэл бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбогдуулан улс орон даяар хатуу хөл хорио тогтоож энэ хугацаанд архи согтууруулах удаа худалдаалахыг Нийслэлийн засаг даргын захирамжаар хориглож үйл ажиллагаа бүрэн зогсонги байдал орсон болно. Гэвч энэ талаар дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үурэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасны дагуу зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэргийн чухал хэсгүүдэд дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 101/ШШ2021/00461 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 21 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг бэлнээр төлсөн 2 400 000 төгрөгийг хасч 17 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Л.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00461 дугаар шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг Б.Ганчимэг гэж бичсэн атлаа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00461 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл үйлдсэн гэж гарын үсэг зурж тамга даржээ. /хх.27-35/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл, тэмдэглэлд дурдсан мэдээлэл нь нотлох баримт болно. Хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00461 дугаар шийдвэр, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00461 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл 2 өөр хүний нэрээр бичигдсэн байгаа нь тухайн шийдвэр тэмдэглэлийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Мөн шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсэгт 21 000 000 төгрөг гэж бичсэн байгаа нь зөрчилтэй болсон байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцаанд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00461 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО