Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0340/З |
Дугаар | 221/МА2017/0483 |
Огноо | 2017-06-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0483
2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар0221/МА2017/0483 | Улаанбаатар хот |
Д.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд Ц.М-ийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Чилхаажавын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ч-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.Ч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжийн Ч.С-д холбогдох хэсэг болон хавсралт хүснэгтийн Ч.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дугаар захирамж, шийдвэрийн Ч.Самбууд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Хөгнөжавхлант” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0000000, 0000000, М.Н-ын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000, Ү-00000000 дугааруудыг тус тус илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаар шийдвэрээр:
“Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3, Газрын тухай хууль /1994/-ийн 23 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн 14 хороо, Консулын 12-327 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг хамтран өмчлөх миний эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон тус дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр зэргийг хүчингүй болгуулах, Ц.Маяагаас М.Наранбатад шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-00000000 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 0000000 дугаартай гэрчилгээ, “Хөгнөжавхлант” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0000000, 000000 дугаар, М.Наранбатын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000, Ү-00000000 дугаартай гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах” нэхэмжлэгч Д.Чилхаажавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Чилхаажавын “Ч.Самбуугийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0000000 дугаар, С.О, Ч.Б, О.Э, О.О нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжийн Ч.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамж, шийдвэрийн Ч.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсан дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Д.Ч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “...Д.Ч, Ц.М нарын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцааны маргааны үр дүнгээс хамаарч хариуцагч газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий газар түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран ашиглаж үр ашгийг хүртэж байсан хугацаандаа газар эзэмших талаар хүсэлт өргөдлөө дүүргийн Засаг дарга, Газрын албанд гаргаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны байгууллагын шийдвэр гараагүй, тэрээр тухайн газрыг эзэмших ашиглах эрхгүй этгээд байх тул хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх боломжгүй юм” гэж дүгнэжээ.
Гуравдагч этгээд Ц.М Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Консулын 00-000 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах 3 тал хашаа бүхий объектуудыг газрын хамт хамтран худалдаж авсан болон уг объектуудын өөрт ноогдох хэсгийн үнэ болох 28 сая төгрөгийг би худалдагч талд төлснийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг төлснөөр дээрх эд хөрөнгүүд болон газрыг Ц.М бид хоёр өөрсдийн нэр дээр шилжүүлж авах хууль ёсны эрх нээгдсэн юм.
Гэтэл Ц.М “...дээрх эд хөрөнгүүд болон газрыг эзэмших өмчлөх эрхийн бичгүүд бүгд банкны барьцаанд байгаа” гэж худлаа хэлсэнд нь би итгэж тухайн үед хамтран эзэмших өмчлөх хүсэлтийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бүртгэлийн газарт гаргаагүй бөгөөд дээрх эд хөрөнгүүд болон газрыг өмчлөх эзэмших эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авахад шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн Ц.М-д өгсөн.
Учир нь Ц.М “Б” ХХК-ний банканд тавьсан өрийг жилийн дараа төлж дээрх эд хөрөнгүүд болон газрыг эзэмших өмчлөх эрхийн бичгүүд барьцаанаас суллагдсаны дараа өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон.
Харин Ц.М итгэл эвдэн дээрх эд хөрөнгүүд болон газрыг эзэмших өмчлөх эрхийн бичгүүдийг бүгдийг нь ганцхан өөрийн нэр дээр шилжүүлэн авч Иргэний хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу шударга бус эзэмшигч болж миний хамтран өмчлөх эрх зөрчигдсөн тул уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.
Миний дээрх эд хөрөнгүүд болон газрыг хамтран эзэмших өмчлөх эрх худалдагч талд 28 сая төгрөг төлснөөр нээгдсэн боловч гуравдагч этгээд Ц.М-ийн буруутай үйл ажиллагаанаас болж хамтран эзэмших, өмчлөх миний эрх баталгаажаагүй өнөөдрийг хүрч би уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.
Иймд миний өмчлөх эрх нээгдсэн боловч уг эрх нь буруутай этгээдийн буруугаас болон хууль зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, 2004 оны 12 дугаар сарын 6-ны шийдвэр зэргээс болж зөрчигдсөн байтал түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагчийн энэ хэргийн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн дээрх захирамжууд баримт бичгийн болон хууль хэрэглээний зөрчилтэй байсан байхыг үгүйсгэхгүй ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэс болгох эрх зүйн үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “...“Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, түүний доорх газрыг “Х” ХХК-ийн захирал худалдаж авсан үйл баримт нэгэнт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй боловч Ц.М-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар 22-ны өдрийн 298, нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжууд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон гэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсний тухайд гуравдагч этгээд Ц.М Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Консулын 00-000 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах 3 тал хашаа бүхий объектуудыг газрын хамт хамтран худалдаж авсан, хамтарч хөрөнгө оруулсан болон уг объектуудын өөрт ноогдох хэсгийн үнэ болох 28 сая төгрөгийг би худалдагч талд төлснийг өөрийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдал болон Ц.М бид хоёрын хооронд хийсэн хэлцлийн гар бичмэлд хамтран худалдаж авсан эд хөрөнгө болон газрыг хамтран эзэмшиж өмчлөх тухай заасан заалт байгаа зэрэг хөдөлшгүй нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байтал “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, түүний доорх газрыг “Х” ХХК-ийн захирал худалдаж авсан үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж илт нэг талыг барин өрөөсгөл дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...нэхэмжлэгч дээрх газрын эзэмших эрх өөр этгээдийн нэр дээр шилжсэнтэй холбоотой бүртгэлийг буруу, ташаа болох тухай холбогдох захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан” гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д.Ч энэ хэргийн гуравдагч этгээд Ц.М нар 2002 оны, дугаар сард хэлцэл хийн тохиролцож маргаан бүхий газрын тухайн хаягт байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах, 3 тал хашаа зэрэг хөрөнгийг хамтран худалдан авч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэн 2007 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулж ашиг орлогоо хуваан авч байсан талаар маргаагүй.
Үүнээс үзэхэд газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нэгээс нөгөөд шилжсэн, өмчлөх эрх үүссэн үйл баримтуудыг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байх боломжгүй байна гэсэн дүгнэлтийн тухайд гуравдагч этгээд Ц.М хамтран худалдаж авсан дээрх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг зөвхөн өөрийн болон өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар хүү Ц.Н-даа шилжүүлсэн тухайгаа надаас тас нууж уг хөрөнгө, газрыг хамтран өмчилж ашиглаж байгаа мэтээр надад ойлгуулан 2015 он хүрсэн билээ.
Иймээс би тухайн үед нь холбогдох захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Энэ байдлыг харгалзан үзээд захиргааны хэргийн шүүх миний хүсэлтийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2366 дугаар захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298, нийслэлийн Засаг даргын 2004 оны 522, 2004 оны 12 дугаар сарын 6-ны шийдвэр, эрхийн улсын бүртгэлийн Г-000000000, 00000000, 000000000, Ү-00000000, Ү-00000000 дугаар шийдвэрүүдэд шүүх болон улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргах эрхийг сэргээсэн юм.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч холбогдох захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзсэн. Үүнээс үзэхэд газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нэгээс нөгөөд шилжсэн, өмчлөх эрх үүссэн үйл баримтуудыг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байх боломжгүй байна гэж дүгнэсэн нь ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, хэт хийсвэрлэсэн, шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2366 дугаар захирамжтай зөрчилдсөн хууль ёсны үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмших, өмчлөх гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Ц.М надаас далдуур нууцаар ганц өөрийн болон өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсныг болон үүнийгээ надаас тас нуусан байхад би энэ тухай яаж мэдэх боломжтой байсан нь тодорхойгүй илт хийсвэр бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж үзэхээс аргагүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “..“Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, түүний доорх газрыг “Х” ХХК-ийн захирал худалдаж авсан үйл баримт нэгэнт тогтоогдсон...” гэж дүгнэсэн байтал үндэслэх хэсгийн 2-т “...нэхэмжлэгч Д.Ч энэ хэргийн гуравдагч этгээд Ц.М нар 2002 оны 8 дугаар сард хэлцэл хийн тохиролцож маргаан бүхий газрын тухайн хаягт байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах, 3 тал хашаа зэрэг хөрөнгийг хамтран худалдан авч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэн. 2007 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулж ашиг орлогоо хуваан авч байсан талаар маргаагүй байна” гэж дүгнэсэн нь хоорондоо эрх зүйн болон агуулгын хувьд зөрчилдсөн бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг дүгнэлт болжээ.
Түүнчлэн Ц.М уг хөрөнгө болон газрыг 5 жилийн хугацаатай хамтран ашиглахаар тохиролцож хамтран худалдаж авсан, гэрээний хамтран ашиглах хугацаа 2007 оны 12 дугаар сард дуусгавар болсон гэж маргадаг бол би дээрх эд хөрөнгө, газрыг хамтран худалдаж авч, хамтран эзэмшиж өмчлөхөөр тохиролцсон, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ, хэлцэл Ц.М бид хоёр хийгээгүй, дээрх эд хөрөнгө, газрыг 2014 онд уг газар дээр барилга бариулах хүртэл хамтран эзэмшиж ашиглаж байсан гэж маргадаг энэ талаар шүүх хуралдаан болон хавтаст хэрэгт авагдсан материалууд, зохигчдын тайлбарууд зэрэгт байсаар байтал хөрөнгийг хамтран худалдан авч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэн 2007 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулж ашиг орлогоо хуваан авч байсан талаар маргаагүй байна...” гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй илт хийсвэр нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болжээ.
4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...Дээрх газар болон уг газар дээрх эд хөрөнгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлгүй гэж үзэж бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийн тухайд гуравдагч этгээд Ц.М үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт байвал зохих баримт материалуудыг бүрэн бүрдүүлсэн боловч бүртгүүлэх үндэслэл болсон Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан ёсоор “дүр эсгэсэн”, “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” болох нь хавтаст хэрэгт авагдсан хотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус, хуурамч нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хууль бус байх ёстой гэж үзэж байна.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...нөгөө талаар захиргааны байгууллагаас гаргасан эрхийн актууд тухайлбал газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжууд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж болох ч энэ талаар эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээдийн шаардлагаар тухайн актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийн тухайд төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа аливаа шийдвэр хуульд бүрэн нийцэж байх ёстой бөгөөд хууль зөрчсөн төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээр хамтран худалдаж авсан өмчөө хамтран өмчлөх эрх нь зөрчигдсөн намайг эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд гэж ямар үндэслэлээр ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Тэр тусмаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...нэхэмжлэгч Д.Ч гуравдагч этгээд Ц.М нар 2002 оны 8 дугаар сард хэлцэл хийн тохиролцож маргаан бүхий газрын тухайн хаягт байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах, 3 тал хашаа зэрэг хөрөнгийг хамтран худалдан авч...” гэж дүгнээд байгаа атлаа дээрх захиргааны актуудаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, маргааныг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Баянзүрх дүүргийн 00-р хорооны Консулын 00-ын 000 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах бүхий 3 тал хашааг газрын хамт иргэн С.А-с 2002 онд нийт 52 сая төгрөгөөр худалдан авахад нэхэмжлэгч Д.Ч 28 сая төгрөг төлсөн, тийм ч учраас олсон ашгийг тодорхой хугацаанд 50/50 хувиар хүртэж байсан болохыг гуравдагч этгээд Ц.М хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эсэх нь Д.Чв, Ц.М нарын хоорондын гэрээ, хэлцлээр тодорхойлогдох учиртай.
Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжаар С.А-д консулын 00-000 тоотод орших газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн, гэтэл 2002 оны 7 дугаар сарын 4, 8 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулсан Ажлын байр, үл хөдлөх хөрөнгө обьект худалдах, төлбөр тооцоо барагдуулах гэрээнүүд “Б” ХХК-ийн захирал С.А болон “Х” ХХК-ийн захирал Ц.М нарын хооронд байгуулагдсан буюу эдгээр гэрээнд нэхэмжлэгч Д.Ч оролцоогүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хамтран өмчлөх ёстой дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Ц.М үгсэн хуйвалдаж дээрх гэрээг байгуулсан, бэлэглэлийн гэрээ ч мөн адил гэж маргах боловч энэ талаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй, өөрөөр хэлбэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад захиргааны хэргийн шүүхээс иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаанд хөндлөнгөөс дүгнэлт хийх байдлаар захиргааны актыг хүчингүй болгох эрхгүй.
Түүнчлэн давж заалдах гомдолд дурдсан “…Ц.М-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрын эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд бүгд банкны барьцаанд байгаа гэх худал үгэнд итгэсний улмаас тухайн үед хамран эзэмших, өмчлөх хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад гаргаагүй…” гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ч хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн үндэслэл, давж заалдах гомдлын агуулга, бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Ч-ын хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй шалтгаан нь маргаан бүхий захиргааны актууд гарснаас бус харин Ц.М итгэл эвдсэнээс, худал ярьснаас, хуурамч, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл байгуулснаас үүдэлтэй мэт боловч энэ талаар дүгнэлт хийх эрх захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй, иймд эдгээр нь үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй.
Д.Ч давж заалдах гомдолдоо “…миний өмчлөх эрх нээгдсэн боловч Баянзүрх дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамжаас шалтгаалж хэрэгжиж чадахгүй байгаа…” мэтээр бичсэн хэдий ч чухам ямар байдлаар өмчлөх эрх нь хэрхэн сэргэсэн болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл түүний өмчлөх эрхийг сэргээсэн ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй.
Үндсэндээ нэхэмжлэгчийн Ц.М-тай хийсэн хэлцлийн гар бичмэлд хамтран худалдан авсан эд хөрөнгийг цаашид хамтран өмчлөх тухай заасан байгааг үндэслээд С.А-ийн газар эзэмших эрхийг Ц.М-д шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжийн үндэслэл болсон С.А, Ц.М нарын хооронд байгуулагдсан гэрээг хууль бус гэж дүгнэх, цаашлаад “хууль бус гэрээг үндэслэсэн байна” гэх байдлаар Засаг даргын захирамжийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон бэлэглэлийн гэрээ нь дүр эсгэсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн эсэхийг ч давж заалдах гомдолд дурдсанчилан хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгийн хүрээнд тогтоох эрх захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй болно.
Хэдийгээр шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2366 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн ч 2002 онд Ц.М-тай худалдан авсан, тэр тусмаа хамтран өмчлөхөөр тохиролцсон гэх дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших, өмчлөх эрхийн бүртгэлийн талаар 2015 оныг хүртэл буюу 15 жилийн хугацаанд огт мэдээгүй явсан гэх нэхэмжлэгчийн тайлбарт анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа дүгнэлт өгснийг буруутгах үндэслэлгүй.
Харин шүүхийн шийдвэрт “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, түүний доорх газрыг “Х” ХХК-ийн захирал худалдан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримттай нийцээгүй, өрөөсгөл дүгнэлт болсныг тэмдэглээд шийдвэрийн тогтоох хэсэгт шууд хамааралгүй хуулийн холбогдох заалтыг баримталсан, мөн хуулийн нэрийн бичиглэл болон зүйлийн хэсэг, заалтыг буруу бичсэн зэргийг зөвтгөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3, “Газрын тухай хууль” /1994 оны/-ийн 23 дугаар зүйл, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 1-ийн 3, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13, 14 дүгээр зүйлд заасныг...” гэснийг “Газрын тухай хуулийн /1994 оны/ 31 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН