Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 434

 

 

 

 

Н.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 415 дугаар магадлалтай, Н.Эт холбогдох 1805062450090 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тугтан овогт Н.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас 608.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дд олгуулах, хохирогч Ц.Д нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д: “...2018 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө найз Баярмаа, Болормаа нартай хамт “Castle” гэх нэртэй бааранд орж пиво уусан. Дараа нь шөнийн 04:00 цагийн орчимд тухайн бааранд үйлчлүүлж байсан үл таних 3 залуугийн хамт 2 найзтайгаа зургуулаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Бенз” караокед орж суусан... тонгойход толгой руу вискиний шилээр цохисон. Намайг вискиний шилээр цохиход ухаан балартаад байж байхад миний нүүр рүү цохисон. Э намайг үснээс чирээд татсан... Би одоо гоо сайхнаараа хохироод сорвитой болсон. /Энэ үед өмгөөлөгч над руу харж сорвио харуулсан бөгөөд хохирогч Ц.Дгийн баруун хацар нүүр хэсэгт ямар нэг хурц ир үзүүртэй зүйлд зүсэгдсэн байх боломжтой 7-8 см урттай сорви тогтсон байсан/. Хэрэг гарсны дараа 1 сар гаран миний нүд хөхрөөд хүн харахын эцэсгүй байсан...” гэж мэдүүлдэг.

Гэтэл Ц.Дгийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 25 тоот дүгнэлтэд “Дгийн           биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн байх боловч хохирогч Ц.Дгийн баруун хацар нүүр хэсэгт тогтсон сорвины талаар огт дурдаагүй, энэ нь шинэ, хуучин гэмтлийн аль нь болох нь ч тодорхойгүй, үнэхээр хуучин гэмтэл байсан бол чухам юунаас болж, хэзээ, хаана үүссэн, тархи доргилт нь хуучин гэмтлээс үүдэлтэй эсэхийг тодруулаагүй, хохирогч болон гэрч Б.Баярмаа нарын мэдүүлгээр Ц.Дгийн толгойн орой хэсэг рүү шилээр удаа дараа цохисон байхад шүүх эмнэлгийн үзлэгээр толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй, мэдүүлгийн хувьд бодит байдлаас эрс зөрүүтэй байна. Хохирогч, гэрч нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тархи доргилт гэмтэл нь унаж бэртсэнээс үүссэн байх боломжтой эсэхийг ч асууж тодруулаагүй.

Нөгөө талаас шүүгдэгч Н.Э нь болсон асуудлын талаар анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд: “... хохирогч Ц.Д нь өөрийг нь илүүдэл жинтэй, бүдүүн тарганаар нь дуудаад, гэдсэн дээрээ аяга тавибал тогтох юм байна гээд маргалдах үедээ хамгийн түрүүнд Н.Эын нүүр рүү нь шилэн аягатай ус цацаж, хэл амаар доромжлон "Зайл” гэж хэлсэн байдаг. Караокед орсны дараа виски уух саналыг хохирогч Ц.Д анх санаачилсан талаар Н.Э мэдүүлдэг боловч мөрдөгч энэ талаар түүний мэдүүлэгт оруулаагүй. Мөн шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд байцаагч хөтөлж байцаалт авсан. “Эр хүн юм чинь” хэргээ хурдан шийдүүлэх талаар хэлээд байцаалт авсан. ...би баруун гараараа зүүн хацарт нь нэг удаа алгадсан байхад баруун хацарт нь гэмтэл учирсныг ойлгохгүй байна“ гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь Н.Эыг өмгөөлөгчгүй байцааж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх гэсэн мөрдөгчийн арга гэж харагдахаар байна.

Гэтэл тухайн хэрэг гарах үед караокед хохирогч Ц.Д, шүүгдэгч Н.Э, гэрч Б.Б, Д, Т нарын 5 хүн байсан ба эдгээр гэрчүүдээс зөвхөн хохирогчийн талын гэрч болох Б.Бг гэрчээр асуусан бөгөөд гэрчээр оролцвол зохих Д, Т нарыг огт дуудаагүй, тэднээс мэдүүлэг аваагүй байж хэргийн нөхцөл байдлыг хэтэрхий нэг талыг барьж дүгнэн Н.Эыг гэм буруутайд тооцож байгаа нь түүний өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Түүгээр ч барахгүй хохирогч Ц.Д нь шүүгдэгч Н.Эын толгойн орой хэсэг рүү вискиний шилээр цохисын улмаас толгой нь орой хэсэгтээ хавдсан байсан бөгөөд энэ тухай байцаагчдаа хэлэхэд шалгалгүй орхигдуулсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байж болзошгүй байхад энэ асуудлыг тодруулаагүй байна. Хохирогчийн хувийн байдлыг тодруулаагүй, урьд нь гэмт хэргийн хохирогч болж гомдол гаргаж байсан эсэхийг тодруулах, өөрөөр хэлбэл хохирогч зориуд санаатайгаар Н.Этай муудалцсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах шаардлагатай байхад энэ бүгдийг тодруулахгүйгээр хэргийг хангалттай бүрэн нотлогдож байна гэж үзэн шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт 1.200.000 төгрөг нэхэмжилж, баруун хацарт үүссэн сорви, булчингийн тасралтыг цаашид эмчлэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа нь болсон хэргийн үйл явдалтай ямар учраас холбоотой болох нь ойлгомжгүй байна. Түүнчлэн өөрийн нэхэмжилж байгаа баримтуудаа таньдаг хүнээр хийлгэсэн болохоо “ам алдаж” шүүхэд мэдүүлсэн байдаг.

Эдгээрээс дүгнэн үзэхэд болсон үйл явдлыг тодруулах үүднээс Д, Т, караокены зөөгч, бармен, хамгаалагч нарыг зайлшгүй гэрчээр асуух, караоке болон “Castle” баарны камерын бичлэг зэргийг үзэх, мөн хохирогч өөрийгөө эрүүл байсан гэх боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл маргаан үүсгэсэн гэх асуудлыг шалгаагүй орхигдуулсан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодруулах, тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал Д, Т, тухайн хэрэг гарах үед ажлын байрандаа байсан караокены ажилтнуудыг гэрчээр асуух, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч шинжээчийн дүгнэлт нь бүрэн тодорхойгүй, хууль ёсны болоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархи доргилт нь дангаараа хөнгөн гэмтэл эсэх, эсвэл баруун нүдний дээд, доод зовхи, хацарт учирсан гэмтлийн улмаас хөнгөн гэмтэл үүссэн, эсвэл бүгд нийлээд хөнгөн гэмтэл эсэх нь тодорхойгүй байна. Иймд тархи доргилт, хацарт үүссэн сорви зэргийг дахин шалгаж тархи доргилт нь чухам хэзээ үүссэн, хацарны зүсэгдсэн мэт сорви хэзээ, ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай. Манай үйлчлүүлэгч хэргийг шүүхэд шилжүүлсний дараа өмгөөлөгчид хандсан бөгөөд шүүхээс дээрх процессийн зөрчлүүдийг нэг мөр арилгахаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй, шууд хурал зарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцлийг бүрдүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь дүгнэхдээ мөн л процессийн алдаа байгааг хүлээн зөвшөөрсөн хэрнээ энэ талаар бодит үнэнд нийцсэн дүгнэлт гаргаагүй байна. Учир нь шүүгдэгч Н.Э нь хохирогч Ц.Дд вискиний шилээр цохиулсан гэж мэдүүлсэн, энэ талаарх эх сурвалжаа заасан /гэрч Т, Д нар харсан энэ талаар мэдэж байгаа гэсэн/ байхад үүнийг шалгаагүй, нөгөө талаас хохирогч Ц.Дд вискиний шилээр цохиулснаас үүссэн байх боломжтой гэмтэл учраагүй байдаг. Хохирогч Ц.Дгийн мэдүүлгээр толгойн орой хэсэгт шилээр цохиулсан гэх боловч энэ талаарх гэмтэл шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоогдоогүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримталж нотлох баримтыг үнэлсэн байна.

Иймд эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Н.Э нь хохирогч Ц Дг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Дгийн биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгарал бүхий хөнгөн гэмтлийг Н.Э учруулсан болох нь хохирогч Ц.Д, гэрч Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Гомдол гаргасан Н.Эын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” караоке дотор иргэн Ц.Дгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 415 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН