Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00387

 

 

 

 

 

 

 

 

 

Б- ХХК, Ш.О-,

О.С- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК, Ш.О-, О.С- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр хариуцагч О.С-, Ш.О-, Б- ХХК-иас нийт 875 438 948 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтй Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр байрны зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай, 192 м.кв талбайтай, Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж салбарын 133025/5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 10-р хороо, нэгж талбарын 18649310952454 тоот дугаатай 448 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус НШШГГ-аас үнэлгээчин томилж, нийт 3 728 142 800 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө үнэлүүлэхэд нийт, 3 821 190 000 төгрөг болж байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө хийлгэсэн үнэлгээнд ч хүрэхгүй болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцохоор заасан тул өмчлөгч бидний хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийнхээ зах зээлийн бодит ханшыг тогтоолгүйгээр дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд төлбөр төлөгч Б- ХХК, Ш.О-, О.С- нарын төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг НШШГГ-аас хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК-ийг томилж тогтоосон 3 728 142 800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр Б- ХХК, Ш.О-, О.С- нараас 875 438 948 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б- ХХК, Ш.О-, О.С- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан доорх 8 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18260451/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК шинжээчээр томилогдож тайланг хугацаанд нь ирүүлсэн. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32019/01706 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32019/03174 дүгээр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б- ХХК, Ш.О-, О.С- нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32019/05394 дүгээр захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр Сэлэнгэ эстимэйт ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг үнэлгээ хүчингүй болгосон шийдвэрийг биечлэн авахаар 2020 оын 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Н.Сарангүн шүүгчийн туслах Солонготой уулзахад шийдвэрийг танай хаягаар шууданд өчигдөр явуулсан, манай шүүх дээр шалгалт ирээд хүргүүлээгүй шийдвэр, захирамж байж болохгүй гэсний дагуу явуулсан шүү гэх тайлбар өгч, тухайн шийдвэрийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр шуудангаас хүлээж авсан. Шийдвэрийг хүлээж авсан дариудаа төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон үнэлгээний тайлан гаргасан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-д мэдэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг тодруулсан. Төлбөр авагч Хас банк ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 тоот албан бичгээр тус газарт хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хураагдсан хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дахин тогтоолгож дуудлага худалдаанд оруулах талаар албан бичиг ирүүлсэн. Мөн төлбөр авагч Хас банк ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/282 тоот албан бичгээр тус газарт дахин хандаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц, нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй, 2018 оны 10 сарын 17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураалгаж, хөндлөнгийн шинжээчийг дахин томилуулж, дуудлага худалдаанд оруулах саналтай талаар албан бичиг тус тус ирүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр тогтоох хэсэгт дурьдсанаар үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг зөвхөн хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт дурьдаагүй ажиллагаа буюу төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтэд дурьдсанаар 2018 оны 10 сарын 17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураах ажиллагаа хийх боломжгүй. Иймд төлбөр авагч Хас банк ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК шинжээчээр томилогдож, 2020 оны 02 сарын 10-ны өдөр бэлэн болсон тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсны улмаас 2020 оны 02 сарын 28-ны өдөр тайланг биечлэн хүлээн авсан. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээний мэдэгдлийг талуудад 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудаст дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/02207 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 1988 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00010 тоот тогтоолоор Ш.О-, О.С-, Б- ХХК нараас 875 438 948 төгрөг гаргуулан, Хас банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурьдагдсан барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18260451\06 дугаартай тогтоол үйлдэн хураасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө хураах ажиллагааг дахин хийлгүй, дээрх тогтоолыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилох тухай 79 тоот тогтоолыг гаргасан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Бид шинжээчийн гаргасан зах зээлийн үнэлгээний үнийн дүнд маргаагүй. Харин эд хөрөнгийг дахин хураах ажиллагааг явуулах байсан. Уг ажиллагааг явуулахгүй шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна. Уг алдааг залруулах замаар үнэлгээг хүчингүй болгохгүй бол цаашдаа дээд шатны шүүхээс шийдвэрийг хчүингүй болгож, цаг хугацаа алдахаар байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б- ХХК, Ш.О-, О.С- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.О-, О.С-, Б- ХХК нар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03585 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэн, тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нарын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь 1 758 225 000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаартай шийдвэрээр уг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү хүчингүй болгохдоо шинжээч нь төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороонд байршилтай, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 515 м.кв талбайтай газар, мөн хороонд байршилтай, иргэний ахуйн зориулалттай, газар болон амины орон сууцны зориулалттай, 759 м.кв талбайтай газар тус бүрийн үнэлгээг тогтоохдоо уг тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу буюу Нийслэлийн Баянгол, Баянзүрх, дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 1 га газрын суурь үнэлгээгээр бус аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 1 га газрын суурь үнэлгээг ашиглан тухайн 3 газрын үнэлгээг тогтоосон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна, үнэлгээнд хэрэглэсэн аргаа ямар байдлаар хэрэглэсэн болох нь тодорхойгүй, тухайн үнэлэгдэж буй хөрөнгийг адил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан үнэлээгүй гэх үндэслэл заасан бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Мөнх оргил трейд" ХХК нь нэхэмжлэгч нарын эзэмшил, өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээтэй адил үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг адил бүсчлэлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй бус аймгийн төв болон Багахангай, Налайх, Багануур дүүргийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзсэн байхад Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээ /газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө/ нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээтэй адилхан байгаа нь нэхэмжлэгч бидний хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж үзэх үндэслэл бий болж байна. Мөн нэхэмжлэгч бидний дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2020 оны 9 сараас төвийн дулаанд холбогдсон бөгөөд үйлчилгээ жигдэрч, өдөр бүр олох орлого нэмэгдсэн зэрэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өсөх үндэслэлийг бий болгосон. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйгээс гадна Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээний тайлан нь хууль болон стандартад нийцэж гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03585 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б- ХХК, Ш.О-, О.С- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00010 дугаар тогтоолоор Ш.О-, О.С- нараас 870 926 366 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 67-102-р тал/

 

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 сарын 06-ны өдөр 271 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 67-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч нарын өмчлөлийн

Баянзүрх дүүргийн 10-р хороо, 1 хэсэг, Улаанхуаран 1-р гудамж, 191 тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай, Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүргийн 10-р хороо, 1 хэсэг, Улаанхуаран, 1-р гудамж, 191-р байрны зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүргийн 10-р хороо, 1 хэсэг, Улаанхуаран 1-р гудамж, 191-р барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүргийн 10-р хороо, 1 хэсэг, Улаанхуаран, 1-р гудамж, 191-р барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1 хэсэг, Улаанхуаран, 1-р гудамж, 191-р барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай, Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүргийн 10-р хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж салбарын 133025/5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар,

Баянзүрх дүүргийн 10-р хороо, нэгж талбарын 18649310952454 тоот дугаартай 448 м.кв талбайтай газар,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг 2018 оны 4 сарын 18-ны өдөр битүүмжилж, 2018 оны 10 сарын 17-ны өдөр хураажээ. /хх-ийн 111, 131-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар нь 10 000 000 000 /арван тэрбум/ төгрөгийн санал өгсөн ч төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 134-135-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 сарын 23-ны өдөрСэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгуулсныг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 137-152 дугаар тал/

 

Шүүхээс Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 79 тоот тогтоолоор Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг нийт 3 244 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 156-210-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нар нь давж заалдах гомдолдоо Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээ өмнө нь хүчингүй болсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээтэй адил байгаа нь үндэслэлгүй. Учир нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөр бүсчлэлтэй харьцуулан үнэлсэн, Мөнх оргил трейд ХХК мөн адил үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэжээ.

 

Гэвч хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК нь 2020 оны 2 сарын 9-ний өдрийн 20/Ш дугаартай үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байна. Мөн харьцуулсан газрууд нь 1 бүсчлэлд хамаарч байх бөгөөд уг үнэлгээг хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ