Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00412

 

 

 

 

 

 

 

 

                                        Л.Онэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03211 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Охариуцагч БУ 2Б СӨХ-нд холбогдуулан гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлээгүй хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.О нь БУ 2Б СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Удирдах зөвлөлийн хууль бус шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдаагүй боловч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлсэн. БУ 2Б СӨХнь Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Л.Оийг гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилж, нэг сарын үндсэн цалинг 450 000 төгрөгөөр тооцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэж, цалин хөлсийг ажилтантай зөвшилцөлгүй бууруулсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажиллах нөхцлөөр хангаагүй. Анхан шатны шүүхээс нэг өдрийн цалинг 33 384 төгрөг гэж тогтоосон. Хуульд ажилгүй байсан бүхий л хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан тул 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, Удирдах зөвлөлийн10 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: СӨХ нь ашгийн төлөө бус байгууллага. Удирдах зөвлөлийн дарга 2019 онд ажилчдын орон тоо, ажилчдын цалин, жилийн төсвийг тогтоохгүй үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш хяналт шалгалт орж, Удирдах зөвлөлийн гишүүд ажлаа хийж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын зөвлөл СӨХ-ны санхүүгийн хяналтын хурлаас Л.О нь СӨХ-ны мөнгийг хувьдаа завшсан, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоож ажлаас чөлөөлүүлэх хүсэлт өгсөн. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.5-д Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, цалинг тогтоох, ажлаас халах, чөлөөлөх, тухайн жилийн үйл ажиллагааг төлөвлөх орон тоо, ажилчдын цалин хөлсийг батлах эрх нь байгаа. Энэ хүрээнд 2019 оны санхүүгийн хувьд 24 000 000-25 000 000 төгрөгийн өртэй гарсан. Үүнтэй уялдаад тогтоол гаргахдаа 01 дүгээр сарын 14-ний өдрөөс гүйцэтгэх захирлын эхний 3 сарын цалинг 450 000 төгрөгөөр тогтоогоод, дараа нь гүйцэтгэж байгаа ажлаас хамаараад 600 000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажилд эргүүлэн авахаар болсон боловч өөрөө ажлаа хийгээгүй. 224 545 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос ажилд эгүүлэн томилсон ажлын 7 хоногийн цалинг олгоё гэж байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрийн тооцоолол буруу гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан БУ 2Б СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8 243 196 төгрөгийг хариуцагч БУ 2Б СӨХ-оос гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Л.Онийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БУ 2Б СӨХ-нд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 142 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал, өмгөөлөгч Х.Батбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Буянт-Ухаа 2Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Л.Оийг эгүүлэн томилж, сарын үндсэн цалинг 450 000 төгрөгөөр тооцож олгохоор болсон. Удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлаар холбооны бүтэц орон тоо, ажилчдын цалинг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн мөн өдрийн 8 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлын цалинг 450 000-600 000 төгрөг байхаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.5-д заасны дагуу гүйцэтгэх захирлын цалинг тогтоох нь Удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаардаг. Гүйцэтгэх захирлын цалинг эхний 3 сард 450 000 төгрөг байхаар тогтоосон шалтгаан нь 2019 оны эцсээр тус СӨХ 24 933 500 төгрөгийн өр төлбөртэй гарсан тул хуримтлагдсан өрийг 2020 онд багтаан дуусгахын тулд санхүүгийн зардлыг танах шаардлагатай болсон, нэмэлт зардлууд ихэссэнтэй холбоотой. СӨХ-ны бүтэц орон тоо, цалингийн зардлыг жил бүр батлах ёстой журмын дагуу хуралдаж энэ шийдвэрийг гаргасан. Л.О 2019 онд ажил үүргээ хангалтгүй биелүүлснээс болж өр төлбөр бий болсон. Удирдах зөвлөлийн 8 тоот тогтоолоор зөвхөн Л.От хамааруулж, цалинг 450 000 төгрөг болгож бууруулсан биш бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим ажлын орон тоог цомхтгосон. Тухайн үед СӨХ нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдэхийг мэдэх боломжгүй байсан тул анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Бадамсансарыг уг шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сараас эхлэн эхний 3 сар 450 000 төгрөг цалинжуулж байсан. Иймд Удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8 тоот шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр мөн.

Л.О нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1938 дугаар магадлалд зааснаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж өгөөгүй. Нэмэгдүүлсэн шаардлагад заасан тогтоолоор цалин хөлсийг буруулаагүй. Цалингийн сүлжээг шинэчлэн баталсан 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8 тоот шийдвэрийн талаар гомдол гаргаагүй. Хэдийгээр уг шийдвэрийн талаар маргах боломжтой байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох тогтоолыг танилцуулахад шийдвэрийг зөвшөөрөхгүй, 450 000 төгрөгөөр ажиллахгүй, шүүхэд хандана гэж гарч явсан ба уг өдрөөс хойш ажилдаа ирээгүй. СӨХ-ны зүгээс нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бус нэхэмжлэгч өөрөө ажлаа гүйцэтгэхээс татгалзсан. Ингээд Удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ажлаас нь чөлөөлсөн. Ажлаа хүлээн авсан гүйцэтгэх захирал нь улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэгтэй. Л.О ажилдаа ирээгүй тул түүний нэрээр улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй болно. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас чөлөөлсөн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот Удирдах зөвлөлийн тогтоолтой маргахгүй байхад ажилгүй байсан бүхий л хугацаатай тэнцэх нөхөх олговор гэж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тооцож 8 243 196 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу нөхөх олговор болох 2 216 331 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрийг биелүүлсэн. Ажлаа хаяж явсан уг өдрөөс хойш хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дараа 11 дүгээр тогтоолоор дахин ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт хийж 2020 оны 4 дүгээр сарны 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын 2 дугаар төв эмнэлэгт хөхний хоргүй хавдрыг соруулах мэс ажилбарын өмнө мэдэгдсэн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарч эмчийн өгсөн зааврын дагуу гэрийн нөхцөлд 7 хоног дэглэм сахих шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг 7 хоног хойшлуулах хүсэлтээ, нотлох баримтын хамт өмгөөлөгчөөрөө дамжуулан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар илгээсэн.  Уг хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 10 минутад тус шүүхийн ажилтан н.Анхбаярт гардуулсан баримтыг цахимаар харж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулах байх гэж ойлгосон. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурал болсон талаар шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид мэдэгдээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаан хойшлуулах хүсэлт, нотлох баримт хүргүүлсээр байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч БУ 2Б СӨХ-нд холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажил олгогч ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, цалин хөлсний хэмжээг бууруулахдаа ажилтантай зөвшилцөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагч “Удирдах зөвлөл гүйцэтгэх захирлын цалингийн хэмжээг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч өөрөө ажлаа хаяж явсанд ажил олгогч буруугүй, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 7 хоногийн цалинг олгох боломжтой” гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Оийг БУ 2Б СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 216 331 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/03356 дугаар захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжлэгчид 2 204 756 төгрөг төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримтууд хэргийн 6, 48-52, 126-128 дугаар талд авагдсан байх боловч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх баримт хангалттай авагдаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Л.Оийг хариуцагч “БУ 2Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилж, сарын үндсэн цалин хөлсийг 450 000 төгрөгөөр тооцож, шинээр хөдөлмөрийн болон хариуцлагын гэрээ байгуулан ажиллахыг даалгасан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ажиллах нөхцөлөөр хангасан гэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх60/

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2 дах хэсэгт зааснаас үзэхэд  үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байх бөгөөд гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохирохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсний дараа ажил олгогч цалин хөлсний талаар ажилтантай зөвшилцөн түүнтэй өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах байтал ажил олгогч нь дангаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл төлөх цалин хөлсний хэмжээг өөрчлөн тогтоож, ажилтныг шинэчилсэн нөхцлөөр ажиллахыг шаардаж байгаа нь буруу. Ажил олгогч буюу нэг талын санаачлагаар гэрээний гол нөхцлийг дордуулсан байх тул ажил үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлыг бүртгүүлэх нь ажил олгогчийн үүрэг. Иймд “нэхэмжлэгч ажлаа өөрөө хаяж явсан учраас сонгон шалгаруулалт явуулж дараагийн гүйцэтгэх захирлыг томилсон, улсын бүртгэлд гүйцэтгэх захирлын нэрний өөрчлөлт оруулах нь нэхэмжлэгчийн үүрэг байсан” гэх хариуцагчийн гомдол, тайлбар үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тооцон олгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн нэг хоногийн цалин хөлс 38 883 төгрөг, ажилгүй байсан хугацаа 212 хоног, /38 883*212 хоног/ нийт 8 243 196 төгрөг гэж тооцоолсон нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журам, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэртэй нийцсэн байна.

Удирдах зөвлөлийн орон тоо, цалин хөлс, ажлын цагийг тогтоосон 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8 тоот шийдвэр нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй. 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолын хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв. Уг тогтоолоор нэхэмжлэгчийн сард авах цалин хөлсний хэмжээг бууруулж эрх ашгийг нь зөрчсөн байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 2020 оны 12 дугаар сарын 10-ны мэдэгдсэн байна. /хх143/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад хүлээн авсан нь  шүүхийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байх тул, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж гаргасан гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 842 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                        ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               А.МӨНХЗУЛ