Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0133

 

2017 оны 02 сарын 10 өдөр                         Дугаар 221/МА2017/0133                Улаанбаатар хот

 

У Д Б Э Т-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч У Д Б Э Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Л.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1043 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч У Д Б Э Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор У Д Б Э Т-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч У Д Б Э Т-ын захирал Ч.М 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлах үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахыг даалгах, У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгын өмчлөгчөөр “М Т” ХХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 00000000 дугаар гэрчилгээ олгосон бүртгэлийн албаны үйлдэл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 11 дүгээр зүйлийн 8, 31 дүгээр зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан У Д Б Э Т-ын “Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буюу Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлахыг даалгах, У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгын өмчлөгчөөр “М Т” ХХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 000000 дугаар гэрчилгээ олгосон бүртгэлийн албаны үйлдэл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч У Д Б Э Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тодорхойлон шийдвэрлэсэн.

Шүүх манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн байна.

Гэтэл манайх шүүхэд “Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлах үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн байхад нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөр байдлаар тодорхойлж шийдвэрлэжээ .

Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн өмчид өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа атлаа хууль бусаар “М Т” ХХК-ийн өмчлөлд давхардан бүртгэгдсэн манай театрын дэд станц, цайны газрын барилгыг Төрийн өмчийн хорооноос актласан шийдвэр хүчин төгөлдөр байхад уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу явагдаагүй, өнөөдрийг хүртэл энэ байдал үргэлжилсээр байгаад хууль зүйн дүгнэлт хийлгэж, тухайн асуудалд төрийн байгууллагын буруутай үйлдэл байгааг тогтоож, хувийн хэвшлийн компани төрийн өмчийг хууль бус арга замаар, үнэ төлбөргүйгээр өмчлөлдөө авч өмчлөх ёсгүй болохыг тогтоолгохыг шүүхээс хүссэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн өмчийн хорооны 2002 оны төрийн мэдлийн өмчийг акталсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэгэнт актлагдсан хөрөнгийг дахин актлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй, ийм шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөр байдлаар өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр зөвхөн “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж заасныг үндэслэн төрийн мэдлийн өмчийг У Д Б Э Т нь тухайн үед худалдан борлуулах замаар хувийн хэвшлийн компанид шилжүүлсэн нь хууль ёсны гэж” дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын актлах шийдвэрээр маргаан бүхий 2 барилга нь актлагдсан учир тухайн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, устгал хийж, барилгын хийцийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэ тогтоон худалдах байтал цаашид уг барилгыг ашиглах зориулалтаар худалдах үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг хэрхэн худалдах”-ыг зохицуулсан байх ба 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон байхад шүүх энэ хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж чадсангүй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам”-ын заалтууд нь төрийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, үндсэн хөрөнгийг акталж устгах тухай асуудлыг маш тодорхой зохицуулж өгсөн байсан.

Уг журмын Тав дахь заалтад “Үндсэн хөрөнгийг акталж устгах” талаар тодорхойлж өгөхдөө “Үндсэн хөрөнгийг акталж сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах шийдвэр гарсан бол төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөл энэ тухай акт үйлдэн эд ангийг тоо ширхэгээр нь гаргаж, өөрийн орлогод аван данс бүртгэлд тусгана” гэж заасан байна.

Журмаар актлах үйл ажиллагааг ийнхүү тодорхойлж өгсний дагуу уг барилгуудыг буулгаж нураах үйлдлийг хийх ёстой байхад барилгын зориулалтаар бусдад худалдах нэрээр шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус журмын гуравдугаар хэсгийн 10-т “Үндсэн хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу гагцхүү дуудлагаар худалдана” гэж заасан байх тул төрийн өмчийг ганцхан хуулинд заасан арга болох дуудлага худалдаа явуулах замаар бусдад худалдаж болохоор зохицуулсныг зөрчсөн байгааг анхаарах ёстой байсан.

Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад хуулийн этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байх тул У Д Б Э Т нь актлах шийдвэртэй төрийн өмчийг хувийн компанид шилжүүлэх эрх мэдэлгүй байна.

Төрийн өмчийн хороо нь үндсэн хөрөнгийг данснаас актлан хасах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг хэрэгжүүлэх, хянах үүргийг тухайн үед Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газар зохих ёсоор биелүүлж хэрэгжүүлэх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй нь хууль бус байгаа болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлд Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтын талаар зохицуулсан ба 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Гэтэл хариуцагч байгууллага бүртгэлээр хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус үйлдлээс болж төрийн өмчийг хууль бусаар дуудлага худалдаагүйгээр, үнэ төлбөргүйгээр “М Т” ХХК завшиж, төрийн өмчийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бусдын хууль бус өмчлөлд шилжсэн энэ хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө, үнэт цаас, мөнгөн хөрөнгийн тооллогыг дотоодын тооллого, улсын тооллого гэж хоёр хуваана” гэж заасныг үндэслэн хариуцагч байгууллагын тооллогоор маргаан бүхий 2 объектыг маргаантай хөрөнгийн жагсаалтанд оруулсан байх тул театрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэж үзэх үндэслэлгүй мэтээр дүгнэсэн нь буруу болсон гэж үзэж байна.

Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг жил бүр манай театр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хийж ирсэн ба энэ гэрээгээр маргаан бүхий 2 объект нь төрийн өмч болох нь тогтоогдож байгаа.

Төрийн мэдлийн өмчийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр “М Т” ХХК өмчлөх эрхгүй, эрх бүхий төрийн байгууллагын төрийн өмчөө акталсан шийдвэр хүчин төгөлдөр байхад актлагдсан, буулгах ёстой барилгуудыг тус компани өмчлөлдөө авч, уг барилгын доорхи төрийн мэдлийн газрыг эзэмших эрх үүсэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлах үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.

3.Гуравдагч этгээд “М Т” ХХК нь төрийн өмчинд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгын өмчлөгчөөр тус компанийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 000000дугаар гэрчилгээ олгосон бүртгэлийн албаны үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, “М Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 000000дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг “М Т” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгтээ хавсаргасан байх ёстой байхад гуравдагч этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан баримтын бүрдүүлбэр бүрэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар Төрийн өмчийн хорооны барилга актлах тухай шийдвэрийг мэдүүлгэнд хавсаргасан байхад төрөөс акталсан барилга дээр хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх ёсгүй болохыг мэдсээр байж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон үйлдэл нь илтэд хууль бус болсон байх ба мөн хуульд заасанчлан уг этгээд өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримтыг мэдүүлгэндээ хавсаргаагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх үндэслэлгүй байсан.

“М Т” ХХК-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар манай театрт урлаг соёлын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн 5934 м.кв газарт орж байгаа ба тус газрыг манай театр гэрээний дагуу эзэмшиж, уг газрын төлбөрийг төлж байгаа учраас “М Т” ХХК нь бусдын газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндэслэлгүй. “М Т” ХХК-ийн газар эзэмших эрх нь 2007 онд дуусгавар болсон.

У Д Б Э Т-ын барилга анх 1951 онд ашиглалтанд орсон ба театрын 4 давхар барилга, дэд станцын барилга 2 ширхэг агуулах, гадна талын хашаа зэрэг 5 нэрийн байгууламжийг иж бүрдэл болгон 8693,3 мянган төгрөгөөр балансын анхны үнээр бүртгэлд тусгасан байсан.

Иж бүрдэл эдгээр барилга байгууламж нь өнөөдрийг хүртэл иж бүрнээр төрийн өмчийн бүртгэлд тусгагдаж ирсэн ба 1995 оны Сангийн сайд, Үндэсний хөгжлийн газрын хамтарсан тушаалаар батлагдсан “Үндсэн хөрөнгө дахин үнэлэх журам”-ын дагуу 2013 оны үнэлгээгээр балансад 2,018,677,600 төгрөгний үнийн дүнгээр тусгагдсан.

Улмаар манай театр нь жил бүр Төрийн өмчийн хороо болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, тус гэрээний хавсралтанд маргаан бүхий барилга байгууламж нь төрийн өмчийн бүртгэлтэй хөрөнгөөр тусгагдсан ба энэ бүртгэл одоо хүчин төгөлдөр байгаа.

Иймд У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгын өмчлөгчөөр “М Т” ХХК-г бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 000000дугаар гэрчилгээ олгосон бүртгэлийн албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, “М Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар, өмчлөх эрхийн 000000дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсч байна.

Иймд гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1.Сонгодог урлагийн академик театрын тухайн үеийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Э-аас Төрийн өмчийн хороонд гаргасан 2002 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Байр актлуулах тухай” 20 дугаар албан бичгийг агуулгаас үзэхэд “...складын зориулалттай байр нь олон жилийн туршид нар салхи зэрэг байгалийн хүчин зүйлд элэгдэн чанар нь муудаж, засвар үйлчилгээ хийсэн боловч дахин ашиглагдах боломжгүй болсон, хана таазанд ихээхэд хэмжээний цууралт үүсч, шал хана зэрэг нь хөрсний чийгэнд идэгдэн ялзарч, моралын элэгдэлд орсон тул тус байрыг актлуулах зөвшөөрөл хүссэн, улмаар Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоолоор театрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй агуулахын зориулалттай хуучин хоёр барилгыг актлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг зөвшөөрч, энэ ажлыг байгууллагынхаа Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор зохион байгуулахыг Сонгодог урлагийн академик театрт даалгажээ.

Дээрхээс гадна Сонгодог урлагийн академик театрын ерөнхий захирлын 2002 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 62 дугаар тушаалаар томилогдсон техникийн комиссын 1  тоот актаар “агуулах, цахилгааны дэд станцын зориулалт бүхий 2 жижиг байшингийн эдэлгээ муудаж, дороос нь их хэмжээний ус гарч ямар ч ашиглалгүй болсон, энэ 2 байшинг 1990 оны сүүлчээр ашиглах гэж театрын захиргаа олон янзаар оролдсон ч тодорхой үр дүнд хүрэлгүй хагарч эвдэрч, нуралтын байдалд орсон байх тул цаашид ашиглах боломжгүй” гэж үзсэн, мөн театрын ерөнхий захирал Г.Э-ын “М Т” ХХК-тай байгуулсан 03 тоот гэрээгээр уг 2 байрыг 2000-2002 онд түрээсээр эзэмшиж байхдаа оруулсан гэх хөрөнгө оруулалтыг 25 сая төгрөгөөр тооцож, нийт 5 сая төгрөгөөр тус компанид худалдан борлуулж, мөн хамгаалалтын хашаа зурвасын дагуу 0.5 га газрын хамт хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн зэргээс үзэхэд Сонгодог урлагийн академик театрын тухайн үеийн удирдлага актлагдсан байшинг худалдаж, зохих газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Гэвч Улсын Их Хурлын 1996 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтын “Тав”-ын 10-т Сонгодог урлагийн академик театрын барилга, байгууламж, түүний эд хөрөнгө бүхэлдээ хамрагдсаныг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөн “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын шийдвэрээр, ...гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасныг тус тус зөрчиж төрийн өмчийн бүртгэлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг “актлах” нэрийн дор гуравдагч этгээд “М Т” ХХК-д худалдсан нь хууль бус болжээ.

Түүнчлэн ашиглах ямар ч боломжгүй, актлахаас өөр аргагүй болсон гэх 2 байшин нь ийнхүү бусдад худалдсанаас хойш 4 сар орчмын дараа буюу 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар “М Т” ХХК-ийн хийсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар 44,7 сая төгрөгөөр үнэлэгдэж, мөн нийслэлийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаар захирамжаар “М Т” ХХК-д 240 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдэж, тус компанид өмчлөх эрхийн 000000тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон зэрэг эдгээр бодит нөхцөл байдал нь Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоолын агуулгатай нийцээгүй байна.

Хэдийгээр Төрийн өмчийн хорооны 2008 оны 364 дүгээр тогтоолоор хүчингүй болсон ч тус хорооны 2005 оны 4 дүгээр 21-ний өдрийн 172 дугаар тогтоолыг гаргах үеийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлд “...У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй цайны газар, цахилгааны дэд станцын барилгад мэргэжлийн байгууллагын болон Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваагүй, барилгын хийц, зориулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл зэргийг тодруулалгүйгээр агуулахын барилга нэрээр бусдад худалдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалт, Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам”-ын 2 дугаар зүйлийн 4, 6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэснээс гадна дээрх тогтоолоор 2005 оны 172 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор одоогийн нэхэмжлэгчийн хэрэгжилтийг нь хангуулахыг хүсч буй 2002 оны 342 дугаар тогтоолын үйлчлэл сэргэх үр дагаврыг бий болгожээ. 

Иймд тухайн үеийн Төрийн өмчийн хороо, одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг данснаас хасах, захиалгыг хянаж батлах, шинээр шийдвэр гаргах”, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн өмчийн эд хөрөнгийн ...захиран зарцуултад тавих төрийн хяналт шалгалт нь ...төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалтаас, ...-аас бүрдэнэ”, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...өмчийн захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр ... хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэсний дагуу хүчин төгөлдөр 2002 оны 342 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ёстой.

Өөрөөр хэлбэл тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрын удирдлагаас Төрийн өмчийн хорооноос “актлах” тогтоол гаргуулах байдлаар төрийн өмч болон төрийн өмчийн газрыг бусдад худалдан борлуулсныг мэдсээр атлаа гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах үүргээ биелүүлээгүй, энэ нь ч 2008 оны 364 дүгээр тогтоолыг гаргах үеийн танилцуулгад тэмдэглэгдсэнээр тогтоогдох тул хариуцагчийг 2002 оны 342 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Мөн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар нэхэмжлэгч У Д Б Э Т-т 5934 м2 газрыг урлаг, соёлын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, нэгж талбарын 18643311509173 дугаар бүхий газрын байршлын кадастрын зурагт одоогийн “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, гэхдээ театрын маргаантай үндсэн хөрөнгөд 2008 оноос хойш мөн бүртгэлтэй байгаа актлагдсан 2 байшингийн суурийн газар бүхэлдээ хамаарч байгаа, бодит байдалд ч театрын хашаа анхны байршлаараа байгаа зэргээс үзэхэд тус компанийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болгосноор олон жилийн турш хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрынхаа тодорхой хэсгийг эзэмших боломжгүй, цаашлаад театрын хэвийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж болох нөхцөл байдалд хүргэсэн байхад гаргасан тогтоолын хэрэгжилтдээ хяналт тавиагүй хариуцагчийг зөвтгөх боломжгүй.

Анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж заасныг үндэслэн Сонгодог урлагийн академик театрын удирдлагаас төрийн мэдлийн өмчийг тухайн үед худалдан борлуулах замаар гуравдагч этгээд “М Т” ХХК-д шилжүүлснийг хууль ёсны гэж дүгнэсэн нь буруу, өөрөөр хэлбэл уг хуулийн 31 дүгээр зүйлд бүхэлдээ ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах харилцааг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн З/-т “засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах” гэж тус тус зааснаас үзэхэд худалдах, шилжүүлэх бус харин актлах буюу устгах шийдвэртэй төрийн өмчийг дээрх байдлаар бусдад худалдсан ажиллагаанд хяналт тавиагүй хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болно.

Гэхдээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Л.И нар Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол нь дээрх байдлаар хэрэгжих үр дагаварт хүргэх ёсгүй байсныг, дан ганц бүртгэлээр бус хуульд заасан эрхээ хэрэгжүүлж актлах шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих ёстой байсан ч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй болохыг тус тус хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.

2.Улсын Их Хурлаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан байх тул 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь энэ хуулиар бус харин 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн дагуу олгогдсон байна.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно” гэж заасан, иймд бүртгэлийн байгууллагаас энэ дагуу тухайн үед мэдүүлэгт хавсаргасан Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоолын агуулгыг нарийвчлан шалгах боломжтой байжээ. 

Өөрөөр хэлбэл хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэлбэрийн хувьд байхгүй байсан байж болох ч дээрх байдлаар Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоолыг буруу хэрэгжүүлсэн болох нь тогтоогдох тул нэхэмжлэгч У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, тус театрын эзэмшил газарт байрлах, Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоолоор актлагдаж устгагдах ёстой 2 ширхэг барилгыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэж, гуравдагч этгээд “М Т” ХХК-д 000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй, энэхүү бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийг хууль ёсоор эзэмшиж буй газраа цаашид эзэмших боломжгүй болгох нөхцөл байдалд хүргэжээ.

Мөн энэхүү бүртгэл, гэрчилгээ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн, зөв байх” зарчимд нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1043 дугаар шийдвэрийг хүчингүй болгон У Д Б Э Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 29 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн 3/, 66 дугаар зүйлийн 1, 3, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль /1997 он/-ийн 10 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасныг баримтлан Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, “М Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлах үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахыг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, У Д Б Э Т-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэсэн бүртгэл болон “М Т” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 000000 дугаар гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН