Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00008

 

 

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00008

 

 Н.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Сантмаргац сумын 2 дугаар баг Баяннуурт оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:ИЕ********/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Жавхлантын хэсэг ******* тоотод оршин суух *******уу овгийн *******ын ******* /РД:ИЭ*****/-т холбогдох иргэний хэргийг хариуцагч Б.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Д.а нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Aвтомашины үнэ 14.500.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь Мазда форсет маркийн машиныг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын иргэн Г.Мөрөнгөөс 14.500.000 төгрөгөөр худалдан авсан. Машинаа худалдан аваад 2 сарын хугацаанд унаж байхад Б.******* Завхан аймгийн Сантмаргац сумд машин засахаар ирсэн үед машиныхаа кроланыг нь хонхойлгосон байж байгаад үүнийгээ засуулах гээд очиход Б.******* Н.*******г ятгаж наад машин чинь өвөл асдаггүй, миний энэ машинаар сольчих, миний машин хамаагүй дээр машин гэж ятгасан учраас Н.******* засварчин хүмүүс учраас Бонго пронтер машин нь гайгүй машин байх гэж бодоод сольсон гэж хэлсэн. Гэтэл 2 хоноод байж байтал Б.*******аас авсан машин нь асахгүй болохоор сумынхаа засварчинд очоод үзүүлсэн чинь өөр, өөр машины сэлбэг солиод босгосон машин байна гэж засварчин хэлсэн учраас машинаа буцаая гээд Б.******* руу ярьсан. Б.******* руу утсаар ярихад Б.******* таны машин чинь шатсан буцаах боломжгүй гэж хэлсэн байдаг.

Тэгээд сүүлд нь утсаар залгаад энэ машинаа засаад өгөөч гэж хэлэх гэтэл утсаа авахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Тухайн машин эвдэрсэн цагаасаа хойш Сантмаргац сумын машин засдаг хүний хашаанд одоог хүртэл байж байгаа.

Б.******* Н.*******гийн машиныг шатсан гэж байсан боловч сүүлд машиныг нь Яруу сумын хүнд зарсан байсан. Н.******* машинаа буцаая гэхэд машиныг нь цаашаа зарсан учраас машиныхаа үнийг гаргуулъя, сольсон машиныг чинь авахгүй, түүнийгээ өөрөө буцааж ав гэдэг асуудал гаргасан учраас машины үнэ гаргуулах маргаан гарсан.

Б.******* Н.*******гийн машиныг зарсан учраас машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Н.******* бид хоёр машинаа сольсон, түүнээс биш машин солихдоо миний машин 14.500.000 төгрөг гэсэн яриа гаргаагүй. Бонго пронтер машин асахгүй байна гэх боловч Сантмаргац сумын машин засдаг засварчин залуу машин нь асахын хувьд асаж байгаа, аккумлятор нь муудаад байгаа юм байна лээ гэж хэлсэн. Би Н.*******гийн машиныг луйвардаад авсан зүйл байхгүй. Одоо болохоор 14.500.000 төгрөг нэхээд байгааг гайхаж байна.

Бонго пронтер маркийн машин мосттой, давхар кабинтай Солонгос улсаас орж ирсэн машин. Энэ машины мост нь амархан эвдэрдэг учраас УАЗ-469 маркийн машины мост тавьдаг. УАЗ-469 машины мост тавьсан талаар ямар ч маргаан байхгүй. Бонго пронтер маркийн машиныг асахгүй гэдэг зүйл яриад байгаа. Бонго пронтер маркийн машины бусад эд анги нь өөрийнхөө эд ангиараа байгаа, хэвийн ажиллагаатай машин.

Анх машинуудаа солихдоо машины үнийн талаар яриагүй. Нэхэмжилж байгаа 14.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийдвэрээр

1.  Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т тус тус зааснаар хариуцагч *******уу овгийн *******ын ******* /РД:/-аас авто машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулж ******* овгийн *******ын ******* /РД:ИЕ******/-д олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 230.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Н.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 067 дугаартай шийдвэрийг хариуцагч Б.******* би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан бодит байдалд нийцэхгүй байна. Н.******* бид хоёр 2019 оны 07 сард өөрсдийн эзэмшлийн мазда форсет болон бонго пронтер маркийн тээврийн хэрэгслүүдийг нүд үзэн тохиролцож сольсон. Ингэхдээ машинуудаа УАЗ-469 машины мост тавьсан байсан. Би машин засах ажилд мэргэшсэн хүн. Өөрийнхөө машинд муу сэлбэг эд анги тавина гэж байхгүй. Бонго пронтер машины мост амархан эвдэрдэг, УАЗ-469 машины мост бонго пронтер машинд сольж тавихад таардаг бөгөөд элс, цасанд туулах чадвар нь илүү сайжирдаг учир өөрийнхөө машинд сольж тавьсан. Энэ тухай би бонго пронтер машинтай хүмүүст зөвлөж машинд нь ч тавьж өгдөг. Энэ тухайгаа Н.*******д хэлж байсан. Н.******* өөрөө миний машиныг унаж үзээд, элсэнд илүү юм байна гэж хүртэл ярьж байгаад авсан. Н.******* 2019 оны 11 сард надад энэ машин манайд таарахгүй байна. Та солиод өгөөч, 2020 оны 02 сард ярихдаа машин асалт муутай байна засаад өгөөч гэж хэлж утсаар залгаж байсан. Үүнээс өмнө машин эвдэрсэн, асахгүй байгаа тухай ярьж байгаагүй. Би 2020 оны 06 сард Сантмаргац суманд очсон. Энэ үед сумд амьдардаг машины засварчин Дэмбээ гэх залуу Би үзсэн юм. Мотор нь зүгээр юм шиг байна. Аккумлятор нь муудсан юм шиг байгаа юм. Аккумляторыг сольчихвол зүгээр гэж хэлж байсан. Би эндээс очихдоо мотор нь асуудалтай байгаа юм гэж ойлгоод моторын солих эд анги аваад очсон болохоор моторт нь ээлж хийж, асааж өгөөд ирсэн юм. Гэтэл шүүх машин сольсноос хойш 7 сарын дараа машины моторт үүссэн эвдрэлийг биет байдлын доголдолтой машин байсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мотор бол машины гол хөдөлгөх эд анги. Машин солилцох үед мотор хэвийн байсан бөгөөд, Н.******* өөрөө шалгаад унаад аваад явсан. Би машинаа өөрөө унаад аймгийн төвөөс очсон байсан. Ингээд 7 сарын дараа моторт үүссэн эвдрэлийг намайг машинаа солих үед мэдэж байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. 7 сарын дараа машины мотор эвдэрнэ гэдэг цэвэр машины эзэмшигч нарын хэрэглээ, арчилгаатай холбоотой.

Мөн шүүх бонго пронтер маркийн машинд өөр өөр машины эд анги нийлүүлж тавьсан гэж үзээд, энэ байдлаа доголдол гэж тайлбарлаад байна. Би мост нь УАЗ-469 машиных, харин бусад эд анги нь солигдоогүй, өөрийнх нь гэж хэлсээр байхад зөвхөн нөгөө талын энэ талаарх тайлбарыг сонсож хүлээж аваад миний тайлбарыг хүлээж авахгүй хэт нэг талыг барьж дүгнэлт хийгээд байна. Мөн Н.******* машин сольсноос хойш 2 хоногийн дараа машин эвдэрлээ гэж над руу ярьж мэдэгдсэн байна гэж шүүх үзээд байна. Үгүй юмаа Н.******* 2019 оны 11 сард энэ машин манайд тохирохгүй байна. Та өөр машинаар солиод өг гэж, 2020 оны 02 сард асалт удаан байна гэдэг тухай утсаар ярьсан. Ингэж ярих үед нь л би чиний машин замдаа шатаад гэж хэлж байсан. Үүнийг машин сольсноос хойш 2 хоногийн дараа ярьсан мэтээр дүгнэлт хийсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн шүүх мазда фростер, бонго пронтер маркийн машины зах зээлийн үнийг надаас асуусан. Би орж ирсэн машины ханш 13-14 сая байгаа байх гэдэг тухай хэлсэн. Үүнийг *******гаас авсан мазда фростер машины үнийг 14.500.000 юм гэж зөвшөөрч байна гэж миний хэлснийг илт гуйвуулсан байна. Би орж ирсэн машины ханш гэсэн болохоос тухайн мазда фростер машины үнийг 14.500.000 юмаа гэж хүлээн зөвшөөрч хэлээгүй. Би мазда фростер машиныг засаж сэлбээд зарахад 1.000.000-1.500.000 төгрөг унах болов уу гэж тооцоолж сольсон. Би тэр машиныг засаж сэлбээд 5.000.000 төгрөгөөр зарсан. Засах үед надад тооцоолоогүй зардал гарсан. Энэ нь замдаа машин шатсанаас болсон. Ингээд зарахад 5.000.000 төгрөгөөр тохирч зарсан. Н.******* хэдэн төгрөгөөр машинаа авсан байсныг би мэдэхгүй. Машин бүр ижил үнэтэй байна гэж байхгүй. Хэрэв үнэхээр тийм өндөр үнэтэй, сайн машин байсан бол яагаад аваад 2 сар хүрээгүй байхад миний унаж явсан машинаар тулья, сольё гэж ирсэн юм бэ. Алдагдалгүй наймаа болоод л сольсон гэж бодож байна. Гэтэл олон сарын дараа машины мөнгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх бодит байдлыг буруу ойлгож шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* бид хоёр 2019 оны 07 сард өөрсдийн эзэмшлийн Мазда Форсет болон Бонго Пронтер маркийн 2 машинаа хоорондоо сольж авсан. Ингэхдээ бид 2 хоорондоо мөнгө төгрөг нэмж өгч авалцах талаар огт яриагүй. 2019 оны 11 дүгээр сард манайд энэ машин таарахгүй байна, надад өөр машинаар солиод өгөөч гэж ярьж байсан. Би 2020 оны 06 дугаар сард Сантмаргаз суманд хүний машинд засварын ажил хийж яваад тухайн сольсон машиныг нь засаж янзалж өгсөн. Тэр үед Сантмаргаз суманд машин засдаг Дэмбээ гэх залуугаас юу нь болохгүй байгаа талаар асуухад. Мотор нь зүгээр байна, аккумлятор нь муудсан юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн машиныг Н.*******д өгөхөд зүгээр хэвийн ажиллагаатай байсан. Н.******* өөрөө над дээр ирж машин солих талаар ярьсан юм. 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Авто машин солиход Бонго пронтер буюу Б.*******аас Н.*******д шилжсэн авто машины мост нь УАЗ-469 маркийн машины мостыг тавьсан байгааг Н.*******д хэлсэн байсныг шүүх доголдол гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл талууд тухайн машинуудыг солих үедээ машины мостыг сольж тавьсан нь туулах чадвар сайн болсныг Н.******* өөрөө хүлээн зөвшөөрч сольж авсан байдаг. Мөн 2019 оны 11 дүгээр сард анх надад Н.******* ярьсан. Авсан Бонго пронтер маркийн машин чинь манайд тохирохгүй байна. Ийм учраас өөр машинаар солиод өгөөч гэх зүйлийг ярьсан байдаг. 2020 оны 02 дугаар сард ярихдаа асалт нь муу байна гэдэг зүйлийг ярихаар нь машины халгаач чинь шатсан байх тэрийгээ үз гэж Б.******* хэлсэн байдаг. Б.******* нь мотор нь болохгүй байна гэх ойлголтыг Н.*******гаас авсан учраас 2020 оны 06 дугаар сард аймгийн төв дээрээс моторын эд анги авч очоод моторыг нь янзалж өгсөн. Моторыг доголдолтой байсан байна гэж шүүх дүгнээд доголдолтой хөрөнгө шилжүүлсэн учраас гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж цуцалсны улмаас Н.*******д тухайн үед сольсон машины үнэ гэх 14.500.000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талын гаргасан тайлбартай санал нийлэхгүй байна. Н.*******, Б.******* нар нь хоорондоо машин зарж сольсон нь үнэн. Шүүхийг бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Н.******* нь машин сольж авснаас 2 хоногийн дараа машин чинь асахгүй байна гэж хэлсэн. Машинаа буцааж сольж авъя гэж утсаар ярихад Б.******* машин чинь шатсан буцааж солих боломжгүй гэж хэлсэн байдаг. Энэ талаар нь анхан шатны шүүх хурал дээр Б.*******аас асуухад машиныг сольж аваад Тэлмэн нуурын ард явж байхад машин нь шатсан гэдэг тайлбарыг хэлдэг. Н.*******гийн ярьсан зүйл нэхэмжлэл дээр бичигдсэн 2 хоногийн дараа утсаар ярьсан чинь машин чинь шатсан буцаах боломжгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр 2 хоногийн дараа машин нь шатсан үйл явдал бодит байдал дээр тогтоогдсон. 2020 оны 08 дугаар сард Б.******* нь Н.*******тай утсаар холбогдож өөр машин авах талаар санал тавьсан байдаг. Машин доголдолгүй байсан гэх тайлбарыг хариуцагч талаас гаргаад байна. Энэ нь худлаа юм уг машин нь доголдолтой байсан. Н.******* нь нэхэмжлэл гаргахдаа 2 хоногийн дараа эвдрээд сумынхаа засварчинд үзүүлэхэд, уг машин нь өөр машины олон эд ангийг нийлүүлж босгосон машин байна гэж засварчин хэлсэн учраас машинаа буцаах талаар Б.******* руу ярьсан гэж дурдсан байгаа. Б.******* нь ч тухайн машин УАЗ-469 маркийн машины эд анги тавьсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаан дээр Н.*******г машинаа хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар гэрчээр машин худалдаж авсан хүнийг асуулгасан байгаа. Гэрч Мөрөн машиныг 13.500.000 төгрөгөөр авсан, үүн дээр машины өндөрлөгөө хийсэн, Сантмаргаз сум руу очих зардал зэргийг нэмээд нийт 14.0 сая төгрөг болсон гэдэг. 14.0 сая төгрөг болсон гэдэг дээр Б.******* нь маргаагүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч Б.*******аас Н.*******г машинаа 14.0 сая төгрөгөөр авсан гэж байна, та хоёрын сольсон Бонго пронтер машин чинь 14.500.000 төгрөгийн үнэтэй, Мазда порсет машинтай таны машины чинь үнэ дүйцэх үү, адилхан гэж үзэж болох юм уу гэхэд болно, адилхан гэж үзнэ гэж анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Тухайн үед орж ирсэн машины үнийг интернэтээс судалж үзэхэд 13.500.000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Хариуцагч талаас машины үнийг нэхэж байгааг ойлгохгүй байна гээд байдаг. Машинаа буцаая гэхээр Б.******* нь машин чинь шатсан гээд буцаадаггүй, тэгсэн хэрнээ тухайн машины эзэмшигчийн зөвшөөрөлгүй нотариат дээр өөрөө өмнөөс нь гарын үсэг зураад худалдсан байдаг. Гуравдагч этгээдийн эзэмшилд Н.*******гийн буцааж авах гээд байгаа машин очсон учраас машины үнийг нэхэмжилж байгаа. Анх нэхэмжлэл гаргахаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ бичиж нотлох баримтаа бүрдүүлээд өөрийн эзэмшиж байсан машины талаар лавлагаа авахад 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу яг өмнөх өдөр нь Б.******* нь хүнд шилжүүлсэн байдаг. Нотариат дээр Б.******* нь очиж Н.*******гийн өмнөөс шилжүүлсэн байдаг. Иргэний үнэмлэхийг нь яаж олж авсан нь бас асуудалтай. Н.******* нь группэд байдаг, Б.*******ын эхнэр нь дотрын эмч, группийн картыг нь авчхаад иргэний үнэмлэхийн хуулбараа авч ирж өгөхгүй бол картыг чинь өгөхгүй гэдэг асуудал яригддаг. Тэгээд арга буюу иргэний үнэмлэхийн хуулбараа өгч байж группийн картаа аваад явсан байдаг. Ийм нөхцөл байдлаас болж машин зарагдсан учраас мөнгийг нь нэхэмжилж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******т холбогдуулан машины үнэ 14.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид харилцан тохирч өөрсдийн автомашины үнэ, зөрүү тохирохгүйгээр арилжсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ

Талуудын хооронд арилжааны гэрээ амаар байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******ын шилжүүлсэн Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй доголдолтой эд хөрөнгө байсан гэж татгалзаж өөрийн шилжүүлсэн Маzda PROSEED автомашины үнэ 14.500.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх арилжааны гэрээний зохицуулалтад худалдах, худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдол-ын талаарх зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой эсэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т заасан нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийх, хэрвээ худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзсэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т заасан үндэслэлийг давхар шалгаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт ...худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, худалдан авагч дээрх эрхүүдээс аль нэгийг нь сонгож шаардлага гаргах эрхтэй гэж ойлгохоор байна.

Шүүх нэхэмжлэгч Н.******* нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хариуцагчид хэрхэн гаргасан, хариуцагч ямар байдлаар хангасан, эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн шүүх хариуцагч Б.*******аас машиныг үнэ 14.500.000 төгрөг гаргаж, шийдвэрлэхдээ арилжааны гэрээний онцлогийг харгалзан үзээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх, мөнгөөр биш өөр эд хөрөнгө шилжүүлэх, эсхүл шаардлагатай үед өмчлөх эрхийг нь мөн шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэдэг байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад талууд гэрээгээр ямар нэгэн үнэ, үнийн зөрүү, мөнгөн төлбөрийн үүрэг тохироогүй, өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ харилцан солилцсон арилжсан нөхцөл байдал байх бөгөөд хэрвээ хуульд зааснаар гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн үнийг зайлшгүй тогтоох шаардлагатай үед зохигчдын харилцан солилцсон эд хөрөнгийн үнэлгээг нэгэн адил тогтоож, харилцан тооцох, эсхүл зөрүүг тооцох зэрэг асуудал нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Б.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230450 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР