Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2021/00005

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00023 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй*******газар-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 9 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-1901000057 дугаар бүртгэлтэй орон сууцыг 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, 0.5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцацрал, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*******газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэлийн үндэслэл: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2019/00207 дугаартай захирамжаар *******, Н.Эрдэнэбат нараас 43 903 557 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гарсны дагуу*******газраас барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны гэрээний зүйл болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот улсын бүртгэлийн Ү-1901000057 дугаарт бүртгэлтэй, 000135978 дугаар гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцыг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 0,5 га газрыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тогтоол үйлдэж хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн ба*******газраас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 тоот албан бичгээр 3 өрөө орон сууцыг 22 209 230 төгрөгөөр, 92 м.кв үйлчилгээний барилгыг 0,5 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Тус 3 өрөө орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Шинжээч үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний бодит байдалд нийцээгүй байна. Шинжээч үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хэд хэдэн аргуудыг хослуулан хөрөнгийн үнэлгээний үндсэн стандартад нийцүүлэн ажиллах ёстой байтал шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан арга аргачлалд нийцээгүй үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас бага дүнгээр тооцсон байна. Өнөөгийн байдлаар Говьсүмбэр аймагт 3 өрөө, 55 м.кв байр нь 35-40 сая төгрөгөөр зарагддаг байтал эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн байна. Тус үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас доогуур төдийгүй үнэлгээ үндэслэлгүй гарсан байна. 92 м.кв үйлчилгээний барилгыг 0,07 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлэхдээ склад тоног төхөөрөмжийг үнэлээгүй дутуу үнэлсэн байна. Шинжээч зах зээлийн үнэлгээг тогтоох байтал барьцаанд тавьсан үнэлгээг багаар үнэлсэн нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Мөн намайг үнэлгээг хийх үедээ байлцуулж мэдэгдээгүй үнэлсэн. Тус*******газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 дугаар бичигт 0,5 га газар гэж бичсэн байх ба 0,5 га газар эзэмших эрхийг хурааж аваагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийг үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гомдол гаргаж чадаагүй болно. Миний бие Өмгөөллийн Ёс ХХН-тэй хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, тус маргаанд хууль зүйн үйлчилгээ авах нэхэмжлэл гаргуулахаар тохиролцсон байсан ба надад нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж мэдэгдэж байсан боловч хариуцан ажиллаж байсан ажилтан хариуцлага алдаж, нэхэмжлэлийг шуудангаар илгээлгүй үлдээсэн байна. Би энэ талаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдлээ.

Энэ талаар тус хуулийн фирмтэй байгуулсан гэрээ болон ажилтны ажил хүлээлцсэн баримтыг хавсаргав. Тус байгууллагын хариуцлагагүй байдлаас болж би нэхэмжлэл гаргасан гэж бодож байсан ба хугацаандаа нэхэмжлэл гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гарлаа. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан ба холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгч болно.

Иймд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 154 дүгээр байрны 9 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-1901000057 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун тал байрлах, 92 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцацрал, Ц.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2019/00207 дугаартай шийдвэрээр Өвгөний Ариунтунгалаг, Нохойжавын Эрдэнэбат нараас 47 963 557 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 20060037 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримтаар ажиллагааг хийж гүйцэтгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 134/ГХ2020/00014 дугаартай гүйцэтгэх хуудаст зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 57 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 000219751 дугаартай, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 92 м.кв талбайтай сендвичин барилга, нэгж талбарын 4203000261 дугаартай гэрчилгээний Г-000425196 дугаартай 0,07 га талбайтай газрыг 15 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч ******* нь заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр авагч ХААН банктай би харилцан тохиролцсон, хувиараа төлөхөөр болсон гэх мэтээр олон янзын шалтаг хэлж, албадан гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь ХААН банк ХХК-ийн зээлийн бүртгэлд бүртгэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилж, улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилсэн шийдвэрийг хуулийн хугацаанд хүргүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20060037/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч талуудаас үнийн санал авах тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг өгсөн. Төлбөр авагч ХААН банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх үнийн саналаа ирүүлсэн бөгөөд өмчлөгч, төлбөр төлөгчөөс заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид-билгүүн ХХК-ийг үнэлгээчнээр томилсон. Ашид-билгүүн ХХК нь үнэлгээний тайлангаар Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1-р баг, 154 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 22 208 230 төгрөгөөр, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлалтай үйлчилгээний зориулалттай 92 м.кв талбайтай сендвичин барилга, 0,07 га талбайтай газрын хамтаар 42 324 418 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах холбогдох баримт бичиг, гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасны дагуу төлбөр төлөгч *******, өмчлөгч Л.Хатантунгалаг нарт биечлэн, 14.3-д шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч Н.Эрдэнэбатад баталгаат шуудангаар хүргүүлэн танилцуулсан.

Үнэлгээг талуудад мэдэгдсэн мэдэгдэх хуудаст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, мөн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргах эрх болон бие даан худалдан борлуулах эрхийг хангаж өгсөн боловч нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй тул анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулан нийтэд мэдээллэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах ажиллагаа явагдаж байсан. ******* нь үнэлгээний талаарх мэдэгдлийг биечлэн хүлээн авснаас хойш 39 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймагт 3 өрөө, 55 м.кв талбайтай байр нь 35-40 сая төгрөгөөр зарагдаж байтал эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, үнэлгээ нь бодит байдалт нийцээгүй гэж дурдсан мөртлөө тухайн аймаг болон Баянтал суманд 3 өрөө орон сууц байрны үнэ ханш зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа гэх нотлох баримт байхгүй байна. Мөн 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг 0,07 га газрын хамт 42 324 418 төгрөгөөр үнэлэхдээ склад, тоног төхөөрөмжийг үнэлээгүй дутуу үнэлсэн гэдэгт зөвхөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гүйцэтгэх хуудаст бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлсэн болно. 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хангаж өгсөөр байтал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдлоо гаргаагүй гэж байгаа нь ямар шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг хавсаргаагүй нь хуулийн дагуу зөв явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих зорилго харагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 24-нд нэхэмжлэл гаргасан. Үүндээ *******ийн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай байсан. Нэгдүгээрт, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 154-9 тоот орон сууцыг 22 209 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,7 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуульд заасан байдлаар үнэлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар стандартад хөрөнгийн үнэлгээг нийцүүлж гаргах ёстой байтал хуульд заасан аргад нийцээгүй, тухайн хүний хөрөнгийг үнэлгээний ханшийн доод үнэлгээгээр тооцсон тул гомдолтой байна. Тиймээс шүүхэд энэхүү үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч*******газар-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1-р баг, 154 дүгээр байрны 9 тоот орон сууцыг 22 208 230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн 104 дүгээр байрны баруун талд байрлах, 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 0,5 га газрыг 42 324 418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00023 дугаартай шийдвэрээр *******ийн нэхэмжлэлтэй*******газар-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдох хэргийн Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1-р баг, 154 дүгээр байр 09 тоот орон сууцыг 22,208,230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1-р баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,07 га газрын хамт 42,324,418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2 баримт нь шүүхэд гомдол гаргахад хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлохгүйн зэрэгцээ ажилтны хариуцлага алдсанаас болсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. ******* нь Өмгөөллийн Ёс ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тус маргаанд хууль зүйн үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон байсан боловч харилцан ажиллаж байсан ажилтан ажлаас гарахдаа хариуцлага алдаж нэхэмжлэлийг шуудангаар ирүүлээгүй үлдээсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэлдээ тайлбарлаж Өмгөөллийн Ёс ХХН-өөс ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ажилтны ажил хүлээлцэх актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтууд нь шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалаагүй болохыг харуулж байна.

2. Мөн шийдвэрт ...шинжээч хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан арга аргачлалын дагуу, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзжээ. Хөрөнгийн үнэлгээний ҮХХ/820-43 дугаартай тайланд тус үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд арилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгийн 2 ширхэг зарын дагуу биечлэн хийсэн ярилцлагын үр дүнд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй 2 хөрөнгөтэй жишиж үнийн судалгаа гаргасан гэж тодорхойлсон байна. Үнэлгээний олон улсын стандарт зах зээлийн хандлага гэж тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог. Гэвч миний хөрөнгийн үнийн дүнг тооцоолохдоо жишиж болон хөрөнгүүдтэй харьцуулсан байдал нь мэдээллийн судалгааны баталгаагүй эх сурвалж болох фэйсбүүкд оруулсан 2 ширхэг постоор хязгаарлагдаж байгаа нь ҮОУС-д заасан аргыг хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй бодит байдал дээр хэн ч зохиомол зар оруулах боломжтой. Хөрөнгийн жишиг үнийг баталгаагүй зарын эх сурвалжид үндэслэн тодорхойлсон байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заалтад нийцэхгүй байна. Иймээс дээрх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу, хуулийн шаардлагад нийцүүлэн хийсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм.

3. Шүүх ...нэхэмжлэгчээс эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, үнэлгээ бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзжээ. Нэхэмжлэгчийн оршин суудаг Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 3 өрөө орон сууц 35-40 гаруй сая төгрөгөөр худалдан борлуулагддаг энэ нь тухайн орон нутагт хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үнэ төдийгүй, ойрын хугацаанд орон сууц худалдан борлуулсан хүмүүсээс асууж тодруулах, тэдгээрийн байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ болон хөрөнгийн үнэлгээний талаарх тодорхой мэдээллийг бидний зүгээс олж авч нотлох баримтаар бүрдүүлж өгөх боломгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу шүүхээс нотлох баримт гаргуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг үндэслэн шүүхийн шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэвч тухайн хүсэлтийг шүүх нэхэмжлэгчийн шүүхийн шатанд анх удаа шинжээч томилуулах хүсэлт байтал шийдвэр гүйцэтгэлийн шатанд дахин шинжээч томилуулах хүсэлт гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШЗ2020/00978 дугаартай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасныг үндэслэн дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж хангахаас татгалзсан билээ. Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлэхээр өөрөөс гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй.

4. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө очиж хэргийн материалтай биечлэн бүрэн танилцах боломжгүй байсан. Тус хэргийг хариуцаж байсан шүүгчийн туслах нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагийн анхан шатны шүүх хурал эхлэхээс хэдхэн минутын өмнө фэйсбүүкийн цахим зурвасаар илгээсэн байдаг. Ийнхүү зурвасаар илгээгдсэн 70-80 ширхэг материалын зургийг хурал эхлэхээс өмнөх богино хугацаанд харах боломжгүй байсан түүнчлэн зарим зураг нь бүрэн харагдахгүй, бүдэгхэн байсан гэх мэт олон хүндрэл учирсан. Энэ талаар шүүх хуралдаан эхлэхэд тайлбарлаж хэргийн материалтай танилцах хүсэлтээ илэрхийлсэн боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, цаг үеийн нөхцөл байдалтайгаар хэргийн материалыг цахим зурвасаар илгээснийг хэргийн материалтай танилцсанд тооцож байгаа гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн тул арга буюу шүүх хуралд оролцсон. Шүүх нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөөгүй. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ө.Ариунтунгагалаг нь хариуцагч*******газар - 425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/1016 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Говьсүмбэр аймаг Баянтал сум 1 дүгээр баг 154 дүгээр байрны 9 тоот орон сууцыг 22,209,230 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, мөн 104 дүгээр байрны баруун талд байрлах 92 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,5 га газрыг 42,324,418 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаж чадаагүй болохыг, мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөхөө тус тус дурдсанаас үзэхэд гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хэмээн маргажээ.

Хэргийн материалаас үзэхэд : Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2019/00207 дугаар шүүгчийн захирамжаар Хаан банк ХХК-ний нэхэмжлэлтэй *******, Н.Эрдэнэбат нараас зээлийн үлдэгдэл, хүү, торгууль зэрэг 47,765,169 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 154 дүгээр байрны 1 дүгээр орцны 09 тоот улсын бүртгэлийн Ү-1901000057, гэрчилгээний 000135978 дугаартай 55 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны баруун талд байрлах улсын бүртгэлийн Ү-1901000001, гэрчилгээний 000219751 дугаартай 92 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг нэгж талбарын 4203000261, гэрчилгээний 000425196 дугаартай, 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамтаар болон зурагт, хөргөгч, угаалгын машин, үлдэгдэл бараа материал зэрэг хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх ёстойг, 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлд  заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх ба эдгээр баримт бичгүүдийг шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг  албадан биелүүлэх ажиллагаа  эхэлнэ.

Төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй тул дээрхи шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгджээ.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулах бэлтгэл ажиллагааны хүрээнд хөрөнгийн үнийг тодорхойлох зорилгоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт үнийн санал авах мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр авагчийн зүгээс санал ирүүлсэн боловч төлбөр төлөгч болон өмчлөгчийн зүгээс үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь эрхийнхээ дагуу шинжээч томилж ... 3 өрөө орон сууц болон ...үйлчилгээний зориулалттай барилгыг газрын хамт тус тус үнэлүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байх ба уг зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан байна.

Энэхүү шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 48, 49, 54 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг тус тус зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлсон ба уг зүйлийн 32.3, 32.4 дүгээр зүйлд зааснаар төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж тодорхойлж иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэд хэдэн төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь уг ажиллагаанд бие даан оролцох эрхтэй гэжээ.

Хэргээс үзэхэд төлбөр төлөгч Н.Эрдэнэбат нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, хамтран төлбөр төлөгч *******аар өөрийгөө төлөөлүүлсэн гэх өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар ******* нь төлбөр төлөгч Н.Эрдэнэбатыг төлөөлөх эрхтэйг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч ******* нь хөрөнгийн үнэлгээг 2020 оны 07 дугаар сарын 16-нд мэдэгдсэнээс хойш 39 хоногийн дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 24 -нд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-нд хүлээн авчээ.

Нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ******* болон Өмгөөллийн Ёс ХХН-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхзул нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн огноотой хариуцан ажиллаж буй хэргүүдийн мэдээлэл, явцын талаар гэх баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцан ажиллаж буй хэргийн хүснэгтэлсэн жагсаалтын 6-д *******ийн нэхэмжлэлтэй*******газарт холбогдох иргэний хэрэг, хүснэгтийн одоогийн явц хэсэгт Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэж тэмдэглэгдсэн байгаа ч нэхэмжлэлийг хэзээ гаргасан, хэн гэгчийн ямар алдаанаас нэхэмжлэлийг хугацаанд нь шүүхэд хүргүүлээгүй болох нь тодорхойгүй ба хуулийн хугацаанд гаргаж байсан гэх нэхэмжлэлийн хувийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, хэрэгт энэ талаарх баримт огт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчээр хөрөнгө, даатгал, хохиролын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилохдоо тухайн ХХК-ний орон нутаг дахь төлөөлөгч шинжээч, үнэлгээчинд тогтоолыг танилцуулж, эрх, үүргийг тайлбарласан нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас доогуур, хөрөнгийн үнэлгээний хуульд нийцээгүй гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасныг Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс гарагсан нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүх хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж өгөөгүй гэсэн боловч давж заалдах шатаар хэрэг хэлэлцэх шатанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах эрхийг хангасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн биеээр ирж хэргийн материалтай танилцсан тул түүний энэ талаарх гомдол хангагдсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гомдлыг хугацаанд нь гаргаж чадаагүй болох хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохоор ирүүлсэн баримтаар уг шалтгаан нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж дүгнэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг хэргийг шийдвэрлэхдээ сэргээсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд ... Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 ... гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Х.БАЙГАЛМАА

               ШҮҮГЧИД              О.ОДНЯМАА

                                                 Г.ТЭГШСУУРЬ