Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00567

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00567

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 139/ШШ2021/00029 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Я ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 680 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тэгш байдлыг хангаагүй гэрээгээр сүүлийн 3 жилд борлуулсан барааны урамшуулал болох 6 454 470 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК, Я ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний дагуу АПУ Трейдинг ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, борлуулахаар хамтран ажиллаж ирсэн. Я ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлээр 11 120 180 төгрөгийн үнэ бүхий барааг аваад барааны үнийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны дотор төлөхөөр худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барааны үнийг манай компанид төлөөгүй. Иймээс барааны үнэ 11 120 180 төгрөг, Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний 5.2-т заасны дагуу алданги 5 560 090 төгрөг, нийт 16 680 270 төгрөгийг Я ХХК-аас гаргуулж өгнө үү. Бид 2019 оны 2 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Я ХХК нь гэрээний алданги төлж чадахгүй гэсэн учраас тохиролцоонд хүрэлгүй шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Т ХХК, Я ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд борлуулалтын урамшуулал олгох талаар огт тусгагдаагүй. АПУ трейдинг ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу манайх АПУ трейдинг ХХК-аас авсан барааны нэмэгдсэн өртгийн албан татварын баримт АПУ Трейдинг ХХК шивдэг. Уг зээлээр худалдах-худалдан авах гэрээнд зааснаар сар болгон төлөлт хийх хугацаатай байдаг. Уг төлөлтийг хийгээгүй бол төлөлт хийх ёстой этгээдийн өмнөөс нь Т ХХК барааны үнийг төлөх үүрэгтэйгээр байгуулагдсан гэрээ юм. Я ХХК нь манай компани хоёрын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлээр авсан барааны үнийг худалдан авагч тал 2018 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөх ёстой байсан боловч төлөлтөө хийгээгүй учраас Т ХХК нь АПУ Трейдинг ХХК-д төлөх ёстой мөнгийг Я ХХК-ийн өмнөөс нь төлсөн. Бараа хүлээлгэж өгсөн падаан АПУ Трейдинг ХХК-ийн падаан учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг АПУ трейдинг ХХК-аас авдаг. Т ХХК-ийг хариуцагч тал гэрээнд заасны дагуу АПУ Трейдинг ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж тайлбарлаж байна. Манай компани барааны үнийг АПУ Трейдинг ХХК-тай байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр Я ХХК-ийн төлөх ёстой барааны үнийн тооцоог нь төлсөн учраас манай компани барааныхаа үнийг Я ХХК-аас нэхэмжилж байна. АПУ трейдинг ХХК-ийн барааг манай компани бусдад дамжуулан борлуулдаг. Манай компанийн худалдааны төлөөлөгч авсан барааг нь шивэхээр тэр нь шууд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт руу ордог. Тэр нь төлбөр хийгдсэн, хийгдээгүй эсэх асуудалтай хамааралгүй. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд тухайн сардаа бараа хэдэн удаа хүлээж авсан нь хамаагүй, дандаа сарын сүүлээр баримт шивэгддэг. Хариуцагч тал борлуулалт хийсэн тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивэгдсэн, атлаа төлсөн баримтаа гаргаж төлсөн гэдгээ нотолж чаддаггүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг өмнө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсний дараа шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрт тусгасан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Бусад зүйлийг буруу гэж дүгнээгүй. АПУ трейдинг ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан албан ёсны гэрээнд АПУ трейдинг ХХК-ийг Т ХХК төлөөлөхөөр заагдаагүй, албан ёсоор итгэмжлэл олгоогүй. Т ХХК-аас падаан ирүүлээгүй. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн падаан нь АПУ трейдинг ХХК-аас ирүүлсэн падаан байдаг. АПУ трейдинг ХХК-ийн падаанаар уг барааг өгсөн байдаг. Энэ ажиллагаанд Т ХХК нь зуучлагч маягаар оролцсон байдаг. 10 гаруй сая төгрөгийн бараа аваад 9 374 180 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн падааныг албан ёсоор шивж өгсөн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр татварын албанаас боломжгүй байна гэсэн бичиг өгсөн учраас өөрсдөө нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд албан ёсоор баталгаажуулж, Татварын албаар гарын үсэг зуруулж авсан. Ингэхэд татварын албанаас бичгээ өөрчлөөд АПУ трейдинг ХХК нь 9 374 180 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивэгдсэн байна гээд албан ёсны баримтыг шүүхэд өгсөн байдаг. Шүүхэд ирүүлсэн бичиг, татварын албанаас ирүүлсэн бичиг нь хоёр өөр байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг манай талаас албан ёсоор баталгаажуулсан, дараа нь тухайн бичгийг хийж ирүүлсэн. Манай талаас нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг албан ёсоор баталгаажуулж ирүүлээгүй байсан бол уг баримт шүүхэд ирэхгүй байсан. Манай хүүхэд 2002 оноос хойш Т ХХК-тай харилцаж архи, ундаа худалддаг байснаа болиод ЖӨБҮҮНЭЭ ХХК-аас АПУ трейдинг ХХК-ийн барааг худалдаж авдаг болсон. Одоо уг компани 3 хувийн урамшуулал олгодог. Т ХХК-тэй 2002 оноос хойш хамтарч ажиллаад нэг ч төгрөгийн урамшуулал авч үзээгүй. Энэ талаар танай компани манайхаас худалдаж авсан бараа, бүтээгдэхүүний үнийг нэмж дахин худалддаг гэж тайлбарладаг. Их мөнгө нэмсэн мэт ойлгуулж байгаа. Т ХХК 15 000 гэвэл 600 төгрөгийн урамшуулал авахаар АПУ Трейдинг, Т ХХК нарын гэрээнд дурдсан байгаа. Тооцоогоор 9 000 000 төгрөгийн барааны мөнгийг Ялуумбилэгт ХХК-ийг төлөөлөөд Б.Д төлсөн гэж ярьдаг. Б.Д Я ХХК-ийн өмнөөс мөнгийг нь төлсөн бол 11 000 000 төгрөгийн барааны мөнгийг яагаад төлдөггүй юм бэ, заавал 9 374 000 төгрөг төлдөг нь ямар учиртай юм бэ, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг барааны төлбөрийг төлөгдсөн тохиолдолд шивдэг. Я ХХК нь мөнгө өгөөгүй, Т ХХК нь АПУ трейдинг ХХК-аас бараа авсан юм бол авсан барааныхаа нэмэгдсэн өртгийн албан татварын Я ХХК дээр биш өөр дээрээ гаргаад тооцоо хийсэн бол ийм асуудал өнөөдөр гарахгүй байсан. АПУ трейдинг ХХК-ийн барааг олон удаа буюу 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 17-ны өдөр, 20-ны өдөр, 23-ны өдөр, 31-ний өдөр тус тус авсан бөгөөд дандаа И-баримт нь шивэгдээд ирсэн. Эдгээр нь санхүүгийн тайланд тусгагдаад явсан. Шүүхэд хүсэлт гаргаад уг хүсэлтийн дагуу татварын албанаас 2 зөрүүтэй бичиг ирсэн. Т ХХК нь Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг үйл ажиллагааны дагуу АПУ трейдинг ХХК-аас бараа аваад Дундговь аймагт борлуулалт хийдэг байхад уг борлуулалтыг мэдээгүй байх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК, Я ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь гэрээний хоёр талын тэгш байдлыг хангаагүй, тухайлбал, борлуулалтын урамшуулал огт өгдөггүй гэрээгээр бараа нийлүүлж байсан. Нийлүүлсэн барааны чанар нь зарим талаар доголдолтой байсан, энэ талаар тухайн байгууллагад өөрт нь хэлэхэд барааг буцааж хүлээн авахгүй өөрсдөө борлуул гэсэн утгагүй шаардлага удаа дараа тавьж байсан. Манай компани одоо ЖӨБҮҮНЭЭ ХХК-аас бараа бүтээгдэхүүнээ 3 хувийн борлуулалтын ашигтайгаар татан авсан. Иймд Т ХХК нь борлуулсан бараандаа ямар ч нэмэгдэл урамшуулал өгдөггүй, ажилчдын цалин, халаалт, цахилгааны зардлыг нөхөх нэмэгдэл өгдөггүй болно. Иймд зах зээл дээрх борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжийн нэгэн адилаар урамшууллыг тооцоход Т ХХК-тай харилцаж байсан сүүлийн 3 жилд 215 149 195 төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уг борлуулалтын 3 хувийн урамшуулал нь тооцоход 6 454 470 төгрөг болох тул үүнийг нэхэмжилж байна. Т ХХК-аас авсан нэг бараа тутамд 100-150 төгрөгийн нэмэгдэл нэмж худалддаг, Т ХХК нь Я ХХК-д борлуулсан үнээрээ жижиглэн худалдаа хийдэг тул бидэнд борлуулалтын ашиг гэж байдаггүй. Иймд бидний хооронд байгуулсан гэрээ тэгш байдлыг хангаагүй ямар ч ашиггүй мөлжлөгийн чанартай гэрээгээр сүүлийн 3 жилд борлуулсан барааны урамшуулал болох 6 454 470 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Уг гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Дахин сунгасан гэрээ байдаггүй. Уг гэрээний 4.9-д зарлагдсан урамшууллын болзлыг хангасан тохиолдолд урамшууллыг цаг хугацаанд нь олгохыг шаардах эрхтэй гэж заагдсан. Зарлагдсан урамшууллын болзол гэдэг нь ямар болзол байх талаар тодорхой зүйл байхгүй. Борлуулсан бараандаа зохих ёсоор, Т ХХК-аас гэрээгээр тохиролцсон учраас урамшуулал авах эрхтэй гэж ойлгож байгаа. 2014-2018 онуудын АПУ трейдинг ХХК-аас татан авч борлуулсан барааны жагсаалтыг сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. 2016 онд Т ХХК нь нийт 137 сая төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Гэтэл Я ХХК нь 97 сая төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. АПУ трейдинг ХХК-аас авч борлуулж байгаа бараа Т ХХК-ийн борлуулалтад орж тооцогддоггүй нь ойлгомжгүй байна. Дундговь аймгийн татварын албанаас гаргасан шинжээчийн дүгнэлт, Я ХХК-ийн авч худалдсан барааны дүн хоорондын зөрүү маш бага байдаг. АПУ трейдинг ХХК-ийн барааг 100 гаруй аж ахуй нэгж борлуулдаг гэсэн статистикийн мэдээлэл байдаг. Ингэхээр худал дүгнэлт гарсан гэж үзэж болохоор байна. 5 жилийн хугацааны дунджийг гаргаад борлуулалтын 3 хувиар тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хотоос шууд, тээврийн зардлаа төлөөд бараагаа авсан нь илүү ашигтай байхаар байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ярихаараа бидний хооронд байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр гэрээ гэж яриад байна. Гэрээг манай талаас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Гэрээ жил бүр автоматаар сунгагдана. Гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас зээлээр худалдах-худалдан авах ажиллагаа явагдсан. Хариуцагч тал гэрээний алдангийн талаар ярихаар гэрээг хүчингүй, хугацаа нь дууссан гэрээ болгож яриад, урамшуулал тооцох тал дээр болохоор хүчинтэй гэрээ болгож, өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байх юм. АПУ трейдинг ХХК-аас хийсэн борлуулалт Т ХХК-ийн нэр дээр ордоггүй. Бөөний төвөөс хийсэн борлуулалтын НӨАТ нь Т ХХК-аар дамждаггүй. Энэ талаар Дундговь аймгийн татварын албанаас тайлан ирсэн байхад Т ХХК-ийн борлуулалт 100 гаруй сая төгрөг байна, Я ХХК-ийнх 90 гаруй сая төгрөг гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээг хоёр талаас харилцан хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцоод байгуулсан. Гэрээний 4.9 дэх заалт нь гэрээ үйлчилж байх тухайн цаг хугацаанд нь урамшуулал зарлагдаж болзол хангасан бол урамшуулал олгогдоно, гэтэл гэрээний хугацаанд урамшуулал зарлагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 120 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 560 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Т ХХК-аас 6 454 470 төгрөг гаргуулах тухай Я ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я ХХК-аас 192 873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Я ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т ХХК нь АПУ трейдинг ХХК-аас итгэмжлэл авч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй Т ХХК нь зөвхөн гэрээт борлуулагч билээ. П.Ц-ын мэдүүлэгт төлбөрөө төлсөн төлөөгүй хамаагүй борлуулалт хийсэн л бол зарлагын баримт бичиж И баримт олгох ёстой гэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад гол үндэс болжээ. Монгол улсад мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд үнэ төлөгдөж байж И баримт бичдэг зохицуулалт яагаад мөрдөгдөхгүй болов гайхалтайгаар хууль хэрэгжжээ. АПУ трейдинг ХХК нь 11 120 180 төгрөгийн барааны үнэнээс 9 374 180 төгрөгийг төлсөн гэж Я ХХК-ийн нэр дээр И баримт гаргаж 1 746 000 төгрөг И баримт бичээгүй нь ямар учиртайг дүгнэлт хийгээгүй. Т ХХК нь Я ХХК-ийн нэр дээр төлбөрийг барагдуулсан бол баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Энэ яагаад нууц байгааг ойлгохгүй байна. Я ХХК-ийн захирал Д.Оюунчимэгийн төрсөн дүү Бөхт худалдаа ХХК-ийн захирал Д.Ганчимэгээс 18 000 000 төгрөгийн барааг аваад үнийн төлөөгүй талаар шүүх хуралдаанд асуулт асуухад би хариуцахгүй манай ах хариуцана гэж хариулсан нь хурлын тамдэглэлд бичигдсэн. Хамтарсан мэхлэгчид гэхээс өөр аргагүй байна. Иймд Я ХХК 11 120 180 төгрөгийг АПУ Трейдинг ХХК-д төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг бодитоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Я ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 680 270 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч урамшуулал 6 454 470 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Я ХХК-тай аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч тал АПУ Трейдинг ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч тал тухайн сард зээлээр авсан барааны төлбөрийг эхний долоо хоногт 15 хувийг, хоёр дахь долоо хоногт борлуулалтын өссөн дүнгээс 20 хувийг, гуравдугаар долоо хоногт борлуулалтын өссөн дүнгээс 50 хувийг тус тус төлөх бөгөөд үлдсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 26-ны өдрийн дотор төлөхийг шаардах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

АПУ Трейдинг ХХК нь Т ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Т ХХК-д АПУ Трейдинг ХХК нь бөөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, тус компанийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Т ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасны дагуу төлөх, хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 34 дүгээр талд АПУ Трейдинг ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Я ХХК-д 11 120 180 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн тухай падаан, хэргийн нэгдүгээр хавтасны 44 дүгээр талд АПУ Трейдинг ХХК-ийн аудитын баталгаажуулсан харилцагчид зээлээр олгосон барааны тооцоо гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар хариуцагч Я ХХК нь 11 120 180 төгрөгийн барааг хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.

 

Гэрч Ц.Ц нь Дундговь аймаг дахь АПУ Трейдинг ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Т ХХК нь АПУ Трейдинг ХХК-ийн барааг аймгийн аж ахуйн нэгжүүдэд бөөний үнээр зардаг. Би АПУ Трейдинг ХХК-ийн барааг Т ХХК-иас хүлээж аваад бусад байгууллагад түгээдэг. Тэр өдөр 5 төрлийн 11 120 180 төгрөгийн барааг би өөрөө Я ХХК-д хүлээлгэж өгсөн мөнгө төлөгдөөгүй байгаа гэсэн агуулгатай мэдүүлэг өгчээ.

 

Мөн хэргийн нэгдүгээр хавтасны 170-171 дүгээр талд АПУ Трейдинг ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04/660 дугаартай тамга, тэмдэг бүхий бичгийн баримт авагдсан байна. Уг баримтад Я ХХК-д Т ХХК нь зээлийн гэрээгээр өгсөн 11 120 180 төгрөгийн барааны төлбөрийг АПУ Трейдинг ХХК-д тухайн сард зээлээр авсан нийт бүтээгдэхүүний төлбөрийн хамт төлсөн. Т ХХК-тай байгуулсан 18/20004 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.21-д заасан иргэд аж ахуйн нэгж байгууллагад бараа зээлээр олгож борлуулалт хийсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг дангаар бүрэн хүлээнэ гэсний дагуу Т ХХК нь харилцагч Я ХХК-д олгосон барааны төлбөрийг нэхэмжилэх эрхтэй гэсэн байна.

 

Талуудын тайлбар болон дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Т ХХК нь АПУ Трейдинг ХХК-ийн нэрийн бараа бүтээгдэхүүний бөөний төвийг ажиллуулдаг бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 11 120 180 төгрөгийн АПУ Трейдинг ХХК-ийн барааг тус компанийн түгээгч Ц.Ц Я ХХК-д хүлээлгэн өгсөн, уг барааны үнийг Т ХХК нь АПУ Трейдинг ХХК-д төлсөн нь дээрх баримтуудаар тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Я ХХК-иас барааны үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгч нь АПУ Трейдинг ХХК-иас итгэмжлэл авч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч биш, Т ХХК нь Я ХХК-ийн нэр дээр төлбөрийг төлсөн баримтаа гаргаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 98 дугаар талд Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 08/425 тоот албан бичигт Я ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн худалдан авалтад АПУ Трейдинг ХХК-ийн 9 374 180 төгрөгийн баримт шивэгдсэн гэх, хэргийн нэгдүгээр хавтасны 179-183 дугаар талд Я ХХК-ийн татварын албанд тайлагнасан тайланд 2018 оны 7 дугаар сард 9 374 180 төгрөг гэж татварын алба баталгаажуулсан гэх баримт тус тус авагджээ.

 

Нэхэмжлэгч нь тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын падаан 9 374 180 төгрөгөөр шивэгдэх болсон нь тухайн үед хариуцагч нь 1 760 000 төгрөгийн Сэрүүн нэртэй пиво захиалсан боловч агуулахад байгаагүй араас нь хүргэсэн тул нэмэгдсэн өртгийн падаан гарсан барааныхаа үнээр тооцогдсон гэж, хариуцагч нь АПУ Трейдинг ХХК-иас авсан барааны И-баримт шивэгдээд ирсэн тайландаа тусгасан гэж тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Т ХХК маргааны зүйл болох 11 120 180 төгрөгийн барааны үнийг АПУ Трейдинг ХХК-д төлсөн болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 41,170 тал дахь АПУ Трейдинг ХХК-ийн баримтаар тогтоогдсон тул нотлогооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч Я ХХК нь 11 120 180 төгрөгийг төлсөн гэх байдлаа нотлох ёстой.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 98 дугаар тал дахь Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 08/425 тоот албан бичгээр Я ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын худалдан авалтад АПУ Трейдинг ХХК-ийн 9 374 180 төгрөгийн баримт шивсэн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь бараа агуулахаас гарсан нөхцөлд төлбөр төлөөгүй байсан ч падаан шивэгддэг гэж маргасан байна.

 

Хариуцагчийн и-баримт бичигдсэн гэх тайлбар нь гэрч П.Ц-ын шүүхэд өгсөн төлбөрөө төлсөн төлөөгүй хамаагүй борлуулалт хийсэн бол зарлагын падаан бичиж и-баримт олгох ёстой гэх мэдүүлгээр няцаагджээ.

 

Түүнчлэн хариуцагч Я ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан АПУ Трейдинг ХХК-ийн 9 374 180 төгрөгийн барааны үнийг төлсөн гэх байдлаа санхүүгийн баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас 11 120 180 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн АПУ Трейдинг ХХК нь 9 374 180 төгрөгийг төлсөн гэж Я ХХК-ийн нэр дээр төлбөрийн баримт гаргаж, 1 746 000 төгрөгийн төлбөрийн баримт бичээгүй талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй.

 

Талууд гэрээний 6.1-д гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй, гэрээний 6.2-т гэрээнд ямар нэг өөрчлөлт орохгүй бол гэрээ автоматаар сунгагдана гэж, гэрээний 3.5-д барааны үнийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

 

Дээрх гэрээнд талууд алдангийн талаар тохиролцсон боловч гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан, гэрээг бичгийн хэлбэрээр зохигчид сунгаагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Талууд гэрээг бичгийн хэлбэрээр сунгаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Я ХХК-иас алдангид 5 560 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг дүгнэж тогтоох хэсэгт баримтлаагүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Я ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ нь талуудын тэгш байдлыг хангаагүйгээс гэрээгээр борлуулсан барааны урамшуулал аваагүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдох тул харилцан шаардлага бүхий үүрэг биш гэж дүгнэсэн алдаатай болсон боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв байна.

 

Учир нь талууд бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулахдаа хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд талууд гарын үсэг зурснаас гадна гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн бусдын эрх ашгийг дордуулсан гэх байдал талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Гэрээний 4.9-д талууд болзол болон урамшууллын хувь хэмжээг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байхаас гадна гэрээ хэрэгжих хугацаанд урамшуулал зарлагдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч Я ХХК-ийн нэхэмжлэгч Т ХХК-иас урамшуулалд 6 454 470 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 139/ШШ2021/00029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 192 873 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ