Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 178

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хажид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний  өдрийн 1043 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0133 дугаар магадлалтай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 11 дүгээр зүйлийн 8, 31 дүгээр зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын “Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буюу Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, энэ шийдвэрээ хэрэгжүүлж “Модерн тур” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлахыг даалгах, Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгын өмчлөгчөөр “Модерн тур” ХХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009632 дугаартай, өмчлөх эрхийн 0066118 тоот гэрчилгээ олгосон бүртгэлийн албаны үйлдэл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0133 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1043 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 29 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн 3/, 66 дугаар зүйлийн 1, 3, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль /1997 он/-ийн 10 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасныг баримтлан Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга актлах тухай” 342 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, “Модерн тур” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлах үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулахыг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009632 дугаарт бүртгэсэн бүртгэл болон “Модерн тур” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 0066118 дугаар гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хажид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын давж заалдах гомдлыг хангасан байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Маргаан бүхий барилгын тухайд. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2203009632 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээтэй, “Модерн тур” ХХК-ийн өмчлөл дэх барилга нь анх “Сонгодог урлагийн Академик театр” /Дуурь бүжгийн эрдмийн театр/-ын эзэмшилд байсан хийгээд уг барилгыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж барилгыг 2002 онд актлах ёстой нь бодитой бөгөөд акталсан шийдвэрт талууд маргаагүй ба шүүх энэхүү үйл баримтыг үнэн бодитой, хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосон. Улмаар актлагдсаны дараа “Модерн тур” ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн өмч байсан маргаан бүхий барилга нь Дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшилд байх хугацаандаа тухайн байгууллагын хүсэлтээр актлагдсан бөгөөд одоо уг барилгын эзэмшигч байсан Дуурь бүжгийн эрдмийн театр барилгын өмчлөлтэй холбогдуулан маргах, өмчлөх эрх шилжсэнийг үгүйсгэх боломжгүй хийгээд эрхгүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хамааралгүй жагсаалт буюу Улсын Их Хурлын 1996 оны 64 дүгээр тогтоол болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэж байгаа нь буруу юм. Маргаан бүхий барилга нь Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн зорилго, чиглэлд хамаарахгүй агуулахын байр байх бөгөөд тухайн барилгыг актлагдахаас өмнө ч ашигладаггүй байсан ба харин “Модерн тур” ХХК-д түрээсээр эзэмшиж, ашиглаж байсан зэрэг хэргийн бодит үйл баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж нарийвчилсан хуулийн зохицуулалтад нийцэж байгаа болно.

Барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Маргаж буй барилгын өмчлөх эрх төрийн өмчлөлөөс “Модерн тур” ХХК-д шилжсэн үндэслэл нь “Сонгодог урлагийн академик театр” болон “Модерн тур” ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах 03 тоот гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хэлцэлийн үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон болно. Хэлцэлийн үнэн зөвийн баталгаа, түүнээс үүсэх үр дагаврыг гэрээний талууд өөрсдөө хариуцах нь зүйд нийцэх ба энэхүү зарчим нь одоо үйлчилж буй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд “Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна” гэж тусгалаа олсон байдаг нь улсын бүртгэлийн байгууллага аливаа иргэн, хуулийн этгээдийн хоорондох гэрээ, хэлцэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгах чиг үүрэггүй байдагт оршино. Энэ талаар анхан шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байна” гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч болон давж заалдах шатны шүүх “Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан барилгыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй” гэх тайлбар, дүгнэлтийг хийх боловч тухайн нэхэмжлэгч байгууллага нь өөрөө холбогдох хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэлээ хөтлөөгүйн төлөө “манай өмч” гэж маргах нь илт хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, маргаан бүхий цаг хугацаанд үйлчилж байсан Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”-ын 6.9-д Үндсэн хөрөнгийн бүртгэлтэй холбогдох хэсгийн Г-д “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах тухай хэсэгт “Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, акталж устгах үед түүний өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн данс хаагдсан байна” гэж заасны дагуу хасалт хийлгүй бүртгэлийг буруу хөтөлж байсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “нягтлан бодох бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна. Улмаар энэхүү хуульд нийцэхгүй буруутай үйл ажиллагаанд нь улсын бүртгэлийн байгууллага болон гуравдагч этгээд, түүнчлэн өөр бусад ямар ч этгээд хариуцлага хүлээх ёсгүй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий акт болох Төрийн өмчийн хорооны 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоолоор Сонгодог урлагийн академик театрын хүсэлтийг үндэслэн ашиглалтын хугацаа дууссан, цаашид засварлан ашиглах боломжгүй болсон агуулахын хуучин хоёр барилгыг акталж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэжээ.

Энэхүү хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад баримтлах журмыг уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зохицуулсан байх бөгөөд түүний 3/-т нь “засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах” гэснээс үзвэл “актлах” гэдгийг бусдад “худалдах” бус харин “устгах” гэж ойлгохоор байна.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болохоор зохицуулжээ.

Иймээс Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоолын зорилго нь ашиглах боломжгүй болсон хоёр барилгыг устгаж, нэхэмжлэгчийн данснаас хасахад чиглэгдсэнээс бус хувийн өмчийн байгууллагад /гуравдагч этгээдэд/ үндсэн зориулалтаар нь худалдахад чиглэгдээгүй байна.   

Гэтэл Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тухайн үеийн удирдлага холбогдох хууль, журам болон Хорооны шийдвэрийг зөрчин гуравдагч этгээд болох “Модерн тур” ХХК-тай актлагдсан хөрөнгийг шилжүүлэхээр Худалдах, худалдан авах 03 тоот гэрээг байгуулжээ.

Иймээс “... цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон барилгыг актлагдсаны дараа “Модерн тур” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа” гэх утгатай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах тухай Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол байсаар байтал хариуцагч бүртгэлийн байгууллага нь түүнийг шалгаж нягтлалгүйгээр барилгыг 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2203009632 дугаарт бүртгэж, гуравдагч этгээдэд 0066118 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд холбогдох хууль, журам, Төрийн өмчийн хорооны шийдвэрийг зөрчин байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр, түүнчлэн “хэлцэлийн үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон; xэлцэлийн үнэн зөвийн баталгаа, түүнээс үүсэх үр дагаврыг гэрээний талууд өөрсдөө хариуцах; улсын бүртгэлийн байгууллага аливаа иргэн, хуулийн этгээдийн хоорондох гэрээ, хэлцэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгах чиг үүрэггүй” гэх гомдлын үндэслэлээр улсын бүртгэлийг зөвтгөх боломжгүй юм. Тодруулбал, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь тухайн тохиолдолд өмчлөх эрхийг бүртгэхдээ гэрээний үнэн зөвийг бус, харин Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу актлагдсан хөрөнгө төрийн өмчийн бүртгэлээс хасагдсан эсэх, эрхийн зөрчилгүй эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байсан.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0133 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ