Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01191

 

Б.Шинэхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1510 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Шинэхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Бумдарьд холбогдох

Гэм хорын хохиролд 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Шинэхүүгийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Шинэхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Шинэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... 2015 оны 10 дугаар сарын 12-ноос дээд давхрын айл буюу 105 тоотын айл удаа дараа ус алдаж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 21, 2016 оны 03 дугаар сарын 20-нд ус алдсан талаар ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвд хандан дуудлага өгсөн юм. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Техникийн комиссын 20\10 тоот акт тогтоосон бөгөөд энэ байрыг иргэн З.Бумдариас түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж байгаа гэх Э.Болор-Эрдэнэ надтай маргалдан, өвчин зовлонтойг минь далимдуулан доромжилж байснаа одоо энэ байрнаас гарч явсан, /88077101 тоот дугаартай н.Оргил гэх залуу энэ байрыг одоо түрээсэлдэг гэх боловч өөрөө түрээслүүлдэг байж магадгүй\, оршин суугчийн буруугаас манай ванны өрөө, нойлын өрөө, коридорын хэсгийн обой солихоос өөр боломжгүй болсон. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 4-р төвийн Техникийн комиссын актын дагуу материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал зэргээ тооцон 300 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13 хороолол, 12-105 тоотын эзэмшигч Ж.Бумдариас хохирол учруулсны 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Бумдарь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би энэ байрны жинхэнэ эзэн биш, манай хамаатны хүний байр, хүмүүс нь гадаадад, ээж нь Дорноговь аймагт амьдардаг. Энэ Шинэхүү гэдэг хүн бол маш хэцүү. Энэ хүнтэй хэл амаа ололцох гэж би 2-3 жил болж байна өвчтэй гэдгийг мэднэ. Манай энэ байр маш хүйтэн, СӨХ зохион байгуулалттай шугамыг нь сольсон боловч энэ авгай зөвшөөрдөггүй. Эднийх 8 давхарт манайх 9 давхарт байдаг. Бусад бүх айл нь солиулсан. Бид шугам солиулах турбан хоолойгоо авсан боловч энэ авгайгаас болоод одоо болтол солиулж чадахгүй байна. Гэрт жоохон хүүхэд гүйх тоглох болгонд ирж хаалга үүд тогшиж хэрүүл хийдэг. Үүдээ нээхгүй болохоор /өвчтэй хүнээс айгаад/ сүхээр бүргэд хаалга руу цохиж эвдсэн. Иймд бид бас хохирч байна. Угаасаа хуучны байр ваннаар бага зэргийн ус шүүрч байж болзошгүй. Түүнээс их хэмжээний ус алдсан юм байхгүй. Ванн жорлонд обой наадаггүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид бас бүргэд хаалганы үнэ нэхэмжилж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж.Бумдариас эд хөрөнгөд учирсан хохирол 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Шинэхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1510 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Шинэхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөвөөр үнэлээгүй тул шүүхийн шийдвэр, магадлал нэхэмжлэгч миний хохирсон эрх ашгийг зөрчсөн. Нэхэмжлэгч би энэ гэм хорын хохирлоос үүссэн нэхэмжлэлээ гаргаж, холбогдох баримтыг хэрхэн бүрдүүлснээ шүүхэд тодорхой тайлбарласан Барилгын дэлгүүр орж И баримтаар баталгаажуулан хохирсон хэмжээний бараа материалыг худалдаж авсан. Харин хариуцагч энэ хэрэгт мэтгэлцэх ямар ч баримт, нотолгоо гаргаж өгөөгүй, ус алдсан нь үнэн, хохирлыг нь төлөхгүй гэж байсан болохоос миний хохирлыг барагдуулахгүй гэдэг үгээр л шүүх хуралдаанд оролцсоныг би зөвшөөрөхгүй. Миний нэхэмжилсэн 300 000 төгрөгийг төлөхгүй гэсэн болохоос энэ бараа нь ийм төгрөг би зөвшөөрөхгүй гэж мэтгэлцээгүй. Гэтэл шүүх цахимаар өгдөг И баримтыг хуурамч юм уу, өөрөө гаргаж авсан гэж үзэж байгаа юм уу, нотлох баримт гэж үзээгүйд гомдолтой байна. Би өөртөө хэрэгтэй зүйлээ хохирлын хэмжээгээрээ л худалдаж авсан. Иймд нэг талыг барьж, мэтгэлцэх зарчим зөрчилдөх шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчим хангагдаагүй байна. Энэ үндэслэлээр хэргийн баримтанд тулгуурлан шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13 хороолол, 12-105 тоотыг Ж.Бумдарь өөрийн эзэмшилд байлгаж бусдад түрээслүүлж байгаа, энэхүү 105 тоот сууцны ванны өрөөнөөс 2015 оны 11 дүгээр 23, 12 дугаар сарын 21, 2016 оны 3 дугаар сард ус алдсан нь хэргийн 5-10 дугаар талд авагдсан ОСНААУГазарын хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот албан бичиг, 2015, 2016 оны Сантехникийг дуудлагын дэвтэр зэрэг баримтаар, харин хохирлын хэмжээг 300 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хэргийн 11, 18 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийг өөрийнхөн гаргасан тооцооны хуудас, Демон трейд компаниас барилгын 298 000 төгрөгийн материал худалдан авсан тухай тус компанийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримтаар тус тус тогтоогдсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасны дагуу хариуцагч Ж.Бумдарьд шүүхээс эрх үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийг гардуулсан байх ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Шинэхүүгийн нэхэмжлэл, тайлбарыг нотолсон дээрх баримтуудыг няцааж үгүйсгэсэн баримтыг гаргаагүй, гэм хорын хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээр заасан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа хууль хэрэглээний хувьд гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх хуулийн үндсэн заалтыг нэмж хэрэглэх зөв гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1510 дугаар магадлалын 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ж.Бумдариас 300 000 төгрөг гаргуулан Б.Шинэхүүд олгосугай гэж ,

шийдвэрийн 2-дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9 650 төгрөг гаргуулан Б.Шинэхүүд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Шинэхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Шинэхүү хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АМАРСАЙХАН

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР