Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 66

 

Б.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн

 газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                           Г.Банзрагч,

                                                       Б.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0029 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Н-г оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.1.7-д заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох, нэхэмжлэгч Б.Ш-ийн “Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0029 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч Б.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд ажлын байрны тодорхойлолт 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлагдахаас өмнө хүргэгдсэн байх тул сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэж үзэхгүй гэжээ. Захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Боловсрол, соёл урлагийн газарт хүргэснээс хойш 28 хоногийн дараа ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан ч аймгийн Засаг дарга хэзээ баталсан нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчин, нотлох баримтуудыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосонтой адил юм.

4.  Ажлын байрны тодорхойлолт нь боловсруулагдаагүй байхад юуг үндэслэн захиалга өгсөн, уг захиалга нь хууль ёсны эсэх, ажлын байрны тодорхойлолт нь сонгон шалгаруулалт зарлахаас өмнө батлагдсан эсэх зэрэг сонгон шалгаруулалтын захиалга хууль ёсны эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, мөн нотлох баримтыг буруу үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

5.  Иймд,  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

7.  Нэхэмжлэгч Б.Ш нь Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлах үндэслэлгүй, 2006 оноос тус сургуулийн захирлаар ажилласан, 13 жилийн дараа гэнэт сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус” гэж, хариуцагчаас “тус сургуулийн захирлаар түр томилгоотой байсан учраас сул ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан” гэж тус тус маргажээ.

8.  Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар Б.Ш нь Хэрлэн сумын “Шинэ-хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар түр томилогдсон байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар шинээр орж байгаа ажилтныг туршилтын хугацаагаар түр томилох хугацаа нь 6 сараас илүүгүй байхаар зохицуулжээ.

9.  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах зохицуулалттай бөгөөд захиргааны байгууллагын тухайн ажлын байрыг “сул орон тоо” гэж үзсэн хууль зүйн үндэслэлийг тодруулж, холбогдох хуульд нийцэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

10.  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, “аймаг, нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэл Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасныг үндэслэн хариуцагч нь “нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад ороогүй” гэж буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Ш-ийн хувьд тухайн хуулийн зохицуулалт үйлчилж эхлэхээс өмнө сургуулийн захирлаар томилогдсон байх тул захиргааны байгууллагын 2002 оноос хойш сонгон шалгаруулалт зарлаагүй шалтгаан, түүний үр дагаврыг хэн хариуцах талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

11.  Нэхэмжлэгчийн “сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлагдсан байхад уг шалгуураас өөр шалгуур зааж, хүнд тохируулан боловсруулсан” тухай үйл баримтыг судлах, холбогдох баримтыг бүрдүүлэх, тухайлбал, магистрын зэрэг болон багшаар 8-аас доошгүй жил ажилласан байх шалгуурыг заах зайлшгүй шаардлагыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

12.  Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1 дэх хэсэгт “томилох эрх бүхий этгээд нь сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ” гэж заасан. Тухайн тохиолдолд ажлын байрны захиалгыг 2017 оны 12 дугаар сарын 22-нд хүргүүлэхдээ ажлын байрны тодорхойлолтыг хамт хүргүүлээгүй буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-нд Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын байрны тодорхойлолтыг баталсан, аймгийн Засаг даргаас баталсан огноо тодорхойгүй зэргээр зөрчилтэй, түүний үндэслэл, шалтгааны талаар шүүхүүд шалгаж, дүгнэлт хийгээгүй байна.

13.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар шүүхээр хүчингүй болгуулахыг хүсч буй захиргааны актын хууль зүйн үйлчлэл бүрэн дуусаагүй байх урьдчилсан нөхцөлтэй ба нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсч буй сонгон шалгаруулалт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болж өнгөрсөн, нэхэмжлэгч анх 2018 оны 04 дугаар сарын 05-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй буюу тухайн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх, маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах нэхэмжлэгчийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулаагүй буруутай, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байна.

14.  2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжаас үзэхэд тус сургуулийн захирлын албан тушаалтай холбогдуулан өөр захиргааны хэрэг үүсгэгдсэн байх бөгөөд нэг ажлын байр буюу сургуулийн захирлын албан тушаалын томилгоотой холбоотой маргааныг нэгтгэн бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжтой эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

15.  Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0029 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ