Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01219

 

О.Насантогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00054 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч О.Насантогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Отгонбаярт холбогдох

Гэм хорын хохиролд 4 721 113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Насантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбарт: О.Насантогтох миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой Цогтцэций сумын Хаан банкны урд талд С.Отгонбаярт мөргүүлж авто осолд орж сумын эмнэлэгт хүргэгдэж анхан шатны түргэн тусламж авч 2016 оны 02 дугаар сарын 26-ны шөнө сумын түргэний тэрэг Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Аймгийн гэмтлийн эмч Зоригоо 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш рентгэн зураг авч зүүн хөл гуян дунд чөмөг хугаралттай бяцралттай, Улаанбаатар хот явж эмчлүүл гэсэн. Эрүүл саруул байсан намайг ийм эрэмдэг болгочхоод нэг ч эргэж тойроогүй хаясанд гомдолтой байна. Миний зүгээс нийт 4 721 113 төгрөгний эмчилгээ, эм тариа, бусад зардлыг нэхэмжилж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Отгонбаяр шүүхэд болон анхан шатны шүүхэд болон түүний өмгөөлөгч С.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Насантогтохын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч С.Отгонбаяр би хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тус хэргийн хохирогч О.Насантогтохтой сайн дурын үндсэн дээр эвлэрч түүний нэхэмжилсэн нийт хохирол болох 3 069 600 төгрөгийг төлж барагдуулсан. Улмаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил нь намайг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг маань хэрэгсэхгүй болгосон юм. Тухайн үед буюу хохирогчтой эвлэрэхэд ахиж мөнгө нэхэмжилнэ гэж огт хэлээгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгийг нь өгчихвөл гомдол саналгүй, эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул миний зүгээс нийт нэхэмжилсэн 3.069.600 төгрөгийг нь хэрэг бүртгэгч М.Үүрдмандахыг байлцуулан бүрэн төлж барагдуулсан юм. Гэтэл одоо харилцан тохиролцож эвлэрээд асуудал дууссаны дараа дахин надаас мөнгө нэхэмжилж байгааг миний зүгээс өгөх зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэргийн 5, 28 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол байгаа. Тус тогтоолд ЭХШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон байдаг. Ийнхүү эвлэрснээр хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хохирогч гомдол гаргах эрхгүй байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай эвлэрсэн гэдгийг прокуророос нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч тал гомдол гаргах хүсэлтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө гомдол гаргах эрхтэй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэхээр хүсэлт гаргаж өгөх нь нээлттэй байсан. ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-ийг удирдлага болгон 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой юм. Насантогтохын зүгээс цалин, бензин, эм тарианы мөнгө нэхэмжилсэн. Цалингийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтрээр тодорхойлно. Ямар ч хамаагүй байгууллага цалингийн тодорхойлолт гаргаж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бензиний баримт нь хэзээ, ямар зорилгоор авсан нь тодорохойгүй байна гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Насантогтохын нэхэмжлэлтэй С.Отгонбаярт холбогдох гэм хорын хохирол 4 809 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугээр зүйлийн 41.1.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 550 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 21100002015 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч О.Насантогтоход олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00054 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтны “О.Насантогтохын нэхэмжлэлтэй С.Отгонбаярт холбогдох гэм хорын хохирол 4 809 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “хариуцагч С.Отгонбаяраас 2 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Насантогтохт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар 2 384 513 төгрөгний, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар 126 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч С.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 50 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Насантогтохт олгож” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч О.Насантогтох давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. С.Отгонбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргаж О.Насантогтоход хүндэвтэр гэмтэл учруулж тус гэмт хэргийнхээ улмаас учирсан бодит хохирол болон гэм хорын хохирол болох 3 069 600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Сум дундын 1-р прокурорын газраас дээрх нөхцөл байдалд үндэслэн тус хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “...учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл О.Насантогтох нь тухайн үедээ гэм хорын хохирлоо мөнгөөр үнэлэн нөхөн төлүүлчхээд энэ талаараа харилцан эвлэрсэн гэсэн бичиг хийж өгчхөөд дараа нь дахин иргэний шүүхээр гэм хорын хохирол гэж 2 210 600 төгрөг нэхэмжмлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд заасан үүргээ хариуцагч тал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар биелүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс 2 210 600 төгрөгийг С.Отгонбаяраас гаргуулж О.Насантогтоход олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэсэн байх тул магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хариуцагч С.Отгонбаярын гэм буруугаас нэхэмжлэгч О.Насантогтохын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ учирсан хохиролд 3 069 600 төгрөг төлж эрүүгийн хэргийг эвлэрлээр хэрэгсэхгүй болгосон тул дахин нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан нь гэм хорын хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч О.Насантогтох гэм хорын хохиролд 4 721 113 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр шаардлагаа багасгаж дараах 3 зардлыг буюу эмийн үнэ, эмчилгээний үед гарсан унаа, шатахууны зардал, дутуу авсан цалингийн зөрүү 2 341 650 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээнд тодорхойлж багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 6.2.-т заасныг зөрчихгүй юм.

Харин хэргийн 11-14 дүгээр талд шатахууны, унааны зардалд холбогдох 167590 төгрөгийн, хэргийн 29, 51 дүгээр талд 1 934 000 төгрөгийн цалингийн зөрүүг нотолсон баримтууд авагдсан байх бөгөөд цаг хугацааны хувьд хохиролд өмнө төлсөн гэх 3 069 600 төгрөгнөөс хойшхи хугацаанд цугларсан баримтууд байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу нэхэмжлэлээс 2 210 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэлийн дүн 2341650 төгрөг үүнээс 2 210 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул үлдэх 131 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгох байтал давж заалдах шатны шүүх 126 000 төгрөг гэж буруу тооцож бичсэнийг зөвтгөх шаардлагатай байна.

Түүнчлэн нэрлэн зааж буй баримтын хэмжээнд хохирлыг гаргуулахаар шаардлагаа багасгаж өөрчилсөн байхад нэхэмжлэлийн үлдэх зарим шаардлагаас татгалзсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-г буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Мөн О.Насантогтохын нэхэмжлэлтэй хэргийг харъяаллын дагуу Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байхад магадлалын удиртгал хэсэгт давж заалдах шатны өөр шүүхийн нэр зааж бичсэн нь хуульд нийцээгүй байх тул магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00054 дүгээр магадлалын удиртгал хэсгийн :

“Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын ...” гэснийг

 “ Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ц.Отгонцэцэг нарын ...” гэж ,

тогтоох хэсгийн 1-дэх заалтыг Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Отгонбаяраас 2 210 600 төгрөг гаргуулж О.Насантогтохт олгож, нэхэмжлэлээс 131 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн , магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР