Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ерболат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Ерболат нарт холбогдох эрүүгийн 1736000930089 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, бага боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод  оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, Молхы овогт Тилеуханы Эрболат

2.Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай  гэх, Жантекей овогт Долдорын Амангельд

3.Монгол улсын иргэн,1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух,Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэл

4.Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тахидаг хар” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух, Сумалдай овогт Цэнджавын Отгонцэцэг ,

Шүүгдэгч Т.Эрболат нь Д.Амангельдтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Ц.Түмэндэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

 Шүүгдэгч Д.Амангельд нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа  багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын буюу 2 түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Ц.Отгонцэцэгтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Ц.Отгонцэцэг нь Ц.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Жантекей овогт Долдорын Амангельд, Молхы овогт Тилеуханы Эрболат нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэл, Жантекей овогт Долдорын Амангельд, Молхы овогт Тилеуханы Ерболат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ц.Отгонцэцэг, Т.Ерболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж болгож шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүгдэгч Ц.Отгонцэцэгийн гэм буруугийн талаарх дүгнэлтэнд гэрч Т.Эрболатын хоёр удаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч С.Даваажавын Ц.Отгонцэцэг тухайн үед жирэмсэн байх шиг байсан. Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан дууны бичлэг болон бусад нотлох баримтуудад тулгуурлаагүй таамаг төдийгөөр шүүгдэгч Ц.Отгонцэцэгийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хэргийн талаарх нөхцөл байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл, заалтыг журамлан дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй.     Шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Ц.Отгонцэцэгийн хувьд үйлдэл нь нотлодохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                   

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Т.Эрболат нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.Амангельдтэй бүлэглэн иргэн Ц.Түмэндэмбэрэлийг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Д.Амангельд нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын буюу 2 түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Ц.Түмэндэмбэрэл нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн  нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Отгонцэцэгтэй бүлэглэн иргэн Д.Амангельдыг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Ц.Отгонцэцэг нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн иргэн Д.Амангелдыг цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын үйлдлийг хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

            Шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтуудыг дүгнэвэл: Анхан шатны шүүх нь  шүүх  хуралдааны үйл ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ.

            Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн мөртлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан хийгээгүй болох нь шүүхийн тогтоол, шүүх хуралдаан хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож  байх бөгөөд  энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “ шүүхийн шийдвэр нь энэ хуулийн . . . 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул ноцтой зөрчил гэж үзэхээр болжээ. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн “ гэсэн хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

             Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир прокурорын бичсэн эсэргүүцлийн бусад хэсэгт дүгнэлт хийх боломжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын бичсэн эсэргүүцлээс “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн “ гэсэн хэсгийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Т.Эрболат, Д.Амангельд, ЦТүмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

           

                              ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                М.НЯМБАЯР

                                                                                     Б.ДАМБА