Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 25

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00842/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.О-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.О-гийн давж заалдах гомдлыг үндэслэн

          2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М- /цахимаар/, хариуцагч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр О-тэй 2004 онд танилцаж, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2005 оны 11 дүгээр сарын 10-нд хүү О.П-, 2009 оны 01 дүгээр сарын 26-нд охин О.Д-, 2011 оны 04 дүгээр сарын 18-нд хүү О.Д-, 2013 оны 09 дүгээр сарын 24-нд хүү О.Б- нар төрсөн. Нөхөр бид 2 үл ойлголцлын улмаас 2 эгчийн хамт согтуу ирж агсам тавьж 4 хүүхдийн хамт гэрээс хөөж орох орон гэргүйн түр хамгаалах байранд 47 хоног хоносон. Тэр хугацаанд нөхөртэйгөө эвлэрэхийг хүссэн боловч эгч нар нь байнга оролцож, дарамт үзүүлэн эвлэрүүлээгүй. Нөхөр эгчийнхээ үгэнд орж хэд хэдэн удаа гар хүрсэн. Энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж, 4 хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О- миний бие Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн 2004 онд Б.М-тай гэр бүл болж бид дөрвөн хүүхдийн аав, ээж болсон. Том хүү П-, охин Д-, хүү Д-, Б- нар.

Бид 2013 онд Дархан-Уул аймагт аав, ээжийн хамт шилжин ирж суурьшсан. Энд амьдарч байх хугацаанд биднийг олон хүүхэдтэй, би айлын бага болохоор ах, эгч маань дэмжээд том жижиг нийлсэн 11 үхэр, аав, ээж нийлээд тооны хонь, үхэр өгч өөрийн хэдэн мал дээр нэмэр хийн ажиллаж амьдар гээд Ноён хонгорт Хөтөл хороололд суурьшуулж өгсөн. Мөн 2016 онд залуу гэр бүлийг дэмжсэн малжуулах төсөлд хамрагдахад туслан төсөл хэрэгжиж дуустал анхаарал тавьж зарим сарын төлөлтийг төлж өгч тус болж байсан. Бидний салах дээр тулсан амьдралыг Б.М- өөрөө хийчхээд эгчийг гүтгэн Б.О- намайг хүчирхийлэгч болгон өргөдөлд бичсэнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.О- би 2017 оны намар ээжийгээ гэнэт алдсан, 2019 оны өвөл эгчийгээ гээд надад тохиолдсон энэ их уй гашуудал нь миний хань болох Б.М-д боломж болсон. Тэглээ гээд би энэ хүнтэй тэр талаар муудаж, сайдаж байгаагүй.

2019 оны 04 сард Б.М-ын дүү Б.Б- Улаанбаатарт барилгын ажил авсан хамтраад хийе гэсэн санал тавьсны учир би явж ажилласан. Барилгын ажил цаг нартай уралддаг тул 7 сард наадмаар амраад ирсэн. Тэгтэл энэ хүн үг дуугарвал хэрэлдээд байсан.

Бид Ноён хонгороос хүүхдүүдээ сургуульд зөөхийн тулд Портер машинаа зараад Пит маркийн машин авсан. Энэ машиныг Б.М- мод мөргөсөн гэдэг боловч осол гаргаад ашиглах боломжгүй болгосон. Дараа нь 2 үхэр зараад цалингаа нэмэрлээд Сонота-6 маркийн машин авч өгсөн. Бид 2018 оны мал тооллогоор 34 үхэр тоолуулсан боловч үлдсэн 7-8 үхрээ 2019 оны тооллогод хамруулаагүй төдийгүй алдсан, машинд дайруулсан, үхсэн гэх боловч одоогийн байдлаас үзэхэд энэ хүний гараар бүгд орсон.

2020 оны 01 дүгээр сарын 25-ны үед ажлаа дуусаад иртэл хашаанд малгүй 7-8 тооны үхэр үлдэхээр нь айлд тавьсан гэсэн боловч Г-ад нэг бяруу өгч харуулаад өөрөө машин унаж давхисан хүн болсон байсан. Цалин хөлсөө байнга эхнэртээ өгдөг өөртөө 20,000-30,000 төгрөг үлдээдэг байсан.

Б.М-ын хувьд 2019 оны 05 сард Ноён хонгорт байдаг дэлгүүрийн худалдагчаар ажилд орсон даруйдаа Ж-гийн Г- гэдэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болоод зогсохгүй 6 сартай жирэмсэн, хүүхдүүд болон өөрийн бүх хамаатнууддаа О- архичин болсон хотод хүүхэнтэй болсон гэж өөрийн хийсэн хэргээ надад тохон итгэтэл ярьж ухуулсан байсан.

...Би энэ хүнийг хөөгөөгүй гэртээ орхиод өөрөө явсан. Маргааш нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 11 цагийн үед очсон. Гэтэл хамаг юмаа аваад миний хөөрөг зэрэг мөнгө болох боломжтой зүйлүүдийг авсан бөгөөд Сонота-6 маркийн машиндаа чихээд явсан байсныг ээж Б- нь хэлсэн.

Гэр бүл цуцлуулахын хувьд удаа дараа итгэл алдаж байсан болохоор би хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэрээсээ зөрж байгаагүй өөрийнх нь аясаар бүх зүйлийг шийдэж хэрүүл тэмцэл хийхийг хүсдэггүй. Б.М- нь уурлахаараа ухаанаа алдаж хэлсэн ярьснаа мэдэхээ больдог. Би хүүхдүүддээ гар хүрдэггүй. Нэг удаа дэлгүүрээс хулгай хийсэн байхаар нь том хүүгээ бага зэргийн айлгаж, дахин хэрэг хийлгэхгүй гэж л гар хүрсэн. Ялангуяа охиноо энэ хүнийг дагуулмааргүй байна. Гэр бүл цуцлаад хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Надад үлдээсэн тохиолдолд эхээс нь тэтгэлэг авахгүй  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар М- овогт Б-гийн М- /РД:**********/, Т- овогт Б-гийн О- /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү О.П-, 2009 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн охин О.Д-, 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү О.Д-, 2013 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн хүү О.Б- нарыг эх Б.М-ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү О.П-, 2009 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн охин О.Д- нарыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү О.Д-, 2013 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн хүү О.Б- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.О-гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Гэрлэгчид нь одоогоор гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.О-гээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 129.171 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О- давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 8-12 насны 4 хүүхдийн хувь заяаг шийдвэрлэхдээ хариуцлагагүй хандлаа гэж бодож байна.

Шинжээчийн дүгнэлт гэдгээр хүүхдийн хувь заяаг шийдэж болохгүй байх, учир нь тэнд бичигдсэн зүйл бол огт худлаа ихэнх нь Б.М- өөрийнхөө гаргадаг ааш араншныг хэлж бичүүлсэн байсан. Түүгээр аюултай нөхцөл байдал гэж асуудлыг шийддэг нь шударга бус байна.

Би эхнэртээ гар хүрдэггүй харин Б.М- уурлахаараа юу хийж байгаагаа мэдэхээ больж намайг зодож, цохидог. Би ч түүний ааш араншинг мэдэх болохоор хэрүүл гарангуут гараад явдаг.

Би үр хүүхдээ хулгай хийхэд нь хараад өөгшүүлээд байж байх уу. Эцэг хүний ёсоор сургамж өгөхийг хичээсэн, нэг удаа. Айхтар зодож цохиогүй. Нарийн яривал би дарамтад байдаг хүн. Гэр орондоо хэрүүл гарсны төлөө хамгаалалтын төвд очиж намайг хэрэгтэн мэт болгож дарамталсан. Одоо ч үр хүүдээ эцгээс нь салгаж, дарамталж байна. Би түүнтэй хэрэлддэггүй. Эгч нар маань бидний амьдралд их тус дэм болдог. Эхнэр бид хоёрт арчаатай өөдтэй өнгөтэй амьдраач гэж эгч хүний ёсоор л загнахдаа загнаж, сургахдаа сургаж хэлдэг. Салах гол шалтгаан бол Б.М- гэр бүлээсээ гадуур хүнтэй эр эмийн харьцаа үүсгээд, жирэмсэн болоод, түүнийгээ эмнэлгээр авхуулсанд байгаа юм.

Гэр бүл цуцлахад би зөвшөөрсөн. Гэр бүл салах гол шалтгааныг бий болгож, түүнийгээ зөв мэтээр тайлбарлаж, үр хүүхдүүдээ өнчрүүлж байгаа түүнд хүүхдүүдийг даатгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би охиноо бага хүүтэйгээ өөр дээрээ авмаар байна. 4 үүлэнг нь өгсөн ч би өсгөж, хүмүүжүүлж чадна. Шүүх хурал дээр надад сайн тайлбарлах боломж олгоогүй. Шүүх учир шалтгааныг нь сайн тогтоож чадаагүй. Цахимаар Б.М- ярьсан болохоор тиймхэн байсан. Би түүнд, шүүхэд хэлэх үг зөндөө байсан, хэлж чадаагүй. Хоёр биенээ харж байгаад хүүхдүүдийнхээ асуудлыг шийдэх нь зөв байсан. Түүний үгээр худал зүйлийг бичээд дүгнэлт гэж гаргаад байгаа хүмүүс, хүүхдүүдийн нь ирээдүй, ахуй хангамжийг хариуцахгүй гэдгийг Б.М- ойлгохгүй байна. Тэр үр хүүхдээ өнчрүүлж байгаа шалтгаанаа миний эгч нар луу гүтгэж байна, эгч нар миний амьдралд оролцоод байдаггүй, жилдээ ганц нэг л орж гардаг. Би эхнэртэйгээ муудалцах хүсэлгүй байна. Харин эв зүйтэй байж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх асуудлыг эвээр яримаар байна. Салах хүсэлтийг нь зөвшөөрсөн. Хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Ялангуяа охиндоо маш их зовж байна. Охин О.Д-, бага хүү О.Б- нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М- хариуцагч Б.О-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар гэрлэгчид 2004 онд гэр бүл болсноос хойш 2021 оныг хүртэл 17 жил хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн буюу 2005 онд хүү О.П-, 2009 онд охин О.Д-, 2011 онд хүү О.Д-, 2013 онд хүү О.Б- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэрлэгчид тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдүүдийн асрамж дээр маргажээ.

Нөхөр Б.О- эхнэр Б.М-ын эрүүл мэнд, эрх чөлөөнд удаа дараа халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Хүчирхийллийн аюулгүйн зэргийн эрсдэлийн үнэлгээгээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, хүүхдүүд эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоо боломжоор хангагдаж байгаа эсэх, эцэг, эхийн тусдаа амьдарч буй орчин нөхцөл, зан байдал, ёс суртахуун нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсроход болон хүүхдүүд амьдрахад таатай, ээлтэй орчин байгааг судалж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус газраас бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилогдон ажиллаж, нөхцөл байдлын үнэлгээ, эцэг эхийн сэтгэл зүй, зан үйлийн хандлага, харилцааны төлөв байдал зэргийг судлан эцэг эхийн 9, хүүхдүүдийн 6 багц психометрик хэмжигдэхүүнээр  оношилгоо хийж, дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтээр  эцэг эхийг үнэлэх 6 үнэлэмжээс эх буюу нэхэмжлэгч Б.М- 4 үнэлэмжээр давуу, эцэг, эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийн 3 үнэлэмжээс эх Б.М- 2 үнэлэмжээр давуу, тэдгээрийн дундаас төрсөн 4 хүүхдээс эцэг эхдээ хандах хандлага, сэтгэл зүйн 6 багц үнэлгээгээр эцэгтэйгээ сөрөг харилцаатай, эхдээ ээнэгшилтэй, эерэг харилцаатай гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү нөхцөл байдлын үнэлгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нөхцөл байдлын үнэлгээ хүүхдийн амьдарч байгаа орчин, хүүхдэд үүссэн нөхцөл байдал, хүүхдийн эрхийн эсрэг үйлдэл, эс үйлдэхүйн аюул, эрсдэлийн түвшинг үнэлэх, шалгах, дүгнэх үе шатнаас бүрдэнэ” гэж заасантай нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж зааснаар 7-16 насны 4 хүүхдээс санал авахад 4 хүүхэд цаашид эхийнхээ буюу нэхэмжлэгч Б.М-ын асрамжид байх санал өгчээ.

Анхан шатны шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгнийх нь асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д  “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хүүхдүүд хэний асрамжид үлдсэнээс үл хамааран эцэг эхийн хэн аль нь асарч, халамжлах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэн, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үнэлгээ, дүгнэлт, хүүхдүүдийн өөрсдийнх нь саналыг харгалзан үзэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч Б.О-гийн охин О.Д- болон отгон хүү О.Б- нарын асрамжийг өөрчилж,  өөрийн асрамжид авахыг хүссэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.О-гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                 ДАРГАЛАГЧ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА                      

                                                                                                       Л.АМАРСАНАА