Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00431

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02804 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Н-ийн хариуцагч Х.Б-т холбогдуулан гаргасан илүү төлсөн түрээсийн төлбөр, алданги болон дэнчинд нийт 6 750 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 7 100 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Б-тэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 45 байр, 28 тоотод орших 71.82 м.кв, 3 өрөө орон сууцыг түрээслэн суухаар орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Гэрээгээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сарын түрээс нь 1 500 000 төгрөг, барьцаа хөрөнгө нь 1 500 000 төгрөг байхаар тохиролцож, 4 500 000 төгрөгийг эхний 3 сарын төлбөрт, 1 500 000 төгрөгийг дэнчинд тооцож тус тус 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөлслүүлэгч Х.Б-ийн 5014427985 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл тус байранд түрээсээр амьдрахаар төлөвлөж байсан гадаад хүмүүсийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор тухайн байранд нэг ч өдөр хүн амьдраагүй байж байгаад сарын дараа 1 500 000 төгрөгөө авахгүйгээр үлдэгдэл илүү төлсөн 3 000 000 төгрөг, дэнчинд өгсөн 1 500 000 төгрөгөө тус тус авах хүсэлт гаргасан. Тухайн үед хариуцагч танай өгсөн мөнгийг хэрэглэчихсэн, мөнгөтэй болохоороо эгүүлэн өгнө гэсэн учир манай талаас ямар нэгэн асуудал үүсгэлгүй хүлээсэн боловч хариуцагч та нараас болоод би айлын хажуу өрөө түрээсэлж байна. Танайх дахин мөнгө нэмж өгөх ёстой, танай мөнгийг үрчихсэн, би Ремакс ХХК-тай гэрээ хийсэн. Ремакс ХХК өөр түрээслэгч олж өгөхөөр мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. Иймд алдангиас татгалзаж, илүү төлсөн 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Н- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр надтай орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 45 байр, 28 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай түрээслэх гэрээг нотариатаар батлуулсан. Ингээд би Ц.Н-т 3 өрөө байрны түлхүүрийг хүлээлгэсэн өгсөн. Нэхэмжлэгч орон сууцны хөлслөх гэрээний дагуу 6 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Гэрээний 3.2.1-д заасны дагуу 3 сарын түрээсийн мөнгө 4 500 000 төгрөгийн, дэнчин 1 500 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 3 сарын түрээсийн төлбөр 4 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээнд заасан хугацаанд хөлслөгчид өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа, 3 ширхэг түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэлд тухайн байрны түлхүүрийг өнөөдрийг хүртэл надад хүлээлгэж өгөөгүй, 1 сарын дараа хүлээлгэж өгсөн мэтээр худал бичсэн байна. Би байраа түрээслүүлсэн цагаас хойш 6 сарын турш айлын хажуу өрөөг сарын 200 000 төгрөгөөр түрээслэн амьдарсан. Нэхэмжлэгч гэрээг цуцлаж байгаа учраас 1 сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөгийг эргүүлж авахгүйгээр үлдэгдэл 4 500 000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай надад ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний дагуу 6 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөхөөс 6 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 4 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байж 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэг ч өдөр уг байранд хүн амьдраагүй гэдэг нь надад огт хамааралгүй. Нэхэмжлэгч байрыг түрээслэх хугацаанд гэрээний 5.3-т заасны дагуу байрны ашиглалтын зардал, ус дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернэт зэргийг төлбөр гарсан даруй төлөх үүрэгтэй байсан боловч энэ хугацааны байрны төлбөр 180 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 110 000 төгрөг, цахилгааны төлбөр 60 000 төгрөг нийт 350 000 төгрөгийг төлөөгүй байсан тул би төлсөн. Нэхэмжлэлд гэрээний 3.6-д зааснаар 0.5 хувийн алданги 2 250 000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээний 3.2.1-д заасны дагуу үндсэн төлөх ёстой байсан төлбөр 4 500 000 төгрөгийг надад өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хирнээ надаас алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н-ээс гэрээний дагуу 3 сарын төлбөр төлөөгүй тул 4 500 000 төгрөгийг, мөн гэрээний 3.6, 3.2.1-д зааснаар үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 2 250 000 төгрөгийг Иргэний хуулийн 232.2, 232.4-т заасныг баримтлан тус тус нэхэмжилж байна. Ц.Н- нь гэрээний хугацаанд гэрээний 5.3-т зааснаар байр, ашиглалтын зардал, ус дулаан, цахилгаан, СӨХ, кабель, телевиз, интернэт зэргийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч СӨХ-ны төлбөр 110 000 төгрөг, байрны төлбөр 180 000 төгрөг, цахилгааны 60 000 төгрөг нийт 350 000 төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй байсан. Иймд нэхэмжлэгчээс нийт 7 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж хариуцагчид тухайн үед утсаар мэдэгдсэн. Ремакс ХХК-ийн төлөөлөгчтэй манай тал болон хариуцагч гэрээ хийсэн байдаг. Тийм учир хариуцагчтай хоёр агентаар дамжуулан манайх гэрээнээс татгалзаж байна гэж хэлээд тус байрны түлхүүрийг агентад өгөөд. Агент нь цааш хариуцагчийн гэрийн эзэн н.Мөнхзаяа гэх хүнд дамжуулан түлхүүр авахыг мэдэгдсэн үйл явдал болсон. Гэрээг цуцлах саналыг хариуцагчид тавьсан боловч хариуцагч би агенттай ярина гэж хэлээд манай талд гэрээ цуцлах эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн 4 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Б-т холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Н-ээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2 364 355 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 735 645 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 52 779 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүухийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02804 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч Хашбатын Батбилэг тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 4 500 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, ашиглалтын зардал 350 000 төгрөг бүгд 7100000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ц.Н- 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Б-тэй орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Гэтэл тус байранд түрээсээр амьдрахаар төлөвлөж байсан гадаад хүмүүсийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор тухайн байранд нэг өдөрч хүн амьдраагүй байж байгаад байрны түлхүүрийг Remax Green оффисийн агент Ч.Долгорсүрэнд байрны түлхүүрийг 2019 оны 8 сард хүлээлгэн өгөөд байрыг цаашид түрээслэхгүй буюу нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн. Ингээд манай зүгээс гэрээнээс татгалзаж байгаа учраас 1 сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөгөө эргүүлж авахгүйгээр үлдэгдэл илүү төлсөн 3 000 000 төгрөг, дэнчинд өгсөн 1 500 000 төгрөгөө тус тус авах хүсэлт тавьсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах илэрхийлэл нь нөгөө талдаа хүрснээр хүчинтэй болдог байхад нэхэмжлэгчийг хариуцагчид гэрээ цуцлах талаар огт мэдэгдээгүй тул гэрээнээс татгалзсан гэрээг цуцалсан гэж үзэхгүй гэж шүүх үзжээ. Гэтэл гэрч Ч.Долгорсүрэн нэхэмжлэгч Ц.Н- орон сууц хөлслөх гэрээ хийснээс хойш 1 сарын дараа надад түлхүүр хүлээлгэн өгсөн. Тэр үед хариуцагч Х.Б-т энэ талаар дуулгахад 6 сарын гэрээ байгуулчихаад хугацаанаас өмнө цуцлах гэлээ гэж хэлсэн гэж мэдүүлсзн. Мөн байрыг хөлслөх дараагийн хүнийг олоод өгье гэсэн боловч гэрээг цуцлахгүй түлхүүрээ авахгүй байсан тул дараагийн түрээслэгчийн хайх боломжгүй байсан талаар гэрч мэдүүлсэн байхад түүнийг шүүх үнэлэж үзээгүй ба нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Мөн гэрч мэдүүлэхдээ талууд өөр өөрийн гэсэн төлөөлех агенттай байсан түүгээрээ дамжуулж харьцаж байсан талаар тодорхой ярьсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2 талын агентийг 2 ууланг нь шүүхэд гэрчээр оруулж түлхүүр хүлээлгэн өгсөн эсэх, Х.Б- мэдсэн эсэхийг нотлуулахыг зорьсон боловч шүүх хуралдаан хойшлох болон хурал хэзээ болох талаар удаа дараа гэрчүүдэд хариуцлагатай мэдэгдэж байгаагүй. Анх гэрч оролцуулах хүсэлт гаргахдаа гэрч Мөнхзаяа төрөөд 20 орчим хонож байгаа нялх хүүхэдтэй тул хурлын бус үеэр ч хамаагүй тухайн гэрчийн боломжит үеэр дуудаж асуух боломж олгож өгөх хүсэлтийг хурлын үед тавьсан. Тухайн хүсэлтийг хангаагүй хэрэгжүүлээгүй учир шүүх хурлын үеэр гэрчээ асуух юм байна гэж бодож байтал гэрч маань хурал болох өдөр товоо мэдээгүй байсан буюу мэдсэн даруйдаа 5 буудлаас гарч байгаа талаар мэдэгдсэн тул би шүүхэд шүүх хуралдаан болохоос өмнө 2 гэрчээ оролцуулах хүсэлтэй байна гэхэд шүүгч хусэлтийг чинь хангаад захирамж гаргачихсан биздээ гэж хэлээд шууд хуралдааныг эхлүүлээд явсан боловч гэрч маань тэр холоос түгжрээнд 2 нялх хүүхэд дагуулаад таксидаад ирж амжаагүй байхад хурал дуусаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гарцаагүй байдалд оруулж одоо гэрч чинь ирээгүй, тэгсэн ч гэрч оруулах шаардлага байхгүй, хурал эхлээд дуусаж байна. Тиймээс чи гэрчээс татгалзаж байна гэсэн хүсэлтэй өг гэж шахаад надаар хүсэлт бичүүлж авсан. Шүүгчийн энэ үйлдэл нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, хэргийн талаар үнэн мөнийг нотлох боломжоор хангаагүй гэж үзэж байна. Хэрэв шүүх хуралд гэрч Мөнхзаяаг оруулсан бол Батбилэг үнэхээр тухайн хүмүүсийг гэрээнээс татгалзсан талаар мэдээгүй юу, эсвэл мэдсээр байж худал хэлээд байна уу, анх гэрээ байгуулахдаа хүртэл түрээслэгчээ хэрхэн дарамталж байсан, хүнийг яаж хохироож хэрхэн буруу замаар мөнгө олдог гэх мэт олон зүйлийг нотлох байсан. Гэвч шүүгчийн шүүх хуралдааны үеийн асуулт болон гэрч оролцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргаж өгөх, нотлох эрхийг хязгаарлаж байгаа гэх мэт үйлдлүүд нь хэт нэг талыг барьж жинхэнэ хохирогчийг нэмж хохироож байгаад гомдолтой байна. Тиймээс 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02804 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч Х.Б-т холбогдуулан илүү төлсөн түрээсийн төлбөр, алданги болон дэнчинд нийт 6 750 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн 2 250 000 төгрөгөөс татгалзаж, 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 7 100 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын талаар маргаж байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Гэрээ цуцлахад тавигдах хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх нь талуудын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх нөхцөл болно.

 

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч Х.Б-тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулснаас нэг сарын дараа гэрээг цуцлах талаар түүнд мэдэгдсэн, тэрээр орон сууцны түлхүүрийг Ремакс ХХК-ийн агентад хүлээлгэн өгсөн талаар тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ремакс ХХК-ийн агент Ч.Долгорсүрэн, Б.Мөнхзаяа нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч Б.Мөнхзаяагаас мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан талаар баримт авагдсан боловч нэхэмжлэгчээс гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байхаас гадна, энэ нөхцөл байдлыг мэдэж болох гэрчүүдийг асуугаагүй буюу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ