Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 70

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2017 2400 0420 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /Тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, хохирогчийн өмгөөлөгч Б.Мандхай, шүүгдэгч Д.Б-т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай тэмдэглэл хөтлөв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Б-т нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” Шатахуун түгээх станцын зүүн замд Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа

1. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

            2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

            - Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын:

- 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...-ээс бага болсон”,

- 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Э-ыг мөргөж, Н.Э-ын амь нас хохирсон гэмт хэргийг

2. Мөн шүүгдэгч Д.Б-т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 2.5 дугаар зүйл “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-тын өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд миний бие холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний нойр булчирхай өвддөг. Уушигний өвчтэй, хөл гэмтэлтэй. Цагаан сарын баярын өмнө нойр булчирхай өвдөж эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтсэн. Би хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд нэхэмжилсэн 7.250.000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг нөхөн төлсөн. Мөн сэтгэл санааны хохиролд 8.0 сая төгрөг төлөхөөр хохирогч талтай зөвшилцсөн. Үүнээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Цаашид үлдсэн 7.500.000 төгрөгийг нөхөн төлнө.  Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуймаар байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Талийгаач Н.Э-ын эхнэр нь юм. Талийгаач 1959 онд Улаанбаатар хотод төрсөн, 3 дугаар арван жилийн 7 дугаар ангийг төгссөн. Гутлын үйлдвэрт эсгүүрчнээр ажиллаж байгаад 18 насандаа Ховд аймгийн 123 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. Бид хоёр 1980 онд гэр бүл болж, 3 хүүхэдтэй. Том нь хүү 37 настай, бага хүү нь тусдаа гараагүй хамт амьдардаг байгаа. Нөхөр маань 1995 он хүртэл Найрамдал хүүхдийн зусланд гагнуурчнаар ажиллаж байгаад Дулааны 4 дүгээр цахилгаан станцид шилжин ажилласан. Гагнуурчины VI зэрэгтэй ажиллаж байгаад 2013 онд хүнд хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэрт гарсанаас хойш хувиараа гагнуур хийдэг байсан юм. Бид хоёр Морингийн даваанд хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан. Талийгаач 449.000 /дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Би Баянзүрх худалдааны төвд үйлчлэгч хийдэг. Сарын 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн цалинтай.

2017 оны 06 дугаар сарын 18-ны өглөө буюу 1 дэх өдрийн өглөө талийгаач хашаа байшингаа эргээд ирье гэж гэрээсээ гараад буцаж ирээгүй. Би 3 дахь өдөр нь амралттай байхад, Яармагийн Цагдаагийн газраас утасдаж “талийгаачийг маань нас барсан” тухай хэлж мэдэгдсэн. Талийгаач архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан хэдий ч их хэмжээгээр хэрэглэдэггүй, хааяа баяр ёслолоор хэрэглэдэг байсан.

Хэргийн материалтай танилцахад талийгаач явган зорчигчийн хувьд согтуугаар зам хөндлөн гарч явсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна. Морингийн даваанаас гараад шороон замаар уруудахдаа зам дагаад  хажуугаар нь явсаар байгаад Нисэхийн буудал ордог. Тийм болохоор зам хөндлөн гарах ямар ч боломжгүй, тийм шаардлага ч байхгүй гэж үзэж байгаа юм. Бензин колонкийн ойролцоо зам хөндлөн гарах нэг гарцтай.  Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “баруун хөлнийх нь аарцаг задарсан” гэж байсан.

Миний хувьд 40 жил ханилсан ханиа хэн нэгний буруугаас болж алдсан, гомдолгүй гэж хэлж чадахгүй. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материал шүүхэд ирсэн байхад өмгөөлөгчийн хамт танилцсан. Хэрэг болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,  зургийн учрыг нарийн сайн ойлгоогүй.

Би талийгаачийн оршуулгын зардалд шүүгдэгчийн талаас эхлээд 5.000.000 /таван сая/ төгрөг, дараа нь 2.000.000 /хоёр сая/ төгрөг, мөн 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус авсан. Нийт оршуулгын зардалд 7.250.000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөг авсан байгаа. Сэтгэл санааны хохиролд 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилж байна. Үүнээс цагаан сарын баярын өмнөхөн 500.000 /таван зуун мянган/ төгрөг авсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Шүүгдэгчтэй 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг сар болгон 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Би энэ гэрээний нөхцөлтэй санал нийлж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201724000420 дугаартай хэргээс:

 

            1. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-21х, 165-169х/,

 

            2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, биет баримтын байршлын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 27-41х/,

           

            3. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 22-26х, 44-48х/,

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

“...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цаг өнгөрч байхад Яармагийн Цагдаагийн хэлтсээс “Н.Э гэдэг хүнийг таних уу” гэхээр нь би “манай нөхөр байгаа юм” гэтэл “энэ хүн нас барсан байна” гэхээр нь хүүгээ дагуулаад очиход зам тээврийн осол хэрэг гараад, машинд мөргүүлээд нас барсан байж болзошгүй байна гэсэн. Ингээд осол хэрэг гарсан тухай мэдсэн. Талийгаач маань 1959 оны 04 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрөөд бага насаа ээж эмээ дээрээ өмссөн гэдэг ба Улаанбаатар хотын 3-р 10 жилийн сургуулийн 7-р анги төгсөөд гутлын үйлдвэрт эсгүүрчин хийж байгаад цэргийн албанд татагдаад Ховд аймгийн 123-р ангид алба хаасан гэсэн. Ингээд цэргээс ирээд Найрамдал зусланд ажиллаж байгаад дулааны станцад машиннист, гагнуурчнаар ажиллаж байгаад 4-р станцад 2004 он хүртэл гагнуурчин хийж байсан. Тэндээсээ гараад хувиараа юм хийж байгаад тэтгэвэрт гарсан юм. Түүнээс хойш бид өдийг хүртэл хүүхдүүдийн хамт амьдарч байсан.

Осол хэрэг гарахаас өмнө талийгаач маань 06 дугаар сарын 19-ний өглөө 10:00 цаг өнгөрч байхад БЗД-ийн 16-р хороололд байдаг манай том хүү болох Э.Алтаншагайгийн гэрээс гараад ХУД-ийн 10 дугаар хороо Морингийн 0-8 тоотод байдаг “хашаагаа нэг эргэчихээд ирье” гээд гарсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш хоёр хоног ирээгүй. Морингийн даваанд найз нөхөд нь байдаг учир тэд нартайгаа нийлээд жаахан ажил хийгээд явсан байхаа гэж бодсон. Осол хэрэг гарахаас өмнө утсаа гээчихсэн байсан учир тухайн үед холбоо барьж амжаагүй юм.

Миний бодлоор гэрээсээ гараад ойролцоогоор 200 гаран метр газарт осол гарсан байна лээ. Тэгэхээр би автобус унаа зогсоод машин тэрэг хайгаад явж байгаад тийм зүйл болсон гэж бодож байна. Хэнтэй уулзсаныг нь сайн мэдэхгүй байна. Осол хэрэг гарснаас хойш оршуулгын зардалд хэдэн төгрөг гарч байгааг нарийн тооцож гаргаагүй байна. Барагцаагаар 5.0 сая гаруй төгрөг гаргаад байгаа. Надад оршуулгын зардал мөнгөний баримт байгаа. Нөгөө талаас ямар нэгэн мөнгө төгрөг гаргаж өгөөгүй байгаа. Талийгаачид   архаг хууч өвчин байхгүй байсан. Талийгаач архи хааяадаа уудаг байсан. Гэхдээ ямар ч байсан замбараагүй хэрэглэж байгаагүй. Би гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад учирсан хохирлоо нэхэмжилнэ. Сэтгэл санаа үнэхээр их хүнд байна. Би жолооч талд үнэхээр их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 82-84х/,

 

5. Гэрч Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08:20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол 9 байрны 16 тоот гэрээсээ гарч байрны гадна талын зогсоолоос өөрийн эзэмшлийн Грейс маркийн 37-04 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 10-р хороо, Био комбинат орж Ерөнхийлөгчийн Сонгуулийн сурталчилгааны сонин айлуудаар тарааж өгөхөөр ажилд гарсан. Би замдаа Хан-Уул дүүргийн 10-р хороо Нисэхийн захын хоёр давхарт байрладаг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн штаб дээр сурталчилгааны сонин хүргэж өгсөн. Тэгээд би 10 цаг 30 минутын орчимд Нисэхийн захаас хөдлөх үед нэг эрэгтэй хүн “та хаа хүрэх вэ” гэж асуусан. Би тэр хүнд ах нь “Био орно” гэж хэлсэн. Тэр хүн надад “манай гэр Морингийн даваанд байдаг, би замдаа бууя” гэж хэлсэн.

Тэгээд тэр хүнийг суулгаад хамт Морингийн даваа орохоор явж байтал “МТ” ШТС-аас ертөнцийн зүгээр зүүн зүгт 100-150 метр орчим зайтай засмал замын хойд талын судагт нэг эрэгтэй хүн толгой хэсэг нь зүүн хойш харсан, хөл нь баруун урагш харсан, бие нь эгц дээш харсан, хоёр гар нь цээжин дээр зөрүүлсэн байрлалтай хэвтэж байгаа харагдсан. Газар хэвтэж байсан хүнийг хараад би хамт явж байсан хүнд “замын хажууд хүн хэвтэж байна, энэ хүн үхсэн юм шиг байна” гэж хэлсэн. Хамт явж байсан хүн “согтуу хүн, согтуу юм байлгүй дээ” гэж хэлсэн. Би түүнд өдий болтол унтдаг согтуу хүн гэж хаана байдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэвтэж байсан хүнээс 20-иод метр орчим өнгөрөөд зогссон. Бид хоёр буцаж ухраад хэвтэж байсан хүний харалдаа очоод зогссон. Тэгээд автомашины цонхоо нээгээд хэвтэж байсан хүнийг “хөөе бос, сэр” гээд хашгирсан.

Нөгөө хүн хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Би хамт байсан хүндээ “наад хүн чинь нас барсан хүн байна, нүүр нь цагаан болсон байна” гэж хэлсэн. Хамт байсан хүн “хоёулаа бууж очоод үзье” гэж хэлсэн. Би түүнд “хэрэггүй ээ хоёулаа цагдаад дуудлага өгье” гэсэн. Хамт байсан хүн өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн. Бид хоёр цагдаагийн алба хаагч нарыг иртэл хүлээж байгаад, байгаа байдлыг нь хэлж өгчихөөд явъя гээд хүлээсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд бид хоёр цагдаа нарт газар хэвтэж байсан хүнийг хүлээлгэж өгөөд явсан.

Замын хажуу судагт хэвтэж байсан хүн миний санаж байгаагаар саарал бэлтгэлийн өмдтэй, цагаан оймостой, хоёр хөлдөө гуталгүй, зүүн гарын ядам хуруунд шар өнгийн бөгжтэй, баруун бугуйндаа хар оосортой бугуйн цагтай, хэвтэж байсан. Хэвтэж байсан хүний доор нь цагаан саарал өнгийн цамц дэвссэн байгаа харагдсан. Би замынхаа урд талд хамт явж байсан хүнтэйгээ юм яриад, тамхи татаад зогсож байтал хэвтэж байсан хүний баруун хойд талд шороон дээр өрөөсөн бор өнгийн шар ултай гутал байгаа харагдсан.

Замын хажуу талын судагт хэвтэж байсан хүнийг засмал замаар явж байгаа автомашины жолооч нар харах бүрэн боломжтой байсан. Би хэвтэж байсан хүнийг 3 метр орчим зайнаас харсан. Миний харсанаар хэвтэж байсан хүний өмсөж байсан хувцас нь хуурай харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1239 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост баруун умдаг ясны дээд салаа, баруун дунд чөмөгний далд хугарал, өөхөн эд, булчингийн эдийн няцрал, давсагны цус хуралт, няцрал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь босоо байрлалд мөргөгдөх үед үүсэх боломжтой.

3. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.     

4. Талийгаач нь бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчтэй байжээ. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.

5. Талийгаач нь АВО системээр В/lll/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь дээрх гэмтлийн хүндрэл уушигны тараагуур судасны өөхөн бөглөөдсийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болно. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

7. Талийгаач нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний 16 цаг 20 минутанд цогцост үзлэг хийхэд нас бараад 14-18 цаг болсон байжээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 1-р хавтас 129-134х/,

 

7. ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 6262 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “А-1239 Н.Э 59/эр VI/21” гэсэн хаягтай цусанд 2.7 промилли, ходоодны шингэнд 2.7 промилли, шээсэнд 4,5 промилли, цөсөнд 2.3 промилли, спиртийн агууламж илэрч байна.

2. “А-1239 Н.Э 59/эр VI/21” гэсэн хаягтай шээсэнд AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агуулга илрэхгүй байна. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 136х/,

 

8. ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3817 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн чихний хугархай Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашины баруун урд их гэрлийн дохионы гэрлийн чихний хугархайтай нэг бүхлийг үүсгэж байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 11 гэж дугаарласан нэмэлт гэрлийн суурины таг автомашины урд бамбайн баруун нэмэлт гэрлийн суурьтай хэлбэр хэмжээгээрээ таарч байна.

2. Бусад эд зүйлүүд нь Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашины эд ангитай зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэхгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураагдсан гэх 2 гэж дугаарласан тунгалаг өнгийн 13 x 4см, 5 х 2см, 5 x 1,8см хэмжээтэй хуванцарууд нэг бүхэл үүсгэж байна. Нэг бүхэл үүсгэсэн 2 гэж дугаарласан хуванцарууд эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн хагархайтай нэг бүхэл үүсгэж байна.

4. Бусад эд зүйлүүд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 140-144х/,

 

9. ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 3868 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Nissan Sunny 71-34 УБЗ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг автомашины хөдөлгүүр асахгүй, хурдны хайрцаг болон хүч дамжуулах ангийн гэр эвдрэлтэй, зүүн урд дохионы гэрэл хагархай, жолооны баруун хөндлөн тяг гулзайсан, зүүн хойд хаймар дугуй хавантай, хээний гүн газарт тулах хэсгээр 1,1 мм хэмжээтэй, зүүн урд дугуйны хээ элэгдлийн хязгаарт хүрсэн, аккумляторын батарей цэнэггүй, баруун хойд тормосны накладка элэгдэж колодка ил гарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул уг автомашины тоормосны систем, гэрэлтүүлэх хэрэгсэл, жолооны механизм, явах эд ангийн эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Тодорхойлох боломжгүй.

5. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон.

6. 4 дугуйн тоормосны тэлэгч, хавчигчууд ажиллана. ABS-ийн ажиллагааг тодорхойлох боломжгүй. Баруун хойд дугуйн тоормосны накладка ашиглалтын явцад элэгдэж колодка ил гарсан, баруун хойд барбан элэгдлийн хязгаарт 0,2 мм ойртсон гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 145-155х/,

 

10. ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 5353 тоот дүгнэлтэд:

1. Автомашины хөдөлгүүр асахгүй, хурдны хайрцаг болон хүч дамжуулах ангийн гэр хагарсан, зүүн урд дохионы гэрэл хагархай, аккумулятор цэнэггүй, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй, жолооны баруун талын хөндлөн тяг гулзайсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь ослын аль үед үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

2. 71-34 УБЗ улсын дугаартай Nissan sunny маркийн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байсан байх үндэслэлтэй. Хаймар дугуйн хээ элэгдсэн, тоормосны үрэлтийн ялтас байхгүй, колодка гарсан, автомашины дөрвөн дугуй нь харилцан адилгүй хээтэй, өөр хээтэй дугуй тавьсан нь осолд нөлөөлөх шалтгаан болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/, 

 

11. Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дахин шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 610 тоот дүгнэлт:   

1. Бидний зүгээс өмнө 2017 оны 08 сарын 28-ны өдөр гаргасан 351 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэх боломжгүй.

2. Хэргийн материалтай танилцаж үзэхэд Ниссан санни маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б-т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйл дэх “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд Эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,4 дүгээр зүйл дэх “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Өөр нэмж тусгах зүйл үгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 173-174х/,

 

12. Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан нэмэлт шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 610 тоот дүгнэлтэд:

1. ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №3868, 10 дугаар сарын 27-ны өдрийн №5353 тоот дүгнэлтүүдэд дурьдагдсан тоормозны систем болон дугуйн гэмтэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан нь жолооч Дгийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын:  

- 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...ээс бага болсон”,

- 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Хавтаст хэргийн материалд авагдсан ШШҮХ-гийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3868 дугаартай дүгнэлтэд

- “...Nissan sunnу маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн хаймар дугуйн хажуу хацар хэсэгт үүссэн товойж язарсан гэмтэл нь хаймар дугуйн хийцийн бэхэлгээ утас механик гэмтлийн улмаас дотроо тасархад хийн даралтын нөлөөгөөр товойно. Язарсан гэмтэл нь ашиглалтын хугацаа дуусах, резин эдлэлийн чийгшил алдагдах зэрэг шалтгаан нөхцлөөр үүснэ /зураг №43, 44-д/,

- зүүн талын хойд, урд дугуйн хээний гүн элэгдлийн зөвшөөрөгдөх хязгаарт хүрсэн, хээний гүн газарт тулах хэсгээр 1.1 мм хэмжээтэй болсон нь МNS4598-2011 стандартын 5.14.3-т заасан шаардлага хангахгүй болсон бөгөөд нэг тэнхлэгт өөр өөр хээтэй, өөр маркийн дугуйнууд тавьсан /зураг №43, 44, 51, 52, 50-53/,

- баруун хойд дугуйн тоормозны накладка элэгдэж колотка гарсан нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд эд ангиудын бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Дээрх накладканы элэгдэл, барабаны диаметр элэгдлийн зөвшөөрөгдөх хязгаарт 0,2 мм ойртсон гэмтэл нь тоормозны зам уртсахад нөлөөлөх үндэслэлтэй.”,

Мөн хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №5353 дугаартай дүгнэлтэд

-"... Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байсан байх үндэслэлтэй. Хаймар дугуйны хээ элэгдсэн, тоормозны үрэлтийн ялтас байхгүй, клотка гарсан, автомашины 4-н дугуй нь харилцан адилгүй хээтэй, өөр хээтэй дугуй тавьсан нь осолд нөлөөлөх шалтгаан болсон” гэсэн дүгнэлтүүдтэй техникийн шинжээч нар санал нэг байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 180-181х/,

 

13. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт, Д.Б-т Ц.О нарын хооронд 2018 оны 02 сарын 12-ны өдөр байгуулсан “Хохирол барагдуулах гэрээ” баримт  /хэргийн 1-р хавтас 212-213х, шүүх хуралдаанд гаргасан/  

 

14. Шүүгдэгч Д.Б-тын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 06 сарын 20-ны өдөр өглөө би гэрээсээ өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Ниссан Санни маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү ...шүдээ үзүүлэх гэж очсон. ...Эмнэлгээс гараад машинаа жолоодоод Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 40 дүгээр байрны гадаа машинаа байрлуулж орхичихоод зурагтад байдаг танил найзтайгаа улзахаар очтол гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрийнх гадаа найзыгаа хүлээж суунгаа дэлгүүрээс 0.200 граммын Хараа нэртэй жижиг шилтэй архи нэг ширхэгийг худалдан авч уугаад, ...Баянбүрдийн ойролцоох хүнсний дэлгүүр лүү орж 0.500 граммын Хараа архи авчихаад машин луугаа алхаж ирээд машиндаа сууж байгаад тэр архийг уучихаад ойролцоогоор 21 цагаас 22 цагийн хооронд машиндаа унтаад өгсөн.

Ингээд 23 цагийн алдад сэрээд гэр лүүгээ харих зорилгоор машинаа жолоодоод Хан-Уул дүүргийн нутаг Нисэхээс Морингийн даваа орох замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цаг хурдтай явж байтал хойноосоо урагшаа чиглэлд гэнэт нэг хүн гарч ирэхээр нь харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч тэр хүнийг мөргөөд зогссон. Тэгээд би машинаас буусан чинь тэр хүн замын хойд талд доошоогоо хараад хэвтэж байхаар нь хэд хэдэн удаа дугтарсан боловч сэрэхгүй байсан. Улмаар тэр үедээ тэр хүнийг өргөж даахгүй юм чинь гэж бодоод эргэж машиндаа сууж машинаа жолоодоод гэрлүүгээ очоод унтаад өгсөн. Тухайн үед тэр мөргүүлсэн хүн амьсгаатай, согтуу хүн шиг санагдсан. Би тухайн үед машиндаа ганцаараа явж байсан. Машин жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа машинаа жолоодон явсан. Машин жолоодох үедээ өөрөө өөрийгөө авч явах чадвартай байна гэж бодоод гэр лүүгээ явж байхдаа зам тээврийн осол гаргасан.

Замын хөдөлгөөн багатай, цаг агаарын байдал бүрхэг, бороо шиврээд орж байсан санагдаж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан Зам тэгш, шулуун, чийгтэй, хатуу хучилттай, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ асфальтан зам байсан. Замын эвдрэл байгаагүй. Ослын дараа машинаас буухад ойр орчимд ямар нэг хүн байхгүй байсан. Явган зорчигч эрэгтэй хүн байсан, тухайн үед согтуу байсан болов уу л гэж бодож байна. Явган зорчигч явган хүний гарцгүй  газраар зам хөндлөн гарч ирсэн. Ослын дараа би тэр хүнийг гайгүй болов уу гэж бодоод замын цагдаа, түргэн тусламжид дуудлага өгөөгүй. Би гэртээ 2017 оны 06 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад орсон болов уу. Ослын талаар эхнэр, охин хоёртоо хэлээгүй. Ослын улмаас миний машины баруун гар талын толь сууриараа хугарсан, баруун урд их гэрэл суларсан, гэрэл дохионы шил нь хагарч сууриндаа суларсан байсан. Тухайн үед явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Гэхдээ тэр хүний аль хэсэгт мөргөснийг мэдэхгүй байна. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч тулж гарч ирсэн учир мөргөөд зогссон юм.

Би зүйл ангийг уншиж ойлгосон. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Явган хүнийг мөргөж, зугтаагаад явсандаа гэмшиж байна. Буруугаа ойлгосон. Буяны ажлын хохирлыг төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг хэргийн 1-р хавтас 188-190х, 194х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-тын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн талаархи:

 

Нэг. Шүүгдэгч Д.Б-т нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа “МТ” Шатахуун түгээх станцийн зүүн замд Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

            Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын

            - 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...-ээс бага болсон”,

            - 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явган зорчигч Н.Э-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, Н.Э-ын амь нас хохирсон,

 

  1. Улмаар шүүгдэгч Д.Б-т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5  дугаар зүйл дэх “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
  2. / тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан жолоочийн үүргээ биелүүлээгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-21х, 165-169х/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, биет баримтын байршлын схем  зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 27-41х/,

- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 22-26х, 44-48х/,

- “Талийгаачийн цогцост баруун умдаг ясны дээд салаа, баруун дунд чөмөгний далд хугарал, өөхөн эд, булчингийн эдийн няцрал, давсагны цус хуралт, няцрал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь босоо байрлалд мөргөгдөх үед үүсэх боломжтой, талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ, талийгаач нь бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчтэй байжээ, энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно, талийгаач нь АВО системээр В/lll/ бүлгийн цустай байна, талийгаач нь дээрх гэмтлийн хүндрэл уушигны тараагуур судасны өөхөн бөглөөдсийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болно. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, талийгаач нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний 16 цаг 20 минутанд цогцост үзлэг хийхэд нас бараад 14-18 цаг болсон байжээ.”  гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1239 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 129-134х/,

- 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3817 дугаартай ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн: 

1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн чихний хугархай Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашины баруун урд их гэрлийн дохионы гэрлийн чихний хугархайтай нэг бүхлийг үүсгэж байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 11 гэж дугаарласан нэмэлт гэрлийн суурины таг автомашины урд бамбайн баруун нэмэлт гэрлийн суурьтай хэлбэр хэмжээгээрээ таарч байна.

2. Бусад эд зүйлүүд нь Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашины эд ангитай зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэхгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураагдсан гэх 2 гэж дугаарласан тунгалаг өнгийн 13 x 4см, 5 х 2см, 5 x 1,8 см хэмжээтэй хуванцарууд нэг бүхэл үүсгэж байна. Нэг бүхэл үүсгэсэн 2 гэж дугаарласан хуванцарууд эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн хагархайтай нэг бүхэл үүсгэж байна.

4. Бусад эд зүйлүүд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 140-144х/,

- 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 3868 дугаартай ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн: 

1. Шинжилгээнд ирүүлсэн Nissan Sunny 71-34 УБЗ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг автомашины хөдөлгүүр асахгүй, хурдны хайрцаг болон хүч дамжуулах ангийн гэр эвдрэлтэй, зүүн урд дохионы гэрэл хагархай, жолооны баруун хөндлөн тяг гулзайсан, зүүн хойд хаймар дугуй хавантай, хээний гүн газарт тулах хэсгээр 1,1 мм хэмжээтэй, зүүн урд дугуйны хээ элэгдлийн хязгаарт хүрсэн, аккумляторын батарей цэнэггүй, баруун хойд тормосны накладка элэгдэж колодка ил гарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул уг автомашины тоормосны систем, гэрэлтүүлэх хэрэгсэл, жолооны механизм, явах эд ангийн эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Тодорхойлох боломжгүй.

5. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон.

6. 4 дугуйн тоормосны тэлэгч, хавчигчууд ажиллана. ABS-ийн ажиллагааг тодорхойлох боломжгүй. Баруун хойд дугуйн тоормосны накладка ашиглалтын явцад элэгдэж колодка ил гарсан, баруун хойд барбан элэгдлийн хязгаарт 0,2 мм ойртсон.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 145-155х/,

- 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 5353 тоот ШШҮХ-ийн Криминалистикийн хэлтсийн Авто техникийн лабораторийн криминалистикийн шинжээчийн:

1. Автомашины хөдөлгүүр асахгүй, хурдны хайрцаг болон хүч дамжуулах ангийн гэр хагарсан, зүүн урд дохионы гэрэл хагархай, аккумулятор цэнэггүй, гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй, жолооны баруун талын хөндлөн тяг гулзайсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь ослын аль үед үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

2. 71-34 УБЗ улсын дугаартай Nissan sunny маркийн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байсан байх үндэслэлтэй. Хаймар дугуйн хээ элэгдсэн, тоормосны үрэлтийн ялтас байхгүй, колодка гарсан, автомашины дөрвөн дугуй нь харилцан адилгүй хээтэй, өөр хээтэй дугуй тавьсан нь осолд нөлөөлөх шалтгаан болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/,

- 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 610 тоот Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дахин шинжилгээний:  

1. Бидний зүгээс өмнө 2017 оны 08 сарын 28-ны өдөр гаргасан 351 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэх боломжгүй.

2. Хэргийн материалтай танилцаж үзэхэд Ниссан санни маркийн 71-34 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б-т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйл дэх “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд Эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,4 дүгээр зүйл дэх “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Өөр нэмж тусгах зүйл үгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 173-174х/,

- 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 610 дугаартай Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан нэмэлт шинжилгээний:

1. ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №3868, 10 дугаар сарын 27-ны өдрийн №5353 тоот дүгнэлтүүдэд дурьдагдсан тоормозны систем болон дугуйн гэмтэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан нь жолооч Дгийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын: 

- 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...ээс бага болсон”,

- 3.5 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Хавтаст хэргийн материалд авагдсан ШШҮХ-гийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3868 дугаартай дүгнэлтэд

- “...Nissan sunnу маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн хаймар дугуйн хажуу хацар хэсэгт үүссэн товойж язарсан гэмтэл нь хаймар дугуйн хийцийн бэхэлгээ утас механик гэмтлийн улмаас дотроо тасархад хийн даралтын нөлөөгөөр товойно. Язарсан гэмтэл нь ашиглалтын хугацаа дуусах, резин эдлэлийн чийгшил алдагдах зэрэг шалтгаан нөхцлөөр үүснэ /зураг №43, 44/,

- зүүн талын хойд, урд дугуйн хээний гүн элэгдлийн зөвшөөрөгдөх хязгаарт хүрсэн, хээний гүн газарт тулах хэсгээр 1.1 мм хэмжээтэй болсон нь МNS4598-2011 стандартын 5.14.3-т заасан шаардлага хангахгүй болсон бөгөөд нэг тэнхлэгт өөр өөр хээтэй, өөр маркийн дугуйнууд тавьсан /зураг№43, 44, 51, 52, 50-53/,

- баруун хойд дугуйн тоормозны накладка элэгдэж колотка гарсан нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд эд ангиудын бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Дээрх накладканы элэгдэл, барбаны диаметр элэгдлийн зөвшөөрөгдөх хязгаарт 0,2 мм ойртсон гэмтэл нь тоормозны зам уртсахад нөлөөлөх үндэслэлтэй.”,

Мөн хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №5353 дугаартай дүгнэлтэд

- "... Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг байсан байх үндэслэлтэй. Хаймар дугуйны хээ элэгдсэн, тоормозны үрэлтийн ялтас байхгүй, клотка гарсан, автомашины 4-н дугуй нь харилцан адилгүй хээтэй, өөр хээтэй дугуй тавьсан нь осолд нөлөөлөх шалтгаан болсон” гэсэн дүгнэлтүүдтэй техникийн шинжээч нартай санал нэг байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 180-181х/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цаг өнгөрч байхад Яармагийн Цагдаагийн хэлтсээс “Н.Э гэдэг хүнийг таних уу” гэхээр нь би “манай нөхөр байгаа юм” гэтэл “энэ хүн нас барсан байна” гэхээр нь хүүгээ дагуулаад очиход “зам тээврийн осол хэрэг гараад, машинд мөргүүлээд нас барсан байж болзошгүй байна” гэсэн. Ингээд осол хэрэг гарсан тухай мэдсэн. ... Миний хувьд 40 жил ханилсан ханиа хэн нэгний буруугаас болж алдсан, гомдолгүй гэж хэлж чадахгүй. Би талийгаачийн оршуулгын зардалд шүүгдэгчийн талаас эхлээд 5.000.000 /таван сая/ төгрөг, дараа нь 2.000.000 /хоёр сая/ төгрөг, мөн 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус авсан. Нийт оршуулгын зардалд 7.250.000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөг авсан байгаа. Сэтгэл санааны хохиролд 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилж байна. Үүнээс цагаан сарын баярын өмнөхөн 500.000 /таван зуун мянган/ төгрөг авсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Шүүгдэгчтэй 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг сар болгон 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Би энэ гэрээний нөхцөлтэй санал нийлж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08:20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол 9 байрны 16 тоот гэрээсээ гарч байрны гадна талын зогсоолоос өөрийн эзэмшлийн Грейс маркийн 37-04 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 10-р хороо, Био комбинат орж Ерөнхийлөгчийн Сонгуулийн сурталчилгааны сонин айлуудаар тарааж өгөхөөр ажилд гарсан. ...Тэгээд...Морингийн даваа орохоор явж байтал “МТ” ШТС-аас ертөнцийн зүгээр зүүн зүгт 100-150 метр орчим зайтай засмал замын хойд талын судагт нэг эрэгтэй хүн толгой хэсэг нь зүүн хойш харсан, хөл нь баруун урагш харсан, бие нь эгц дээш харсан, хоёр гар нь цээжин дээр зөрүүлсэн байрлалтай хэвтэж байгаа харагдсан. ...Нөгөө хүн хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Би хамт байсан хүндээ “наад хүн чинь нас барсан хүн байна, нүүр нь цагаан болсон байна” гэж хэлсэн. ...Хамт байсан хүн өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн. Бид хоёр цагдаагийн алба хаагч нарыг иртэл хүлээж байгаад, байгаа байдлыг нь хэлж өгчихөөд явъя гээд хүлээсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд бид хоёр цагдаа нарт газар хэвтэж байсан хүнийг хүлээлгэж өгөөд явсан. Замын хажуу судагт хэвтэж байсан хүн миний санаж байгаагаар саарал бэлтгэлийн өмдтэй, цагаан оймостой, хоёр хөлдөө гуталгүй, зүүн гарын ядам хуруунд шар өнгийн бөгжтэй, баруун бугуйндаа хар оосортой бугуйн цагтай хэвтэж байсан. Хэвтэж байсан хүний доор нь цагаан саарал өнгийн цамц дэвссэн байгаа харагдсан. Би замынхаа урд талд хамт явж байсан хүнтэйгээ юм яриад, тамхи татаад зогсож байтал хэвтэж байсан хүний баруун хойд талд шороон дээр өрөөсөн бор өнгийн шар ултай гутал байгаа харагдсан. ...өмсөж байсан хувцас нь хуурай харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120х/,

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт, Д.Б-т Ц.О нарын хооронд 2018 оны 02 сарын 12-ны өдөр байгуулсан “Хохирол барагдуулах гэрээ” баримт  /хэргийн 1-р хавтас 212-213х, шүүх хуралдаанд гаргасан/ болон шүүгдэгч Д.Б-тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Б-т нь 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” Шатахуун түгээх станцийн зүүн замд Nissan sunny маркийн 71-34 УБЗ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож, “жолооч нь хөдөлгөөнд оролцохын өмнө энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох, мөн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм –ээс бага болсон, нэг тэнхлэгт өөр өөр марк, хээтэй дугу тавьсан” зэрэг эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, ...механизм ашиглахыг хориглоно гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 заалт, 3.5 заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтыг тус тус зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, явган зорчигч Н.Э-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч нь “...баруун умдаг ясны дээд салаа, баруун дунд чөмөгний далд хугарал, өөхөн эд, булчингийн эдийн няцрал, давсагны цус хуралт, няцрал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл авч, ...дээрх гэмтлийн хүндрэл уушигны тараагуур судасны өөхөн бөглөөдсийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан” болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч нь согтуугаар буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалтыг зөрчсөн буруутай байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.  Учир нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилан зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Б-тын үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт (Согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон) зааснаар тээврийн хэрэгслийг  жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь тухайн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас хүндэрсэн байх тул прокуророос шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн болно.

 

Мөн шүүгдэгч нь дээрх зам тээврийн осол хэрэг гаргасны дараа “Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй зөрчиж, зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд уг үйлдлийг Тээврийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.  

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжид нийцсэн бөгөөд жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” шийтгэхээр ялын төрөл хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Б-тыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.   

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Н.Э-ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 6.720.800 төгрөг нэхэмжилсэн баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргаж өгсөнөөс /хэргийн 1-р хавтас 98-115х/ шүүгдэгч нь 7.250.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг хуульд заасан журмын дагуу арилгасан гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт сэтгэл санааны хохирол хамаарах талаар зохицуулсан заалтгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохиролд тооцож 25.0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр гаргасан бөгөөд уг шаардлагын хүрээнд шүүгдэгч хохирогч нар нь 2018 оны 02 сарын 18-ны өдөр “Хохирол барагдуулах тухай гэрээ” байгуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт буюу 8.000.000 төгрөгийн хэмжээнд талууд сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоож, хэлэлцэн тохирч, гэрээний хавсралтад заасан графикийн дагуу шүүгдэгч нь сэтгэл санааны хохиролд тооцон 8.000.000 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид нөхөн төлөхөөр хэлэлцэн тохирч бичгээр гэрээ байгуулсан, шүүгдэгч нь гэрээний дагуу сэтгэл санааны хохирлоос 500.000 төгрөгийг нөхөн төлснийг хохирогчийн төлөөлөгч хүлээн авсан болох нь хохирогчийн төлөөлөгч Ц.О, шүүгдэгч Д.Б-т нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан Хохирол барагдуулах гэрээ, төлбөр гүйцэтгэсэн талаарх баримт зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-таас талуудын хооронд байгуулсан “Хохирол барагдуулах гэрээ”-гээр тохиролцсон сэтгэл санааны хохирлын төлбөрөөс үлдэх 7.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Ц.От олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Д.Б-т нь урьд Нийслэлийн шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 318 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155б, 169б, 88б-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан талаар хэрэгт тодорхой баримт авагдсан /хэргийн 1-р хавтас 216-242х, 2-р хавтас 10-36х/ хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.  

 

Иймд шүүгдэгч Д.Б-тыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгомжгүй хэлбэрээр үйлдэгдэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан шууд хохирлыг нөхөн төлж, хохирогчид учирсан эдийн бус гэм хорын хохиролд тооцон сэтгэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа шүүх харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Д.Б-т нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай нь болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Б-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял,   

- мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 /хоёр/ жил хасаж,  02 /хоёр/ жил 10 /арав/ хоног  хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн /нийтэд тустай ажил хийлгэх ялын 240 цаг нь хорих ялын нэг сартай дүйцэж байна/ түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б-т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №636922 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Д.Б-ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

- Мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Б-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,  

- мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-т оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар хэрэгт хураагдан ирсэн Д.Б-тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №636922 дугаартай үнэмлэх баримтыг, гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон хохирогчийн төлөөлөгч Ц.О-т 7.750.000 /долоон сая долоон зуун тавин мянган/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, Д.Б-таас сэтгэл санааны хохиролд тооцон 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, Ц.О-т олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт Д.Б-т нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД