Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00588

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00588

 

 

 

Э.З-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00209 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.З-ын нэхэмжлэлтэй, ЖДҮГ-т холбогдох

ЖДҮХСан-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.З- миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСан-гийн Зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр 2017 оны 3 сараас эхлэн 2019 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Уг ажиллах хугацаандаа миний бие өөрт хариуцуулсан ажлыг цаг тухай бүрд нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг байсан бөгөөд 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ А үнэлгээтэй дүгнүүлж байсан. Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/51 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байх боловч ажилтныг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зохицуулалтыг зөрчсөний улмаас халсан нь тодорхойгүй. Ийнхүү Хөдөлмөрийн хуулийн 40.1 дэх хэсгийн аль хэсгийн аль зохицуулалтыг зөрчсөн нь тодорхойгүй тушаал нь хууль бус юм. Мөн тушаалын тушаах хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн з, к дахь заалтууд, ЖДҮХСан-гийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 4.19.8, 4.19.9 дэх заалтуудыг баримталсан ба дээрх заалтуудыг ажилтан миний бие огт зөрчөөгүй. Үндэслэл нь: Э.З- миний ээжийн төсөл 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-88 дугаар тушаалын хавсралтаар дэмжигдэж, ЖДҮХСан-гаас санхүүжилт авахад миний бие өөрийн ажил, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж олгуулсан үйлдэл хийсэн удаагүй. Миний бие төсөл сонгон шалгаруулалт явагдахаас өмнө өөрт хувиарлагдсан төслүүдийн талаар урьдчилан сангийн эрх бүхий албан тушаалтан Т.Энх-Амгаланд мэдэгдэж, ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн бөгөөд ээжийнхээ төслийг хянахад огт оролцоогүй. Түүнчлэн төсөл нь дэмжигдсэний дараагаар барьцаа хөрөнгийг үнэлэхэд мөн л барьцаа хөрөнгийн ахлагч Ж.Баасандорж, гишүүд Б.Цогтбаяр, Б.Мөнхтулга, Ц.Должинсүрэн нарт мэдэгдэж, дүгнэлт гаргахаас татгалзсан бөгөөд сангийн эрх бүхий албан тушаалтан болох Т.Энх-Амгаланд дахин ашиг сонирхлын мэдүүлэг бөглөж өгсөн. Иймд миний бие төсөл сонгон шалгаруултад өөрийн ээжийн төслийг оролцож байгааг мэдэгдэлгүй шийдвэр гаргах түвшний ажлуудад оролцож байсан удаагүй учир намайг гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой хамаарал бүхий этгээдийн талаар мэдүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажил үүргээ шилжүүлээгүй болох нь илэрсэн гэж үзэж, ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан өөрийн ээжийн төслийг төсөл сонгон шалгаруултад орж байгааг урьдчилан хуулийн дагуу мэдүүлж, ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж, барьцаа, хөрөнгө үнэлэх ажилд оролцоогүй болоод төслийг судлаагүй байхад өөрөө судлаад, үнэлээд, тэрийгээ нуусан байсныг илрүүлсэн мэт худал үндэслэлээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болно. ЖДҮХСан- нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг бөгөөд өөрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд оролцох сайдын эрх хэмжээ, түүний хязгаарлалтыг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрхээр тодорхойлдог. ЖДҮХСан- нь 9070002081 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 5290082 регистрийн дугаартай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдэж, засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан ЖДҮХСан-гийн дүрэмд сангийн албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах болоод цуцлах нь Сангийн захирлын эрх хэмжээ байдаг тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд сайдаас хамааралгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байгууллага юм. Миний бие сантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд эсхүл яамтай байгуулаагүй тул сайдын зүгээс арга хэмжээ авах чиглэл өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сангийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа нь гагцхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлагдах тул сайдын албан бичгийг үндэслэн халсан нь хууль бус юм. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан мэдэгдэл нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн албан бичгээр санд ирсэн боловч миний бие урьд өмнө нь Сангийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн ба Сангийн захирал С.Төгсбилэг мэдэж байсан тул сангийн удирдлагууд мэдээгүй, нуусан гэсэн зүйл байхгүй. Учир нь шинэ захирал томилогдох тоолонд дахин шинээр мэдэгдэл өгөх ёсгүй юм. Иймд Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө гаргуулах гомдлын шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.З- нь 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл санд ажиллаж байсан. Сангийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт Э.З-ыг Сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйл /Иргэнийг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаал хавсрах, түр орлуулах/-ийн 4.19, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д 4,19.9-д заасан ажил үүргээ биелүүлээгүй болох нь илэрсэн тул ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн зохицуулсан. Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Харин ээлжийн амралтын олговор нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд ээлжийн амралтын хугацаанд олгож буй олговор тул ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгчид тооцон өгөх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтны хийж гүйцэтгэсэн ажпын үр дүн, ур чадварын байдлаар тодорхойлогддог тул тухай ажилд албан тушаалд ажиллаагүй иргэнд аливаа хэлбэрийн урамшуулал олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сан ажлын албаараа дамжуулж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан. Ажлын албаны Зээлийн хэлтсийн мэргэжилтэн Э.З- нь Бүлээн зүс ХХК, Ц.Оюунчимэг нарт зээл олгосон асуудал 2018 оны 6 дугаар сард гаргасан ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгснөөс хойш илэрсэн байдаг. Үүнээс өмнө 2018 оны 6 дугаар сард хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн төслийг судалж байх үед тухайн аж ахуй нэгж байгууллагуудтай хамаарал бүхий ямар нэгэн этгээд байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт үгүй гэсэн тайлбарыг 2018 оны 3 дугаар сард гаргаж өгсөн. Тухайн 2 төслийг үнэлсэн албан тушаалтан биш байсан ч тухайн үйл ажиллагаанд ажил, мэдээлэлд ойрхон байдаг албан тушаалын байдлаа ашиглаад зээл олгох ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр Авилгатай тэмцэх газрын ЦБ/10 дугаар мэдэгдэлд заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Э.З- нь Бүлээн зүс ХХК-ийг төлөөлж зээл авсан эхнэр н.Эрдэнэчимэг болон ээж Ц.Оюунгэрэл нартай хамаарал бүхий этгээд мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед мөрдөгдөж байсан дотоод журамд хувийн ашиг сонирхлын хүрээнд өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгох үйл ажиллагааг явагдаж байхад 2018 оны 3 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ үгүй гэж бичсэн нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох тохиолдолд албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх үндэслэл бүрдэнэ. Тухайн үеийн ЖДҮХСан-гийн ажлын албыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоолоор татан буулгаж, шинээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулж, сангийн эрхэлж байсан үйл ажиллагаа, эрх, үүргийг ЖДҮГ-т шилжүүлсэн. Уг албан тушаал байхгүй болсон, ажлын алба татан буугдсан байхад ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, амралтын мөнгө, урамшуулалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг манай газраас хариуцан хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.З- нь ЖДҮХСан-гийн ажлын албанд ажиллаж байх үедээ ямар нэгэн төрийн албаны ангилал, зэрэглэлд хамаардаггүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байсан. Харин хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг албан тушаалтан байсан. Хэрэв Засгийн газрын агентлагийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулъя гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын дагуу ТЗ-6 шатлалаар буюу дэс түшмэлийн албан тушаалд ажиллах шаардлага үүснэ. Тухайн албан тушаалын шаардлагыг хангахын тулд Төрийн албаны тухай хуулийн 26, 33 дугаар зүйлд заасан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтуудыг өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдэж, албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байж томилогдох боломжтой. Э.З- тухайн шаардлагуудыг хангасан гэдэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт ирүүлээгүй учраас хангаагүй юм байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнийгээ дагаад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгө гаргуулах, цалингийн урамшуулал олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ЖДҮХСан-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хамниган овогт Энхтайваны Золбаярыг зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЖДҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 688 624,48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.З-т олгож, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.З-ын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ЖДҮГ-т үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЖДҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 261 393,21 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 101/ШШ2021/00209 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар "Агентлаг байгуулах тухай" тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулж, ЖДҮХСан-гийн ажлын албыг татан буулгаж, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал. цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ-т шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна гэж дүгнэжээ. Тус дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар "Агентлаг байгуулах тухай" тогтоолын зарим хэсгийн дүгнэхдээ ЖДҮХСан-гийн ажлын албыг татан буулгаж, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо. үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ-т шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг гэсэн хэсгийг орхигдуулан дүгнэсэн бөгөөд дээр дурдсан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хууль тогтоомжид нийцүүлэн хангуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А-273 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулж ажлын хэсгээс ЖДҮХСан-гийн ажлын албаны албан хаагчдыг Төрийн албаны шаардлагыг харгалзан ЖДҮГ-т томилсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар " ЖДҮХ сангийн албан хаагчид нь төрийн албаны тухай хуулийн төрийн үйлчилгээний албан тушаалтан тул хамаарахгүй, Э.З- миний бие шийдвэр гаргах эрхгүй, гүйцэтгэх чиг үүрэг бүхий мэргэжилтэн " гэж тус тус дурдсаар байтал Төрийн албаны зөвлөлийг гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр Төрийн албаны тухай хууль зөрчин Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй этгээдийг зээлийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоосон нь шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн байна. Мөн Анхан шатны шүүхийн 101/ШШ2021/00209 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д ЖДҮХСан-гийн захирлын түр орлого гүйцэтгэгчийн 2019 оны Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож Э.З-ыг зээлийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргахдаа ямар нэгэн этгээдэд даалгаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй байна. ЖДҮГ-т Зээлийн мэргэжилтний орон тоо байхгүй болно. Иймд Э.З-ыг ямар байгууллагын зээлийн мэргэжилтний ажилд эргүүлэн томилсон нь тодорхойгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох нь хуульд нийцэхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч Э.З- нь ЖДҮХСан-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Засгийн газрын шийдвэрээр ЖДҮХСан-гийн ажлын албыг татан буулгаж, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул ЖДҮГ-ыг хариуцагчаар оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ЖДҮХСан-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан, энэ талаар талууд маргаагүй.

 

ЖДҮХСан-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн з, к заалт, хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.8, 4.19.9, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоот, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/2904 албан тоотын ЦБ/10 дугаартай мэдэгдлийг үндэслэн Зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.З- нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж, бусдад давуу байдал бий болгон өөрийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжид зээл олгуулсан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ төсөл сонгон шалгаруулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийхэд хуулийн хүрээнд мэдүүлээгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан болох нь илэрсэн, тус хуулийг мөрдөж ажиллаагүй гэсэн үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. / хх-ийн 4 /

 

Дээрх тушаалд ...Э.З- нь... бусдад давуу байдал бий болгон өөрийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжид зээл олгуулсан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ төсөл сонгон шалгаруулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийхэд хуулийн хүрээнд мэдүүлээгүй... гэж заасан байх боловч нэхэмжлэгч Э.З- нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэлдээ зээл хүсэгч Ц.Оюунчимэг түүний ээж тул шийдвэр гаргахаас татгалзаж байгааг мэдэгдсэн байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь 2018 оны 04 сарын 17-ны өдөр мэдэгдэл хөтөлж баталгаажуулсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. / хх-ийн 82-83, 152-153 /

 

Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЦБ/10 дугаартай мэдэгдэлд төсөл хэрэгжүүлэгч Ц.Оюунчимэг нь төслийн зээлийн зарцуулалтын тайланд малын тоо толгойн үнийг төсөлд бичсэн үнээс илүү тооцсон, худалдан авсан, төлбөр тооцоо хийсэн нотлох баримтгүй, зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэж төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар мэдэгдсэн байна. Мөн төсөл хэрэгжүүлэгч Ц.Оюунчимэг нь сангийн зээл төслийн мэргэжилтэн Э.З-тай хамааралтай, төрсөн эх нь болох нь тогтоогдсон, 2016 онд тус сангаас зээл авсан А.Эрдэнэчимэг нь Э.З-ын эхнэр болох талаар дурджээ. Мөн тушаалын үндэслэлд дурдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоотод Авилгатай тэмцэх газрын мэдэгдэлд дурдсан арга хэмжээг авч ажиллахыг ЖДҮХСан-гийн захиралд даалгасан байна. / хх-ийн 100, 101-102 /

 

Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 625 дугаартай тогтоолоор ...ЖДҮХСан-гаас иргэн Ц.Оюунчимэгт 200 000 000 төгрөгийг зээл олгох шийдвэр гаргахад улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. ЖДҮХСан-гаас 2016 онд Бүлээн зүс ХХК-д 145 000 000 төгрөгийн зээл олгоход сангийн мэргэжилтэн Э.З- эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу Бүлээн зүс ХХК-д давуу байдал бий болгосон, хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ. / хх-ийн 87-88 /

 

Нэхэмжлэгч Э.З-ын эрхэлж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авилгын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй, түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Оюунчимэг, Бүлээн зүс ХХК, А.Эрдэнэчимэг нарт зээл олгоход эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, санд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болох нь дээрх байдлаар тогтоогджээ.

  Иймд анхан шатны шүүх ажил олгогчийн Э.З-ыг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасантай нийцээгүй, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж, түүнийг зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, уг дүгнэлтдээ тулгуурлан тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарласан хэрэглэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй байв.

 

Харин шүүх Э.З-ын нэхэмжлэлтэй энэ хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулан хэрэглэсэн нь буруу. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх болно.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 688 624 төгрөгийг хариуцагч ЖДҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Э.З-т олгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй ба ээлжийн амралтын олговор гаргуулах, мөн 2019 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тооцуулах шаардлагын талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

 Тухайн маргааны шийдвэрлэлт Төрийн албаны зөвлөлд хамааралгүй, түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэж байгаа тул ...Төрийн албаны зөвлөлийг оролцуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй этгээдийг зээлийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоосон... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг өмнөх ажил эгүүлэн тогтоохдоо ямар байгууллагын зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож байгааг заагаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх, биелүүлэх арга журам нь тодорхой байх зарчимд нийцээгүй. Засгийн газрын шийдвэрээр ЖДҮХСан-гийн эрх үүрэг ЖДҮГ-т шилжсэн байх тул уг газрын зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохоор шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...зээлийн мэргэжилтний... гэсний өмнө ЖДҮГ-ын гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ