Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0156

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0156

Улаанбаатар хот

Я.Б, Г.С, И.Д, Ж.Б, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын өмгөөлөгч Г.Х-ыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан давж заалдах гомдлоор, Я.Б, Г.С, Б.Т, И.Д, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга Х.У, нарийн бичгийн дарга Д.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтанд бүртгэхийг даалган, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр:

“1.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, захиргааны акт илт хууль бус болохыг тооцож,

2.Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11, 160 дугаар зүйлийн 160.2 заасныг баримтлан нэр дэвшигч Ж.Б, Я.Б, И.Д, Г.С, Б.Т нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг Цээл сумын Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан тул сумын Сонгуулийн хороо өөрийн эрхийн хүрээнд нэр бүхий 5 нэр дэвшигчийн нэрийг хасаж шийдвэрээ гаргасан байна.

Өөрөөр хэлбэл мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4-т зааснаар сумын Сонгуулийн хороо Сонгуулийн хуулийн биелэлтийг хянан шалгах, өөрийн бүрэн эрхэд хамаарах өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.15-д зааснаар дээд шатны сонгуулийн байгууллагын үүрэг, чиглэлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар зөрчил мөн эсэхийг заавал эхлээд шүүхээр тогтоолгох шаардлагагүй, “Сонгуулийн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол” гэж заасан. Шүүхээс зөрчил мөн эсэхийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сонгуулийн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь хэсэгт заасныг дурдаж захиргааны зөрчилтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой” гэж үзсэн нь учир дутагдалтай.

Учир нь, сумын Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэх хэсэгт байгаа Сонгуулийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалт нь хуулийн хатуу хориглосон заалт бөгөөд тухайн заалтыг зөрчсөн асуудлыг цагдаагийн байгууллага шалгах боломжгүй. Энэ заалтыг АН-ын нэр дэвшигчдээс ноцтой зөрчсөн болох нь тэдний тараасан сурталчилгааны материал хавтаст хэргийн материалд авагдсан бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нэгэнт Цагдаагийн байгууллага шалгах боломжгүй бол Сонгуулийн хороо хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4-т зааснаар шалгаж үзэх бүрэн эрхтэй.

Гэтэл энэ асуудалд шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж “нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтад бүртгэхийг даалгах”-ыг хүссэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй АН-ын нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийн зөвшөөрүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрээр мөн сонгуулийн дүн гаргах, хүчингүй болгохтой хамааралгүй заалтаар сонгуулийн дүнг хүчингүй болгох гэсэн байгаа нь Сонгуулийн хуулийн 162 дугаар зүйлтэй зөрчилдөж байна. Шүүх зөрчил мөн эсэх захиргааны шүүхийн шийдвэрлэлтэд хамааралгүй гэж тайлбарласан атлаа, эхлээд зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх байсан гэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан ч хуульд заасан үндэслэл болох “захиргааны зөрчил”-ийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүгч шийдвэрлэхээр уг хуулийн 117 дугаар зүйлд зохицуулжээ.

Гэтэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооноос тус сумын Дэрстэй багийн 3 дугаар тойрог буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Б, Я.Б, И.Д, Г.С, Б.Т нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.16-д заасныг зөрчсөн гэж үздэг ч энэ талаарх зөрчлийг тогтоосон тухай шүүхийн ямар ч шийтгэвэр гараагүй, өөрөөр хэлбэл тэдгээрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор заасан, иймд Сонгуулийн хорооноос маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зөвхөн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэвэрт үндэслэгдэх атал Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэр бүхий 5 нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх захиргааны зөрчлийг тогтоосон талаар шүүхийн шийтгэвэр гараагүй болох нь тогтоогджээ.

Давж заалдах гомдолд “…нэр дэвшигчдийг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байсан, үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрсөн, цагдаагийн байгууллагаас энэ талаар шалгаж тогтоох боломжгүй, энэ нь хуулиар хатуу хориглогдсон зохицуулалт…” гэсэн ч маргаан бүхий актын үндэслэл болсон Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасан “Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглох” тухай, 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах”-ыг хориглох тухай, 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглох тухай зохицуулалтыг нэр дэвшигч нар тус тус зөрчсөн эсэхийг өргөдөл, гомдлын дагуу Сонгуулийн хороо хэлэлцэж шийдвэрлэх эрхгүй болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан “өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг шийдвэрлэх” хүрээнд дээр дурдсан зөрчлийн талаар дүгнэлт хийх байдлаар нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах эрх олгогдоогүй, иймд уг хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт заасны дагуу МАН-аас ирүүлсэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, өргөдлийг буцаах ёстой байжээ.

Нэр бүхий нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Сонгуулийн хорооны 05 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг даалгах”-ыг хүссэн байх тул анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийсэн гэж буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, харин тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль байхад хэрэгт хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийн болон Сонгуулийн тухай хуулийн заалтыг шийдвэр гаргахдаа баримталсан, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр маргаан бүхий актыг хүчингүй болгосноос гадна илт хууль бус болохыг тооцож шийдвэрлэсэн байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан “…нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, мөн зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” шийдвэр нь энэхүү маргаантай хамааралгүй байхад шийдвэрийн ТОГТООХ хэсэгт удирдлага болгосон;

-маргаан бүхий актыг Сонгуулийн хороо хамтын зарчмаар хэлэлцэж гаргасан байхад Сонгуулийн хорооноос гадна Хорооны дарга болон нарийн бичгийн даргыг хариуцагчаар татсан зэрэг нь зөрчилтэй, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгааг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Цаг хугацааны хувьд Сонгуулийн хорооны 05 дугаар тогтоол гарсны дараа буюу Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийтгэвэрээр нэхэмжлэгч нарыг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.15-д заасныг зөрчсөн гэж үзэн тус бүрийг нь 4032000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас үзэхэд хэдийгээр энэхүү шийтгэвэр нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй ч тухайн нам, эвслээс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байгаа эсэхийг шүүхээс шалгаж тогтоох боломжтой болохыг илэрхийлж байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргалаас энэхүү шүүхийн шийтгэвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож зөрчлийг дахин шалгуулахаар буцаасан гэж тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 114 дүгээр зүйлийн 114.3, 117 дугаар зүйл, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ж.Б, Я.Б, И.Д, Г.С, Б.Т нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагч тус аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд даалгасугай” гэж; 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН