Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Ц.Д,

Шүүгдэгч: Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-т холбогдох 1805062450090 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н.Э-, ...., эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” караоке дотор иргэн Ц.Дгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд байцаагч хөтөлж байцаалт авсан. “Эр хүн юм чинь гээд хэргээ хурдан шийдэх” талаар хэлээд байцаалт авсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Намайг гаднаас орж ирээд сууж байхад ямар бүдүүн юм бэ, гэдсэн дээрээ аяга тавихад тогтох юм байна гэх зэргээр хэл амаар доромжилсон. Би вискиний шилээр цохиогүй, харин намайг хохирогч шилээр толгой руу цохьсон. Би хохирогчийн баруун талын хацар руу алгадсан байгаа. Би хохирогчийн баруун хацар руу нь алгадахад зүүн хацарт нь гэмтэл гарсан байгааг ойлгохгүй байгаа. Миний хувьд баруун хацарт нь алгадсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 04 цагийн үед гараад ирэхэд Н.Э- зогсож байсан. Би караокед ороод суухдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тухайн үед би Н.Э-тай юм яриагүй, доромжилсон зүйл хэлээгүй. Н.Э- тамхи татаад ороод ирсэн. Би явах гээд босоход намайг янхан, гичий гэхээр нь би юу гэнээ гээд тонгойход толгой руу вискиний шилээр цохьсон. Намайг вискиний шилээр цохиход миний ухаан балартаад байж байхад миний нүүр рүү цохьсон. Н.Э- намайг үснээс чирээд татсан. Тухайн үед Б- гэх найз маань салгах гэж оролдсон. Хамт цагдаа дээр очиход Н.Э- над руу дайраад доромжлоод байсан. Тухайн үед би зугтах гэж оролдоход Н.Э- “надаас хэдэн төгрөг авмаар байна. Надад олон таньдаг хүмүүс байгаа” гэж хэлж байсан. Би одоо гоо сайхнаараа хохироод сорвитой болсон. Хэрэг болсны дараа 1 сар гаран миний нүд хөхрөөд хүн хархын эцэсгүй байсан. Эмчилгээнд зарцуулсан мөнгө болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд би өлгүүр дээр очоод гадуур хувцсаа аваад гараад иртэл манай хоёр найз танихгүй залуутай яриад зогсож байсан. Тэгтэл Б- караокед ормоор байна гэхээр нь бид нар бөөндөө Бенз караоке руу орж тэндээ дуулж сууцгаасан. Тэгтэл манай хоёр найз нөгөө хоёр залуутай байнга гарч ороод яваад байхаар нь таньдаг юм байхдаа гэж бодоод сууж байтал саарал богино куртиктэй махлаг дуу бор залуу нь орж ирснээ “муу янхан минь” гэхээр нь би “чи юу гэнээ” гэтэл тэр ширээн дээр байсан вискиний шилийг авснаа миний толгой руу цохьсон. Хэсэг манараад босоод иртэл нүд толгой хүчтэй өвдөөд хавдаад ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Тэгээд дахиад дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Тэгээд дахиад цагдаа дуудаач дээ гээд Б- руу хашгирахад нөгөө залуу миний үснээс гараа тавьхаар нь би зугтаад үүд рүү очсон. Энэ үед нөгөө залуу араас чамд сайндаа л хөнгөн гэмтэл гарна шүү дээ, чи хэдэн төгрөг авмаар байгаа юм бэ гээд хэл амаар доромжилж байтал цагдаа нар ирсэн. Б- байсан бас нөгөө залуугийн найз гэх нэг залуу хоёр хараад зогсож байсан. Тэр залуу уг караокед ороод нилээд их архи, виски уусан. Би уг гэмтлийг авснаас хойш бараг 700.000 төгрөгийн зардал гаргасан байгаа, түүнийгээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хоёр найзыгаа явъя гээд босоход Д дагаад боссон бөгөөд энэ үед түүний хажууд сууж байсан том биетэй бүдүүн залуу гараас нь шууд угз татаад суулгатал Д “явмаар байна шүү дээ, яах гээд байгаа юм бэ” гээд хэрэлдсэн. Тэгтэл тэр залуу Дг “гичий пизда минь” гээд хараатал Д “би явлаа” гэснээ аягатай ус аваад цацтал тэр залуу ширээн дээр байсан вискины шил авснаа Дгийн нүүр рүү цохьсон. Тэгтэл нөгөө хоёр найзад нь наадах чинь эмэгтэй хүн зодоод байна шүү дээ гэж би салгах гэтэл “наадуул чинь учраа олчихноо” гээд ойртуулахгүй урдуур хөндөлдөөд байсан. Тэгэхээр нь би тэр найзыг нь түлхэж холдуулаад Д дээр очиж нөгөө бүдүүн залууг чи яагаад байгаа юм бэ хөөе гэтэл бас намайг цохих гээд байсан. Энэ үед нөгөө залуугийн нэг найз нь тэр залууг салгахад Дг цохьсон залуу Дгийн толгой дээрээс ширээн дээр байсан шилтэй шингэн зүйлүүдийг асгаад байсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Дг тэр бүдүүн залуу ганцаараа цохьсон. Цохихдоо эхлээд вискины шилээр дараа нь жүүсний стаканаар тус тус цохьсон, бас алгадаад, үснээс нь зулгааж газар унагаад чирээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 25 тоот дүгнэлт: “...Дгийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэмтлийг хэн учруулсан тодорхойгүй, тархи доргилт гэмтэл хэзээ учирсныг тогтоогоогүй, шилээр цохьсон байхад толгойн оройд гэмтэл гараагүй. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь хохирогчид тухайн цаг хугацаанд хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдож байна гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн болохыг тогтоосон байна.

Мөн хэрэг болох үед буюу хохирогч нь шүүгдэгчтэй анх таарч караокед ороход ямар нэгэн гэмтэлгүй байсан, хохирогч, шүүгдэгч нараас өөр хүмүүс хоорондоо маргалдаж, шүүгдэгч хохирогчийг цохьсноос өөр зодоон болоогүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон.

Хохирогч нь тухайн хэрэг болсоны дараа цагдаагийн байгууллага дээр шүүгдэгчийн хамт очсон байх ба тухайн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлж, шинжээч дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул өмгөөлөгчийн гаргасан тухайн үед байсан шүүгдэгчийн найзууд болох гэрч нараас гэрчээр мэдүүлэг авахуулах талаарх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” караоке дотор иргэн Ц.Дгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Дгийн: “...саарал богино куртиктэй махлаг дуу бор залуу нь орж ирснээ “муу янхан минь” гэхээр нь би “чи юу гэнээ” гэтэл тэр ширээн дээр байсан вискиний шилийг авснаа миний толгой руу цохьсон. Хэсэг манараад босоод иртэл нүд, толгой хүчтэй өвдөөд хавдаад ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Тэгээд дахиад дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Тэгээд дахиад цагдаа дуудаач дээ гээд Б- руу хашгирахад нөгөө залуу миний үснээс гараа тавьхаар нь би зугтаад үүд рүү очсон. Энэ үед нөгөө залуу араас чамд сайндаа л хөнгөн гэмтэл гарна шүү дээ, чи хэдэн төгрөг авмаар байгаа юм бэ гээд хэл амаар доромжилж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/, гэрч Б.Б-гийн: “...Тэгтэл тэр залуу Дг “гичий пизда минь” гээд хараатал Д “би явлаа” гэснээ аягатай ус аваад цацтал тэр залуу ширээн дээр байсан вискины шил авснаа Дгийн нүүр рүү цохьсон. Тэгтэл нөгөө хоёр найзад нь наадах чинь эмэгтэй хүн зодоод байна шүү дээ гэж би салгах гэтэл “наадуул чинь учраа олчихноо” гээд ойртуулахгүй урдуур хөндөлдөөд байсан. Тэгэхээр нь би тэр найзыг нь түлхэж холдуулаад Д дээр очиж нөгөө бүдүүн залууг чи яагаад байгаа юм бэ хөөе гэтэл бас намайг цохих гээд байсан. Энэ үед нөгөө залуугийн нэг найз нь тэр залууг салгахад Дг цохисон залуу Дгийн толгой дээрээс ширээн дээр байсан шилтэй шингэн зүйлүүдийг асгаад байсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Дг тэр бүдүүн залуу ганцаараа цохьсон. Цохихдоо эхлээд вискины шилээр дараа нь жүүсний стаканаар тус тус цохьсон, бас алгадаад, үснээс нь зулгааж газар унагаад чирээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 25 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э нь хохирогчтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, компьютер томографикт харуулсан 120.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 480.000 төгрөг, нийт 608.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Дд олгох нь зүйтэй.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчээр ажилладаг гэх боловч энэ талаарх баримт байхгүй тул түүнийг тодорхой ажил эрхэлдэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас 608.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дд олгосугай.
  6. Хохирогч Ц.Д нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР