Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 27

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00526/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Ж.У-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Анх бид 2012 онд танилцсан. 2013 онд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 20-нд Е- төрсөн, одоо 6 настай. Бага охин Т- 2017 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, одоо 3 настай. Эхлээд амьдрал эв зүйтэй байсан боловч сүүлдээ архи уугаад хэрүүл зодоон болоод таарамж муутай болсон. Гэр бүлээс гадуур хүүхэнтэй холбогдоод бидний харилцаа улам муудсан. Нутаг орондоо ах дүү, найз нөхөд, ээж, эмээгийнхээ хажууд очоод гайгүй болно гэж бодоод Хөвсгөлд очиж амьдарч үзсэн. Тэгээд болоогүй учраас арга буюу Орхонд аав ээж дээрээ ирсэн. Гэр бүлээ албан ёсоор цуцлуулна гэхэд тэр одоо буцаад амьдралаа бодъё гэхээр нь итгээд зөвшөөрсөн. Нэг өдөр бага охиноо аваад Хөвсгөлд эмээ, ээж дээрээ очоод ирье гэхээр нь явуулсан. Охиноо орхиод ирэхээр нь яав гэтэл өөрөө энд ажиллаж амьдарна. Орон байраа янзлаад хүүхдээ авч ирнэ гэсэн боловч өөрөө яваад өгсөн. Гэтэл ховдод очоод эхнэр авсан сурагтай байна. Мөрөн ороход Ж.У-ын ээжийн дүү Д- гэдэг эмэгтэй дээр охиноо орхисон байсан. Охиноо авах гэтэл тэр харааж, зүхээд загнаад хөөж туугаад өгөөгүй. Ж.У-т охиноо өг гэхээр утсаа таслаад алга болдог. Одоо нэгэнт эргэж амьдрахгүй нь тодорхой болсон болохоор гэр бүлээ цуцлуулаад, охин Т-ыг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Охин Т- маань танихгүй хүний гар дээр юу болж байгааг ч сайн мэдэх боломжгүй байна. Би бага насны хүүхэдтэй, 8 сартай жирэмсэн тул энэ байдлыг харгалзан үзэж, энэ шүүхээр шийдэж өгнө үү. Гэр бүлийг цуцалж, охин У.Т-ыг миний асрамжид өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.У- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би О-тай 2012 онд танилцаж, 2013 онд гэр бүл болсон. Би Хөвсгөл аймгийнх боловч эхэндээ Дархан-Уул аймгийн Орхон суманд эхнэрийнхээ нутагт очиж мэргэжлийнхээ дагуу тус сумын Төрийн банкны салбарт теллерээс эхлэн тооцооны төвийн эрхлэгч хүртлээ 2013-2016 оныг хүртэл ажиллаж, хамт амьдарсан. Биднийг хамт амьдарч байх хугацаанд том охин У.Е- 2013 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн, одоо 7 настай ээжийнхээ хамт Дархан-Уул аймгийн Орхон сумандаа амьдардаг.

Бид 2013 оноос 2016 оны 12 сарыг хүртэл хамт амьдарч байгаад Хөвсгөл аймгийн Хас банканд ажилд орохоор болоод тусдаа амьдарч эхэлсэн. Бид тусдаа амьдарч байх хугацаанд таарамжгүй харилцаатай болж, наашаа цаашаа ирж очиж байсан боловч 2017 оны 07 сараас бүүр таарамжгүй харилцаатай болж салахаар болсон. Харин бидний бага охин У.Т- нь 2017 оны 05 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд би 22-нд ажлаасаа чөлөө авч очоод эхнэр хүүхдээ Хөвсгөл аймагт гэртээ авч ирсэн. Тэгээд би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд манайд 2 сар гаран амьдарч байгаад 7 дугаар сарын 10-нд хадам аав Д- ах дүү нартайгаа Хөвсгөл далай үзэх гээд ирсэн. Тэр үед би хөгшин ээжийгээ рашаанд хүргэж өгөх гээд түр явсан хойгуур эхнэр хүүхдээ аваад, хувцас хунар хамаг юмаа аваад аав, ах дүү нартайгаа Дархан-Уул аймаг руу яваад өгсөн байсан.

Түүнээс хойш хадам аав удаа дараа манай ээж, эгч нар луу ярьж манай охин 2 хүүхдээ өсгөх боломжгүй байна аа бага охиноо ирж ав гээд удаа дараа ярьсан байсан. Би үүнээс хойш 2017 оны 10 сард очиж бага охин У.Т-ыг 5 сартай нялх байхад нь Хөвсгөл аймагт авч ирсэн. Нялх хүүхэд авч ирээд би ганцаараа өсгөхөд хүндрэлтэй байсан учир нагац эгч Д-гаар өдрийн цагаар харуулж /нэг хашаанд амьдардаг/ угжаар угжиж өсгөж том болгосон. Одоо охин маань 3 настай бөгөөд өнгөрсөн хугацаанд ээжтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй, ээжийгээ гэж танихгүй болно.

Би охидоо бодоод гэр бүлээ бүтэн байлгах гээд Хөвсгөл дэх ажлаасаа гараад 2018 оны 04 дүгээр сард очиж 10 орчим хонож, хамт байсан бөгөөд би сумынхаа Петровис ШТС-д түгээгчээр ажилд орж, дадлагажигчаар түр ажиллаж үзсэн. Гэтэл тэр хугацаанд Д.О- нь өөр найз залуутай болсон, утсаар ярьж, мессеж бичээд байсан учир таарамжгүй байдал үүсээд би нутагтаа ирсэн.

Иймд нэгэнт гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин том охин У.Е-ийг багаасаа ээжтэйгээ өссөн болохоор дассан газраа ээжтэйгээ амьдрахыг зөвшөөрч байна. Бага охин У.Т-ыг бол би нялх балчраас нь өдийг хүртэл хамт амьдарсан тул өөрийн асрамжид авч үлдэхийг хүсэж байна. Бидний гэрлэлтийг цуцалж, том охин У.Е-ийг ээж Д.О-ын, бага охин У.Т-ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А- овогт Д-ын О- /РД:**********/, Ш- овогт Ж-гийн У- /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-ийг эх Д.О-ын, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Т-ыг эцэг Ж.У-ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.У-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд хариуцагч Ж.У- нь охин У.Т-т тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгөөс илүү төлсөн 37.095 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, хариуцагч Ж.У-аас улсын тэмдэгтийн хураамж 173.505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т-од даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би шүүхэд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх бага охин 3 настай У.Т-ыг эцэг Ж.У-ын асрамжид 6 настай охин У.Е-г эхийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хүүхдүүдийн өссөн дассан орчинг өөрчлөх нь зохимжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Би Ж.У-ыг архи дарс ууж элдэв зөрчилд орж ажил төрөлдөө Т-гүй болохоор нь нутаг орон ах дүү, найз нөхөд, ээж, эмээгийнхээ хажууд очоод гайгүй болно гэж бодоод Хөвсгөл аймагт очиж амьдарч үзсэн. Тэгээд болоогүй учраас арга буюу буцаж ирсэн. Ирээд гэр бүлээ албан ёсоор цуцлуулна гэхэд тэр одоо буцаад амьдралаа бодъё гэхээр нь итгээд зөвшөөрсөн. Нэг өдөр бага охиноо аваад Хөвсгөл аймагт эмээ, ээж дээрээ очоод ирье гэхээр нь явуулсан боловч охиноо орхиод ирэхээр нь яав гэтэл өөрөө энд ажиллаж амьдарна. Орон байраа янзлаад хүүхдээ авч ирнэ гэсэн боловч өөрөө яваад өгсөн. Тэтэл Ховд аймагт очоод эхнэр авсан сурагтай байна. Ингээд би охиноо авахаар Мөрөн ороход Ж.У-ын ээжийн дүү Д- гэдэг эмэгтэй дээр охиноо орхисон байсан. Охиноо авах гэтэл тэр харааж, зүхээд загнаад хөөж туугаад өгөөгүй.

Түүнээс хойш газар холыг ч хэлэх үү /covid-19/ гэж хязгаарлалт хийж байсан зэрэг асуудлуудаас болоод Хөвсгөл аймаг явж чадахгүй байснаас гадна охинтойгоо ярих, уулзах ч эрхгүй яах учраа олохгүй шаналсаар ирсэн.

Гэрлэлтээ цуцлуулахаас өмнө болон цуцлуулснаас хойш ч охиноо харъя утсаар яръя гэхэд элдэв шалтаг тоочоод харуулдаггүй, уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй. Том охин У.Е-тэй ч гэсэн дүүг нь уулзуулж, яриулахгүй байна. Бодит байдал дээр Ж.У- нь охиныг минь өөрөө өсгөж хүмүүжүүлэх чадваргүй архи уудаг агсан согтуу тавьдаг.

Би эх хүний хувьд охин хүүхдээ бусдад өгч харуулахгүйгээр 2 охиноо хамт өсгөх хүсэлтэй байна. Мөн бага насны охиноо өөрөө өсгөж чадахгүй сэтгэл зовж байна. Охин өсөж том болно төрсөн эхээс нь илүү чин сэтгэлээсээ хайрлаж хамгаалах хүн байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, охин У.Т-ыг эхийн асрамжид өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- хариуцагч Ж.У-т холбогдуулж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ж.У- гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, бага охин У.Т-ыг өөрийн асрамжид авахаар маргажээ.

Гэрлэгчид 2012 онд танилцаж, 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин У.Е-, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр охин У.Т-  төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2017 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд  зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн асрамжийн талаар эвлэрэх хүсэлгүй байна.

Өнөөдөр нэхэмжлэгч Д.О- том охин У.Е-ий хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багт, хариуцагч Ж.У- охин У.Т-ын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.О- 2 хүүхдээ өрийн асрамжид авах, хариуцагч Ж.У- охин У.Т-ыг өөрийн асрамжид авахаар хүсэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, эцэг, эхийн сэтгэл зүй, зан үйлийн хандлага, харилцааны төлөв, амьдралын нөхцөл байдалд дүгнэлт гаргуулсан байна.

Тус газраас гаргасан дүгнэлтээр эцэг, эхийн чадамжийг үнэлэх 6 багц үнэлгээгээр зохигчдын хэн алинд давуу байдал үүсээгүй, хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийн үнэлгээгээр хариуцагч Ж.У- 2 үнэлгээгээр давуу байдал үүссэн, том охин У.Е- эхийн асрамжид, баг охин У.Т- 05 сартайгаасаа эхлэн эцгийн асрамжид амьдарч ирсэн дүгнэлт гарсан байна.

Анхан шатны шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн өсөж, дассан орчныг өөрчлөх нь зохимжгүй гэж дүгнээд охин У.Е-ийг эх Д.О-ын асрамжид, охин У.Т-ыг эцэг Ж.У-ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Би 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хамтад нь өсгөх бүрэн боломжтой байхад хүүхдүүдийн асрамжийн асуудлыг буруу шийдвэрлэсэн, хариуцагч Ж.У- нь намайг болон төрсөн эгч У.Е-ийг нь охин У.Т-тай уулзуулах эрмэлзэлгүй, утсаар ч яриулахгүй байгаа тул бага охин У.Т-ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал,..., эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар охин У.Т-ыг эх Д.О-ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ төрсөн эгч, дүүс болох охин У.Е-, У.Т- нар нь эх Д.О-ын асрамжид хамтдаа байж, цуг өсөж, торних нь тохиромжтой гэж дүгнэсэн болно.

Мөн охин У.Т- нь эцэг Ж.У-ын ээж Д.Отгон, нагац эгч Д.Д- нарын асрамжид байсан байдлыг харгалзан үзсэн болно.

Энэ талаар хэргийн 61, 62 дугаар талд авагдсан гэрч Д.Отгон, Д.Д- нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдоно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д  “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хүүхдүүд хэний асрамжид үлдсэнээс үл хамааран эцэг Ж.У- нь асарч, халамжлах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О-ын давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  2 дугаар заалтын

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-ийг эх Д.О-ын, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Т-ыг эцэг Ж.У-ын асрамжид үлдээсүгэй” гэснийг

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Т- нарыг эх Д.О-ын асрамжид үлдээсүгэй” гэж,

3 дугаар заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн  50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18/ хүртэл тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.У-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй” гэснийг

“Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Е-, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин У.Т- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн  50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18/ хүртэл тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.У-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн,

3 дугаар заалтын “Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд хариуцагч Ж.У- нь охин У.Т-т тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг дурдсугай” гэснээс

“...бөгөөд хариуцагч Ж.У- нь охин У.Т-т тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг дурдсугай” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.О-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                                              ДАРГАЛАГЧ

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА                

                                                                                                                       Л.АМАРСАНАА