Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00589

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00589

 

 

 

ХХбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Х-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 210 425 015,91 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл 1: Иргэн Э.Х- нь тус банктай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3Г/RCC161228005-3 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №ЗБ/RCC161228005-3-5 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 160 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь № 3Г/RCC161228005-3 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2203014569 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 12/1 дүгээр байрны 610 тоот хаягт байрлах 131,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан болно. Зээл-2: Иргэн Э.Х- нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/ВСС180706048-4 тоот автомашины зээлийн гэрээг, № Ф/ВСС180706048-4-10-н тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 43 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/ВСС180706048-4 тоот автомашины зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №Ф/ВСС180706048-4-10 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаагаар, зөвхөн ашиглах эрхтэйгээр 2011 онд үйлдвэрлэгдсэн, Ford Explorer маркийн, 1FMHK8D81CGA21507 арлын дугаартай, цагаан өнгөтэй, 95-18 УНЕ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг банкинд шилжүүлсэн. Зээлдэгч нь №3Г/RCC161228005-3 тоот орон сууцны зээлийн гэрээ, ЗГ/ВСС180706048-4 тоот Автомашины зээлийн гэрээнүүдийн хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд Э.Х-тай удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир 3Г/RCC161228005-3, ЗГ/ВСС180706048-4 тоот гэрээний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэл болсон.

Зээл-1: 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл: 153 366 641,05 төгрөг, хүүгийн үлдэгдэл 19 278 955,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 640,29 төгрөг; Зээл-2: 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 33 426 217,66 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4 277 008,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 588,48 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 30 000 төгрөг. Зээлдэгч Э.Х-тай байгуулсан 3Г/RCC161228005-3 тоот орон сууцны зээлийн гэрээ, ЗГ/BCC180706048-4 тоот автомашины зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нийт 210 425 015,91 төгрөгийг зээлдэгч Э.Х-аас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203014569 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 12/1 дүгээр байрны 610 тоот хаягт байрлах 131,3 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц болон 2011 онд үйлдвэрлэгдсэн, Ford Explorer маркийн, 1FMHK8D81CGA21507 арлын дугаартай, цагаан өнгөтэй, 95-18 УНЕ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХХбанкнаас 2012-2013 оноос удаа дараа бизнесийн зориулалтаар зээл авч, хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулж байсан. 2016 онд орон сууц худалдан авах зорилгоор 160 000 000 төгрөг зээлж авсан. Хүү болон үндсэн зээлийг бизнесийн орлогоор төлж барагдуулах байсан. 2018 онд автомашин худалдан авах зорилгоор мөн зээл авч бизнесийн орлогоор төлөх гэрээтэй авсан. Орон сууцны зээлэнд гэрээ ёсоор шүүхэд хандах хүртэл 105 216 370,37 төгрөг, үүнээс үндсэн зээлд 6 634 000 төгрөг төлсөн байдаг. Гэрээ цуцлах болсон үндсэн шалтгаан нь миний тооцоолол зарим зүйлсийг буруу тооцсон зүйл байгаа боловч мөн банкны зүгээс батлан даалтын сангийн буруу шийдвэр 90 хувь нөлөөлсөн. Учир нь ХХбанкнаас бизнесийн зээлд зориулан 210 000 000 төгрөг 1 хувийн хүүтэй 2018 онд авсан. 5 жилийн хугацаатай авсан зээл 2023 онд дуусах гэрээтэй. Гэтэл үл хөдлөх хөрөнгө зарсан 156 000 000 төгрөгийг банк миний данснаас авч төлүүлсэн. Энэ нь миний эргэлтийн хөрөнгө авах урьдчилсан төлбөр /үйлдвэрт шилжүүлсэн 30 хувь/-ийг суутгуулах эргэлтийн хөрөнгө гутал авах захиалгыг цуцлуулж нийлүүлэх боломжийг үгүй хийж түрээс цалинд хий төлбөр төлүүлж санхүү сулруулах нэг том хүчин зүйл болсон. Энэ зээлийг хугацаанд нь төлүүлээч гэж удаа дараа хүсэлт тавьж байсан боловч батлан даалтын сан болон банк гүнзгий судлаагүй учир энэ байдалд хүрсэн. Иймээс үндсэн төлбөрийг төлүүлэх график гарган хугацаа олгож, хүүгээс тодорхой хувиар чөлөөлөх хүсэлт гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан зээлдэгч Э.Х-, зээлдүүлэгч ХХбанк ХХК нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ЗГ/RCC161228005-3 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ/ВСС180706048-4 тоот Автомашины зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Э.Х-аас нийт 210 425 015,91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Х- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203014569 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 12/1 дүгээр байрны 610 тоот хаягт байрлах 131,3 мкв талбатай 5 өрөө орон сууц болон 2011 онд үйлдвэрлэгдсэн Ford Explorer маркийн 1FMHK8D81CGA21507 арлын дугаартай, цагаан өнгөтэй, 95-17 УНЕ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 280 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 1 280 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХбанк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийи шийдвэрээр орон сууцны зээлд зээлийн хүүгийн төлбөр 19 286 560 төгрөгөөс 9 513 384 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр зээлийн үндсэн хүүгээ төлж дууссан бөгөөд үүнээс хойш 2 дугаар сарын 2 362 136 төгрөг, 3 дугаар сард 2 393 365 төгрөг, 4 дүгээр сард 2 551 876 төгрөг, 5 дугаар сард 2 465 799 төгрөг, нийт 9 733 176 төгрөгийн хүү үүссэн байх боломжтой байхад шүүхээс үндэслэлгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗПРСС161228005-3 тоот орон сууцны зээлийн гэрээний хүүд 19 286 560 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн хүүгийн төлбөрөөс 9 513 384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХбанк ХХК нь хариуцагч Э.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210 425 015,91 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Э.Х-ыг удаа дараа дуудахад шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүхэд албадан ирүүлснээр 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан 14 хоногийн дотор буюу 2020 оны 8 сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж өгсөн, энэ тухай баримтад хариуцагч гарын үсэг зурсан байна. /хх-ийн 52-55,60/

Түүнчлэн, шүүхээс хариуцагчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, энэ тухай баримтад хариуцагч гарын үсэг зуржээ. /хх-ийн 59/

Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс албадан ирүүлсэнтэй холбоотойгоор шүүх хэргийг хуулиар тогтоосон хугацаанд буюу хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх боломжгүй болсон тул хуулиар тогтоосон хугацааг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгасан байна. / хх-ийн 56 /

 

Гэвч хариуцагч Э.Х- нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж гаргах хүртэл 2 сар 21 хоногийн хугацаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсноос өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй учир шалтгаан хэргийн баримтаар ойлгомжгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөс 30 хоног сунгасны ач холбогдол гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байна. Гэхдээ энэ зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нараас хамааралгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тодорхойгүй байдлаар үргэлжилж, хэргийн нөгөө тал буюу хариуцагчаас тайлбар, нотлох баримт, хүсэлт гаргаж өгөх, өмгөөлөгчөө сонгох зэрэг өргөн боломж нь байсаар байжээ.

Талуудаас ямар нэгэн тайлбар, хүсэлт гаралгүй байсаар шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, талуудад хэргийн материалыг танилцуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр товложээ. / хх-ийн 64-74/

Шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагт эхлэх үед хариуцагч Э.Х- өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан нь хүндэтгэх шалтгаантай гэж үзэх үндэслэл байхгүй боловч хүсэлтийг нэхэмжлэгч дэмжиж татгалзаагүй тул талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахдаа, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийхээр товлож, хариуцагчид 1 сар 18 хоногийн хугацаанд өмгөөлөгч сонгох, түүнийг хэргийн материалтай танилцуулах боломжийг олгожээ. /хх-ийн 78-79/

Хариуцагч шүүхэд тайлбараа 4 сар 21 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан, ийнхүү тайлбар гаргахдаа ямар нэгэн нотлох баримтыг заагаагүй, гаргаагүй, өмгөөлөгч сонгон аваагүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасан боловч хүсэлтэд хавсаргасан баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах боломжийг хангалттай олгожээ.

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/RCC161228005-3 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр банк Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 12/1 дүгээр байрны Б-10 тоотод байрлах 5 өрөө бүхий 131,3 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах зорилгоор, сарын 2,05 хувь, жилийн 19,80 хувийн хүүтэйгээр, 160 000 000 төгрөгийн зээлийг зээлдэгч Э.Х-т олгосон бөгөөд мөн өдрөө №ЗГ/RCC161228005-3-5 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 12/1 дүгээр байрны Б-10 тоотод байрлах 5 өрөө бүхий 13183 м.кв талбайтай орон сууцаа барьцаалжээ. /хх-ийн 12-30/

Мөн зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/ВCC180706048-4 дугаартай Автомашины зээлийн гэрээ, №Ф/ВCC180706048-4-10 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр банк 43 500 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдэгч Э.Х-т олгосон байна./хх-ийн 33-46/

Талуудын хооронд зээлийн болон барьцааны, фидуцийн гэрээнүүд байгуулагдсан үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Зээлдүүлэгч ХХбанк ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зааснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Э.Х- нь орон сууцны зээлийн гэрээ, автомашины зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч ХХбанк ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх-ийн 48-49/

 

Хариуцагч Э.Х- нь Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт зээлээс 6 633 358,95 төгрөг, хүүд 85 937 414,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14 307,74 төгрөг, нийт 82 585 081,31 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. /хх-ийн 31-32/

Автомашины зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 10 073 782,34 төгрөг, зээлийн хүү 10 067 472,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 763,38 төгрөг, нийт 20 172 018,39 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гэрээгээр тохирсон хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. /хх-ийн 47/

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Х-аас орон сууцны зээлээс төлөгдөөгүй үндсэн төлбөр 153 366 641,05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19 286 560,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 604,29 төгрөг, нийт 172 653 201,09 төгрөг, автомашины зээлээс төлөгдөөгүй үндсэн төлбөр 33 426 217,66 төгрөг, хүү 4 277 008,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 588,48 төгрөг, нийт 37 741 814,84 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан зээл, зээлийн хүүгийн тооцоололд хариуцагч тал маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан болон гэрээний холбогдох зохицуулалтыг үндэслэн хариуцагч Э.Х-аас зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 210 395 015,91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 30 000 төгрөгийг хариуцагч Э.Х-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Э.Х- нь ...шүүхийн шийдвэрээр орон сууцны зээлд зээлийн хүүгийн төлбөр 19 286 560 төгрөгөөс 9 513 384 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, хүүгийн тооцооллын талаар маргасан тайлбар гаргаж байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлж байгаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХбанк ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан зүйл болох орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин шүүхийн шийдвэрт фидуцийн гэрээний зүйл болох форд эксплорер маркийн 95-18 УНЕ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь Иргэний хуулийн 235, 175 дугаар зүйлийн зохицуулалтын агуулгад нийцсэн гэж үзэхээргүй байх боловч энэ талаар хариуцагч тайлбар, давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд шинжээчээр үнэлүүлж, өр төлбөртөө тооцож авна... гэж тайлбарласан тул талуудын зарчмын үүднээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ