Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Ж.Энхжаргал Н.Оюунчимэг, Д.Эрдэнэчимэг, шинжээч Д.Тогтох, шүүгдэгч Т.Ерболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ерболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт  холбогдох эрүүгийн 1736000930089 дугаартай, 178/2018/0016/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, бага боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод  оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, Молхы овогт Тилеуханы Эрболат

2.Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай  гэх, Жантекей овогт Долдорын Амангельд

3.Монгол улсын иргэн,1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух,Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэл

4.Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тахидаг хар” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух, Сумалдай овогт Цэнджавын Отгонцэцэг  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.Эрболат нь Д.Амангельдтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Ц.Түмэндэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Д.Амангельд нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Ц.Отгонцэцэгтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар шүүх дараах бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Эрболатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой манайд машинтай 1 эмэгтэй, 4 эрэгтэй хүн ирээд гадаа уячихсан морь авна гэсэн. Тэгэхээр нь би энэ морь манай өвсийг идсэн, би эзнийг нь олно гэсэн чинь маргаан болсон. Нэг тарган залуу нь манай эхнэр Д.Амангельдыг үсдэж унагаад зууралдаад байхаар нь би очоод салгасан чинь намайг цамцаар боосон.Энэ хооронд цуг явсан эмэгтэй нь манай эхнэртэй маргалдаад явахгүй болохоор манай эхнэр шороо цацаж байж явуулсан. Манай эхнэрийн гарнаас цус гарчихаар нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд тэд нарыг авч явсан.Би бие муутай хүн, тэд нарыг цохиогүй.Би тарьсан ногоо, хадсан өвсөө төлүүлж авна /хх 27-28-р хуудас/  гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Амангельдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Манайх Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Шар тохой гэх газар ногоо тарьж амьдардаг. Гэтэл манай ногооны тор руу 2017 оны 08 дугаар сараас хойш адуу ороод байнга тор эвдээд байсан. Тэгэхээр нь манай гурван айл нийлээд тухайн адуунаас нэг тооны адууг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бариад уячихсан байсан. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адууны эзэн гэх нэг хүн ирсэн.Тэгэхээр нь бид нар танай морийг бариад уячихсан манай ногоог идээд байна, ногооны үнийг төлөөд ав гэсэн.Тэгсэн тэр хүн “ муу хасгууд худлаа яриад байгаарай” гээд торны гаднаас баахан чулуу өвөртөлж ирээд манай нохой руу болон над руу шидсэн.Би зугтаад гэр лүү орсон чинь урдаас нь манай нөхөр гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхэд нөгөө залуу би хүн дагуулж ирээд та нарыг ална, муу хасгууд гээд давхиад явчихсан.Орой нь 17 цагийн үед манайд машинтай хүмүүс ирсэн.Би малаа саагаад сууж байсан чинь “энэ айлын эзэн хэн бэ” гэхээр нь бид нар байна гээд тороо онгойлгоод оруулсан. Ц.Түмэндэмбэрэл орж ирээд “ та нар яагаад морь хулгайлсан юм бэ” гэхээр нь бид нар морь хулгайлаагүй, морь чинь энэ уяатай байна гэж хэлсэн.Гэтэл энэ морины хажууд байсан морь яасан, моринд зүүсэн хадаг яасан гээд байхаар нь “ танай морь манай ногоо идэж тор сүйтгэсэн. Ногооны үнэ төлөөд морио ав гэсэн. Машинаас нь адуучин гэх хүн нь бууж ирээд морио авах гээд булаацалдсан. Тэгж байтал Ц.Түмэндэмбэрэл эхнэртэйгээ ирээд намайг хэл амаар доромжлоод наад морио тавь гээд миний гараас мушгиж унагаагаад дээрээс өвдөглөөд үсдээд намайг босгохгүй байсан.Тэгэхээр нь би шороо цацаж байгаад арай гэж боссон.Тэр үед манай нөхөр ирээд намайг салгасан.Тэгтэл Ц.Отгонцэцэг нь ирээд “чи яагаад хүн рүү шороо цацааад байгаа юм “гээд намайг 2-3 удаа толгой руу цохиж алгадсан.Тэгж байгаад нэг харсан чинь миний гарнаас цус гарчихсан байсан.Нэг харсан чинь адуучин нь манай нөхрийг өшиглөөд унагааж байсан.Тэгтэл машин дотроос хоёр хүн бууж ирээд “ наад авгай чинь эргүү юм байна. Шар хадны эмнэлэгт явуул”гээд инээлдээд байсан. Тэгээд би хөрш айлын хүмүүсээ даллаж дуудаад Т.Разиа, охин Б.Айботагийн хамт ирэхээр нь утсаар нь цагдаа дуудсан.Тэд нар морио булааж аваад явах гээд байхаар нь би тоосго аваад та нар цагдаа иртэл явахгүй шүү, би машины чинь шилийг хага цохино гээд байлгаж байтал цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Би хүүхдээ хараад үлдсэн /хх-68-69-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Разиа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: намайг гэрийнхээ гадна ажил хийж байхад манай дүүгийн эхнэр орилоод даллаад байхаар нь охин Б.Аяботаг дагуулаад очсон. Бид хоёрыг очиход Т.Эрболатыг Ц.Түмэндэмбэрэл заамдаад бариад авчихсан байсан. Тэгээд би “та нар больцгоо” гээд салгасан.Ц.Түмэндэмбэрэл нь согтуу байсан. Би эгч хүний хувьд жаахан загнасан. Намайг тэгж байхад Б.Эрдэнэбулаг гэх хүн Т.Эрболат, Д.Амангельд нарыг хэл амаар доромжлоод байсан. Намайг очиход Д.Амангельдийн гар цус болчихсон, Т.Эрболатын цамц урагдчихсан /хх-95-р хуудас/ гэх мэдүүлэг,

            2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн: Т.Эрболатын биед бүсэлхий нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоолой хэсэгт 0.8х0.6 см зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.Т.Эрболатын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д ...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Д.Тогтох /хх-99-р хуудас/ гэх дүгнэлт,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 512 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: Д.Амангельдийн биед гэмтэл учирсан байна. 2.Д.Амангельдийн биед гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үений дотор хэсэгт 1.5х 1.2 см зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо.3. Д.Амангельдийн биед учирсан гэмтлүүд нь мохоой зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Д.Амангельдийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-112-р хуудас/ гэх дүгнэлт зэрэг баримтаар,

-Шүүгдэгч Д.Амангельд, Т.Эрболат нар  нь бүлэглэн  хүний / Ц.Отгонцэцэг, Ц.Түмэндэмбэрэл / эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь :

Хохирогч Ц.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... манай хүргэн ах Б.Эрдэнэбулаг машинаасаа ганцаараа бууж ирсэн чинь нөгөө авгай шууд урдаас нь шороо цацаад чулуу шидээд эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “чи хүн рүү битгий чулуу шидээд бай” гэсэн чинь бүр галзуураад том том чулуу аваад шидээд байсан. Би нөхөр нь “ чи авгайгаа болиулчих, зүгээр ярилцъя “гэхэд нөхөр нь хөдлөхгүй байсан. Тэгээд болохоо байгаад манай нөхөр Д.Амангельдийн гараас бариад авсан чинь гараа угз татаж аваад манай нөхрийг тоосгоор цохисон. Манай хүргэн ах Б.Эрдэнэбулагийг нүүр нүдгүй чулуу төмөр гээд гартаа тааралдсан бүхнээр цохисон. Д.Амангельд миний толгой болон зүүн гарын булчин хэсэгт чулуутай гараараа хэд хэд цохисон.Т.Эрболат нь манай нөхрийн хоолойг боогоод байхаар нь “чи болиоч” гэсэн чинь миний цээж рүү тохойгоороо 2 удаа холд гээд нударсан. Мөн Д.Амангельдийн дуудаж ирүүлсэн настайвтар эмэгтэй намайг чулуугаар цохисон. Би сэтгэл зүйн маш их дарамтанд орсон. Д.Амангельдийн нөхөр манай нөхрийг би чамайг гараараа биш хараалаар ална, чи удахгүй үхнэ, чиний эхнэр над дээр уйлж гуйж ирнэ гэж заналхийлсэн / хх72-73-р хуудас/ гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... бид нар машинаас буугаад Т.Эрболат болон эхнэртэй нь уулзаад: та нар 2 морь барьж уясан гэсэн, хаана байна? морийг тавьчихаж болохгүй юм уу” гэсэн чинь, бид нар нэг л морь барьсан. Энэ морь манай ногоог идсэн морийг чинь өгөхгүй гээд байхаар нь “ та нар энэ морийг хамаагүй барьж уяж болохгүй, хурдан удмын морь гэсэн. Тэгтэл Д.Амангельд “ та нарын морь үнэтэй, бид нарын ногоо үнэгүй юм уу гээд шороо цацаад эхэлсэн. Би Т.Эрболатын араар орж нуугдаад эхнэрээ болиулаач гэсэн чинь Т.Эрболат зүгээр зогсоод байсан.Тэгснээ манай эхнэр ирээд “ та нар болиоч” гэсэн чинь мөн шороо цацсан. Би болиулах гээд гарыг нь бариад авсан чинь гараа угз татаж аваад шороо цацаад байсан. Эрдэнэбулаг ах машинаас буугаад ирсэн чинь Д.Амангельд чулуу мод бариад цохиод байсан. Би гүйж очоод мод төмрийг нь булааж аваад шидсэн. Тэгэхэд Д.Амангельдийн гарнаас цус гарчихсан байсан. Бид нартай хамт ирсэн 3 хүнийг би сүлжээтэй газар очоод цагдаа дууд гээд явуулсан. Тэр хугацаанд Д.Амангельд бас шороо цацаад байхаар нь би 2 гараас нь бариад авсан чинь Т.Эрболат “чи манай авгайг цохидог хэн юм бэ” гээд ирээд цохиод өшиглөсөн. Тэгээд бид хоёр заамдалцаад нэлээд удаан зогссон. Тэгээд би” чи үнэхээр хохирсон юм бол машинаа асаачих, хамт Буянт сум яваад асуудлаа шийдүүлдэг газраар нь шийдүүлье” гэхэд “ чи намайг авч явдаг хэн юм” гээд намайг санамсаргүй байхад нүүр хэсэгт гараараа 3 цохиж, зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт өшиглөсөн. Тэгж байхад эхнэр Д.Амангельд нь тоосго, төмөр, чулуу модоор цохиод байсан. Д.Амангельд баруун бөөр хэсэгт тоосгоор нэг удаа, дахиад чулуугаар баруун хөлний шилбэний эрээн булчинд нэг удаа, төмрөөр зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт нэг удаа цохисон. Т.Эрболат гараараа миний нүүр хэсэгт 3 цохиж, зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт нэг өшиглөсөн / хх75-76-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Бид нар адууг нь авч өгөөд цаашаа явах санаатай бүгдээрээ очсон. Тэгээд нөгөө казак айл руу Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг, Цоож багш, адууны эзэн гэх хүмүүс бууж очсон. Тэгтэл очсон айлын эмэгтэй машинаас буусан хүмүүс рүү том том чулуу авч шидээд “ танай адуу орж ирж ногоо идсэн, адууг чинь өгөхгүй” гээд байсан...Тэгээд Энхжаргал бид хоёр цагдаагийн албан хаагчдыг дагуулаад ирэхэд Ц.Түмэндэмбэрэлийг чулуугаар цохисон бололтой нүд ам нь улайчихсан зогсож байсан. Цагдаа ирээд тэд нарыг зохицуулаад казак айлын нөхөр болон адууны эзнийг дагуулаад явсан / хх-78-79-р хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тэгээд нөгөө айлд очоод манай хоёр дүү машинаас буусан. Би машинд сууж байгаад манай 2 дүү рүү учиргүй шороо, чулуу шидээд байхаар нь буугаад очсон чинь миний урдаас шороо цацаад төмөр модоор цохиод байсан. Тэгж байгаад Д.Амангельд гараа шалбалчихаад намайг цохисон гээд байсан. Тэгээд бид нарыг хэл амаар доромжлоод болохгүй болохоор цагдаа дуудсан /хх-80-81-р хуудас / гэх мэдүүлэг,

            2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн:

1.Ц.Отгонцэцэгийн биед гэмтэл учирсан байна.

2.Ц.Отгонцэцэгийн биед учирсан доорхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ц.Отгонцэцэгийн биед учирсан доорхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Ц.Отгонцэцэгийн биед тархи доргилт,зүүн гарын бугалганд 5х3 см цус хуралт,баруун гарын бугалга, зүүн хөлийн түнхний үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо гэх дүгнэлт /хх -102-р хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай Шинжээчийн 1.Ц.Түмэндэмбэрэлийн биед гэмтэл учирсан байна.

2.Ц.Түмэндэмбэрэлийн биед тархи доргилт, баруун эгэмний дунд хэсэгт 1.8х0.7 см, 1х0.5 см зулгаралт, зүүн хөлний гуяны урд доод хэсэгт 3х1.5 см цус хуралт, хоолой болон баруун хөлийн шилбэний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Ц.Түмэндэмбэрэлийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. Ц.Түмэндэмбэрэлийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-107-р хуудас/ гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Ц.Отгонцэцэгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүргэн ахын 2 морь алга болчихсон байсан чинь айлын торонд уяатай байна очоод уулзаад өгөөч гэхээр нь манай нөхөр Ц.Түмэндэмбэрэл бид нар Т.Эрболатынд очсон. Т.Эрболатынд очоод морины тухай яриад зогсож байтал эхнэр Д.Амангельд нь “ та нарын морь үнэтэй юм уу, бид нарын ногоо үнэтэй юм уу гээд шороо чулуу цацаад учир зүггүй хэл амаар доромжлоод би хуульч хүн та нарыг зодчихоод хуулийн байгууллагад өөрийгөө өмгөөлөөд гарч чадна  гэх зэргээр дайраад учир зүггүй гарт дайралдсан төмөр чулуу зэргээр цохиод байсан.Тэгэхээр нь би “чи болиоч бүгдээрээ хэл амаа ололцъё, гээд Т.Эрболатыг чи эхнэрээ болиулаач гэхэд зүгээр зогсоод байсан. Би үнэн зөвийг олуулах гэж хуулийн байгууллагад хандаад явж байна.Түүнээс хэн нэгнийг хохироож хохирол төлүүлж хэл ам болгох гээгүй.Энэ хэрүүл зодоон бол Д.Амангельдээс эхэлсэн.Би хэнийг ч зодоогүй, хэнд ч гар хүрээгүй. Би Д.Амангельдэд гар хүрэх нь битгий хэл аль болох зугтаж байсан. Д.Амангельд чулуутай гараараа хэд хэд цохисон. Тухайн үед тэнд Цагаанцоож, Эрдэнэбулаг, Даваажав, Энхжаргал нар байсан. Би тухайн үед эд нарт танайх ногооныхоо хохирлыг хандах ёстой газарт нь хандаж гаргуулж авахгүй юу гэдгийг хэлж байсан. Т.Эрболат надад гэмтэл учруулаагүй гэв.

            Шүүгдэгч Д.Амангельд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сард манай ногооны талбайд хэдэн адуу ороод манай ногоог идэж сүйтгэсэн байсан. Бид нар торонд орсон адуунаас 1 тооны адууг барьж аваад хашаандаа уячихсан байсан. Өглөө эзэн Эрдэнэбулаг нь ирсэн. Бид нар өмнө нь эзэнд нь байнга хэлдэг байсан.Тэгээд танай 1 морийг уячихсан байгаа, манай ногоо идчихсэн тул цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн.Тэгтэл Эрдэнэбулаг манай 3 нохой руу чулуу шидэж байгаад яваад өгсөн. Орой нь үхэр малаа саагаад байж байтал машинтай хүмүүс ирээд “айлын эзэн нь хэн бэ? гэхээр нь бид хоёр очиж уулзаад баахан адуу манай хашаанд ороод ногоо сүйтгэсэн гэж хэлтэл “ та нар хүний хурдан морь уядаг юу юм бэ? муусайн хасгууд “гэх зэргээр дайраад морь луу явахаар нь би морийг чинь өгөхгүй, цагдаа дуудчихсан байгаа гэтэл эрэгтэй нь намайг үснээс зулгаагаад өвдөглөж дараад байсан тэгэхээр нь би дарагдсан гараараа газраас шороо авч цацсан. Тэгээд байж байтал манай нөхөр ирж салгаж авсан. Тэгтэл “ чи шороо цацдаг ямар муу ёртой авгай вэ? гээд намайг 2,3 удаа алгадаад авсан. Миний гар цус болчихсон байхаар нь гараа сэгсэрсэн чинь нөхрийнх нь цамцан дээр үсэрчихсэн чинь авгай нь ирээд намайг алгадаад авсан. Бид нар ногоо тарьж амь зуулгаа залгуулдаг. Олон хүүхэдтэй, нөхөр өвчтэй. Энэ залуу тэр өдөр архи уусан байсан. Авгай нь намайг хэл амаар зөндөө доромжилсон. Гэтэл маргааш нь нөгөө морийг Цэнд-Аюуш гэх шал өөр хүн ирж авсан. Энэ залуу манай нөхөр лүү дайраад намайг зод чи гээд дайраад нөхрийн хувцас хунарыг урж хаясан. Би хөрш айлынхаа хүмүүсийг дуудаж ирүүлээд цагдаа дуудсан. Би хэнийг ч зодоогүй, харин өөрөө зодуулсан. Морь авах гээд байхаар нь би өгөхгүй гээд булаацалдсан. Би Отгонцэцэг, Түмэндэмбэрэл нарын биед гэмтэл учруулаагүй, намайг гүтгэж байна гэв.

            Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: бид нар анх морь авах гэж очоогүй, уулзаад явъя гэж очсон. Би морины цулбууртай зууралдаагүй.Та нар хүний үнэтэй хурдан морь барьж уяж байж хэрэгт оровоо гэж хэлсэн. Би эхэлж очоод Т.Эрболаттай уулзаад зогсож байтал Д.Амангельд гарч  ирээд “ та нарын морь үнэтэй юм уу? бид нарын ногоо үнэтэй юмуу? гээд Д.Амангельд шороо цацаад эхэлсэн.Тэгэхээр нь би Т.Эрболатыг чи эхнэрээ тайвшруулчихаач гэж хэлсэн.Т.Эрболат хажуу тийш бултаад эхнэрээрээ намайг чулуугаар цохиулсан. Би болиулах гээд гарыг нь бариад авсан чинь гараа угз татаад шороо цацсан. Тэгтэл Т.Эрболат ирээд “чи миний авгайг болиулдаг хэн бэ “гээд намайг цохиод авсан. Т.Эрболат миний нүүр лүү 2,3 удаа цохисон. Тэгэхээр нь би Т.Эрболатыг “чи машинтай л юм байна ш дээ, хоёулаа Буянт сум руу яваад цагдаа дээр очъё гэхэд учир зүггүй нүүр лүү цохиод байсан. Би зүрхний өвчтэй гээд амнаас нь хөөс гарчихсан байсан.Т.Эрболат миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Д.Амангельд “би хуулийн мэргэжилтэй, би өөрийгөө өмгөөлөөд хамгаалаад гарч чадна” гээд байсан. Би гомдолтой байна гэв.

            Шүүгдэгч Т.Эрболат шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Т.Ерболат: Манайх ногоо тарьдаг бөгөөд тухайн адууг манай эхнэр хариулдаг байсан. Нэг өглөө босож ирсэн чинь манай ногоог сүйтгэсэн байсан бөгөөд Ховд сумын хүмүүстэй ярьсан. Адуунаас хоёр морь барьж ав гэсэн бөгөөд ойр орчмын хүмүүсийг гуйж байгаад нэг морь барьж авсан. Манай эхнэр гаднаас орж ирээд гадаа нэг хүн чулуудаад байна гэхэд гарсан чинь шар дээлтэй хүн байсан. Наадах морины хажууд бас нэг морь байх ёстой. Та нар хулгайлаад идсэн юм уу. Наадах морь өг гэж хэлсэн. Ховд сумын хүмүүст хэлчихээд барьж авсан гэтэл миний үгийг сонсоогүй. Османыг алж байгаад морь авна гээд давхиад явсан. Орой бүрэнхий үед манай торны гадна хар машин ирж зогслоо. Морь торны дотор тал, худагны гадна талд уяатай байсан. Энэ хоёр хүн морины хадаг яасан, хурдан морь юм аа гээд дайрсан. Манай эхнэр морь өгөхгүй Ховд сумаас хүмүүс ирнэ.  Ц.Түмэндэмбэрэлээс архи үнэртсэн байсан бөгөөд манай эхнэрийг үсдэж аваад, өвдөглөж дарсан. Би очиж салгах гэсэн чинь намайг хэд хэдэн удаа багалзуурдсан. Өвчтэй гэдгээ хэлсэн. Чи намайг зод гээд Ц.Түмэндэмбэрэл дайрсан. Эхнэр нь манай хүнийг очиж хэд хэдэн удаа цохисон. Эхнэр нь зодож болохгүй шүү өвчтэй хүн гэж хэлж байна хайраа гэхэд намайг зодоогүй. Тэгж хэлээгүй байсан бол намайг зодох байсан. Хагалгаанд орохгүй бол намайг суумгаа болно гэж хэлсэн. 13/А маягт аваад явах гэтэл шүүх хуралдаан хойшлогдсон. Сүүлд машинаас хоёр хүн бууж ирээд османуудыг алаад өг гээд яваад өгсөн. Тухайн үед Ц.Түмэдэмбэрэл манай эхнэрийг үсдэж, дарж унагаснаас болж хэрүүл, маргаан гарсан. Хэрээгээр хоёр нүдийг чинь тоншуулна. Монголын газар нутаг дээр ногоо тарих ямар эрх байна. Хамгийн сүүлд манай эхнэр цагдаа дуудсан. Гомдолтой байна гэжээ.

Дээрх мөрдөн байцаалтын шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч тус бүрийн гэм буруугийн талаар дүгнэв.

Шүүгдэгч Ц.Отгонцэцэгийг талаар:

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.Эрболат хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... Тэгтэл нэг тарган залуу манай эхнэр Амангельдыг үсдээд унагаагаад зууралдсан.Тэгэхээр би очиж салгасан чинь намайг цамцаар боосон.Энэ хооронд цуг явсан эмэгтэй нь манай эхнэртэй маргалдаад тэд нар явахгүй болохоор манай эхнэр шороо цацаж явуулсан...” гэх, мөн 2017 оны 10 сарын 26-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ”...Ц.Түмэндэмбэрэл манай эхнэрийг үсдэж унагаагаад босгохгүй байхаар нь би гүйж очоод салгасан.Тэгтэл намайг багалзуурдаад боосон газар унагаасан байхад Ц.Отгонцэцэг манай эхнэртэй маргалдаад зууралдаад байсан.Толгой руу нь 2-3 удаа цохиж хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Даваажавын”... Ц.Отгонцэцэг тухайн үед жирэмсэн байх шиг байсан.Тиймээс би хол байгаарай гэж хэлсэн..” Гэрч О.Цагаанцоож мэдүүлэхдээ”... Бид нарыг харж байхад Ц.Отгонцэцэг огт гар хүрээгүй, Д.Амангелд үснээс нь зулгааж гараараа цохиод байсан. Ц.Түмэндэмбэрэл очиж салгахад Т.Эрболат түүнийг цохиод эхэлсэн...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Отгонцэцэгийг Ц.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн Д.Амангелдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Учир нь түүний нөхөр Ц.Түмэндэмбэрэл Д.Амангельдтэй маргалдаж улмаар газар унагаасан, түүнийг Т.Эрболат ирж салгасан болох нь дээрх гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Отгонцэцэг иргэн Д.Амангельдэд хохирол учруулах боломжгүй, харин шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх боломжтой гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээ.

Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн гэм буруугийн талаар

Хохирогч Д.Амангелдийн “...Ц.Түмэндэмбэрэл наад морио тавь миний гарнаас мушгиж газар унагаагаад дээрээс өвдөглөөд үсдээд намайг босгохгүй байсан. Тэгэхээр нь би газраас шороо самардаад урдаас нь цацаж байгаад арай гэж боссон. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.Эрболат хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... Тэгтэл нэг тарган залуу манай эхнэр Амангелдыг үсдээд унагаагаад зууралдсан.Тэгэхээр би очиж салгасан чинь намайг цамцаар боосон.Энэ хооронд цуг явсан эмэгтэй нь манай эхнэртэй маргалдаад тэд нар явахгүй болохоор манай эхнэр шороо цацаж явуулсан...” гэх, мөн 2017 оны 10 сарын 26-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ”...Ц.Түмэндэмбэрэл манай эхнэрийг үсдэж унагаагаад босгохгүй байхаар нь би гүйж очоод салгасан.Тэгтэл намайг багалзуурдаад боосон газар унагаасан байхад Ц.Отгонцэцэг манай эхнэртэй маргалдаад зууралдаад байсан.Толгой руу нь 2-3 удаа цохиж хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,гэрч Т.Риза”...Д.Амангелдын гар цус болсон байсан. Т.Эрболатын цамц урагдсан байсан...” гэх мэдүүлэг шинжээчийн 512 дүгнэлт зэрэг баримтаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь иргэн Т.Амангельдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Амангелдын гэм буруугийн талаар

Хохирогч Ц.Отгонцэцэгийн”... Д.Амангелд миний толгой руу болон зүүн гарын булчин хэсэгт чулуутай гараараа хэд хэдэн удаа цохисон. Манай хүргэн ахыг машинаас бууж ирэхэд чулуу аваад шидээд, шороо цацаад байсан..” нэх мэдүүлэг, хохирогчоор Ц.Түмэндэмбэрэлийн “...Д.Амангельд шороо цацаад эхэлсэн. Нөхөр нь юу ч хэлэхгүй байсан. Манай эхнэр ирээд болиоч гэхэд эхнэр лүү шороо цацахаар нь би очоод 2 гараас нь бариад авахад тонгойгоод шороо цацаад эхэлсэн. Би дахин шороо цацааад байхаар нь дахин 2 гараас нь бариад авахад Т.Эрболат манай авгайг зоддог хэн юм бэ гээд миний араас ирээд өшиглөөд цохиод байсан.Д.Амангельд нь баруун бөөр хэрэгт тоосгоор нэг удаа, баруун хөлний шилбэний эрээн булчинд нэг удаа, зүүн өвдөгний дээд хэсэгт нэг удаа, нөхөр нь гараараа нүүр хэсэгт 3 удаа зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэбулагийн”...манай 2 дүү рүү учиргүй шороо цацаад хэл амаар дайраад байсан.Би салгах очиход миний урдаас шороо цацаад төмөр, модоор цохиод байсан. Т.Эрболат, Д.Амангельд нар нь чулуу болон гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг,Гэрч О.Цагаанцоожийн”... Д.Амангельд үснээс нь зулгааж гараараа цохиод байсан. Ц.Түмэндэмбэрэл очиж салгахад Т.Эрболат яагаад манай эхнэрийг зодож байгаа гээд түүнийг цохиод эхэлсэн. Д.Амангельд нэг төмөр авч ирээд ирээд  Ц.Түмэндэмбэрэлийн баруун ташаанд нь цохисон, цааш Эрдэнэбулагийг цохисон тэгээд Ц.Отгонцэцэг рүү гүйхэд нь би барьсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн 497, 500 дүгнэлтээр шүүгдэгч Д.Амангельд нь Т.Эрболаттой бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна.

Т.Эрболатын гэм буруугийн талаар

Хохирогч Ц.Отгонцэцэгийн”... Д.Амангельд миний толгой руу болон зүүн гарын булчин хэсэгт чулуутай гараараа хэд хэдэн удаа цохисон. Манай хүргэн ахыг машинаас бууж ирэхэд чулуу аваад шидээд, шороо цацаад байсан..” гэх мэдүүлэг, хохирогчоор Ц.Түмэндэмбэрэлийн “...Д.Амангельд шороо цацаад эхэлсэн. Нөхөр нь юу ч хэлэхгүй байсан. Манай эхнэр ирээд болиоч гэхэд эхнэр лүү шороо цацахаар нь би очоод 2 гараас нь бариад авахад тонгойгоод шороо цацаад эхэлсэн. Би дахин шороо цацааад байхаар нь дахин 2 гараас нь бариад авахад Т.Эрболат манай авгайг зоддог хэн юм бэ гээд миний араас ирээд өшиглөөд цохиод байсан. Д.Амангельд нь баруун бөөр хэсэгт тоосгоор нэг удаа, баруун хөлний шилбэний эрээн булчинд нэг удаа, зүүн өвдөгний дээд хэсэгт нэг удаа, нөхөр нь гараараа нүүр хэсэгт 3 удаа зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэбулагийн”...манай 2 дүү рүү учиргүй шороо цацаад хэл амаар дайраад байсан. Би салгах очиход миний урдаас шороо цацаад төмөр, модоор цохиод байсан. Т.Эрболат, Д.Амангельд нар нь чулуу болон гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг, Гэрч О.Цагаанцоожийн”... Д.Амангельд үснээс нь зулгааж гараараа цохиод байсан. Ц.Түмэндэмбэрэл очиж салгахад Т.Эрболат яагаад манай эхнэрийг зодож байгаа гээд түүнийг цохиод эхэлсэн. Д.Амангельд нэг төмөр авч ирээд ирээд  Ц.Түмэндэмбэрэлийн баруун ташаанд нь цохисон, цааш Эрдэнэбулагийг цохисон тэгээд Ц.Отгонцэцэг рүү гүйхэд нь би барьсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн 497, 500 дүгнэлтээр шүүгдэгч Т.Эрболат нь Д.Амангельдтэй бүлэглэн Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна.

Хэргийн талаар

Шүүгдэгч нар нь ногооны талбайд адуу орж ногоо сүйтгэсэн, адуугаа авах гэх шалтгаанаас үл ойлголцол үүсэж улмаар харилцан маргалдаж хоорондоо ноцолдож, зууралдаж цохих явцад бие биедээ  гэмтэл учруулсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон шүүгдэгч нар нь бие биенээ зодоогүй хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай байгаа тухайгаа мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг хэдий ч хохирогч нарын биед учирсан гэмтлүүд дээрх ноцолдох, заамдалцах, зууралдаанаас буюу түлхсэнээс унах, чулуу, шороо цацах, шидэх, цохих зэрэг гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр үүссэн гэдгийг хэрэг учрал болох үед хамт байсан гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын амбулаториор эмчлүүлэгчийн карт, рентген зургийг уншсан эмчийн хариуг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр шинэ гэмтэлүүд үүссэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч нар бие биедээ гэмтэл учруулаагүй, хөнгөн гэмтэл учрах боломжгүй гэж мэдүүлж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувийн байдал нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны болон соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж шүүгдэгч Ц.Отгонцэцэг тухайн хэргийн үйл явцын тухай ярианы дуу бичлэгийг гар утсанд бичсэнийг СД-нд хуулбарлан хэрэгт хавсаргаж ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан боловч ач холбогдол өгч үнэлээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Иймд шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх, шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд  нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилж ял шийтгэл ногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Ц.Түмэндэмбэрэл, Т.Эрболат, Д.Амангельд  нарт торгуулийн ял ногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, Т.Эрболат, Д.Амангельд  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлад тооцов.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүлсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Отгонцэцэгийн  эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/42 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Амангельдийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/63 дугаартай, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн Конка маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/62 дугаартай, шүүгдэгч Т.Эрболатын эзэмшлийн 1 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/68 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2.Шүүгдэгч Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Жантекей овогт Долдорын Амангельд, Молхы овогт Тилеуханы Эрболат нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд  тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл нар нь торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

      5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг, 1 ширхэг CD-г хэргийг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Шүүгдэгч Ц.Отгонцэцэгийн эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/42 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Амангельдийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/63 дугаартай, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн Конка маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/62 дугаартай, шүүгдэгч Т.Эрболатын эзэмшлийн 1 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/68 дугаартай Прокурорын тогтоолуудыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС