Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 375

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 378 дугаар магадлалтай, Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л-ын Б нь Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-г бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-гээс нийт 35.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.М-д олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Р.М- өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл иргэний журмаар шаардах эрхтэй болохыг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Р.М-, шүүгдэгч Л.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б- гаргасан гомдолдоо “...Миний бие анхан шатны шүүх хуралд оролцох үед хуулийн ямар нэгэн мэдлэг байхгүйн улмаас ойлгоогүй, мөн давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцоход шүүгч нар бас буруу ойлголт авч намайг буруу шүүсэн гэж үзэж байна. Би Мөнхнараатай нэг өдөр, нэг цагт, нэг удаа л гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт гэрээ хийгдсэн. 2017 оны 10 дугаар сард гэрээ хийгдээгүй. Давж заалдах шатны шүүх хурал дээр үүнийг 2017 оны 10 дугаар сард хийсэн гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаар үлдэгдэл 15 сая төгрөг төлөхөөр тохирч хууран мэхэлсэн гэж намайг илтэд гүтгэн буруутгасан гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, гэрээг нягталж үзээгүй нь харагдаж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Гэхдээ би гэм буруугийн талаар маргахгүй. Одоо ямар нэгэн хохирогч байхгүй, төлбөр тооцоогүйг өөрсдөө нотариатаар баталж өгсөн. Миний эхнэр Ю.О- тархиндаа цус харваж хөдөлмөрийн чадваргүй тул миний бие эхнэр болон насанд хүрээгүй хүүхдүүдээ асран халамжилдаг байсан. Мөн төрсөн эцэг, эх маань эмнэлгийн хяналтад хэвтэрт байдаг бөгөөд тэднийг надаас өөр харж хандах хүн байхгүй. Миний бие хэдийгээр хорих байгууллагын эмнэлгийн хяналтад байгаа боловч байнга зүрх өвдөж, даралт ихсэж, 2 хөлийн өвдгөнд яс ургасан, зөөлөн эдийн гэмтэлтэй... Мөн сахар ихдэж өдөр бүр бие муудаж байгаа. Миний бие төлбөр тооцоогүй бөгөөд хуулийн мэдлэггүйн улмаас хийсэн үйлдэлдээ хангалттай хариуцлага хүлээсэн тул ар гэр, эрүүл мэнд, хувийн байдлыг минь харгалзан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс Л.Б-д оногдуулсан 1 жил 5 сар хорих ялыг хэвээр үлдээсэн магадлалыг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчиж хэргийн бодит байдлыг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна.

1. Л.Б-д холбогдох хэрэг нь иргэд хоорондын маргаан байхад шууд эрүүгийн журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Иргэний хуулийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь иргэний эрх зүйн харилцааг харуулж байхаас гадна гэрээнд дурдсанаар 100 хувь төлбөрөө төлж дууссан үед байрны өмчлөх эрх Р.М-гийн нэр дээр шилжихээр харилцан тохиролцсон байсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан тул иргэн Р.М- нь төлбөрөө бүрэн төлөөгүй, шаардах эрх үүсээгүй байсан нь 2 талын мэдүүлэгт тодорхой байдаг.

... Р.М- өөрийн байрандаа амьдарч байсан, Б.Б-д төлбөрөө бүрэн төлж барагдуулснаар байрныхаа өмчлөгч болсон байдлаас үзэхэд Р.М- юугаар хохирч хохирогчоор тогтоогдсон нь ойлгомжгүй байна. Харин хохирогч Р.М- байрны төлбөрөө бүрэн төлсөн үед байрны эрх шилжээгүй бол эрүүгийн хэрэг гэж үзэх боломжтой байсан.

2. “Ш О” ХХК--ийн захирал Л.Б- 2015 оны 12 дугаар сарын 29-нд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд зааснаар Р.М-гийн нэр дээр шилжүүлсэн 43 тоот биш 42 тоот байрыг худалдсан байдаг. Гэтэл 43 тоот байрыг гэрээгээр халхавчилж залилсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн мөртлөө 42 тоот байрны талаар хавтаст хэрэгт үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн эрх бүхий байгууллагаас ямар нэгэн мэдээлэл авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, ямар учраас залилсныг тогтоох оролдлого огт хийгдээгүй тул хэргийг буцааж мөрдөн байцаалтаар тодорхой болгох шаардлагатай. Мөн шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрээгээр халхавчлан залилах гэсэн үг байхгүй тул давж заалдах шатны шүүх хуульд байхгүй зүйл гаргаж хуулийг буруу хэрэглэснийг нотолж байна.

3. Хэрвээ Л.Б-гийн энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэзээ энэ гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн бэ гэдэг асуудал гарна. Анх гэрээ байгуулахад Л.Б- залилан мэхлэх санаа зорилготой байсан бол гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байх, эсхүл тухайн байрны гэрчилгээ Б.Б-гийн нэр дээр шилжсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төгссөн гэж үзвэл аль ч тохиолдолд шүүгдэгч Л.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргах байтал анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар авч хэлэлцээгүй нь яллагдагчид ашигтай байдлаар шийдэх заалтыг бас зөрчсөн байна.

4. Л.Б- нь “Ш О” ХХК--ийн захирлын хувьд хуулийн этгээдийн өмнөөс гэрээ байгуулсан байхад иргэн Л.Б-д ял оноож байгаа нь учир дутагдалтай. ... Хуулийн этгээдийн эрх ашгийн төлөө залилан мэхэлсэн юм шиг харагдаж байгаа тул хуулийн этгээдэд хариуцлага тооцох ёстой бөгөөд иргэн Л.Б-д хариуцлага тооцох боломжгүй тул хууль зүйн дүгнэлт гаргаж өгнө үү.

5. “Ш О” ХХК--ийн захирал Л.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд Р.М- нь уг гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй үед нь нэмэлт гэрээг 2017 оны 10 дугаар сард байгуулсан гэж үзсэн. Энэ гэрээ он, сар, өдөргүй бөгөөд 2017 оны 10 дугаар сард төлбөрөө бүрэн төлөхийг шаардсан хэлцэл байсан. Хохирогч Р.М- нь гэрээнд заасан үүргээ тухай бүр биелүүлээд явсан бол энэ асуудал үүсэхгүй байсан нь хэргийн материалаас тодорхой харагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байхгүй байхад ял оноож байгаа нь хуулийг буруу хэрэглэснийг баталж байх тул дээрх үндэслэлүүдийг хянан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсхүл Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Л.Б- нь мэдсээр байж иргэн Р.М-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан тодорхой мөнгө авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. Прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн хохирол төлөөгүй байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч С.Тунбаярын гаргасан гомдлыг үндэслэн Л.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Р.М-тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 43 тоотод байх 48,27 мкв орон сууцыг 65,164,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40,100,000 төгрөг авсан боловч уг байрыг Б.Б-д 60,000,000 төгрөгөөр зарсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б- нь хохирогч Р.М-д орон сууц зарах, Р.М- уг орон сууцыг худалдан авах зорилгоор тохиролцон гэрээ байгуулж, 40,100,000 төгрөгийг авч, үлдэгдэл мөнгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон атлаа Р.М-д мэдэгдэлгүйгээр уг орон сууцыг Б.Б-д зарж, нэр дээр нь шилжүүлсэн үйл баримт нь “Залилах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авахын тулд хуурч мэхлэх арга хэрэглэсэн гэсэн дүгнэлт хийхэд хангалттай үндэслэл болох бөгөөд энэ талаар шүүхүүдээс хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн хохирогч Р.М- нь компаний захирал Л.Б-тэй уг орон сууцны тохиролцоог хийсэн бөгөөд уг тохиролцоог хуурч мэхлэх аргаар зөрчиж, улмаар 40,100,000 төгрөгийг авсан хүн нь хуулийн этгээд бус Л.Б- тул хувь хүнийг эрүүгийн хариуцлагад татсан нь үндэслэлтэй болсон байх ба дээрх дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч Л.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, энэ гэмт хэргийн бодит хохирол арилсан байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр, оногдуулсан хорих ялыг 10,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б-гийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 206 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 10,000,000 төгрөгөөр торгох ялаас 3,090,000 төгрөгийг хасч, үлдэх торгох ялыг эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 378 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж өөрчилж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-гийн цагдан хоригдсон 206 хоногийн 1 хоног тутмыг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 3,090,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч биелэгдвэл зохих торгох ялын хэмжээг 6,910,000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР 

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН