Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 861

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Д.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.О

хохирогчийн төлөөлөгч Ц.О

шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Б.Б

нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор Д.Б холбогдох 201724000420 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д Б, 19.. оны .. дугаар сарын ..-нд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хэсэг, .. тоотод оршин сууж байгаа гэх, /РД:......................./;

Улаанбаатар хотын шүүхийн 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1553 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн б, 88 дугаар зүйлийн б-д зааснаар нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, Nissan sunny маркийн ..... УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” ШТС-ийн зүүн замд явган зорчигч Н.Энхбаярыг дайрч амь насыг хохироосон, улмаар осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Б холбогдох үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Д.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Д.Б-т Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон 164 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

хэрэгт хураагдан ирсэн Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 636922 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон хохирогчийн төлөөлөгч Ц.О-т 11.750.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, Д.Б-аас сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг гаргуулан Ц.О-т олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхийг,

хэрэгт Д.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Учир нь Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хууль болон 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, ял шийтгэл оногдуулахдаа хоёр хуулийг хольж хэрэглэсэн. Тэгэхээр 2015 оны Эрүүгийн хууль болон 2002 оны Эрүүгийн хуулийг хольж хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байдал нь Д.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Хэрэв 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн бол 2 гэм буруутай үйлдэлд нь ялыг нэмж нэгтгэн тодорхойлох боломж байсан. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн Д.Б- нь 182 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөрийн дийлэнх хувийг төлсөн байгаа байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах чиг үүргийн хүрээнд энэ асуудлыг анхаарч үзнэ үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан шүүгдэгч Д.Б-т анхан шатны шүүхээс хүнд ял оногдуулсан гэх давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Д.Б- хэргийн газрыг орхиж зугтаасан. Тэгэхээр хүндрэх нөхцөлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд оногдуулсан ялыг хүндрүүлж оногдуулсан гэж байгаад их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “хохирогч Ц.Оюунцэцэг хамгийн доод талын ял оногдуулж өгнө үү” гэж хэлсэн гэж байна. Миний хувьд “хорих ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэж хэлсэн. ...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. 2015 оны Эрүүгийн хууль болон 2002 оны Эрүүгийн хуулийг харьцуулан хэрэглэсэн нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б- нь болгоомжгүй, санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн. Мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар үйлдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо торгох ялын санал гаргаж байна. Өмнөх шүүхээс оногдуулсан 3,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа учраас торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Д.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” ШТС-ийн зүүн замд Nissan sunny загварын ..... УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтад “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 дэх заалтад “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм...ээс бага болсон”, 3.5 дахь заалтад “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэж заасныг зөрчиж, явган зорчигч Н.Энхбаярыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг,

мөн дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх энэ дүгнэлт зөвхөн ослын газрыг орхиж зугтаасантай холбоотой байна. ”

б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн өвөг, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэж заасныг зөрчиж уг ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Д.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 189-190, 194/,

гэрч Ө.Саруулын мэдүүлэг /1 хх-ийн 58/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1239 дугаар “...гэмтэл нь босоо байрлалд мөргөлдөх үед үүсэх боломжтой. ...дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. ...Талийгаач 2017.06.21-ний 16 цаг 20 минутад үзлэг хийхэд нас бараад 14-18 цаг болсон байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 129-131/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 351 дугаар “... 1. Nissan sunny загварын ..... УБЗ улсын дугаартай автомашины жолооч Дамдингийн Батбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”,

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Нинагийн Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 157-158/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтаар болон хэргийн газраас хураан авсан эд зүйлүүдийг Nissan sunny маркийн ..... УБЗ улсын дугаартай автомашины эд ангитай нэг бүхэл үүсгэх эсэхийг тогтоох зорилгоор хэсгээс бүхлийг тогтоох аргыг ашиглан шинжлэхэд эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн чихний хугархай Nissan sunny маркийн ..... УБЗ улсын дугаартай автомашины баруун урд их гэрлийн дохионы гэрлийн чихний хугархайтай өөр хоорондоо хугарлын зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэж байна. ...” /зураг №27, 28, 29/,

Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн чихний хугархай Nissan sunny маркийн ..... УБЗ улсын дугаартай автомашины баруун урд их гэрлийн дохионы гэрлийн чихний хугархайтай нэг бүхлийг үүсгэж байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 11 гэж дугаарласан нэмэлт гэрлийн суурины таг автомашины урд бамбайн баруун нэмэлт гэрлийн суурьтай хэлбэр хэмжээгээрээ таарч байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураагдсан гэх 2 гэж дугаарласан тунгалаг өнгийн 13х4 см, 5х2 см, 5х1,8 см, хэмжээтэй хуванцрууд нэг бүхэл үүсгэж байна. Нэг бүхэл үүсгэсэн 2 гэж дугаарласан хуванцрууд эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 гэж дугаарласан дохионы гэрлийн хагархайтай нэг бүхэл үүсгэж байна...” гэх 3817 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 140-141/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Nissan sunny загварын ..... УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа “МТ” ШТС-ын зүүн замд явган зорчигч Нина овогтой Энхбаярыг дайрч амь насыг хохироосон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон...” гэсэн гэмт хэргийн шинжтэй талаар хийсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Улмаар уг ослын газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Д.Б-ын үйлдсэн “...тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон...” үйлдлийг:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ба тус гэмт хэргийг үйлдсэн хүнд “...гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр...”,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ба тус гэмт хэргийг үйлдсэн хүнд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр...” тус тус хуульчилжээ. Иймд Д.Б-ын үйлдлийг оногдуулах ялын хувьд хөнгөн болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь зүйтэй байна.

 

Д.Б-ын “...ослын газрыг санаатай орхиж зугтаасан...” үйлдлийг:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан ба тус гэмт хэргийг үйлдсэн хүнд “...таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр...”,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ба тус гэмт хэргийг үйлдсэн хүнд “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр...” тус тус хуульчилжээ. Иймд Д.Б-ын уг үйлдлийг хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулахаар зааж, түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэсэн  нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлжээ.

 

            Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын “...тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон...” үйлдлийг зүйлчилж, хууль буцаан хэрэглэхдээ Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамласан нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.

 

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг өөрчлөн хуульчилсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах” заасан журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн талаар хийсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэргийг зөв зүйлчилсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүх Д.Б-т хорих ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан “...Д.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлс”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгахаар,

Д.Б-т оногдуулсан ялын төрлийг нэмж нэгтгэхдээ тухайлсан заалтыг нь баримтлаагүйг зөвтгөсөн  өөрчлөлтийг шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан...” гэж,

 

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй...” гэснийг “...Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг зэргийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комиссод шилжүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                      Д.ОЧМАНДАХ