Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00375

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00375

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/03267 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ХХК хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г ,

Хариуцагчийн төлөөлөгч: Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь А ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №Г/057 дугаар автомашины сэлбэг, дугуй худалдах-худалдан авах гэрээг байгуулж хамтран ажиллаж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дахин №19/40 дугаар сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах- худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу манай компаниас А ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 660 000 төгрөгийн, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 6 500 000 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэг хэрэгслийг тус тус дараа төлбөрт нөхцөлтэйгөөр худалдан авсан ба нийт 22 160 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №19/40 дугаар гэрээний 2.4, 4.4-т худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагч талд төлнө гэж заасан тул худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 22 160 000 төгрөг, алданги 11 080 000 төгрөг, нийт 33 240 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК-тай байгуулсан гэрээний дагуу манай компани 22 160 000 төгрөгийг төлөх нь үнэн, харин 33 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид гэрээний дагуу 22 160 000 төгрөгийн дугуй авсан, дугуйны төлбөрт 22 160 000 төгрөг төлөхөд маргаан байхгүй. Манай компани нь 2019 оны 7 сараас тээвэрт явах жолоочгүй болсноос тээвэр хийж чадаагүйгээс гадна цаг агаарын нөхцөл маш хүнд байсны улмаас тээвэр маш бага хийсэн. Компани цалин болон түлшний зардлаа олох багахан хэмжээний мөнгө олж байсан. 2019 оны 8 сараас маш бага тээвэрлэлт хийж байгаад 2019 оны 11 сард тээвэрлэлт бүр зогссон. 2020 оны 01 дүгээр сарын 15-наас ажил эхлээд 7 хоног явж байтал Ковид гарч, үүний улмаас ажил зогссон. Төлбөр төлөх талаар манай компанийн ковшийг ажилд гаргаад, түрээсийн мөнгийг танайх ав бид жолоочийн ажлын хөлсийг төлье гэж нэхэмжлэгч талд санал тавьсан боловч хүлээж аваагүй. Дэлхий даяар цар тахал гарч хил хаагдснаас нүүрсний тээвэр зогсож нөхцөл байдал хүнд болсон тул үндсэн төлбөрийг төлөх боломжтой, алданги 11 080 000 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас үндсэн нийт 27 700 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 540 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 324 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 296 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги тооцож байгаа болон шүүхээс алдангийг бууруулахдаа хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийг гэрээний үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа боловч нэхэмжлэлээр шаардсан алдангийн тал хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх хариуцагчийг хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэж байгаа бол алдангийг бүхэлд нь гаргуулахгүй байхаар шийдвэрлэх байсан. Манай компани тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүнд БНХАУ уруу гаргах түүхий эдийн тээврийн ажил багтдаг. Короновирусны цар тахлын улмаас хамгийн түрүүнд урд хөршийн хилийн тээврийн ажил зогссон бөгөөд энэ нь цар тахал гэж зарлахаас ч өмнөх үл явдал юм.

Шүүх талуудын байгуулсан гэрээнээс төлбөрийг хэзээнээс төлөх ёстой байсан, хэд хоног хугацаа хэтэрсэн, хэтэрсэн хугацааны хэд хоног нь цар тахлын хугацаанд хамаарсан гэдгийг дүгнэхгүйгээр алдангийг шууд 50 бууруулж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хариуцагчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх хуулийн үндэслэлийг баримтлан хэргийг шийдэж байгаа хэдий ч шийдвэрийн агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийн зохицуулалтыг үндэслэсэн мэт болжээ. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг алдангиас бүрэн чөлөөлсөн агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33 240 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 19/40 тоот сэлбэг хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 15 660 000 төгрөгийн үнэ бүхий дугуйг хариуцагчид худалдах, хариуцагч нь дугуйны үнийг 60 хоногийн дотор төлөх, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн 12-13 дугаар тал дах сэлбэг хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдсон байна.

 

Зохигчид гэрээгээр 15 660 000 төгрөгийн дугуй худалдахаар тохиролцсон боловч хэргийн 9-11 дүгээр тал дах зарлагын баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 14 300 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 360 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 6 500 000 төгрөг, нийт 22 160 000 төгрөгийн үнэ бүхий 34 ширхэг дугуйг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргасангүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч худалдан авсан дугуйны үнэ 22 160 000 төгрөгийг хариуцагчид төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид хариуцагчаас худалдан авсан барааны төлбөр 22 160 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний 4.4-т худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагч талд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх-12-13/

 

Хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн байдлаа 2019 оны 7 дугаар сараас жолоочгүй болсон, сарын дараа жолоочтой болсон ч цаг агаарын байдал хүнд байснаас тээвэр бага хийсэн, 2020 оны 01 дүгээр сарын 15-нд ажил эхэлтэл Ковидын улмаас ажил бүр зогссон гэж тайлбарласан байна.

 

Талууд гэрээндээ хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдсан эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 60 хоног буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор худалдан авсан барааны үнийг төлөх үүрэг хүлээсэн.

 

Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нь өөрийн буруугаас болоогүй, хариуцахгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч алданги шаардсан байхад шүүх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь буруу. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн хариуцагчийн шүүх талуудын байгуулсан гэрээгээр төлбөрийг хэзээ төлөх байсан, хэд хоног хугацаа хэтэрсэн, хэтэрсэн хугацааны хэд хоног нь цар тахлын хугацаанд хамаарсан гэдгийг дүгнэхгүйгээр алдангийг шууд 50 хувиар бууруулсан, алдангиас бүрэн чөлөөлүүлнэ гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон, хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор үүргээ гүйцэтгээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 399 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасныг үндэслэж хариуцагч нь нэхэмжлэгчид 15 660 000 төгрөгийн 50 хувь буюу 7 730 000 төгрөгийн алданги төлөх байсан.

 

Улс орон даяар цар тахал дэгдсэнтэй холбоотой хил хаасан нь хариуцагч талын тээврийн үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд эрхлэх боломжгүй болгосон нөхцөл байдал үүссэнийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анзын хэмжээг багасгаж нэхэмжлэгчид хариуцагчаас 5 540 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болсныг зөвтгөж энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ үндэслэлээр хариуцагчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 222 дугаар зүйлийн 222.2 гэснийг 232 дугаар зүйлийн 232.8 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ