Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00007

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Идэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг *******ийн ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:ИЖ*****/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг Ногоочдын хэсэг **-** тоотод оршин суух ******* овгийн *******гийн*******а /РД:ИЦ********/-д холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******а/ ZOOM/-р, хариуцагч Э. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Г., Г. нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай хоёр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл сул, хараа хяналт муутай байгаа учраас хоёр хүүхдийнхээ асрамжид маш их санаа зовж байна. Манай хоёр хүүхэд сүүлийн үед надтай холбогдохгүй байгаад байна гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би Д.*******ын бодож байгаагаас эсрэг бодолтой байна. Яагаад вэ гэхээр манай хоёр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцлийг аюултай гэж үзэхгүй байна. Манай хоёр хүүхэд хүний ёсоор амьдарч байгаа, хүүхдийн амьдралд болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Тийм учраас хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг эсэргүүцэж байна. Хүүхдүүдийг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэдэг нь яг ямар нөхцөл байдлыг хэлж байгааг би ойлгохгүй байна. Хүүхдүүдийг аавтай нь уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй гэж байна. Би хүүхдүүдээ аавтай нь уулзуулахаар амралт болгоноор нь явуулдаг, мөн аавтайгаа утсаар ярих бүхий л боломж бололцоогоор нь хангадаг гэв.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т тус тус зааснаар хариуцагч ******* овгийн *******гийн*******а /РД:ИЦ********/-д холбогдуулан гаргасан охин Г., Г. нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* /РД:ИЖ*******/-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т тус тус зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцгийн үүрэг нэхэмжлэгч Д.*******од хэвээр үлдэхийг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг сануулж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* түүний өмгөөлөгч Г.*******а нарын давж заалдах гомдлын агуулга:

Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.*******а (ШТ үнэмлэх № 2747) би нэхэмжлэгч Д.*******той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Э.д холбогдох Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 140/ШШ2021/00007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг даргаж байна.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтууд болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдэлийн түвшингийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна.

Шүүх тухайн нотлох баримтуудыг хуульд заасан ямар журмыг зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан Зохигч...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу дээрх нотлох баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж гаргаж өгсөн байна.

Мөн тухайн Хамтарсан багийн хурал хуралдах болсон шалтгаан нь 2020 оны 5 дугаар сард охин Г., Г. нар нь өөрийн аав Д.******* дээр ирсэн байх үед эх Э. нь хүүхдүүдийн миний зөвшөөрөлгүй авч явлаа гэсэн гомдлыг Завхан аймгийн Цагдаагийн газар гаргасан бөгөөд энэ талаар Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ГБХХГХУС мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Г. нь Д.******* болон хүүхдүүдийг дуудаж уулзсан байдаг. Энэ үед Г., Г. нарын эрх зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал гарсан учир тус сумын Хамтарсан багийн хурлыг хуралдуулж, үнэлгээнүүдийг гаргасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ,

13.4 дахь хэсэгт Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хувилбарт үйлчилгээ үзүүлэх санал, дүгнэлтийг хамтарсан баг, нийгмийн ажилтан гаргах бөгөөд гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хүүхдийн эрхийн ажилтан хяналт тавина,

15.4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.4.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг /цаашид хамтарсан баг гэх/ гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуулийн 37, 38.1.1, 40, 41, 42 дугаар зүйлд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг;,

20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

20.2.Хамтарсан баг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.2.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

20.2.2.хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;

20.2.3.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

20.2.4.хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

20.2.5.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;

20.2.6.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх. гэж хуульд заасан эрхийн хүрээнд Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдэлийн түвшингийн үнэлгээ зэргийг гаргасан байна.

Тухайн хурлын үед Г., Г. нар нь манай ээжийн хамтран амьдрагч нь бид хоёрыг зоддог, мөн их айдаг, ээж бид хоёрыг зоддог, анхаарал халамж тавьдаггүй, өглөө гараад орой ирдэг, аавтай уулзуулдаггүй, утсаар ярихаар их уурладаг, ээжийн хамтран амьдрагч болон ээж архи уудаг зэрэг эрсдэл бүхий нөхцөл байдлуудыг хэлсэн байдаг. Мөн хамгийн ноцтой нь Г.ийг /10 настай/ Э.гийн хамтран амьдрагч нь караокед дагуулан орсон байдаг бөгөөд тэнд байсан нэг эрэгтэй хүн үнсэхийг оролдсон гэх зүйлийг ярьсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эмчид үзүүлэх дүгнэлт гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагын гаргасан Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдэлийн түвшингийн үнэлгээ зэргийг гаргаж өгсөн бөгөөд үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх нь өөрөө үндэслэлгүй юм.

2. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Д., Б.аа нарыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг анхан шатны шүүх хурлаас өмнө буюу шүүхийн хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө гаргаж өгөх боломжтой байдаг мөн нотлох баримт бүрдүүлэх цуглуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргах эсхүл хэлэлцүүлэх захирамж гарсан үед зохигчоос хүсэлт ирсэн тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой байдаг. Гэтэл шүүх Э.гийн хүсэлтийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж гэрчийг асуусан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг нэг талд илтэд давуу байдал үүсгэсэн байна.

3. Мөн Г.аас хүүхдийн санал асуухад аавтайгаа баймаар байна гэсэн санал гаргасныг шүүхийн харгалзан үзээгүй, хүүхдүүдийн ээжтэйгээ амьдармаар байна гэснийг харгалзан үзсэн болно гэж нотлох баримтыг илтэд худал дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэсний дагуу төлбөр авагч Э.тай тохиролцсон ёсоор хүүхдийн тэтгэлгийг төлж явж байгаа,

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

41.1.1.мөнгөн хэлбэрээр;

41.1.2.эд хөрөнгөөр. гэсний дагуу гэрийг тэтгэлэгт оруулан тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 140/ШШ2021/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******а/ ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******той 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримт буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эрсдэлийн түвшингийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзсэн нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж дүгнэсэн байгаа. Шүүх тухайн нотлох баримтуудыг хуульд заасан ямар журмыг зөрчсөн талаар тодорхой дурдаж өгөөгүй. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан Зохигч...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу дээрх нотлох баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж гаргаж өгсөн байна. Мөн тухайн Хамтарсан багийн хурал хуралдах болсон шалтгаан нь 2020 оны 5 дугаар сард охин Г., Г. нар нь өөрийн аав Д.******* дээр ирсэн байх үед эх Э. нь хүүхдүүдийн миний зөвшөөрөлгүй авч явлаа гэсэн гомдлыг Завхан аймгийн Цагдаагийн газар гаргасан бөгөөд энэ талаар Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байцаагч ахлах дэслэгч Г. нь Д.******* болон хүүхдүүдийг дуудаж уулзсан байдаг. Тэр үед хүүхэд караокед дагуулан орж үнсэх гэж оролдсон, манай ээжийн хамтран амьдрагч нь бид нарт дарамт үзүүлдэг гэсэн дээрх нөхцөл байдлуудыг шалтгаалан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Хамтарсан багийн хурал бол Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 13.4, 13.5-д заасан эрхийнхээ хүрээнд тухайн хурлыг хийсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хурлыг тодорхойлсон байгаа. Дээрх хуулинд заасан эрхийнхээ хүрээнд хамтарсан баг хурал хийсэн. Үүнээс гарсан төрийн байгууллагын албан ёсны хуралд заасан эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэл бусад үнэлгээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тухайн хурлын үед Г.М, Г. нар нь манай ээжийн хамтран амьдрагч нь бид хоёрыг зоддог, ээжийн хамтран амьдрагч болон ээж архи уудаг зэрэг эрсдэл бүхий нөхцөл байдлуудыг хэлсэн байдаг. Мөн хамгийн ноцтой нь Г.ийг /10 настай/ Э.гийн хамтран амьдрагч нь караокед дагуулан орсон байдаг бөгөөд тэнд байсан нэг эрэгтэй хүн үнсэхийг оролдсон гэх зүйлийг ярьсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эмчид үзүүлэх дүгнэлт гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Д., Б.аа нарыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлгийг авсан байгаа. Шүүх хуралдаан 1 удаа зарлагдаад нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан гэрчийг асуугаагүй байсан учраас шүүх хуралдаан хойшилсон. Хойшлох хугацаанд дараагийн шүүх хуралдаан товлосон хугацааны хооронд Э.гаас дээрх гэрчүүдийг асуулгая гэсэн хүсэлт шүүхэд гаргасан байсан. Түүнийг шүүх хуралдааны явцад хэлэлцүүлэхгүй шүүгч шууд шийдвэр хийсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу хэлэлцүүлэх захирамж гарсан үед зохигчоос хүсэлт ирсэн тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой байдаг. Гэтэл шүүх Э.гийн хүсэлтийг хэлэлцүүлэх захирамж гарсаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж гэрчийг асуусан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гэж үзэж байна. Мөн Г.аас хүүхдийн санал асуухад аавтайгаа баймаар байна гэсэн санал гаргасныг шүүхийн харгалзан үзээгүй, хүүхдүүдийн ээжтэйгээ амьдармаар байна гэснийг харгалзан үзсэн болно гэж нотлох баримтыг илтэд худал дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлс хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэсний дагуу төлбөр авагч Э.тай тохиролцсон ёсоор 1 сарын 150.000 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг төлж явж байгаа. Э.гийн хувьд хамтран амьдрагчтай, тухайн хамтран амьдрагч нь хүүхдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудыг хүүхдүүд хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хүүхдээс асуусан зэрэг нөхцөл байдлуудыг тодорхой хэлээд байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй зөвхөн нэг талыг баримтлаад шийдвэрлэсэн байгаа. Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 140/ШШ2021/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Э. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аав нь хүүхдүүдийг санаатайгаар миний зөвшөөрөлгүйгээр авч яваад хууль хүчний байгууллагаас янз бүрийн бичиг гаргуулсан гэж үзэж байна. Мөн гэрч асуулгах эсэх тал дээр миний хувьд өмгөөлөгч аваагүй учраас сайн мэдэхгүй байсан. Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр шүүхийн шийдвэрлэсэн байдал нь үнэн зөв гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Гэрлэгсэд 2005 онд гэр бүл болсон байх ба Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э. нарын гэрлэлтийг цуцалж, охин Г., Г. нарыг эх Э.гийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

Охин Г., Г.Ц нар нь эх Э.гийн асрамжинд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суудаг, түүний охин Г.М нь Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн 7в ангид охин Г.Ц нь 4б ангид суралцдаг тэд 2017-2021 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан нь тогтоогдож байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй байдаг.

Охин Г.М/13 настай/, Г.Ц/10 настай/ нараас эцэг, эхийн анхаарал халамж хүүхдийн асрамжийн талаар авсан тэмдэглэлд хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарна гэсэн тайлбар өгсөн байдлыг харгалзан тэдгээрийг төрүүлсэн эх Э.гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн хууль зөрчөөгүй хүүхдийн эрх ашигт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар охин Г.М, /13 настай/, Г.Ц/10 настай/ нарын эх асрамжинд байх хугцаанд тэдний эрх ашигийг хөндсөн ноцтой шалтгаан тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг өөрчлөх тухай гомдол гаргахаас өмнө нотлох баримт болгон гаргаж ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийсэн Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт зэргийг анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 д нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж, анхан шатны шүүх нотлох баримтаас хасч шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 140/ШШ2021/00007 тоот шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ